• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    74   |  
0

Гэмт хэргийн сэдэвтэй кино ямар бүтэцтэй байдгийг хэн хүнгүй мэднэ. Киноны эхэнд аймшигт хэрэг үйлдэгдэнэ. Мөрдөгч хэргийг хариуцах бөгөөд цагдаагийнхны баривчилсан эхний хүн жинхэнэ гэмтэн биш байна. Мөрдөгч хэргийн судалгаагаа үргэлжлүүлнэ. Элдвийн хүмүүстэй уулзана. Энэ үед хэрэг үргэлжлэн гарсаар байх бөгөөд мөрдөгч ажлаасаа халагдах эсвэл бүр ойрын нэг хүн нь ч амиа алдаж болно. Ийнхүү мөрдөгч хүнд байдалд ороод байх үед хэн нэгэн нь санамсаргүй байдлаар хэргийн чухал сэжүүрийг гэнэтхэн тайлна. Эцэст нь хэрэгтэн хэчнээн гоц ухаантай байсан ч хуульд гүйцэгдэнэ. Харин түүнийг барьсан мөрдөгчийн дотоод ертөнц хэдийнэ бузар хэрэгт булингартаж, тэр өөр хүнд хувилсан байна... 

Сөрөг дүр нь энэ киноны ганц онцлох дүр байв. Бусад дүрүүдэд гачигдаж байсан хүчтэй мотиваци түүнд байлаа

Нэг л "томьёо"-гоороо бүтдэг мэт боловч алдартай шилдэг бүтээл тасардаггүй уг жанрын “Буруу Өрөг” нэртэй монгол кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийжээ.

“Буруу Өрөг” нь нэгэн улс төрчийн хулгайлагдсан балчир охиныг сурвалжлах мөрдөгч, гэмтэн нь хэдий баригдсан ч ээдрээ нь үл тайлагдах нууцлаг хэргийн талаар, мөн цаазын ялын тухай өгүүлэх детектив кино юм.

Киноны талаар ярилцах, review бичихдээ тухайн бүтээлийн төрөл жанрыг заавал дурддаг нь уг киноны ерөнхий бүтэц, үйл явдлын дараалал, өгөх мэдрэмжийн “хар зураг”-ийг харилцаж буй хүндээ өгч байгаа хэрэг билээ.

Жанрын “уламжлал” (genre conventions)-ийг уран бүтээлчид эрэл хайгуулгүй тэр чигээр нь дагахад өвөрмөц онцлоггүй дамжлагын бүтээгдэхүүн гардаг. Үүний жишээ нь сүүлийн жилүүдэд хоорондоо ялгагдахаа больсон "супер баатрын кинонууд" болов уу. Харин жанрын “уламжлал”-ыг уран бүтээлч судлахгүй байх, хэт умартах, үл ойшоох нь киног хэлбэр бүтэцгүй, үзэгчдэд ойлгомжгүй "бантан" болгодог нь олон Монгол кинон дээр илэрхий байдаг. Харамсалтай нь “Буруу Өрөг” кино нь гэмт хэрэгт кино жанрын уламжлалыг даган дуурайх, бүтээлчээр “эвдэх” бус Монгол киноны бүтэц дараалалгүй өрнөл, "харсан зүгтээ гүйх" зорилгогүй дүрүүд, дэндүү азтай зохиолын эргэлт гэх мэт “нөгөө” уламжлалыг үргэлжлүүлжээ.

Гол дүрүүд ил далд дэндүү их холбоотой нь киноны үйл явдал Улаанбаатарт өрнөөд байна уу, цөөн хүнтэй хөдөө суманд өрнөөд байна уу хэмээн гайхахад хүргэнэ

“Буруу Өрөг” киноны өвөрмөц нэгэн оролдлого нь гэмт хэрэгтэнг киноны төгсгөлд бус дунд хэсэгт барих байв. Нэгэнт торны цаана орсон хэрэгтэн яагаад охиныг хулгайлсан, байршлыг нь чухам ямар шалтгаанаар хэлэхгүй өөрийгөө тамлаад байгааг нь мөрдөгч аажмаар илрүүлэх гэдэг нь цаасан дээр уншихад сонирхолтой санаа мэт. Гэвч кино нь найруулга дарааллын хувьдтийм ч уран байгаагүйгээс мөрдөгчид хэрэгтний талаар цуглуулсан мэдээлэлд тохирсон анхны хүнийг гудамжнаас барьж аваад, ялыг нь эдлүүлж эхэлсний дараа нотлох баримтаа цуглуулж байгаа мэт хачирхалтай тогтолцоог үзүүлэв.

Найруулгын хувьд “Буруу Өрөг” нь үйл явдалд хүч нөлөөгүй зүйлсийг олонтаа үзүүлэх, тухайн хэсгийн сэтгэл догтлол, нууцлаг байдал (suspense)-ыг хялбар шийдлээр өндөрсгөн нэмэгдүүлж болох цөөнгүй боломжийг цалгардуулах зэрэг дутагдалтай зүйлс тогтмол ажиглагдаж байв. Охины гэр бүл болон цагдаагийн дарга мөрдөгчийг загнах нь огтоос сонин бишийн адил мөрдөгч хэрэгтний гэрээр ороход хэрэгтэн зугтааж байгааг үзэгчид мөрдөгчөөс түрүүлж харах нь учир дутагдалтай шийдлүүдийн зарим жишээ юм.

Сул гол дүртэй "Буруу Өрөг"-ийн туслах дүрүүд улам ч бага хугацаанд өөрийн утга санаа, хэрэгцээ шаардлагыг батлах хүндхэн сорилттой тулгарчээ

Харин найруулгатай адил киногоо хөсөрдүүлсэн зүйл нь зохиолоос гадна дүрүүд. Гол дүрүүд сэтгэл татах зан чанар, шинж байдал, харах өнцөггүй байхын сацуу ажилдаа чадваргүй, мэргэжлийн бус байх нь эмгэнэлтэй. Дээд боловсрол нь холливудын детектив кино байсан мэт мөрдөгч, кино багт хуулийн зөвлөх хийж байгаад хүүхдийн хулгайн хүнд хэрэгт төвөггүй шилждэг хуульч, ухаалаг утсаар сольчихож болохоор мөрдөгчийн хамтрагч, “Facebook”-ийн автоматжуулалтаар орлуулчихаар хэрэгтний хамсаатан… Хүндлэл дэмжлэг хүлээх чадамжгүй, айдас бишрэл төрүүлэх шинжгүй, чухал хэрэгцээгээ баталдаггүй энэхүү дүрүүд нь “Буруу Өрөг”-ийг үзэж суухад тэвчээрийг сорьж байлаа.

Харамсалтай нь “Буруу Өрөг”-ийн дутагдлууд нь зохиол, найруулга, дүрүүд гээд кино бүтээл, уран сайхны арга барил, хийц гүйцэтгэлээр хязгаарлагдсангүй. “Буруу Өрөг”-ийн цаазын ялыг зөвтгөх өгүүлэмж нь олон тооны шинэ асуудлыг өдөөж буй юм.

Уран бүтээлч хүн өөрийн үзэл санааг хэрхэн илэрхийлэхийг бид хорьж чадахгүй. Яагаад гэвэл кино гэдэг нь уран бүтээлчийн дотоод ертөнцийн илэрхийлэл болсон урлагийн нэгэн хэрэгсэл билээ. Гэвч “Буруу Өрөг” цаазын ялыг хөндөхдөө асуудлын хоёр талыг тэнцвэртэй тусгах бус, нэг талыг дэвэргэх нь үзэл суртлыг үзэгчдэд зөвтгөн хүргэх гэсэн ядмаг оролдлого мэт харагдуулж байна.

Киноны ард өрнөх улс төрийн үйл явц үндсэн хэрэг явдалд төдийлөн хамаагүй бөгөөд цаазын ялын талаар киноныхоо мессежийг хүчлэн ярих нь тэднийг үзэхэд сонирхолгүй болгожээ

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр хүүхэдтэй холбоотой хамгийн аймшигтай хэргийг бид жигшин зэвүүцэж хүлээн авдаг. Хүүхэд аюулгүй байх ёстойн дээр, тэдний эрхийг аймшиггүй зөрчсөн этгээдүүд хүд шийтгэл хүлээх нь зөв. Гэвч хүний амийг хуулийн дагуу хөнөөх аюултай шугамыг давах нь анхандаа зөвтгөх хэчнээн олон шалтгаантай байвч хожмоо (precedent) урьдчилан тооцоолоогүй аюултай үр дүнд хүрч, улс төрийн хэрэгсэл болдгийг хуульчид болоод түүхчид надаас илүү тайлбарлаж чадна. Өөрөөр хэлбэл "Буруу Өрөг" цаазын ялын эсэргүүцэгчдэд өөрийн шийдлийг санал болгохын, цаазын ялыг зөвтгөх өөрийн баталгааг дэвшүүлсэн бол утга санааны хувьд илүү сонирхолтой, магадгүй бүр үзүүштэй болох байсан болов уу.

Дүгнэж хэлэхэд, эцсийн дүндээ кино бүр их бага хэмжээгээр уран бүтээлчийнхээ итгэл үнэмшлийн илэрхийлэл, үзэл суртлын хэрэгсэл гэдэгтэй маргахад хүн цөөн. Гэвч “Буруу Өрөг” нь орчин үеийн монгол киноны уламжлалт дутагдлуудыг алхам тутамдаа давтахын дээр нийгэм улс төрийн хүрээнд маргаантай сэдвийн нэг талыг барьж, хүчилсэн байдлаар зөвтгөн илэрхийлсэн кино болжээ. 

Найруулагч О.Бат-Өлзий-гийн бусад ямар бүтээлийг үзэж байсан бэ?

+ Маш Нууц (2015): Бага зэрэг сунжруу боловч нэг удаа үзэхэд зугаатай кино байсан. Дажгүй санагдсан.

Киноны рекламын зураг ямар санагдсан бэ?

Бүх дүр нэг дороо алхаж явж байгаа бүрсгэр постер таалагдсан. Анхаарал татмаар. Магадгүй хошин шогийн киноны өнгө нялсан, хэтрүүлэгтэй царайтай зурагнаас залхсаных болов уу.

TL;DR/Хураангуй хувилбар: 

Авцалдаагүй зохиол, утгагүй үйл явдал, итгэмээргүй дүрүүдтэй “нөгөө л” Монгол киноны нэг боловч энэ удаад нийгмийн эмзэг сэдвээр дөрөөлж цаазын ялыг сурталчлахыг зорьсон мэт ядмаг оролдого болжээ.

 

Мөнгөө буцааж авмаар байна уу? 

Тийм. Сайн дураараа мөнгөө төлөөд улс төрийн сурталчилгаа үзэж байгаа мэт санагдах болов уу. Сурталчилгаа үзэх ёстой бол ядаж цэвэрхэн хийсэн сонирхолтой зүйл үзмээр байна.

+ Хүчтэй мотивацитай сөрөг дүр бүтээх оролдлого

- Цаазын ялын асуудлыг тэнцвэргүй, туйлширсан, ганцхан талаас нь дүрсэлсэн өгүүлэмж
- Сая хүнтэй хотод бус уулын мухар дахь ганц суманд өрнөвөл илүү үнэмшилтэй азтай тохиолдлууд
- Гэмт хэргийн киноны бүтцийг судлаагүй мэт сэтгэл хөдлөл, сонирхол төрүүлж чаддаггүй зохиол
- Детектив, гэмт хэргийн кинонд байж болшгүй сул харилцан яриа
- Сул дүрүүд
- Сэтгэл хөдлөл, догдлолгүй үйл явдал (tension)
- Киног сайжруулж болох энгийн боломжуудыг алдсан найруулга
- Үйл явдлыг ахиулдаггүй хэсгүүд
- Хошин шогт ажиглагддаг ядмаг, “хямдхан” эргэлтүүд (twist)

 

 
TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ