• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0

Холливуд, Оскарын кино наадмыг дэлхийн кино урлагийн оргил цэг хэмээн нэрийдэхэд хилсдэх зүйлгүй. Миний хувьд Холливудын эргэн тойрон дахь зогсолтгүй хов жив, дундаршгүй мэдээлэлд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд ердөө л Оскарын наадамд тухайн жил “Шилдэг кино” төрөлд энэ жил дэвшиж буй киног үзэж, тэдгээрээс олж авсан зүйлс, төрсөн сэтгэгдлээ хуваалцаж буй энгийн үзэгч билээ.

Өнгөрсөн оны “Шилдэг кино” төрөлд нэр дэвшигчидтэй харьцуулахад 2020 оны Оскарт өрсөлдөгч бүтээлүүд илүү чансаатай, үзүүштэй мөн сонирхолтой байсан мэт санагдав. Кинонуудыг бага таалагдсанаас их таалагдсан чиглэлд жагсаасан бөгөөд өөрийн учир шалтгааныг үйл явдлыг задлалгүй тайлбарлан бичихийг хичээлээ.

Та бидний мэдрэмж ялгаатай байх нь дамжиггүй.Тиймээс та ч бас Оскарын “Шилдэг кино”-ны өөрийн жагсаалтыг хуваалцаарай!

9. LITTLE WOMEN, 
найруулагч Greta Gerwig (Америк, 36)
- Үүнээс илүү Монгол киног бид мэднэ

Rotten Tomatoes: 95% (шүүмжлэгч) 92% (үзэгч)
Metacritic: 91/100 (шүүмжлэгч) 7.3/10 (хэрэглэгч)
IMDb: 8.1/10

Америкийн Иргэний дайн (1861-1865) болон түүний дараах он жилүүдэд аж төрж буй эгч дүүсийн талаар “Little Women” ном нь 1917-1994 онд таван ч удаа бүрэн хэмжээний кино болж байжээ. 

Сонгодог хөгжим, сонгодог зохиол, сонгодог кино гээд “классик” контент нь цаг хугацаа орон зайнаас үл хамааранүнэ цэнээ хадгалсаар байдаг билээ. Харамсалтай нь миний хувьд энэ кино, энэ зохиол чухам яагаад хэдэн жил тутам дахин хийгддэг “сонгодог” зүйл вэ гэдгийг ухаж ойлгосонгүй.

Эгч дүү дөрвөн охины амьдралын замнал, бие биедээ болоод эргэн тойрны хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа байдал нь зарим үед өсвөр насыг санагдуулж, өнгөрснийг дурсгах нь сайхан. Гэвч энэхүү кино нь охидын өөрөө өөрсдийнхөө амьдралыг сүйрүүлэх утгагүй шийдвэрүүд, үнэмшилгүй цуврал дурлалын эзэн болсон сэтгэл татах шинжгүй гол дүрийн “шалчгар” банди, он жил газар орноор дэндүү замбараагүй үсчих өгүүлэмж,тухайн цаг үед эмэгтэйчүүдэд тулгарч байсан асуудлын хангалтгүй тусгал зэрэг олон асуудлыг агуулжээ.

Чадварлаг жүжигчид, цаг үед нь очсон мэт чамин хийц, үзэж суухад инээмсэглэл тодруулах цөөн хором мөч энэ кинонд байсан. Гэхдээ үзүүштэй дүрүүд, сэтгэлд үлдэм өгүүлэмж, нэгэн гэр бүлийн “амьдрал бодогдуулам” драмыг үзмээр байвал манай өөрийн “Гарын Таван Хуруу” (1983) энэ киног хол хаях мэт санагдав.

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү? 
ҮГҮЙ.

8. THE IRISHMAN, 
найруулагч Martin Scorsese (Америк, 77)
- Дэндүү урт, дэндүү дуншсан

Rotten Tomatoes: 96% (шүүмжлэгч) 86% (үзэгч)
Metacritic: 94/100 (шүүмжлэгч) 8.1/10 (хэрэглэгч)
IMDb: 8/10         

Хар ажил, нэгэн хэвийн уйтгарт амьдралаасаа зугтахыг хүсэх залуухан эр санаандгүй байдлаар мафид элсэж, зэрэг зиндаа өсөж, амжилтандаа ташуурч, эхнэрээсээ салж, аюултай хүмүүсийн дургүйг хүргэж, эцэст нь өөрийгөө буюу хүүхдүүдээ аврахын тулд бүхнийг умартан золиослох хэрэгтэй болдог өгүүлэмжтэй “Goodfellas” (1990) нь “The Irishman”-ий найруулагч Martin Scorsese-ийн өөр нэгэн шилдэг бүтээл билээ. Гэвч миний хувьд “The Irishman” ахыгаа давах кино байж чадсангүй.

Энэ кино нь Martin Scorsese-ийн нэрийн хуудас болсон дээд зэрэглэлийн хийц, өнгө чанар, чадварлаг жүжигчид, түүхэн бодит хүмүүс, том яриатай хурц дүрүүд, хүнд сонголтууд,амьдралын хатуу шийтгэл гээд юм бүр бий. Гэвч энэхүү зүйлийг үзэгчид өгөхийн тулд кино гурван цаг хагас үргэлжлэх шаардлагатай юу гэдэг тун эргэлзээтэй.

Адилхан үргэлжлэх хугацаатай “Watchmen”(2009)-ийг хэдэн жилдээ давтаж үзэх алдагдал биш. “Бөгжний Эзэн” (2001-2003)-ий анги бүрийн уртасгасан хувилбарыг үзэх ч жинхэнэ кайф. Учир нь эдгээр кинонууд цаг хугацаагаа бүрэн дүүрэн ашиглаж өвөрмөц содон зүйл үзүүлдэг. Харамсалтай миний хувьд “The Irishman” нь муу кино биш боловч 200 гаруй минутын үргэлжлэх хугацаагаа зөвтгөх хэмжээний даацтай бүтээл байсангүй.

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү?
ҮГҮЙ.

7. ONCE UPON A TIME IN HOLLYWOOD, 
найруулагч Quentin Tarantino (Америк, 56)
- Холливудын найзууддаа зориулсан Тарантиногийн бүтээл 

Rotten Tomatoes: 85% (шүүмжлэгч) 70% (үзэгч)
Metacritic: 83/100 (шүүмжлэгч) 7.5/10 (хэрэглэгч)
IMDb: 7.7/10     

Quentin Tarantino миний төдийгүй олон кино сонирхогчийн хамгийн дуртай найруулагчдын нэг болов уу. Баргийн эрийг зажлалгүй залгих хүчтэй эмэгтэйчүүд, гурвалжин дөрвөлжин буу тулгалцаад үгээр цавчилдах ширүүн эрчүүд, цус нөж аллага хэрцгийллээс айдаггүй улаа бутаргасан тулааны үзэгдлүүд,уур амьсгал уран дүрслэлдээ донж нь таарчихсандуу хөгжим нь түүний киноны өвөрмөц хэв маяг билээ. “Once Upon a Time in Hollywood”-д ч Тарантиногийн чанар чансаагаа төдийлөн алдагдсангүй.

Харин миний хувьд энэ киног Тарантиногийн шилдэг бүтээлийн тоонд оруулахаас татгалзаж буй үндсэн шалтгаан нь киноны хэмнэл болон төгсгөл юм. Брэд Питт, Леонардо Дикаприо хоёр дэлгэц дээр байх хором бүхнээ бүрэн эзэмдэх боловч удтал дуншсан киноны оргил хэсэг нь үйл явдлынхаа бусад хэсэгтэй хангалттай авцалдаагүй, сэтгэлд хүрэх тайлалгүй байсан миний хувьд учир дутагдалтай санагдав.

Америкийн соёл, Холливудын түүхтэй илүү танил Тарантиногийн фэнүүд энэ киноноос илүү их таашаал авах нь гарцаагүй. Тарантино бүх төрлийн үзэгчдэд зориулж кино хийдэггүй, бүх хүнд зориулж хийх нь ч утгагүй. Гэвч “Хэн, юу, яагаад”-ийг нь бүдэг бадаг гадарлахаас бус нарийн ширийнийг нь ойлгоогүй, гарч ирээд хэсэг “Google”-дэх хэрэгтэй болсон надад энэ жагсаалтын бусад кино илүү их таашаал өгсөн юм.

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү?
ҮГҮЙ.

Lead.style: ONCE UPON A TIME IN HOLLYWOOD (2019) review унших

6. MARRIAGE STORY, 
найруулагч Noah Baumbach (Америк, 50)
- Хүнд асуудлын талаар хөнгөн бөгөөд амьдралтай өгүүлэмж

Rotten Tomatoes: 95% (шүүмжлэгч) 84% (үзэгч)
Metacritic: 93/100 (шүүмжлэгч) 8.1/10 (хэрэглэгч)
IMDb: 8.1/10     

“Marriage Story” нь дотно нэгэнтэйгээ үзэхэд хайр сэтгэлийг сайн сайхныг гунигтай бүрхэг өдрүүдтэй нь “үнэнээр нь” үзүүлдэг сэтгэлийн утас хөндсөн кино юм. Гэрлэлтээ цуцлахыг алга урвуулахын чинээ андуурсан хос хоёр мөнгө санхүү, ажил хөдөлмөр, нэр хүнд, ганц хүүхэд болон өөрийн сэтгэл мэдрэмждээ нөхөж баршгүй хүнд цохилт учруулж буйг энэ кино үзүүлжээ.

Үргэлжид сэтгэл татам Scarlett Johansson, шинэ “Star Wars”-н ганц том “бэлэг” Adam Driver-гүйгээр энэ кино “явахгүй” байсан болов уу. Зам нь нийлэхээ больсон хоёр хүний гунигтай бөгөөд “амьдралтай” байдлыг тэд сэтгэлд хүрэхүйц чадварлаг илэрхийлжээ. Саяхан үг хэлээрээ хяргалдаж байсан салалтын хуульчид нь цагаа хараад гэнэтхэн өдрийн хоолоо хамтран төлөвлөж эхлэхэд хамтын амьдрал нь бусдын хувьд ердийн нэг өдөр, ээлжит нэг ажил, мөн мөнгө гэдгийг ухаарч, гэмшил харамсал нь цухалзах эхнэр нөхөр хоёрын царай нь үзэгчдийн хувиралтай яв цав тохирч байлаа.

Гэрлэсэн хосын хэрүүл, гэрлэлтээ цуцлуулах гэдэг аймшигтай хэрэг. Монгол кино энэ асуудлыг түмэн зовлон, логикгүй логикоороо хэрхэн дүрслэх байсан бол гэж бодохоос яс хавталзам. Гэтэл “Marriage Story” нь элэг эмтлэм энэ асуудлыг чадварлаг найруулга, сэтгэлд ойр жүжиглэлтээр хөнгөн бөгөөд үзүүштэй байдлаар дүрсэлжээ.

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү?
МАГАДГҮЙ.

5. FORD V FERRARI, 
найруулагч James Mangold (Америк, 56)
- Америк маягийн “Тод Магнай”

Rotten Tomatoes: 92% (шүүмжлэгч) 98% (үзэгч)
Metacritic: 81/100 (шүүмжлэгч) 7.9/10 (хэрэглэгч)
IMDb: 8.2/10

Америкийн Форд машин Италийн босоо аварга Феррариг инженерийн ямар гайхалтай ур ухаанаар гүйцэж давсан нь сонирхолтой сэдэв боловч энэ нь Америкийн түүх мэддэг, машин сонирхдог, инженерчлэл ойлгодог, уралдаан үздэг гэх мэт олон шалгуурт нийцэх цөөн үзэгчид л хүрч мэдэх ярвигтай сэдэв болов уу.

Тэгвэл “Ford v Ferrari” кино нь автомашины брэндээр овоглосон боловч автомашины талаар өгүүлэмжтэй байгаагүй нь мэргэн шийдвэр болжээ. Энэ кинонд бид инженер дизайнын үг хэллэг барагтай сонсохгүй бөгөөд оронд нь Форд машины эргэн тойрон дахь хүмүүсийн талаар багагүй зүйлийг олж мэдэх болно.

Киног эхлүүлж байхдаа Фордын дарга нар, Ферраритай италичуудтай тэмцэх машины жолооч, инженер (жүжигчин Christian Bale) болон түүний найз, дизайнер (жүжигчин Matt Damon) хоёрын “дээлний захыг мушгиж” Францын төмөр хүлгийн шандас шаардсан 24 цагийн “Le Mans” уралдааныг догдлон үзэж суух юм гэж таалгүй явжээ. 

“Ford v Ferrari”-д уран сайхны зорилгоор бодит баримтыг гуйвуулсан зүйл цөөнгүй. Гэвч түүхэнд дурдагдаад өнгөрөх нэрсийн ард, “амжилт” гэх хэдхэн тооны цаана хүмүүсийн ямар зөрчил тэмцэл, итгэл найдвар, амьдрал жаргал, зовлон бэрхшээл явдгийг энэ кино чадварлагаар харуулжээ.

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү?
МАГАДГҮЙ.

4. 1917, 
найруулагч Sam Mendes (Англи, 54)
- Энэ Оскарын хамгийн амбицтай хийц гүйцэтгэл

Rotten Tomatoes: 89% (шүүмжлэгч) 88% (үзэгч)
Metacritic: 78/100 (шүүмжлэгч) 8.5/10 (хэрэглэгч)
IMDb: 8.5/10     

Байлдаантай киног ажаад байхад дүрүүдэд тулгах үндсэн “даалгавар” энгийн байх нь элбэг. “Цэрэг Райныг ээжид нь буцааж авч ир”, “Гладиатор Максимус хуурамч эзэн хаанаас өшөөгөө ав”,“Василий чи нацист мэргэн буудагчийг олж устга” гэх мэт. Харин “1917”-ийн хувьд энэ даалгавар нь “Холбоо тасарсан цэргүүдийн довтолгоог зогсоож, олон хүнийг урхинд орохоос авар” ажээ.

Гол дүрийн хоёр цэрэг алхам тутамд нь үхэл отох амь өрссөн явган аялалд гарах бөгөөд тэд сарны гадаргуу болтлоо бөмбөгдүүлсэн тулааны талбар, хүн амьтны цогцос хөглөрөх тамын орчин, “манайхан” болон “дайснууд” холилдсон төөрдөг байшин мэт хот тосгон гээд их дайны хөлгүй далайд “шумбаж” ордог. 

Хамгийн гайхалтай нь энэ аяллыг бүхэлд нь нэгэн үргэлжид зураг авалт мэтээр хийсэн бөгөөд зарим нэг таслал (cut)-ууд тодорхой харагдах боловч “1917”-г үзэж буй хүн киноны үйл явдал, уур амьсгалд бүрэн уусч, байнгын хөдөлгөөнийг нь хоцролгүй дагахыг хүсэх ажээ. “1917” нь киног яаж төлөвлөдөг, зураг авалтыг хэрхэн хийдэг вэ гэдгийн гайхамшигт үзүүлбэр юм. Энэ мэт хийц чанартайг алдалгүй үздэг, энэчанарыг өөрөөсөө шаарддаг, энэ чанарын төлөө үргэлж сайжрахыг хичээдэг хүүхдүүд л өсч том болоод, өмхий шаварт хөлбөрөн хэвтэж буй эргүү үхэр мэт Монгол киног хэзээ нэгэн цагт аврах болов уу.

Дутагдал хэмээн өөрийн зүгээс нэрлэж болох нэгэн зүйл нь киноны өгүүлэмж санаа байв. Дайн аймшигтай, дайн муухай, дайн утга учиргүй гэдгийг бид “автоматаар” мэднэ. “1917” кино нь тэрхүү санааг хийц чанараараа хэнээс дутахгүй харуулах боловч үзэгчдийн бодол мэдрэмжид гүн нөлөөлөх хүчтэй сэтгэл хөдлөл хангалттай байгаагүй мэт санагдсан юм.

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү?
ҮГҮЙ. Гэхдээ зарим хэсэг (sequence)-ийг нь Youtube-р заавал давтаж үзнэ.

3. JOJO RABBIT, 
найруулагч Taika Waititi (Шинэ Зеланд, 44)
- Чингис хааны талаар инээдмийн кино үзэх юмсан

Rotten Tomatoes: 80% (шүүмжлэгч) 95% (үзэгч)
Metacritic: 58/100 (шүүмжлэгч) 7/10 (хэрэглэгч)
IMDb: 8/10         

Цээжиндээ үлгэр жишээ нацист цэрэг болох мөрөөдөлтэй, төсөөлөлдөө алиа хошин Адольф Гитлер найзтай, фашист пионерийн зуслангийн тархи нь угаагдсан шар толгойт жаал хүү болон хүүгийн ээжтэй (Scarlett Johansson) үгсэж гэрт нь нууцаар орогнох еврей охины түүх нь энэ Оскарын наадмын хамгийн үзүүштэй киноны нэг юм.

“Jojo Rabbit” нь Нацист Германы сүүлчийн өдрүүдийг илтгэх дүнсгэр уур амьсгалтай боловч нэгэн жаалын “Хорвоотой танилцсан түүх”-ийг өгүүлэх сэтгэл татам, хөгжилтэй мөн сургамжтай байдаар өгүүлжээ. Өөрөөр хэлбэл энэ кино нь дайнд ялагдаж буй улс орны хүнд уур амьсгал, ялгаварлан гадуурхлын ээдрээтэй сэдэв, үзэн ядалтын талаар ярвигтай утга санааг үзэхэд төвөггүй, ухаалаг, хошин байдлаар амжилттай дүрсэлсэн байна.

Уг киноны найруулагч Taika Waititi өөрийн биеэр Гитлерийн дүрийг бүтээсэн нь онцлууштай. Түүнд жүжиглэх чадвар үл ялиг л дутсан бол Адольф Гитлерийн дүр Монголын хошин шогийн ухаанд нь ухна ишиг үхсэн мэт үзэгчийн цухалдлыг төрүүлэм утгагүй дүр болох эрсдэл байв. Тэгвэл Гитлер болон энэ киноны бусад бүх дүр чадварлаг жүжигчдийн нарийн мэдрэмжтэй гүйцэтгэлийг ачаар үзүүштэй болжээ. Хүүхдийн дүрүүд ч сэтгэлд дотно бөгөөд хайр татам байсныг дурдах хэрэгтэй. 

Гэвч энэ киног ердөө л инээдэм, хөнгөн өгүүлэмж хэмээн дүгнэх нь алдаа юм. “Jojo Rabbit” нь сүүлийн үед зарим орнууд, тэр дундаа Монгол улсад ч түгээмэл ажиглагддаг өөрийн бүтээгээгүй амжилтад бахдах, мэдэхгүй хүмүүсээ мунхагаар үзэн ядах, мэдлэг боловсролыг үгүйсгэн няцаах үзэгдлийн ухаалаг шүүмжлэл болжээ. 

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү?
ТИЙМ.

2. JOKER, 
найруулагч Todd Philips (Америк, 49)
- Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь

Rotten Tomatoes: 68% (шүүмжлэгч) 88% (үзэгч)
Metacritic: 59/100 (шүүмжлэгч) 9.1/10 (хэрэглэгч)
IMDb: 8.6/10     

Наргианаа хэтрүүлсэн найзуудын бүтэлгүй адал явдлын талаар зугаатай боловч “аргуу”, инээдтэй боловч үлдэц өгөөжгүй “Hangover” цувралыг зохиож найруулсан Todd Philips-ээс супер баатруудын зурагт номын кино-эриний хамгийн даацтай бүтээл гарах юм гэж хэн санах билээ?

Супер баатрын жанр ашиг орлогоо хадгалах, ирээдүйн кино үзэгчдэд үнэ цэнтэй байхын тулд “авдрын ёроолыг ухаж” улам бүр “сураггүй” шинэ дүрүүдээр үзэгчдийг “зодох” бус, танил баатруудыг ашиглан ялгаатай бусад жанрыг турших, нийгмийн асуудлын гүнд нь орсон зоригтой бүтээл хийх хэрэгтэй болов уу.

Супер баатрууд, зурагт номын киноны “эрин” эрт орой хэзээ нэгэн цагт халагдан өнгөрөх нь эргэлзээгүй. Хүч нь дэндсэн баатрууд, уйтгартай сөрөг дүрүүд, үхэл хагацалгүй марзан тулаан, ядмаг хошигнол, “гэр бүл” хэмээн хүчилсэн өгүүлэмжтэй арилжааны олон киноны хэд нь цаг хугацааны шалгуурыг дамж, ирээдүйн үзэгчдийн шимтэн үзэх “сонгодог” бүтээл байж чадах бол? Нэгэн хэвийн болсон уг жанрын танил дүрийг ашиглаж хүний доторлуу өнгийсөн эмгэнэлт драм, нийгмийн тогтолцооны ялагч болоод хохирогчдын зөрчлийг харуулах “Joker” кино үнэ цэнээ хэзээд хадгалах нэгэн эрдэнэ байж магадгүй юм.

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү?
ТИЙМ. Гэхдээ маш сайн боловч үзэхэд “хүнд” кинонууд байдаг даа?

Lead.style: JOKER (2019) review унших

1. PARASITE, 
найруулагч Bong Joon-ho (Солонгос, 50)
- Гарын доорх материалаар бүтсэн гайхамшиг

Rotten Tomatoes: 99% (шүүмжлэгч) 93% (үзэгч)
Metacritic: 96/100 (шүүмжлэгч) 8.9/10 (хэрэглэгч)
IMDb: 8.6/10     

Америкийн “Joker”, Солонгосын “Parasite” хоёр нь мөн чанартаа нэгэн адил кино болов уу. “Joker” нь хувь хүнийг өргөн тодотгодог барууны соёлыг төлөөлөл бол, “Parasite” нь гэр бүл, хамт олныг тэргүүнд тавьдаг өрнийн соёлын үнэт зүйлсийг агуулдаг билээ. Хоёр кино ялгаатай сэтгэхүйн бүтээл боловч уг чанартаа өрнө дорныг ялгалгүй дэлхий нийтэд түгээмэл тулгараад буй гажуудалтай нийгмийн тогтолцоог шүүмжлээ юу гэлтэй. “Joker”-ийн амьдарч буй ертөнцийг Улаанбаатар хот, “Parasite” дүрүүдийг Монголчуудаар солиход ч эдгээр киноны утга санаа, хүнд нэгийг бодогдуулах чанар нь алдагдаж гуйвахгүй мэт.

Холливудыг магтан дуулсан, уран бүтээлчдийг өрөвдөж сайшаасан, Америкийн түүхийг сүртэйгээр өгүүлсэн эсвэл барууны хэвлэл мэдээлэлд “таалагддаг” ижил хүйстнүүд /арьс өнгөний үзэл/ ямар нэг эмзэг бүлгийг тодотгон тусгасан сэдэвтэй кино жилийн жилд Оскар авах магадлал өндөртэй байдаг билээ. Тэгвэл үзэгчдийн бодол мэдрэмжийг төдийлөн төлөөлдөггүй энэхүү кино наадамд Азийн чадварлаг уран бүтээлчдийн нэг Солонгосын найруулагч Bong Joon-ho-гийн гайхамшигтай гүйцэтгэл, итгэмээргүй эргэлттэй “Parasite” кино нэр дэвшиж байгаа нь бахархам.

“Parasite” нь кино сонирхогчид өгөөжтэй, уран бүтээлчдэд сургамжтай олон зүйлийг агуулахын зэрэгцээ Холливудын тавцанд Ази кино (цаашлаад Монгол кино!) хөл тавих замыг засч байна.

Энэ киног хэзээ нэгэн цагт давтаж үзэх үү?
ТИЙМ.

Lead.style: PARASITE (2019) review унших

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ