• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    117   |  
0

NetflixHBOAmazonDisney манлайтай “азарганы ноцолдоо”-ны дүнд монголчууд бид дэлхийн шилдэг контентийг хэнээс ч хоцролгүй, гэрээсээ ч гаралгүй хүлээн авч үзэх боломжтой болсон. Гэвч сонирхолтой олон цувралыг үзэж дуусгах нь битгий хэл нэрийг нь ч тогтоож амжилгүй өнгөрөөх өрсөлдөөнтэй энэ үед хамгийн сүүлд Монголын ямар олон ангитыг үзсэнээ сэргээн санав. Өсвөр насныхны талаар “Хэцүү анги” (2009), цэрэг татлагын “реклам” болох “Тусгай салаа” (2010) зэрэг арваад жилийн өмнөх нэрс л санаанд буух ажээ... Өөрөөр хэлбэл нийтийн анхаарлыг татсан цуврал кино гаралгүй тун уджээ.

Тиймээс театрууд хаалгаа барьсан энэ “завшаан”-ыг ашиглаж “37-р Точка” нэртэй шинэ цуврал гарсны эхний бүлэг (~10 цаг)-г үзэж, төрсөн сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ.

37-р Точка” нь 1980-аад оны Улаанбаатарын “атаман”-уудын ертөнц, улс төрийн далд хуйвалдааны дунд өөрсдийн байр суурийг олохоор тэмцэж буй хөдөө орон нутгийн хэсэг залуусын талаар өгүүлэх гэмт хэрэг, драм жанрын цуврал юм.

Уг цувралын хийц чанар, зураг авалт нь сүүлийн үеийн Монгол киноны хамгийн дээд чанар юм

“Анхны болзооны зорилго бол шохоорхож буй бүсгүйдээ хоёр дахь болзоог зөвшөөрөх хэмжээнд таалагдах. Харин хоёр дахь нь гурав дахийг зөвшөөрүүлэх… 

Яг энэ зарчим уран сайхны киног ч амжилттай болгодог. Киноны хором бүр дараагийн минутыг үзэх хүслийг өдөөж байх учиртай” 

хэмээн ярьсан нэгэн кино зохиолчийн үгс хэчнээн үнэн болох нь “37-р Точка”-ийн эхний ангийг үзэж суухад санаанд буув. Учир нь миний хувьд уг цувралыг “анхны болзоо” буюу тэргүүн ангиар нь дүгнэвэл түүнтэй хоёр дахиа “уулзах” сэдэл төдийлөн төрөхгүй ажээ.

Ямар ч олон ангит киноны хувьд тэргүүн анги (pilot) нь үзэгч тухайн цувралыг цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийддэг чухал даваа билээ. Алс умардаас нөмрөх нууцлаг харанхуйн хүч, ноёд хатдын ичгүүр сонжуургүй хоржооныг +18 хачиртай нь нүд бүлтийтэл дэлгэх “Game of Thrones” (2011-2019), хорт хавдрын гэнэтийн сэрүүлгээр гэр бүлийнхээ төлөө арван жилийн багшийн ажлаа орхиж аргагүйн эрхэнд хар тамхины ертөнцөд хөл тавьж буй хижээл насны шазруун эрийг танилцуулдаг “Breaking Bad” (2008-2013), бөмбөрцөг дахин ямар гээч аймшигт аюултай тулах болсныг газар дээрээс нь тодхон харуулах “Chernobyl” (2019) биднийг “анхны болзоо”-гоороо л “уургалсан” гэдэгтэй олон үзэгч санал нийлэх болов уу.

Цувралын зарим гол дүрүүд. Харамсалтай нь киноны зарим хэсэг үйл явдлыг "таг зогсоох" нь элбэг

37-р Точка” эхний ангиараа бодит мэт уур амьсгал, хийц чанараа бахархалтайгаар батлан харуулах боловч миний хувьд дүрүүд болон зөрчил драм нь анхаарал болоод сэтгэл татам байж чадсангүй. Магадгүй гол дүрүүдийн эрийн цээнд хүрсэн үеийн амьдралыг харуулах хоёрдугаар ангиас үйл явдал эхэлж, үзэгчид 1980-аад оны Улаанбаатарыг хамгийн түрүүнд харахын зэрэгцээ, зарим зүйлийг нууц хэвээр үлдээх буюу нэмэлт мэдээллийг үйл явдлын дундуур тунг нь тааруулан бага багаар дэлгэсэн бол үзэхэд илүү сонирхолтой (engaging) байх байлаа.

Харин цувралын хамгийн онцлууштай, үлгэр жишээ зүйл нь хийц (production design) болон зураг авалт ажээ. Хүмүүсийн эд хогшил, өмсөх зүүх, ажиллаж амьдрах газарт өө хайж гоочлох зүйл төдийлөн анзаарагдсангүй. Газар орныг илэрхийлэх зураг авалтад (establishing shot) приус машин, вакуум цонх, сүүлийн үеийн барилгууд зурвас үзэгдэх ч тэр нь цувралын уур амьсгал, үнэмшил (suspension of disbelief)-ийг сүйтгэх хэмжээнд биш байв. Мөн компьютер графикийг хүүхэлдэйн кино шиг харагдтал хэтрүүлээгүй нь Монгол кинонд ховор ажиглагддаг сахилга бат байлаа. 

Цуврал гол дүрүүдийн өгүүлэмжээс гадна түүхэн үйл явдлыг ихээхэн тусгажээ. Гэвч энд болж буй улс төрийн явуулгын хичнээн нь "фантааз", хичнээн нь үнэн бол?

Хэдий социализмын үеийн Улаанбаатарын зураглал хүсч байсан хэмжээнд тэгтлээ хүрээгүй ч уг хотод хүмүүс амьдарч аж төрдөг гэдгийг хангалттай үзүүлж чаджээ. Жишээ нь ганц минут ч хүрэхгүй хэсэгт зориулж Дуурь бүжгийн эрдмийн театрын гаднах орчинг хувирган ашигласан нь зураг авалтыг уран бүтээлчид “халтуурдаагүйн” илрэл юм. Монголын “түүхэн” гэх теле зохиомж, бүрэн хэмжээний киног баригдмал, бачимдмаар бас уйтгартай харагдуулдаг цөөхөн умгар байшин, студийн хэт үнэмшилгүй тавилт, “модон” зураг авалт “37-р Точка”-д барагтай харагдаагүйд баяртай байлаа.

Товчхондоо, энэхүү цуврал нь чадварлаг зураг авалт, олон тооны арын жүжигчин (extras), хийц чанар (production design)-аараа үнэмшилтэй түүхэн газрыг бүтээж чаджээ.

Дүрүүдийг таниулах түлхүүр мөчүүд, чухал шийдвэрийг ядмаг харилцан яриа "унагааж" байв

37-р Точка” нь олон ангит кино тул түүнд олон дүр байх бөгөөд үйл явдал үргэлжлэх тусам тэдний тоо өсөн нэмэгддэг. Харамсалтай нь тэдгээр олны дунд жүжигчний чадвар дутах эсвэл дүрийн хэрэгцээ шаардлага ойлгогдохгүй байх асуудал ажиглагдаж байв. Мөн Монгол киноны “өнөө л” Буддад сургаж, Есүст үлгэрлэвэл зохилтой элбэрэлт эх, 24/7 төрийн төмөр нүүрт диктатурт эцэг, харь гарагийн вакум орчинд өссөн гэмээр цайлган гэнэн нь хэтийдсэн 18 наст охин, “явдалтай” хүүхэн, төлөв түвшин сайн санаат ах, хэрэг тарьж явдаг дүү, цээжээ дэлдэх залуус гэх мэт дүрүүд уг цувралд багтжээ. Тэдний заримыг үзэхэд шинэ зүйлгүй, залхмаар байсан ч зарим дүрийг дотроо зөрчилтэй, олон талт байдлаар бүтээх оролдлого хийсэн нь сонирхолтой бөгөөд магтууштай санагдсав.

Харин миний хувьд энэ цувралын хамгийн том сул тал нь харилцан яриа байлаа. Хэтрүүлэн хэлэхэд “5 настнуудын нууцлаг ертөнц” (Mongol HD)-ийн жаалууд ч “37-р Точка”-ийн ах эгч нараасаа илүү хоржоонтой, нэгийг бодогдуулам бас сэтгэлд үлдэм зүйлийг хэлэлцэх мэт. Эхэнд дурдсан “Game of Thrones”, “Chernobyl” гэх мэт цувралын даацтай, далд хатгаатай, сэтгэлд хоногшим, нэгийг бодогдуулж хоёрыг сануулах, шатрын нүүдэл мэт уран нарийн харилцан яриаг “37-р Точка”-ийн дүрүүдийн амнаас унах үгстэй харьцуулахад тэнгэр газар адил заагтай ажээ. 

Цувралын сурталчилгаанд багагүй ашигласан зодоонтой хэсгийн зураг авалт, монтаж гүйцэтгэл тун давгүй. Гэвч уг зодоон бүлгийн дунд бус төгсгөлд байвал илүү үр дүнтэй байсан мэт

Мэдээж дэлхийн стандартыг хөгжиж буй орны өчүүхэн зах зээлд зориулан гаргаж буй киноноос хүсэх нь өгөөжтэй харьцуулалт болохгүй. Гэвч санаанд үлдэх зүйлгүй шальдар булдар үгс, утга санааг нь ухаарчхаад байхад үргэлжлээд л байдаг залхмаар нуршуу харилцаа нь үйл явдлыг хэмнэлгүй, дүрүүдийг мартагдам болгохын зэрэгцээ чухал түлхүүр хэсгүүдийн “хүч”-ийг унагаажээ.

Үлбэгэр харилцан яриа нь кино үзэхдээ хүүхэдтэй ноцолдох, гэр цэвэрлэх, хоол хийх, утсаа оролдох эсвэл зурагтаа асаалттай унтах зэрэг үйлийг хийдэг үзэгчдэд асуудал биш боловч “37-р Точка”-ийн үг яриа нь гайхалтай харагдах хийцээ “гомдмоор” хэмжээнд хөсөрдүүлжээ. Дүрүүдийн үзэл санаа болоод оюун бодлыг илэрхийлж, үзэгчдийг ч “хатгадаг” яруу үгс нь аливаа киног “сонгодог” болгож, дахин үзэх хүслийг ч өдөөдөг болов уу.

37-р Точка”-ийн өөр нэгэн асуудал нь түүний үйл явдлын хэмнэл байв. Нэгж хэсэг төдийгүй нэг бүтэн анги нь ерөнхий үйл явдлынхаа түрлэгт ямар хүч нөлөө үзүүлж байгааг ялган хэлэх боломж байсангүй. Цуврал кино анги тутамдаа, уран сайхны киноны хэсэг бүртээ нэг нууц, нэг түлхүүр, нэг асуулт, нэг хариултыг өгч байхдаа “амттай” байдаг мэт санагддаг. Харамсалтай нь “37-р Точка” нь эдгээр зүйлийг хийх ёстой цаг хугацаагаа тийм ч үр бүтээлтэй ашигладаггүй тул үйл явдлын дунд гарах том өөрчлөлт, чухал шийдвэр нь логикийн хувьд ойлгомжгүй гаргалгаа, гэнэтийн “далий” үсрэлт мэт бууж байв.

"37-р Точка"-ийн сайн хийц, бүтээлч зураг авалтын цаана даацтай утга санаа үгүйлэгдэх шиг. Цувралыг үзсэний дараа 1990 оны Ардчилсан хувьсгалын талаар илүү их эргэлзээнээс өөр юу үлдэж хоцорсон бол?

Цувралын хийц чанар давгүй, зарим хэсэг нь зугаатай бөгөөд сонирхолтой байвч санаа зовоосон хоёр бодол надад төрсөн юм. Тэдгээр нь үндсэндээ “37-р Точка”-ийн “мессеж”-тэй холбоотой зүйлс бөгөөд нэг нь “түүхэн өгүүлэмж” нөгөө нь “атаман соёл” байлаа.

Нэгдүгээрт, түүхийг уран сайхны киногоор дүрслэх нь үнэн бол уран биш, уран бол үнэн биш болдог ээдрээтэй асуудал билээ. “Band of Brothers”, “Chernobyl”, “Rome”, “The Crown”, “Marco Polo” гэх мэт түүхэн явдлыг хүндлэлтэй дүрсэлснээс эхлээд баримтыг ичгүүргүй гуйвуулсан цөөнгүй цувралыг бид мэднэ. 2020 оны Оскарт дэвшсэн киног үзэхэд ч түүхэн кино бодит үнэнээс зөрсөн байсан нь цөөнгүй. Харин “37-р Точка”-н хувьд түүний дүрүүд 1990 оны ардчилсан хувьсгалд шууд болон шууд бус байдлаар оролцдог бөгөөд тэдний хэчнээн нь үнэн, хэд нь хэн нэгний зохиосон “фантааз” болохыг ялгах аргагүй мэт. “Хуурамч мэдээ”-ний ухуулга, ээлжит сонгууль, үзэл суртал, гурвалжин дөрвөлжин ашиг сонирхлын мөргөлдөөн дундуран бүтээлчид хэрхэн үнэнийг өгүүлж, үзэгчид хэрхэн өөрийгөө хамгаалах хэрэгтэй бол?

Хоёрдугаарт, нударгаар асуудлыг шийдэх, газар орон, он цагийн өчүүхэн ялгаагаар эрэмбэ зиндаа тогтоох “атаман соёл”-ын элементүүд 1990 оны хуучин нийгэмдээ хоцорч үлдэх ёстой үе нь өнгөрсөн бурангуй сэтгэлгээ мэт. Хаанахын хэн гээч нь, ямар танхай зодоонч байх нь Африкийн сураггүй ширэнгийн нэгэн өчүүхэн модны хамгийн хүчтэй шоргоолж байхын адил явцуу бөгөөд утга учиргүй бахархал гэлтэй. “Цахиур” Төмөрийн үе нь өнгөрсөн үлгэрийг шүтсэн “Итгэлт Баян”-ы Хонгор хүү ч цусан төлөөст унадаг. Учир нь шинэ үеийн залууст тулгарч буй хамгийн том сорилт нь Улаанбаатарын нэг гудамны эрхэлсэн ажилгүй хулигааны орон тоог мөрөөдөх бус, амар амгалан, элбэг тайван амьдралын төлөө Хятад, Солонгос, Америк, Европ гэх жинхэнэ “атаман”-уудтай боловсрол мэдлэг, арга ухаан, ажил бүтээлээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх билээ. Түүнд хэрэгтэй дэвшилтэт сэтгэлгээ, үүнд шаардлагатай эв нэгдлийг нударгаар асуудлаа шийдвэрлэх залуус, хүчирхийллээр хүслээ тулгах “ах” нарыг өхөөрдөн харуулах “37-р Точка” өгч чадах болов уу?

Дүгнэж хэлэхэд “37-р Точка” нь мартагдам яриа, зарим үед “явж өгдөггүй” үйл явдлын хэмнэл, үнэмшихэд хүндрэлтэй логикийн гаргалгаа, хүчилсэн “мессеж” зэрэг орчин үеийн Монгол киноны түгээмэл алдааг давтдаг. Гэвч дотоодын кинонд урьд өмнө нь төдийлөн харагдаж байгаагүй хийц чанарынх төлөө энэхүү цувралд боломж олгож хэдэн ангийг нь үзэхэд болохгүй зүйлгүй ажээ.

Маш Нууц (2015)

Найруулагч Б.Тамир-н өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

Маш Нууц (2015): Цэргийн ангид бослого хийж байгаа социализмын үеийн цэргүүдийн талаар зугаатай кино. Жаахан сунжруу боловч нэг удаа үзэхэд боломжийн. 

Киноны рекламын зураг ямар санагдсан бэ?

Хувцас загварын каталог шиг “Аан” гээд л өнгөрөхөөр онцлох зүйлгүй постер. Зургийн зохиомж, агууламжаас сэтгэл хөдлөл өдөөх сонирхолтой зүйл олж харсангүй.

TL;DR/Хураангуй хувилбар: 

Өгөөжтэй зүйлгүй, түүхийн хувьд эргэлзээтэй утга агуулга нь үнэмшилтэй сайн хийц чанар, бүтээлч зураг авалтаа хөсөрдүүлсэн. 10 ангийг угсруулж үзэхэд анх бодож байснаас илүү таалагдсан ч дараагийн бүлгийг эхлүүлэх хэмжээний сонирхол төрөөгүй. Долоо хоногоор хүлээж үзнэ гэвэл амархан уйдна.

Мөнгөө буцааж авмаар байна уу? 

Хийц чанарынх нь төлөө мөнгөө өгмөөр. Гэвч агуулга өгүүлэмж нь сайжрах болов уу?

+ Хийц чанар (production design)
+ Бүтээлч зураг авалт
+ Боломжийн жүжиглэлттэй туслах дүрүүд
+ Үзэхэд зугаатай монтаж хэсгүүд
+ Жигд өнгө шүүлт

- Сул нэгдүгээр анги (pilot)
- Үнэн худал нь үл ялгагдах “түүхэн” өгүүлэмж
- Зорилго чиглэл нь ойлгомжгүй гол дүрүүд (motivation)
- Үе нь өнгөрсөн “Атаман соёл”-ын ньюансгүй дүрслэл (fetishism)
- Нийт цувралын болон нэгж анги тус бүрийн үйл явдлын хэмнэл муу (pacing)
- Чухал өөрчлөлтийг хүчээр бий болгох үнэмшилгүй логикийн үсрэлтүүд
- Анхаарал татам адармаа, дэлгэцэд “уях” зөрчил үгүй өгүүлэмж
- 2000-аад оны Солонгос киноны “атаман”-ууд болон хайр дурлал
- Сул харилцан яриа
- Алдаг оног жүжиглэлтийн чанар
- Дууны чанар (sound mixing)

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ