• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    112   |  
0

“Солонгос цуврал” дуусч өгдөггүй "Жангум", итгэж үнэмших аргагүй "Эхнэрийн Урхи" байхаа больжээ. 2000-аад оны эдгээр “савангийн дуурь”-ийн ядмаг өгүүлэмж, хэтрүүлэгтэй жүжиглэлт нь шинээр гарч буй Монгол уран сайхны кинонд амь бөхтэй байгаа бол орчин цагийн Солонгос цуврал нүд унагам хийц, онц сонирхолтой дүрүүд, нэгийг бодогдуулах “айхтар” өгүүлэмжтэй болж хувьсчээ. 

Crash Landing on You” нь гэнэтийн ослоор Хойд Солонгост унасан Өмнөд Солонгосын чинээлэг айлын сэргэлэн бүсгүй, түүнийг нутаг буцахад нь туслах цэргийн дарга хоёрын талаар өгүүлэх хайр дурлал, драм, инээдэм, адал явдалт триллер цуврал юм. Энэ олон жанрыг нэг дор харахад тэд шуудайтай үхрийн эвэр адил харшилдах ёстой мэт санагдавч, хэрэг дээрээ киноны инээлгэн баясгах, түгшээн сандаргах, шимшрүүлэн нулимс дуслуулах мэдрэмж бүрийн тун нь яг таарчээ.

Гол дүрийн бүсгүй гал цогтой, сэргэлэн байхын зэрэгцээ мэдрэмжтэй, эмзэг мөчүүдтэй байсан нь сэтгэл татам бөгөөд үзэхэд уйдамгүй

Энэхүү цувралд Солонгос кино бүрт байдаг танил дүр олон. Гаднаас нь харахад бяр чадлынхаа оргилд мэт боловч эзэд нь ганц хальтрахад л нуруунд нь хутга зооход бэлэн хөрөнгө оруулагчидтай групп компани, эцэг эхийнхээ золиос тэмцлийн үр жимсийг булаалдан уралцах хүүхдүүд, дурлалт бүсгүйгээ хэт хамгаалан халамжилдаг царайлаг залуу, сэргэлэн бөгөөд зоргоороо бүсгүй, ертөнц дэлхий өөрсдийнх нь эсрэг байх хайр сэтгэл, шунал хорслын галд шатах сөрөг дүр, аймшигт нууцыг зүрхэндээ тээх эмгэнэлт туслах дүр, “атаман” аниа нар, бөөгнөрөн бужигнаж байхдаа хөгжөөн шуугиантай хамт олон гээд бүгд энд бий.

Хэдэн арваны өмнөх хуучирч хоцрогдсон Солонгос цувралыг Монголын зарим телевизийн суваг улиг болтол нь жилийн жилд давтдагийн “ачаар” над мэт зарим үзэгч энэ улсын бусад киног доогуур үнэлэх буюу бүрмөсөн зайлсхийх болсон нь харамсалтай. Тэгвэл “Crash Landing on You”-д “тэсвэрлэхийн аргагүй ааш муут” эсвэл “мэдрэлийн өвчтэй” этгээд ховор бөгөөд дасал болсон хэв шинж бүхий дүрүүдэд (stereotype) их бага хэмжээгээр өөрчлөлт (twist) оруулж, ньюанстай, үзэхэд сонирхолтой болгожээ.

Туслах дүрүүд нь өөр өөрийн онцлог шинжтэй. Тэднийг хошигнолд (comic relief) ашиглаад л орхих бус асуудал бэрхшээлийг, уйтгар гунигийг илэрхийлэхэд ашигласан нь үр дүнтэй байв

Зарим жишээг дурдвал гол дүрийн “сайхан залуу” нь “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гээд нүүр нүдгүй зандчиж хашхичдаг эрүүл бус харилцааны (toxic relationship) зан чанараа орхисон ч үнэт зүйлийнхээ төлөө аюултай нүүр тулахад бэлэн тууштай шийдэмгий шинжээ хадгалсан байна. Харин эмэгтэй дүрүүд эсрэг хүйстний “гарыг харах” шаардлагагүй бие даасан хүч нөлөөтэй, толгой мэдсэн бодолтой, аз жаргалыг бусдын хэмжээ шалгуураар бус өөрийн дотроос олох замналтай байсан нь онцгой таалагдав.

Туслах дүрүүдийн нэг, “Со-драм” үзэх дуртай Хойд Солонгос эрийн дүр ч шинэ цагийн Солонгос цуврал өөр болсныг харуулах сэргэлэн шийдэл (narrative device) ажээ. Энэ бол “Netflix”-ээр уг цувралыг хүлээн авч буй дэлхийн үзэгчид, Солонгос киног 2000 оноор нь төсөөлж үргэдэг над мэт хүмүүст зориулсан төгс дүр байлаа. Учир нь тэрээр Солонгос драм ямар зарчмаар “ажилладаг”-ийг тайлбарлах (provide context) бөгөөд цуврал өөрийн өгүүлэмжид тэрхүү “уламжлал”-ыг өөрчилж, сайжруулж, хүлээлтээс давсан шийдэл олж буйгаа харуулах ажээ. Товчхондоо “Crash Landing on You” цувралын дүрүүд болоод, тэдний тулгарах сорилтууд нь дэлхийн ямар ч контентийг хүссэн үедээ шилж сонгон үзэх чадалтай болсон шинэ үеийн үзэгчдийн таалалд нийцэхүйц өндөр чанартай, сэтгэл татам, сайн сайханд уриалсан, гайхалтай гүйцэтгэлтэй болжээ.

Зураг авалтын шийдэл нь үргэлж анхаарал татам бөгөөд зохиомж дүрслэлийн хувьд бусад уран бүтээлчдэд үлгэрлэх зүйл элбэг ажээ

Цувралын бас нэгэн онцлог зүйл нь үйл явдлын дийлэнх хэсэг өрнөх Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс буюу Хойд Солонгос юм. Холливудын кинонд харь гарагийнхан үргэлж Америкт довтолдгийн “ачаар” Цагаан ордон, Эрх чөлөөний хөшөөг долоон тэрбум хүн андахгүй болсон. Түүний адилаар “Crash Landing on You”-ийн чансаатай хийц, газар дээр нь очоод киногоо хийчихсэн мэт нүдэнд үл торох зураг авалтын үр дүнд Хойд Солонгосчууд хэрхэн аж төрдгийг нэг хэсэгтээ л энэ цувралаар төсөөлөх болов уу. Харин цувралын талаар мэдээллээс зугтаж, “харанхуй” байдлаар шууд үзсэн хүний хувьд Монгол дахь зураг авалтууд гэнэтийн сонирхолтой зүйл байв. “Netflix”-ээр гарч байгаа чансаатай бүтээлийн эзэд цөөн гэлтгүй зураг авалтаа Монголд хийснийг үзэхэд бидэнд өгөгдөл материал бус төсөөлөл сэтгэлгээ дутаж байгааг тодоос тод харуулах шиг.

Цувралын үйл явдал хайр драм, инээдэм эмгэнэл, аюул түгшүүрийн хооронд чадварлагаар шилждэг

Харин “Crash Landing on You” цуврал Хойд Солонгосын захиргаадалтын нийгэм, ядуу тарчиг амьдрал, хорих лагер, өлсгөлөн, яргаллыг ёс төдий дурдаж, жинхэнэ хүмүүсийн бодит зовлонгоос зайгаа барих нь бага зэрэг урам хугалам. Харин “хаалттай” тэр улсад тансаг харш хотхонууд, данагар том машинууд, ухаалаг утас байх нь итгэмээргүй үзэгдэл мэт санагдав... Гэтэл гадаадад явахад Монголыг морь мал, гэрийн гадна зогсох шалдан хүүхдээр төсөөлдөг хүмүүсийг явцуу бодолтой хэмээн би өөрөө шүүмжлэн боддог байснаа санаад гэмшиж ухаарав. Тиймдээ ч Хойд Солонгосын ард түмэнтэй “уулзуулж”, бидэн шиг л амьдрах гэж ядаж яваа хүмүүс гэдгийг харуулсан нь энэ цувралын томоохон амжилт болжээ.

Олны анхаарлыг Хойд Солонгосын зүгт ийнхүү чийглүүлэх амжилттай контент нь пуужингаараа “шантаажилж” амиа залгуулдаг Хойд Солонгосын удирдлагуудад ч, умард хөршөө улс төрийн платформынхоо онцлох сэдэв болгодог Өмнөдийн ерөнхийлөгч Moon Jae-in-ий дараагийн сонгуульд ч нэмэртэй байх нь эргэлзээгүй.

"Crash Landing on You" цуврал 16 ангид багтсан гэдэгт нь итгэхийн аргагүй баялаг үйл явдал, дүрүүдтэй боловч уран бүтээлчид нь тэр бүгдийг эмх цэгц, онц сонирхолтой байдлаар бүтээж чаджээ

Цаашлаад улс төрийн үзэл санаанаас гадна “Crash Landing on You”-г үзэж гүйцээхэд Өмнөд Солонгосын өндөр хөгжилтэй танилцан аялах, шарсан тахиа шар айргаар хооллох, Range Rover жолоодох, Швейцарт амрах зэрэг хүсэл тодорхой хэмжээнд оргилж байсан нь “рекламдалт” энд хэчнээн хүчтэй шингэснийг харуулах ажээ. Өмнөд Солонгосын кино урлагаа зэвсэгжүүлэх супер хүч нь хойд хөршийнх нь ямар ч “баллистик” пуужингаас сүрдэм юм. Тэд кино урлагаар ард иргэдийнхээ үзэл санааг нэгтгэн чиглүүлээд зогсохгүй алс хол суух бидний бодлыг ч өөрчилж байна.

Гэхдээ цуврал Хойд Солонгосыг онцолсон нь улс төр болон бизнесийн ашгаас гадна орчин үеийн Солонгос залууст нутаг нь хоёр хуваагдсан хатуу үнэнийг сэргээн сануулах ач холбогдолтой ажээ. Солонгос найзуудтайгаа ярилцахад элэг нэгт Хойд хөршөө санагалзан тэмүүлэх хүн ховор байдаг нь үе улирах тутам өмнөх хүмүүсийн шарх шаналал аажмаар бүдгэрч балардгийн амьд жишээ мэт. Хоёр Солонгосын хүмүүс яриа аялга, үгийн сангаар зогсохгүй бодол сэтгэхүйн хувьд ч алсран холдож, туурга нэг улс байсан үеийг санах хоёр солонгосын сүүлчийн настангууд ертөнцийн мөнх бусыг үзүүлэн цөөрсөөр буй билээ. Ах дүү амраг садан нь хилийн цаана байгаа гэж бодохоо больсон хоёр улсын шинэ үеийнхэн хэрхэн эргэж нэг айл болох билээ? Энэ утгаараа “Crash Landing on You” адил бүтээл нь нийгэмд чухал ач холбогдолтой болов уу.

Хойд Солонгост амьдардаг ахыгаа үдэж буй Өмнөд Солонгос эр. Хоёр улсын гэр бүлүүдийн түр уулзалт, 2010 он. Marc Riboud

Цувралыг үзээд Хоёр Солонгосын асуудалд ийн эмзэглэж суух зуур тээр жил олон хамаатан маань “ногоон малгайтнууд”-аас зугтааж, эхнэр хүүхэд, эд хөрөнгөө аваад урагш хил давж үүрд алга болсныг дурсдаг байсан талийгаач эмээгийн хууч яриа бодолд зурс хийв. 

Намайг өвгөн болоход миний ач зээ нар Өвөрмонголд, харин Өвөрмонгол хүүхдүүд биднийг гэж тэмүүлэх болов уу? Дэлхийгээр тарсан Монгол угсаатны нэгэн ард түмэн болох мөрөөдөл дахиад хэдэн жил тэсэх бол?

 

 

The Good Wife (2016)

Найруулагч Lee Jeong-hyo-н өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

The Good Wife (2016) - мөн 16 ангит

15 жилийн өмнө гэрийн эзэгтэй болж хуульчийн ажлаасаа завсардсан эмэгтэй хүнд асуудалд орсон прокурор нөхрөө аврахаар ажилдаа эргэн ордог. Шүүх прокурорын энэ хоржооныг нь хэд хоногт угсруулж гүйцээхэд сонирхолтой байсан. Замбараагаа алдсан 150+ ангитай Америк цувралыг Солонгосчууд 16 ангид амжилттай багтааж шахсан нь гайхалтай чадвар. Сонирхуулахад, “Эхнэрийн Урхи”-ийн Шин Эри (жүжигчин Kim Seo-Hyung) бас тоглосон.

Киноны рекламын зураг ямар санагдсан бэ?

Хойд Солонгосын дүрэмт хувцсыг эс тооцвол үндсэн постерууд нь анхаарал татах зүйлгүй санагдсан. Гол дүрүүдийн галын дэргэд суух зураг илүү үр дүнтэй, сэтгэл татам мэт.

 

TL;DR/Хураангуй хувилбар:

“Өнөө л” гэж зугтмаар Солонгос цуврал биш. Инээж уйлна, түгшиж баярлана бас улс төрийн талаар ихийг бодогдуулна. Хөнгөн кино шиг атлаа хүчтэй үзэл суртал, багагүй "реклам"-тай. Гэхдээ хийц гүйцэтгэлээс нь суралцаж болох зүйл багагүй анзаарсан. Солонгос цуврал бараг үздэггүй хүний хувьд таалагдав.

Мөнгөө буцааж авмаар байна уу?

Үгүй. “Netflix”-ийн видео санд төлж буй мөнгө ийм чанартай бүтээлд хөрөнгө оруулалт болдогт баяртай байна.

+ Үйл явдлын уялдаа холбоо, логик хамаарал сайн
+ Анхаарал сонирхлыг алдалгүй барьдаг маш сайн найруулга
+ Маш сайн хийц (production design)
+ Хэтрүүлэг багатай жүжиглэлт, үнэмшилтэй дүрүүд
+ Баялаг туслах дүрүүд
+ Сайн зураг авалт, гоё зураглал
+ Нэг газраа “гацдаггүй”, сунжирдаггүй хэмнэлтэй үйл явдал (pacing)
+ Тун нь таарсан инээдэм, хайр дурлал, хуйвалдаан, action
+ Үр дүнтэй үзэл суртлын контентийн жишээ (propaganda)
+ Монтаж (editing)

- Хойд Солонгосын өлсгөлөн, хорих лагер зэрэг зартай зүйлсийг орхисон “цэвэрхэн” дүрслэл (sanitized)
- Эргэлтийн цэгүүд нь урьдчилан харагдах “томьёоны дагуу” бүтэц
- Зарим үед хэтэрхий андашгүй компьютер график (CGI)
- Анги тус бүр нь урт (70-110 минут)

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ