• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0

2000-аад оны телевизийн ертөнцийг эргэн дурсахад охид бүсгүйчүүдэд “Friends”, “Sex and the City”, “How I met Your Mother” тэргүүтэй олон ангитууд, тоо томшгүй Солонгос савангийн дуурийн сонголт байсан бол “манай муусайн” эр хүйстнүүдэд тулгардаг сонголт сорилт, асуудал бэрхшээл, багын найзуудын юугаар ч сольшгүй үерхэл нөхөрлөлийг харуулдаг цуврал үгүй байсан мэт санагдана.

Тиймдээ ч амьдралын нөхцөл адил, ахуй ижил Орос улсын “Бригада” кино манайд цахиур хагалж, жаахан хөвгүүд гоонж костюмээр гоёх, нийлдэг банди нараа “бригада” хэмээн нэрийдэх, төмөр хөлөг шүтэх, зодоон нүдээнээр оролдон дэггүйтэх нь нэг хэсэг хүчээ авсан болов уу. Цаашлаад энэ давалгаа Монгол кинонд ч тодоос тод мөрөө үлдээж, одоогийн дэлгэцийн бүтээлд ч “Бригада”-г дуурайсан мэт зүйл цөөнгүй ажиглагддаг билээ.

Тэгвэл 20 жилийн өмнөх “Бригада” чухам юуны талаар цуврал вэ? Тэр үнэхээр залуусыг гэмт хэргийн замд уриалан дууддаг уу? Хүмүүсийн сэтгэлд тэгтлээ их хүрч хоногшсон түүний нууц юу юм бол?

Саша цэргээс ирэхэд түүний эх орон, мөрөөдөл зорилго, хайрт бүсгүй нь бүгд орвонгоороо эргэсэн байв... Хэвээрээ байх цорын ганцхан зүйл нь түүний дотно нөхөд ажээ

Бригада” нь ЗХУ-ын задралын дараах 1990-ээд оны Оросын нийгмийн ороо бусгаа үед амьдрахын эрхинд гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж буй дөрвөн найзын талаар өгүүлэх 15 ангит гэмт хэргийн драм цуврал юм. Цувралын гол дүр нь дөрвөн найзын нэг Александр “Саша” Белов бөгөөд үйл явдал 1989 оноос 2000 оныг хүртэлх 10 жилийн хугацааг хамардаг.

Нийг нуугүй хэлэхэд “Бригада” нь олон талаараа Загалмайлсан Эцэг” (The Godfather, 1972)-ийн орос “хүү” юм. Ерөнхий үйл явдал нь ч танил: 

Цэргээс дөнгөж халагдаад энгийн шударгаар амьдрах тэмүүлэлтэй залуухан эр (Саша/Michael) хайртай дотно хүмүүсээ (Бригада/Корлеон гэр бүл) хамгаалахын тулд гэмт хэргийн эзэнт гүрнээ байгуулан мандах (The Godfather: Part II, 1974) боловч эцэс сүүлд нь атаа жөтөө, өшөө авалт, бусад бүлгүүдэд гүйцэгдэнэ (The Godfather: Part III, 1990). Цааш лавшруулбал гол дүрийн Саша (жүжигчин Сергей Безруков) ч Michael Corleone (жүжигчин Al Pachino)-той нэг эцгийн хүү мэт адил төрхтэй бөгөөд тэд хоёул “ажил”-ийг нь жигшин шүүмжилдэг эхнэр (Ольга/Kay)-тэй.

Энэ харьцуулалтыг бусад дүрүүд дээр ч хийх боломжтой бөгөөд “хүнд гар” боловч “сэтгэлээрээ” Космос (Sonny), бизнес сэтгэлгээт Зөгий (Hagen), сөрөг талыг дэмжин тэтгэгч бохир цагдаа болох “Ялаа”-ийн ах Каверин (Solozzo-ийн түнш) хэмээн үргэлжлүүлэн тоочиж болно. Цаашлаад шашны зан үйлийн зураглалууд, босс эр гэр бүлийнхэнтэйгээ байх зуур эсрэг бүлгийнхэн хүйс тэмтрэгдэх, дайсныхаа хавхыг мэдэвч нүүр нүүрээ харан уулзах, эмнэлгийг хүмүүс бүслэхэд зоригт хамгаалагч ганцаар зогсох гээд “Загалмайлсан Эцэг”-ийн “copy” хэмээн чичлэж болох зүйлс цөөнгүй.

Тэдний өмсөж зүүхээс эхлээд ажиллаж амьдрах орчин нөхцөл бүгд аав ээж, ах эгчийн зургийн альбомоос амилаад гараад ирсэн мэт үнэмшилтэй байсан нь тун их таалагдсан

Гэхдээ нөгөө талаасаа гэмт хэргийн цувралд гол дүр анхнаасаа буруутан байвал уйтгартай, эхнэр нь үгэнд нь ордог бол зөрчилгүй, нөхөд нь хэтрүүлэггүй бол сэтгэл үлдэхгүй, дайснууд нь номхон бол нойр хүргэнэ шүү дээ. Тиймээс “адилхан” хэмээн тодорхойлж болох жанрын уламжлалт элементүүдийг (tropes) өөр нэгний дуураймал хэмээн шүүмжлэхээс илүүтэй, гэмт хэргийн кино бүрт байдаг тулгын чулуу буюу, ухаалгаар ашиглан ямар ч тансаг зоог барьж болох “хоолны орц” хэмээн харах нь оновчтой болов уу. Цуврал өөрөө ч “Загалмайлсан Эцэг”-тэй адил төстэй зүйлээрээ хошигнон хүндэл (homage) үзүүлдэг бичил мөчүүд бий. Тэгвэл “Бригада” энэ “орц”-оороо ямар “хоол” хийсэн бэ?

“Бригада”-г хүний сэтгэлд хүргэхэд нөлөөлдөг хамгийн чухал зүйлийн нэг нь цувралын өрнөх орчин нөхцөл (setting) болов уу. 1990-ээд оны Оросын төр засгийн доройтол, эдийн засгийн уналт, ядуурал, хэрэгтэй бүхний хомстол, хууль цааз хуйлсан цаас болж хувирсан бүрхэг өдрүүдэд Саша төрөлх гэр, багын найзууд дээрээ ирэх бөгөөд түүнд үнэн зөвөөр боловч бусдын ул болж тарчиг амьдрах эсвэл шинэ нийгмийн хил хязгааргүй мэт боломж бололцоог ашиглан амьдралаа дээшлүүлэх хоёр сонголт тулгарна. Социалист тогтолцоо нурах үед яг энэ сонголт цувралыг үзсэн олон Монголчууд, тэдний эцэг эхэд тулгарч байсан нь гарцаагүй. Харин Сашагийн бригадын хувьд тэд хүнд сонгол шийдвэрийг удаа дараа гаргахаас гадна тухайн үеийн Оросын түүхийн томоохон үйл явдалтай зам нь огтлолцох боловч тэд түүхэнд оролцдоггүй, бодит явдалд нөлөөлдөггүй сайшаалтай санагдсан юм.

Кино зугаа цэнгэлийг харамгүй их үзүүлэх боловч түүний нөгөө талд "их идсэний маргааш" юу болдгийг ч бас харуулдаг нь сайшаалтай

Мөн 1990-ээд оны Москва хотын хэв байдал Улаанбаатартай адил төрхтэй байсан нь ч үзэгчийг дүрүүдтэй төдийгүй тэдний амьдралтай уусан нэгдэхэд хүч нөлөөтэй байв. Тэнгэрийн хязгаар, жаргах нарыг халхлан хаах ширэнгэ мэт шигүү орон сууц, зэрлэг өвсөндөө баригдсан хуучин модон хашаа байшинтай лагер, өмсөж зүүх нь үзэх америк киноноосоо үлгэрлэхийг хичээсэн хүмүүс, цалингаараа амьдралаа залгуулах аргаа олж ядан яваа эмч цагдаа нар, ажилгүй ядуу ард нийт гээд энэ амьдрал, эдгээр зураглал Социалист тогтолцооны ямар ч үзэгчид танил байдаг нь “Бригада”-гийн үнэмшил (immersion)-ийг хүчтэй болгожээ. Костюмтэй залуухан боссууддаа бараа болох хижээл насны ширүүн царайт халзан эрчүүдч амьдрахын тулд олдсон ажлаа л хийж яваа аргагүй байдал (desperation)-тай амьдралд нухлагдсан гунигт нүдтэй байх нь зөвхөн тухайн үеийн кинонд л агуулагддаг ид шидийн гэмээр “жинхэнэ” (real-ness) байдал болов уу.

“Бригада”-гийнхан идэш ууш, үнэтэй машин, согоо шиг орос бүсгүйчүүд, хөрөнгө мөнгөөр тасардаггүй. Гэвч өнөөдөр хөөрцөглөн согтуурч байвч маргааш ганц бүдрэхэд AK-47 агссан хүмүүсийн өмнө өөрсдийнхөө булшийг хөлдүү шаварт царай алдан ухаж зогсох харгис ертөнцийн хуулийг цуврал ямагт сануулж байдаг. Мөнгө нөлөөг даган нэмэгдэх аюул эрсдэл, баяр баяслыг хормын төдийд хар өнгөөр будах үхэл хагацал, аюул түгшүүр дундах инээдэм цалгиан, уйтгар гунигийн мөчид урсах сэтгэлийн үгс зэргийн урсац зохицол нь уг цувралын 15 ангийн туршид үргэлжилэх нь баясалтай.

Тэсрэлт дэлбэрэлт, буудалцааныг киног хийснээс 20 жилийн дараа үзэхэд ч одоогийн Холливудын кинотой өрсөлдөхүйц сайн санагдав. Эффектийг компьютер график биш жинхэнэ бодит шийдлээр хийх нь урт настай болдог ажээ

Гэхдээ миний хувьд, “Бригада”-г хүмүүсийн сэтгэлд хүргэдэг хамгийн гол хүчин зүйл нь түүний цөмд байх нөхөрлөлийн талаар өгүүлэмж байв. Нийгэм ороо бусгаа, улс орон аль зүгт яваа нь тодорхойгүй, дээрээ судлаа олохгүй цагт доороо гүйдлээ эс олох гэрэлт ирээдүй үгүй мэт бүрхэг үед биенийхээ сайн мууг мэддэг, шударга үгийг түс тас хэлдэг, үл ойлголцсон ч харилцаа итгэлцлээ бүхнээс илүү дээдэлдэг сайхан найзуудтай байх хичнээн сайхан бэ. 10 жилийн хугацаанд өрнөх энэ адал явдалд найзуудын нэгнээ гэх сэтгэл, зөрчилдөөн, харилцан ойлголцох, муудалцан уйчлалцах үйл явц миний сэтгэлийг ч хөдөлгөж, арван жилийн нөхөдтэйгээ уулзах нь нэмэгдэж, багын найзуудтайгаа эргэн холбогдох их хүсэл сэргэн бадарч байв. Өөрөөр хэлбэл “Бригада”-ийн мөн чанар нь мафи, хөрөнгө мөнгө, хүч чадал, аллага хэрцгийлэл бус харин хүнд хэцүү цагт нэгнээ түшиж тулахад хэзээд бэлэн байх үнэнч нөхдийн талаар өгүүлэмж гэлтэй.

“Бригада”-г би ирээдүйн он жилүүдэд сэргээн үзэх магадлал өндөр. Учир нь нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнэ, шуналт гэмт хэргийн бараан мөрийн талаар түүний сургамж болон өгүүлэмж өнө мөнх болов уу. Харамсалтай нь “Бригада”-г дуурайх гэмт хэргийн монгол кинонууд түүний ёжлон шүүмжилж, тодотгон анхааруулсан хээ хуарын гял цал амьдралыг сайн сайхны дээд, аз жаргалын оргил хэмээн андуураа юу гэлтэй.

T-34 (2018)

Найруулагч Алексей Сидоров-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

T-34 (2018)

Дэлхийн хоёрдугаар дайн. Германчуудад олзлогдсон дөрвөн орос цэрэг хорих лагерт байх сургалтын T-34 танкийг хулгайлан зугтана. 

Нийт үргэлжлэх хугацаа урт, танкны тулаантай хэсгүүд зарим үед “панаалтай” боловч нэг удаа үзэхэд бишгүй зугаатай байсан.

Киноны рекламын зураг ямар санагдсан бэ?

Нүд татах зүйлгүй. Айлын хойморт байдаг жижигхэн жаазтай энгийн л зураг мэт. Гэхдээ цувралыг үзсэний дараа эргээд бодоход, элдвийн маяг хэтрүүлэггүй энэ амьдралтай төрх нь киноныхоо бүрэн илэрхийлэл байжээ гэж санагдсан.

 

 

TL;DR/Хураангуй хувилбар:

Үндсэндээ “Загалмайлсан Эцэг”-ийн Орос ахуй сэтгэлгээ нэвт шингэсэн хувилбар. Гэхдээ 1990-ээд оны түүх, Оросын нийгмийн шилжилтийн хүнд нөхцөл байдал зэргээс үүдсэн олон өвөрмөц нөхцөл байдал нь тун сонирхолтой бас үзүүштэй. Хийц сайн. “Бригада”-г дуурайдаг монгол кинонууд түүний зодоон нүдээн, ширүүн залуус, хүүхнүүдийг л дуурайхаас бус нөхөрлөл, үйлийн үрийн талаар гол санааг орхигдуулдаг юм байна гэсэн ухааралд хүрсэн.

Мөнгөө буцааж авмаар байна уу?

Үзэхэд харамсахааргүй сонирхолтой цуврал. #Univision-ий Орос багцаа үнэгүй болгосон завшааныг далимдуулан үзсэн. Монгол орчуулга, дуу оруулалт сайн байсан. Нэмэх зүйл гэвэл хагас хугас орос хэлтэй хүний хувьд цувралыг эх хэл дээр нь англи subtitle-тай үзсэн бол илүү сэтгэл ханамж авах байв. Одоо “Ворошиловын мэргэн буудагч” (Ворошиловский стрелок) видео санд ороосой!

+ Оросын түүхтэй төдийлөн хутгалддаггүй, түүхийг гуйвуулах, шинээр зохиох гэж оролдоогүй
+ Үнэмшилтэй, “амьдралтай” хийц
+ Зохиомж нь давтагддаггүй, уйтгартай биш зураг авалт
+ Буруу замаар явбал буцахдаа шороо тээнэ гэдгийг харуулах сургамжтай өгүүлэмж
+ Жирийн хүмүүс, гэмт хэрэгтнүүд, цагдаа, төрийнхний ньюанстай, олон талд дүрслэл
+ Тун нь таарсан тэсрэлт дэлбэрэлт, буудалцаан
+ Жүжигчин сонголт, жүжиглэлт, нүүр хувиргалт сайн
+ Гол дүрүүд ч, сөрөг дүрүүд ч сэтгэлд хоногшим
+ Үйл явдлын эргэлтүүд сонирхолтой
+ Хэтрүүлэггүй хошигнол, хөгжилтэй хөнгөн хэсгүүд

- Цаг хугацааны үсрэлтүүд үзэгчийг бага зэрэг төөрөлдүүлдэг
- Зарим хөгжим нь киноныхоо уур амьсгалыг эвддэг

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ