A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 141 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 141 | |
|
Дотоод гадаадын бүрэн хэмжээний кино, олон ангит кино, баримтат кино, түүхэн судар бичиг, уран зохиол, зурагт ном, аудио ном, подкаст, видео тоглоом, танин мэдэхүйн Youtube бичлэг, танхимын лекц, дуурь гээд миний хувьд хамгийн олон төрлөөр (adaptation) үзэж, сонсож, уншсан дүрийн нэг нь Чингис хаан болов уу. Гэвч амьдрал тэмцэл нь дэлхий дахиныг орвонгоор нь өөрчилсөн их хүний түүхийг энэ олон арга хэрэгслээр (medium) дамжуулан хүлээн авах нь олон талт ойлголтыг өгөх нь авууштай боловч кино дэлгэцийн төрлөөр Тэмүжиний мөн чанарыг илэрхийлэхийг хичээсэн онцлох сайн бүтээл үгүй мэт.
Монголчууд бидний өөрийн хийсэн “шилдэг” киноны нэг “Мөнх Тэнгэрийн Хүчин Дор” (1992), Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогддог “Чингис Хаан” дуурийг орчин үеийн кино сонирхогчийн өнцгөөс харахад тэд өгүүлэмжийг (story) бус үйл явдлыг (plot) чухалчилснаас бидний нэгэнт мэдэх Монголын нууц товчооны явдлыг л дахин давтан үзүүлэхээс бус үзэл санааны хувьд тодорхой өнцөггүй, өвөрмөц ньюанстай дүрүүдгүй, нийтдээ сэтгэлд хоногших зүйл хомс бүтээл болсон мэт санагдана. Гэтэл нөгөө талдаа түүхэн баримтыг хэт умартан уран сайхан-чилж, үзэгчийн нүд чихийн мэдрэмжийг тэргүүнд тавих нь Оросын найруулагч Сергей Бодров-ийн “Монгол” (2007) адил үлгэр туульсийн хэв маягтай өвөрмөц хийцтэй боловч Монгол хүн гаднын танилууддаа “Энэ манай Чингис хаан” гэж үзүүлэхээс ичиж санаа зовмоор зэрлэг хүмүүсийн (barbarian) дүрслэл болох эрсдэлтэй байх ажээ.
Тэгвэл нэг талаас Монголчуудын дээдэлдэг Монголын нууц товчоо эх бичвэрийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн түүхэн баримттай нэгтгэж, нөгөө талаас кино үзэгчийг татахуйц адал явдал, сэтгэлд үлдэм өгүүлэмж,дурсамжтай дүрүүдийг Чингис Хааны талаар кинонд цогцлоох боломжтой болов уу?
“Чингис Хаан” (成吉思汗, 2004) нь Их Монгол улсыг үүсгэн байгуулагч Монголын Алтан ургийн Чингис хааны амьдралын талаар өгүүлэх Хятадын CCTV сувгийн 30 ангит түүхэн драм цуврал юм.
Юуны түрүүнд Чингис Хааны нөр их адал явдалтай олон арван жилийн амьдралыг олон ангит киногоор дамжуулах үзүүлэх нь туйлын оновчтой шийдвэр ажээ. “Game of Thrones” (2011-2019) бидэнд гарын арван хуруунд багтамгүй олон сонирхолтой дүр, тэдний дундах гурвалжин дөрвөлжин зөрчил, хувь хүмүүсийн болоод улс орнуудын тэмцэл, үйл явдлын гэнэтийн хурц эргэлт хувирлыг үзүүлсэн билээ. Тэгвэл бүрэн хэмжээний кинотой харьцуулахад дүрүүдээ хөгжүүлэх, өгүүлэмжээ лавшруулах, үйл явдлаа баяжуулах боломж ихтэй олон ангит киноны хэлбэр нь Чингис хааныг дэлгэцийн баатар болгох оновчтой гаргалгаа болсон байна.
Монголын нууц товчоо төдийгүй ямар ч түүхэн зохиолыг уншихад бий болдог нэгэн хүндрэл нь дүрийн тоо билээ. Хэн нь хэний хамаатан садан, анд нөхөр, албат боол, өстөн дайсан, холбоотон дэмжигч гэдэг ээдрээг тайлахад амаргүй. Чингисийн баатрууд болох Барууны ертөнцөд нэрээ цуурайтуулсан Сүбээдэй, Зэвтэй танилцаж байтал дөрвөн хөлөг баатар, дөрвөн нохос, есөн өрлөг хэмээн нөхөд албатын тоо холилдож, Бөртэ хатныг хулгайлсан Мэргид овгийн Тогтоа бэхи, Чилгэр, Дайр Усуныг Татаарын Мэгүүжин сүүлт, Их Чэрэнээс ялгаж байтал Тэмүжиний өөрийн авга Алтан, Хучир, Сача Бэхи, Даридай отчигин албат иргэдтэйгээ урван хувирах гэх мэт олон дүрийн хэрэг явдал нь дэндүү олон арван жилийн сурагчийн Монголын түүх, Монгол хэл, Уран зохиолын хичээлийн дүнг доош татсан нь дамжиггүй.
Тэгвэл “Чингис Хаан” цувралын хувьд дүрүүдэд өөрийгөө тодотгон илэрхийлэх харилцан яриа, үйлдэл шийдвэр олон байсан нь Монголын нууц товчоонд ердөө л нэр болж үлдсэн тэдгээр түүхэн дүрүүдийг хүншүүлж, сэтгэлд үлдэм цөөнгүй хором мөчийг бий болгосон байна.
Энэ санааг илэрхийлэх үүднээс надад онцгой их таалагдсан нэгэн хэсгийг жишээ татмаар санагдав: Чингис хаан Татаарыг сөнөөж Есүй, Есүгэн гэх эгч дүүг хатан буулгана. Гэвч аян дайн өндөрлөж, их цэрэг нутаг буцах болоход Чингис хаан “ориг” эхнэр Бөртэ-дээ нэмэлт эхнэр авсан гэдгээ хэлэх учраа ололгүй санаа зовниж нөхөдтэйгөө хэлэлцэнэ. Хэдхэн минутын өмнө Татаруудтай алалдан цавчилдаж байсан баатрууд цэцэрлэгийн хүүхдүүд шиг зүлгэн дээр суугаад, ар гэрийн асуудал, эмэгтэй хүний сэтгэл, энэ нөхцөлд гурван эхнэртэй болсон Тэмүжинд мэргэн үг зааж өгөхдөө бүгд таарсан “хөлдүү төмс” байх нь нэг тун хөгжилтэй. Ямартай ч тэдний дундаас Мухулай баатар Бөртэд очиж Чингис хааны хэргийг хэлэх хэцүү даалгавар авна.
“(Яриаг утгачилбал) Мухулай Бөртэ дээр очоод: Хатантаан, танд айлтгах сайн муу хоёр мэдээ байна
Бөртэ: *Уран үгс* Муу мэдээг эхлээд сонсоё
Мухулай: Бид Татаарыг дарж, Чингис хаан хоёр бүсгүйг бага хатнаар буулгав.
Бөртэ: (Царай хувсин гуниглана). За тэгвэл сайн мэдээ нь?
Мухулай: Бид Татаарыг дарж, Чингис хаан хоёр бүсгүйг бага хатнаар буулгав.
Бөртэ: Энэ чинь яг адилхан мэдээ байна.
Мухулай: Өмнө нь ганцхан та Эзэн хааны хайрыг энэрлийг хүртдэг байсан, тиймээс дахин хоёр бүсгүй энэ хайрыг авах болсон нь таны хувьд муу мэдээ. Гэвч өмнө нь та ганцаар Эзэн хааныг асран тэтгэдэг байсан, тэгвэл одоо дахин хоёр бүсгүй Их төрийн энэ үүргийг хуваалцах болов. Энэ бол сайн мэдээ.”
Олон хүн Чингис хааныг зогсолтгүй дайн тулааны голд явсан баатарлаг домгийн дүрээр л хардаг. Гэвч эдгээр дүрээр дамжуулан тал нутгийн амьдралын эрээн бараан, хүнд хүчир, хүний бодол сэтгэлийн нандин асуудал, дайчин эрсийн дайнаас гадуурх аж байдлыг үзүүлэхийг хичээсэн хүншүүлэл (relatability) тун ховор. Улс төр, дайн тулаан, заримдаа бүр Чингис хаантай ч огт холбоогүй нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн жижигхэн чимэг хэсэг энэ цувралд үе үе байх нь Чингис хааны үйл хэрэг болон дундад зууны хүмүүсийн амьдралын талаар сэтгэлд үлдэм өвөрмөц тусгал болжээ.
Барууны орны нийтийн соёлд (pop culture)-т Монголчууд болоод Чингис хаан бол морь унасан зэрлэг хүн сүрэг (barbarian horde) хэмээх ойлголт одоо ч хүчтэй. Гэтэл өлсгөлөн Чилгэрийн хэлийг огтолж, морины тархинд нь хутга зоож, цусыг нь уудаг хүмүүсийг харуулдаг Монголчуудын өөрийн “Мөнх Тэнгэрийн Хүчин Дор” эсвэл эцэг нь үл мэдэгдэх олон хүүхдээ дагуулан харь орны шоронд бөөсөндөө идэгдэн суух Тэмүжин дээр ирэх Бөртэ хатнаар эхэлдэг Оросын “Монгол” гэх мэт кино нь Чингис хааны талаар хамгийн даацтай бүтээл байхад гаднын хүмүүсийн ойлголт тэднийг дагаад бурангуй сөрөг байхад буруутгах аргагүй мэт.
Тэгвэл энэ цувралд Тэмүжиний үг, үйл хөдлөлийг дайснууд болоод хамтран зүтгэгчдийн туйлширсан байр сууриас хурцаар ялган тодруулж, харьцуулан зөрчилдүүлсэн нь тун ололттой байв. Ингэснээр Их Монголын эзэнт гүрний амжилтын нууц нь нум сум, морь гэх мэт эд хэрэгсэл бус харин төрийн байгуулал, засаглал удирдахуйн шинэлэг бөгөөд дэвшилтэт арга ухааны үр дүнд бий болсон хэмээх эерэг ойлголтыг дүрсэлж чадсан нь нэн сайшаалтай.
Цувралыг асар их зардлаар бүтээсэн нь хүмүүсийн хувцас болон тулааны хэсгүүдийн цар хүрээнээс илхэн. Үйл явдлын хугацаанд Чингис хаан, дэд ноёд, ердийн цэргүүд бүгд эсгий мэт ширэлдсэн сэгсгэр үс, хуяггүй шахам дан дээлтэй тарчиг амьдралаас чамин хийцтэй өмсгөл зүүсгэл, улам ч хүрээгээ тэлэх үлэмж том асарлуу нүүн орох, хувьсахыг харах нь таашаалтай байв. Мөн Татаарчуудыг гурвалжин малгай, Мэргидийг цагаан ороолт, Хэрэйдийг орой дээрээ халзан үсний засалт, Найманчуудын хоёр давхар мэт үелсэн төмөр дуулга, Алтан улсын цэргийн үхрийн эвэрт дуулга, Хорезмийн цэргийн жигдэрсэн цагаан хувцас гэх мэт нь түүхэн бодит эсэх нь нэн эргэлзээтэй боловч соёл, ард түмэн тус бүрийг хормын дотор ялгах боломжтой өвөрмөц шинжтэй (visual identity) хийсэн нь үзэхэд чимэгтэй ажээ. Цаашлаад компьютер график ашиглалгүй найр баярын олны хэсэг, их хуралдай, хээр талын морьт тулаан, хана хэрэмд авиран тулалдах, тэсрэлт дэлбэрэлт зэргийг бүтээсэн нь ч хувцас хэрэглэлтэйгээ адил хөрөнгө хүч хаясан нь илт гайхалтай хийц чанартай байлаа.
“Чингис Хаан” цувралын ололт амжилтын талаар хэлж болох зүйл олон. Харин миний хувьд энэ цувралаас олж харсан хамгийн онцгой гайхалтай зүйл нь Жамуха-ийн дүр байв. Зарим кино бүтээл түүнийг атаархуу найз, гүйх нохойд гүйхгүй нохой садаа мэтээр явцуу байдлаар дүрсэлдэг бол Жамуха-ийн “Дайсан шиг найз, найз шиг дайсан” мөн чанарыг энэ цуврал тодоос тод харуулж чаджээ. Жамуха өөрийн хүчээр, бусдын хүчээр, цэргийн хүчээр, бас улс төрийн арга мэхээр Тэмүжинийг ямагт хүнд байдалд оруулах, тэр хавхнаас нь Чингис хаан улам ч хүчтэй, улам ч ид хавтай, улам ч олуулаа болж гарч ирэхийг үзэх нь түүх талаасаа ч, кино талаасаа ч үгээр хэлэхийн аргагүй таашаалтай.
Сөрөг дүр нь агуу байж гэмээнэ гол дүр улам тодорч гялалздагийг Тэмүжин, Жамуха хоёрын энэ цувралд байх нөхөрлөл тэмцлээс л харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл Жамуха-ийн нөхөрлөлийн дөл, атаа хорслын галд Тэмүжин ган төмөр мэт хатуужаагүйсэн бол тэр хэзээ ч Чингис хаан болж их эзний сэнтийд авирч гарах хүчтэй нэгэн болохгүй байсан болов уу. Хэрцгий бардам боловч арга ухаан, суу зальтай Жамуха-ийг л ялж Чингис хаан сая их далай мэт Алтан улс, тансаг баян Хорезмийг дийлэх хүчтэн болсныг энэ цувралаас л үзэх боломжтой.
Дүгнэж хэлэхэд “Чингис Хаан” цуврал нь сонирхолтой дүрүүдийн нүдээр түүхэн үйл явдлыг эмх цэгцтэй, учир зүйн холбоо хамааралтай байдлаар дүрслэн үзүүлсэн энтертаймент, танин мэдэхүйн амжилттай хослол бүтээл юм. Монголын түүхийн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг, Монголын Нууц Товчоог уншихад хүндрэлтэй санагддаг бол энэхүү цувралын үзэж олон зүйлийг мэдэж авах боломжтой болно. Харамсалтай нь Монголын их хааны талаар 16 жилийн өмнө Хятад улсад хийсэн энэ цувралтай зэрэгцэх Монголчуудын өөрийн дэлгэцийн бүтээл одоог болтол үгүй ажээ.
Цөөн үгээр:
Одоогийн байдлаар Чингис хааны талаар ерөнхий ойлголт авч болох хамгийн сонирхолтой бөгөөд үзүүштэй дэлгэцийн бүтээл (complete package).
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Үгүй. Огт харамсахгүй.
Найруулагч Wang Wenjie -ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
Өөр бүтээлийг үзэж байгаагүй.
Чингис Хаан (2004) цуврал:
+ Киноны өгүүлэмжид саад болдоггүй түүхэн оршил тайлбарууд (historical context)
+ Цаг хугацааны хувьд ойлгомжтой, хоорондоо харилцан хамааралтай үйл явдал(pacing)
+ Хөрөнгө мөнгө зарцуулсан нь илт харагдах “амьдралтай” хийц (production design)
+ Гол дүрийг тодруулдаг эрс тэс ялгаа хандлагатай олон өнгөлөг туслах дүр
+ Сэтгэлд тод үлдэм хамгийн шилдэг Жамуха-ийн дүр (antihero)
+Үзэл бодолтой хүчтэй эмэгтэй дүрүүд
+ Өргөн цар хүрээтэй зураг авалт, хөл хөөртэй олны хэсгүүд
+ Уйдаадаггүй байлдаантай хэсгүүд
+ Сэтгэлд үлдэм, сургамжтай, хошигнолтой, ёжтой харилцан яриа
+ Чихэнд чимэгтэй хөгжим, кино дундуурх сэтгэл догдлом дуу (soundtrack, songs)
- Сүүл хэсэгрүүгээ ялгаж танихаа больдог маш олон түүхэн дүр
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|