• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    129   |  
0
#Peninsula #TraintoBusanPresentsPeninsula
"Цахирмаа" МУСК. 11 жилийн өмнөх trailer дээрх сэтгэгдлүүд нь ч энэ киног эс өрөвдөнө

Тээр жил зомбитой Монгол кино гарч байсныг санаж байна уу? 2009 оны “Цахирмаа” МУСК нь trailer-ээсээ л эхлээд Youtube-с авсан хөгжим, Counter Strike-ийн дууны эффект, Transformers-ийн роботууд, 100% компьютер графикаас бүтсэн машины хөөцөлдөө гээд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг багтаасан үнэнхүү элэг хөшөөм муу мөртлөө зориг тэмүүлэлтэй, маш муу хийцтэй боловч юунд ч баригдаагүй амбицтай - ер нь супер кино байж билээ. 

Өдгөө интернетийн домог болж үлдсэн энэ кино ямар ч шилдгийн шилдэг жагсаалтад хэзээ ч багтахгүй боловч түүнийг үзэж зохиогчийн эрх, оюуны хулгай, чанарын хяналт зэрэг зүйл манайд сураггүй байсан 2009 оны Монгол киноны зэрлэг ертөнцийн амтыг дахин мэдрэх хүсэлтэй хүн миний танил дунд цөөнгүй. 

Гэтэл 2020 онд “Цахирмаа”-ийн Солонгост харласан холын хамаатан ах нь уу гэмээр киног театрт үзээд, арван жилийн өмнөхийг бодож суух юм гэж хэн мэдлээ. 

Train to Busan Presents: Peninsula” нь 2016 онд гарсан “Train to Busan”-ий ертөнцөд, эхний киноноос дөрвөн жилийн дараа өрнөх бөгөөд шинэ дүрүүдийн үйл явдлыг харуулах адал явдалт зомбитой кино юм. Дөрвөн жилийн дараа Өмнөд Солонгос улс тэр чигээрээ “Хойг” (Peninsula) хэмээн нэрлэгдэх амьд үхдэлээр дүүрсэн хориотой бүс болж, тэндээс дүрвэсэн хүмүүс явсан газар бүртээ нүд үзүүрлэгдэх нутаггүй цагаачид болжээ. Энэ үед Хонг Конгийн гэмт бүлгийнхний хар бор ажлыг хийж өдөр хоногийг зогоодог экс-цэрэг Солонгос залуу сүйрч эзгүйрсэн Инчон хотод очиж, зомби болон дээрэмчдийн дундаас мөнгө дүүрэн ачааны машиныг олж ирэх амь өрссөн даалгавар авснаар киноны үйл явдал өрнөдөг.

Train to Busan”-ий охиноо хамгаалах аавын тэмцэлтэй харьцуулахад сум бүр нь байгаа онодог Солонгос "Эрхийн Мэргэн"-ий цүнхтэй мөнгө мөшгих үйл явдалд сэтгэл татах зүйл үгүй

Англи Америкийн “28 Days Later” (2002), “Dawn of the Dead” (2004)“Resident Evil” (2002) гэх мэт адал явдал, аймшиг, драмыг нэг дор багтаасан шинэ мянганы блокбастер зомбитой кинотой адилтган дүйцүүлж болохуйц бүтээл төдийлөн гаргадаггүй Ази тивийн хувьд Солонгосын “Train to Busan” кино нь гайхалтай шинэ тэсрэлт байсан билээ. Тиймээс “Peninsula”-ийн эхлэл хэсэгт байх давчуу орчин, аюулд орсон гэр бүл, туйлын жигшим дүр төрхтэй зомбинууд нь өмнөх киноны бодит мэт хийц чанар, байнгын түгшүүрт уур амьсгал, хүний мөс чанарыг мэдрүүлэх чамин мөчүүдийг санагдуулж, зомбитой жанрын бас нэгэн “амттай” киног эхлүүлж байгаа мэт догдлол баяслыг төрүүлсэн юм. Харамсалтай нь энэ киноны реализм, аймшиг, сэтгэл хөдлөлийн бүх чадал чалх нь эхний арван минутдаа шавхагдаж, үлдсэн цаг хагас нэг үе хөх инээд хүргэм, нөгөө үе эвшээж нойрмоглом эв дүйгүй хүүхэлдэйн кино болж хувирсан юм.

Энэ кинонд хоёр зүйл МАШ ИХ гардаг: Автомашины хөөцөлдөө болон зомбинууд (дандаа сүргээрээ). Автомашинууд урд хойноо орон уралдахыг ашиглаж амжилттай франчайз бүтээж болдгийг “Mad Max”, “Taxi”, “Fast & Furious”-ээс бид мэднэ. Харин зомби олон биш цөөн байх тусмаа илүү “эвгүй” бас айдас төрүүлэм байдгийг бид “28 Days Later” (2002), “REC” (2007), мөн анхны “Train to Busan” зэрэг амжилттай бүтээлээс бэлхнээ харж болно.Тэгвэл үр дүнтэй ашиглахад уран сайханч хандлага багагүй шаарддаг энэ хоёр элементийг “Peninsula” кино өөрийн хөрсөнд буулгахдаа компьютер графикаар ачааны хүндийг үүрүүлсэн нь киног тэр чигт нь сүйрүүлэх хэмжээний алдаа болжээ.

"Peninsula"-ийн зомбины үндсэн төрх. Бодит хүмүүс, нуур хувиргалт ашигласан зомбитой хэсэг чамлам цөөн

Өөрөөр хэлбэл, уг кино дэндүү их, дэндүү урт үргэлжлэх хэсгүүдээ компьютер графикаар “зодож”, эв дүйг нь ололгүй, хамаа замбараагүй их CGI хэрэглэсний улмаас машины хөөцөлдөө нь гар утасны тоглоомын trailer шиг, зомби нь Брэд Питтэй “World War Z”-ийн хүүхэлдэйн мангасууд шиг харагдах нь өвөрмөц онцгой шинж чанаргүй, дэндүү үнэмшилгүй, хөндий хоосон, аргацаасан мэдрэмж өгч байв.

Магадгүй Америк блокбастеруудтай харьцуулахад автобусны мөнгө шиг нь төсвөөр (16 сая ам.доллар) бүтсэн “Peninsula”-аас ихийг хүсэх нь шударга биш байж болох. Гэвч “Peninsula”-ийн дүрслэн үзүүлж, үзэгчдэд өгч чадаагүй хамгийн чухал зүйлийг түүнээс ч хоёр дахин бага зардлаар бүтсэн “Train to Busan” кино төвөггүй гүйцэтгэж байсныг бид урьд нь үзсэн. Тэрхүү "шидэт жор" нь бүх хөөцөлдөө, зомби, буудалцаан, адал явдлыг учир утгатай, даацтай болгож, үзэл санаагаар киног баяжуулдаг сонирхолтой дүрүүд болоод тэдний гаргах шийдвэрүүд билээ.

Харамсалтай нь “Peninsula”-ийн дүрүүд нь компьютер графикийн оновчгүй хэрэглээнээсээ ч долоон дор хар толбыг кинондоо үлдээсэн байна. Тэдний сэтгэл уях холбоосгүй зорилго тэмүүлэл, орчин нөхцөлдөө үл тохирох зан авир, алдаагүй төгс ур чадварт нь сонирхолтой зүйл үгүй. Сум болгоноо онодог сайн талын баатар, сүйрсэн зам дээр харанхуйд дээд хурдаар жолооддог өсвөр насны охин, аюултай ертөнцөд танихгүй хүний үгэнд шууд итгэдэг өрхийн тэргүүн эмэгтэй зэргийг үзэх нь уйтгартай. Цаашлаад үгэнд нь орох ямар ч хөшүүрэггүй удирдагчийг дагах дээрэмчид, тэрхүү удирдагчийн дүрийг бүтээх дэндүү залуухан залуутай эсрэгдүр нь цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хүүхэлдэйн киноны сөрөг дүр адил нэг хэмжээст байсан нь урам хугалам байв.

Дээрэмчдийг зугаацуулдаг зомбитой гладиаторын танхим нь энэ киноны харьцангуй сонирхолтой хэсгийн нэг байв

Магадгүй гол дүрийн залуугийн олох ёстой машины ачаа төгсгөл хүртлээ нууцлаг, туслах дүрүүд авьяас чадалтай шигээ эмзэг нандин чанартай, сөрөг дүрүүд нутаг сэлгэхгүй байгаа ямар нэгэн даацтай шалтгаантай мөн тэдний удирдагч нь нэг талаас дээрэмчид хэрэгцээг зохицуулах, нөгөө талаас өөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах ээдрээтэй сорилттой ширүүн эр байсан бол энэ киног миний хувьд эвшээж биш шимтэж үзэх байсан болов уу.

Peninsula”-д цөөн боловч авууштай зарим нэг шинж байсныг дурдалгүй өнгөрөөж болохгүй. Дээрэмчдийн хийц, тэр дундаа тэдний эд хэрэглэл, тусгай тоноглолтой машинууд, зомбитой энтертайментийн гол хэрэгцээг хангах их дэлгүүрийн хашсан талбай, цуст тоглоомын бүтэц дүрэм зэрэг нь бишгүй сонирхолтой. Мөн киноны эхлэл болон дундуур ховорхон ганцаарчлан үзүүлэх зомбинууд нь өмнөх кино шигээ нурууны шар үс босгом жүжиглэлт, нүүр хувиргалттай байсан нь таалагдсан. Гэвч эдгээр зүйлснь киног чимэхээс бус бүхэлд нь өргөн сайжруулахад хэрхэвч хангалтгүй байв. Эдгээр зүйлс илүү сайн бүтээлд байсан бол доо!

Дүгнэж хэлэхэд “Peninsula” кино өмнөх “Train to Busan”-ий амжилтыг бататгах битгий хэл эргэлзээ үүсгэж, урам хугалам бүтээл болжээ. Найруулагч, зохиолчоор нь яг адилхан хүмүүс ажилласан гэдэгт итгэж чадахгүй нь. Энэ бүтээл гайхалтай нэгдүгээр анги, сонирхол татам эхлэлийнхээ хэргийг хийсэнгүй. “Train to Busan”-ийг амжилттай болгосон нарийн уялдаатай үйл явдал, түшгүүртэй өрнөл, сэтгэл татам дүрүүдийн яг эсрэг зүйлсийг энэ кино үйлджээ. 

Цөөн үгээр:

Trailer-г нь үзээдурам хугарсан бол энэ кино таны бодлыг огт өөрчлөхгүй. “Train to Busan”-ий аймшиг, драм, аюул түгшүүр нь тааруухан компьютер график, уйтгартай дүрүүд, утга санаагүй хоосон машины хөөцөлдөөнөөр солигджээ.

Мөнгөө буцааж авмаар байна уу?

Train to Busan”-ий чанарыг хүсч байвал мөнгө цагтаа харамсана. Нүд аргам компьютер график,аргацаасан эргэлттэй үйл явдал, уйтгартай дүрүүд, тэдний супер хүн шиг чадвар чадалд үзүүштэй, сонирхолтой эсвэл үлдэцтэй зүйл нэг ч үгүй. Харин “Цахирмаа”-г дахин нэг үзэж элгээ хөштөл инээх юмсан гэж боддог бол төлсөн мөнгөндөө тийм ч их харамсахгүй байх.

Seoul Station (2016)

Найруулагч Yeon Sang-ho -ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

Train to Busan (зомби, адал явдал, 2016) - ★★★★★ (5/5)

Ази гэлтгүй дэлхийн хамгийн шилдэг зомбитой киноны нэг. Зомбины аюулын үеэр галт тэргэн гацсан зорчигчид. Хүнд үед үнэн төрх нь илчлэгдэх хүмүүс. Аймшиг, догдлол, адал явдал, бидний нийгмийн амьдралын тусгал бүгд нэг дор.

Seoul Station (зомби, animation, 2016) - ★★★☆☆ (3/5)

Энд ярьсан “Train to Busan Presents: Peninsula”-ий зохиолыгцаас чигээр нь орхиод, түүнд зарцуулсан 16 сая ам.долларыг “Seoul Station”-ийг хийхэд зарцуулсан бол зомбитой кино сонирхогчдын дуртай бүтээл нэгээр нэмэгдэх байв. “Train to Busan”-ий зэргэлдээ адал явдал гарах энэ кинонд бусдын эрхэнд автан биеэ үнэлэгч болсон залуу бүсгүй аюулгүй газар очихын тулд хүн болон зомбины олон аюулыг сөрж буй талаар гардаг. 

Animation нь ердөө л дундаж боловч уйгагүй тэмцэх эмэгтэй дүр, аюул ослоор арвин адал явдал, бүрэн хэмжээний киноноосоо ч хурц нийгмийн шүүмжлэл, санаанд оромгүй эргэлттэй хурц төгсгөл нь энэ киног үзүүштэй бүтээл болгодог.

Train to Busan Presents: Peninsula” УСК:

+ Сонирхолтой эхлэл (set-up)
+ Хүмүүсийн амьдарч буй орчин үнэмшилтэй, зураг авалтын талбар сонирхол татам (set design)
+ Дуу чимээ, дууны эффектүүд (foley, sound effects)

- Компьютер графикт хэт найдсан хийц (CGI)
-Учир зүйн холбоо хамаарлыг бодож эхлэх төдийд нурж салдаг үйл явдал (plot holes)
- Үзэл санаагүй үйл явдал (theme)
- Уйтгартай, “хаашаа ч явдаггүй”, үхэх сэхэх нь хэнд ч хамаагүй санагддаг нийт дүрүүд (emotional connection)
- Гол дүрүүдийн сэтгэл татах зүйлгүй сул зорилго (motivation)
- Дүрүүдийн үнэмшилгүй зан чанар, хэтийдсэн чадвар, сохор аз, ойлгомжгүй шийдвэрүүд
- Киногоо “унагадаг” зарим илүүц харилцан яриа(dialogue)
- Үйл явдлын үнэмшилгүй, учир зүйн холбоогүй эргэлт тохиолдлууд (story progression, plot twist)
- Оновчгүй жүжигчид сонголт (casting)
- Дуусч өгдөггүй, маш муу хийцтэй машины хөөцөлдөөтэй хэсэг (chase scene)
- Нуршуу төгсгөл (wrap-up)

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ