A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 157 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 157 | |
|
“Монгол” гэх үг гаднын кинотой холбоотой дурдагдах бүрд Хубилай хааны Юань гүрэнд өрнөдөг Netflix-ийн Marco Polo (2014-2016) цувралыг Америкт найзуудтайгаа үзэж гэнэдсэн нүүр түлэгдэх мэдрэмж сэдэрдэг юм. Хэдий Марко Поло дүрийн түүхээс гажсан үүрэг оролцоог нь “кино юм даа” хэмээн нүдээ аниад өнгөрөөж болох ч “Монгол ухаан” бол таарсан бүхнээ түйвээж хядах хэмээн туйлшрах үхэр Монгол дүрүүд, мань Маркотой танилцсан даруйдаа нь дээр гараад мордчихдог хүчирхийлэгч Монгол гүнж гэх мэт цөөнгүй цочирдом зүйл нь цувралыг тэвчишгүй болгож байсан юм.
Гэвч нэг талдаа энэ нь Netflix болоод гаднын уран бүтээлчдийн тоомжиргүй ашигч байдал гэхээс илүүтэй Монгол кино ертөнцийн дорой байдлын үр нөлөө мэт санагдана. Учир нь фестивальд сойгддог кино нь сэгсгэр үстэй ээж, сиймхий ганц гэр, морь малаас төдийлөн хэтэрдэггүй, дотроо гардаг кино нь бусдын бүтээлийн базаахгүй хуулбар эсвэл тайзны хошин шогийн сэтгэлгээг давдаггүй шуудайтай үхрийн эвэр байдаг нь тэдгээр киног үйлдэж буй хүмүүсийн ч, бас түүнийг нь өөгшүүлэн жил бүр мөнгөө өгдөг үзэгчид бидний ч өөрсдийн буруу болов уу. Тиймээс, нэгэнт бидний кино Монголын дүр зургийг дэлхий дахинд орчин үе-лэг бөгөөд эерэг байдлаар түгээж чадахгүй байгаа энэ нөхцөлд ээлжит гадны уран бүтээлч “Монгол” имиджийг энэ удаа хэрхэн ашиглах бол хэмээн битүүхэн түгшиж, “энэ удаа арай аяархан зодоосой” хэмээх өрөвдөлтэй итгэлээр горьдохоос аргагүй болжээ.
“Waiting for the Barbarians” нь нэр нь үл мэдэгдэх нэгэн их гүрний хязгаар нутгийн алслагдмал цэргийн заставт өрнөх драм (миний бодлоор драмаас илүүтэй арт/артхаус жанрын) кино юм. Нийслэлээс ирсэн цэргийн дарга нартайгаа (жүжигчин Johnny Depp, Robert Pattinson) зөрчилдөх өр нимгэн өвгөн захирагч (жүжигчин Mark Rylance) хэлмэгдэн шархадсан нутгийн “зэрлэг”-үүдийн нэг залуу охиныг (жүжигчин Б.Ганчимэг) асарч арчилснаар киноны үйл явдал өрнөдөг.
Монгол үзэгчийн хувьд надад энэхүү киног “таалахад” хамгийн түрүүнд тулгарсан бэрхшээл нь Монгол жүжигчдээс бүрдэх “Зэрлэгүүд” байв. Үйл явдал өрнөх соёл иргэншлийн хөвөө хязгаар хилийн буйдхан тосгон нь өнгө бүрийн хүний орон гэр боловч хана хэрэмний цаадах эцэсгүй цөл, дуусашгүй уул дунд нүүж амьдардаг “зэрлэгүүд” нь энэ киноны “хадны мангаа” ажээ. Хэдий энэхүү уран сайхны кино зөгнөлт ертөнцөд өрнөхийн зэрэгцээ “Зэрлэгүүд”-ийг “Монголчууд” хэмээн яг ч нэрлэдэггүй боловч Монголын нүүдэлчин соёлтой, Монгол царайтай, Монгол хэлтэй, Монгол жүжигчид тоглосон тэдгээр “Зэрлэгүүд” нь хүн алж, хүрээ талдаг хар нэртэйн дээр, мал амьтан мэт хядуулж, хорхой шавжид ч үзүүлэхгүй харгислалын хохирогч болох нь миний хувьд эмзэглэх, уурлах мэдрэмжийг (offended) зэрэгцүүлэн өдөөж байлаа.
Нэгэнт л энэ кино “жинхэнэ-бус” ертөнцөд өрнөж, дэлхийн ихэнх хүний ойлгохгүй хэлээр ярих, танил биш царай төрхийг “Зэрлэгүүд” болгон ашиглах хэрэгцээ уран бүтээлчдэд байсан бол заавал “ориг” Монголчуудыг ашиглах бус, Game of Thrones-ийн морьт дотракичууд, Пандорагийн цэнхэр Индианчууд эсвэл Цезарийн ухаант мичүүд мэт хэнийг ч гомдоон хохироохгүй хийсвэр дүрүүд зохиож болох байсан мэт санагдана.
Гэвч эцсийн дүндээ миний мэдэрсэн энэ гомдол цухалдал нь уг киноны орлогын таван хувийг ч бүрдүүлэхгүй алслагдмал жижиг орны хэсэг үзэгчээр л хязгаарлагдах дургүйцлийн өчүүхэн цог болов уу. Харин хэнийг ч гомдоодоггүй урлаг, бүх хүнд таалагддаг кино энэ дэлхийд үгүй боловч Монголчууд бид Америкийн уугуул иргэд, Африк, Амазонийн нууцлаг овог адил хоцрогдсон харанхуй байдлаар дэлгэцэд мөнхрөхгүйн төлөө дэлхийд биднийг илэрхийлэх Монгол киноны аргацаасан залхуу байдлыг шүүмжлэн ярилцах нь ирээдүйн уран бүтээлд туршилт өөрчлөлтийг бий болгох биз ээ.
Ямартай ч, киног үзсэн даруйд цочирдон эмзэглэсэн “Би Монгол хүн” эго мэдрэмж маань маргаашийн наранд илааршиж, уурын мунхаг цэлмэн арилсны дараа уг киноны амжилт ололт юу байсныг бодож эхэлсэн юм.
Монгол жүжигчдийг Карибын Тэнгисийн Johnny Depp, дараагийн Бэтмэн Robert Pattinson гэх мэт Холливудын А-зэрэглэлийн одуудтай нэг дэлгэц дотор харах, тэдний зарим нь Монголоор ярихыг оролдохыг сонсох нь сайхан. Харин түүнээс ч илүү өөдрөг зүйл нь Монгол жүжигчид олон тоогоор дэлхийн томоохон продакшны хэсэг болж, хамтран ажиллаж, үлгэрлэн суралцаж байгаа нь ирээдүйд Монгол уран бүтээлчдийг олон түншлэл, илүү чанартай уран бүтээлд хөтөлнө гэх итгэл байсан юм.
Харин киноны хувьд удтал гомдоллосон “Зэрлэг”-үүдийн асуудлаас бусдаар, цаг үеэ олсон нийгмийн үзэл санаатай байсан мэт санагдсан юм. Нэгэн их гүрний уналт доройтол, колончлолын дарангуйлал дунд өрнөх “Waiting for the Barbarians” кино нь миний бодлоор XX зууны хүч чадлынхаа оргил өндөрлөгөөс уруудаж буй Америк Европ тэргүүтэй барууны ертөнцийн өнөөгийн хямралт нөхцөл байдал, колончлолийн эринээс үүдэлтэй Африк, Ойрхи дорнодын эцэс төсгөлгүй дайн дажны эргэцүүлэл, шүүмжлэл байлаа.
Өөрөөр хэлбэл, энэ киног харсан зүгтээ зэрэгцэх хүчтэнгүй Их Монголын эзэнт гүрний үед хийсэн бол хил бусниулах Орос, Хятад эсвэл Араб босогч партизануудыг Их засаг хуулиар шийтгэн цээрлүүлэхээр ирсэн Хишигтэн мянгатын дарга Johnny Depp, түүний баруун гарын шилмэл догшин баатар Robert Pattinson болон нутгийнхныг өрөвдөх суурингийн зуутын ноён Mark Rylance зэрэг дүрүүд “Зэрлэгүүд”-ийн асуудлыг хөндөж, аливаа байлдан дагууллын ардах эмгэнэл хохирлыг хэлэлцэн суух байсан бизээ.
“Waiting for the Barbarians” кинонд Монгол жүжигчдийг хэрхэн ашигласнаас эхлээд хийц чанар, үйл явдлын хэмнэл, дүрслэл найруулга, зураг авалтын шийдэлд учир дутагдалтай хэмээн шалтаглан тоочиж болох зүйл олон. Гэвч бодит байдлаас тасарсан нүсэр тогтолцооны гажуудал, ялгаатай соёлыг үгүйсгэн дарахын аюул, нийтлэг итгэл үнэмшлийн алдааг сорих ганцаардмал тэмцлийн дүрслэл нь энэхүү киног цагаан арьст баатар (white savior) “зэрлэг” хүмүүсийг “соёл иргэншил”-д хөтөлдөг улиг болсон өгүүлэмж, эсвэл Монголчуудыг хятадаар ярьдаг халтар дээрэмчин болгож харуулдаг Холливудын ердийн киноноос онцгой болгожээ.
Цөөн үгээр:
Энэ кино “арилжааны” буюу олон хүнд автоматаар таалагдах зориулалттай бүтээл биш. Хурдан хэмнэл, action, хайр дурлал, байлдаан, хурц эргэлт үгүй. Хэлбэр хийцэд нь таалагдаагүй зүйл олон. Гэхдээ утга санаа болон жүжигчид нь үзүүштэй байсан. Миний хувьд “White savior” кино гэж хэлэхгүй.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Киног үзсэний дараа шууд асуусан бол “Үзвэл уураа барахын нэмэр” гэж хариулах байв. Хэд хоног бодсоны дараа хэлэхэд, цаг хугацаандаа харамсахаар бүтээл биш байв. Гэхдээ цөөнгүй хүний хувьд таалагдахгүй зүйл нь таалагдахаасаа олон байх магадлалтай.
Найруулагч Ciro Guerra -ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
Өөр бүтээлийг үзэж байгаагүй.
“Waiting for the Barbarians” (2020) ★★★☆☆ (3/5):
+ Утга санаа болон өгүүлэмж (theme)
+ Жүжигчид, жүжиглэлт (casting)- Монгол жүжигчид, монгол соёлыг “зэрлэгүүд” болгосон нь зарим Монгол үзэгчдэд таалагдахгүй
- Нэртэй жүжигчидтэйгээ харьцуулахад тарчиг хийц (production design)
- Өрнөлгүй, сунжруу санагдах үйл явдал (Pacing)
- Завсарт нь олон асуулт үүсгэх цаг хугацааны үсрэлтүүд
- Киноны үйл явдалд хүч нөлөөгүй, илүүц туслах дүрүүд
- Ганцхан хад тойроод яваад байгаа мэт хавчигдмал зураг авалт (locations, cinematography)
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|