A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 112 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 112 | |
|
Наадам, цагаан сар, шинэ жилээр түрээслэн үзэхэд гэр бүлийн баярын уур амьсгалыг бусниулж, хайран цаг мөнгөндөө харамсахад хүргэдэг, чанарын хяналтаар ороогүй гэж хардам түрээсийн хошин шогийн “ачаар” театраар бус түрээсээр нээлтээ хийдэг Монгол киног худалдан авахаас халгадаг болсон юм.
Уран бүтээлчид нь өөрсдөө ч “бүтээл”-ээ олны хүртээл болгож театраар гаргах итгэлгүй, эрүүл хүн гэж хэлэмгүй эв хавгүй дүрүүдийн элдвийн хэрүүл гуагчааны монтажаас бүрдэх trailer-тэй олон Монгол киног видео сангийн адил үнэтэй ч илүү чанартай гадны киноноос давуулан сонгох шалтгаан үгүй мэт санагдана.
Харин видео санд шууд ордог дотоодын киноны талаар энэхүү хэвшмэл ойлголтоо сорихоор энэ жил нэгэн кинонд боломж олгосон нь “Fantastic” продакшны шинэ бүтээл гэмт хэрэг, улс төрийн триллер “Зура” МУСК байсан юм. Тэгвэл сүүлийн үеийн хамгийн сонирхолтой Монгол киноны нэг “Маш Нууц” (2015), бялуурам байлдаантай ч мартагдам дүрүүдтэй “Маш Нууц 2: Байтаг Богд” (2018), шүүмжлэх зүйл олон боловч манайдаа л анхдагч томоохон ТВ цуврал болсон “37-р Точка” (2019-2020)-ийн уран бүтээлчдийн сонгууль тааруулан гаргасан шинэ кино ямар болсон бол?
Цэцэрлэгийн эцэг эхийн хурлаас ч энгийн хялбар санагдах шүүх хурлын үйл явц, үүрэг оролцоо нь онцгойрч ялгагдамгүй түмэн олон туслах дүр, киноны дунд тэнгэрээс унах мэт гарч ирээд гол дүрийн бүх асуултад хариулах ид шидэт бүхнийг мэдэгч, үйл явдлын бөгсөнд сонгуулийн сурталчилгаа адил бурхан мэт ариун баатруудыг гэнэтийн танилцуулга зэрэг үнэмшмээргүй, хүчилсэн, бас сунжруу санагдах дүр, үйл явдлын асуудал “Зура”-д олон байв.
Харин энэ кино миний хувьд найзууддаа санал болгохуйц бүтээл биш байсан боловч, “Зура”-ийн илэрхийлэхийг оролдсон шударга ёсны утга санаа, хоорондоо харилцан үйлчлэлцэх нарийн хамааралтай хүчирхэг дүрүүд, нүд салгах аргагүй хурц тод үйл явдал, авилгалын сүлжээний эсрэг ганцаардалгүй тэмцэх тууштай зүтгэлтнүүд, богинохон боловч тэсрэлттэй action хэсэг зэргийг “тултал” бүтээж чадсан нэгэн Солонгос киног үзэж байснаа эргэн санасан юм.
“Inside Men” (2015) нь хуйвалдан эвлэлдсэн хэвлэл мэдээлэл, бизнес, улс төрийн хүчирхэг албан тушаалтнуудын сүлжээ болон тэдэнд үйлчилж байгаад “нуруундаа хутгалуулсан” гэмт бүлгийн толгойлогч (жүжигчин Lee Byung-hun), “арын хаалга”-гүйгээсээ болоод албан тушаал дэвшдэггүй чадварлаг прокурор (жүжигчин Cho Seung-woo)-ийн зөрчил тэмцлийн талаар өгүүлэх гэмт хэрэг, триллер жанрын кино юм.
Хүчтэй хүмүүсийн эсрэг тэмцэж буй хүчтэй биш хүмүүсийн талаар олон кино байх боловч энэхүү бүтээлийг бусдаас ялгах хамгийн чухал орц нь тус бүрээр нь кино хийсэн ч уйдамгүй сонирхол татам хурц тод дүрүүд болов уу. Олон нийтийн үзэл санааг хүссэн зүгтээ хуйлруулах чадвартай сонины гоц ухаантан, ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь “зоолттой” нөлөө бүхий улс төрч, өмнөх хоёрыг дэмжигч хүчирхэг корпорацийн тэргүүний бяр чадал нь хэмжээгүй зугаа цэнгэл шигээ эх захгүй ажээ. Энэхүү гурван толгойт үлэмж биетийг хуулийн хоёр талаас нэгнээ олсон “ар”-гүй прокурор, өрөөсөн гарт гангстер хоёр буулгаж авах битгий хэл сөрж зогсоход ч боломжгүй мэт бодогдоно.
“Зура”-ийн тэнгэрээс бууж ирсэн гэнэтийн хүний тусламжтай аврагддаг Монгол прокуророос ялгаатай нь “Inside Men”-ий Солонгос прокурор хэргийнхээ төлөө хавчлага гадуурхал, доромжлол гутамшиг, нарийн түвэгтэй урхи хавхыг даван туулахын төлөө шазруунаар хөдөлмөрлөх нь түүнийг илүү сэтгэл татам гол дүр болгожээ.
Цаашлаад “Inside Men”-ий дүрүүд хоорондоо ухаан сорьж зөрчилдөх нь үзүүштэйгээс гадна тэд авилгалын тогтолцооны үйл ажиллагааг дэлгэн харуулах хэрэгсэл болсон нь хүүхэд мэт гэнэн прокурор найз, сенсацрагч сэтгүүлч эхнэр, өрөөнд архи уухаас өөр ажилгүй сөрөг дүрүүд, төгсгөлийн гэнэтийн аврагч албан тушаалтнуудтай “Зура”-аас илүү үр дүнтэй өгүүлэмжтэй (storytelling) байсан юм.
Харин нууцыг аажмаар ил болгодог гэмт хэрэг, хурц ширүүн эргэлтүүдтэй триллер жанрын кинонд үнэнийг үе шаттайгаар дэлгэж, адал явдалд ганц ч болов нүд татам action хэсэг байдгийг “Зура” кино хэрэгжүүлэхээр хичээсэн нь сайшаалтай боловч энэхүү оролдлого нь жигд бус үр дүнд хүргэсэн билээ. Тухайлбал шүүх хурлыг адал явдалтайгаа зэрэгцүүлэн тасалсан нь Монгол кинонд түгээмэл байдаггүй үйл явдлын шугаман бус сонирхолтой дараалал байсан бол 00-ийн өрөөн дэх зодооны хэсэг нь дотоодын кинонд ховор харагддаг сайн гүйцэтгэлтэй санагдсан юм.
Гэвч гэрийн даалгавраа хийгээгүй хүүхдийн инээдтэй шалтаг адил маргаанаар өрнөх шүүх хурал, эргэлт өөрчлөлтгүй сулхан адал явдал, үйлдэл шийдвэрийнх нь үр дагавар гэхээс илүүтэй кино зохиолч нь арга мухардсандаа “алсан” мэт зарим дүрийн үхэл хагацал зэрэг нь миний хувьд киноны өгүүлэмжийг хойш татаж байв.
“Inside Men” киноны дүрүүдийн үйл хөдлөл, үг яриа нь бодол, зорилго шингэсэн алсын хараатай шатрын нүүдэл адил харагддаг. Мэдээж хэрэг шатар тоглоход хүн бүр авьяастай байдаггүйн адил эрсдэл боломжоо хангалттай тооцоогүй үйлдлүүд нь гол дүрүүдийн нөхцөл байдлыг улам ч адармаатай болгох боловч энэ нь илүү их арга заль, бодол төлөвлөлт үүсгэх нь таашаалтай байлаа.
Дүгнэж хэлэхэд, “Inside Men” нь Солонгосын уран бүтээлчид улс төр болон хүмүүсийн харилцаа зөрчлийг илэрхийлэхдээ онцгой авьяастай гэдгийг батлан харуулах бас нэгэн чанартай бүтээл юм. Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн энэхүү чадварыг тус улсын XX зууны гадны түрэмгийлэл, төрийн эргэлт, хүчирхэг сонирхлыг бүлгүүдийн тэмцэл, энэ бүгдийн дунд хохирох гэмгүй хүмүүс, захиргаадалтын нийгмээс ардчилалд шилжсэн үйл явцаар баялаг түүхтэй холбон тайлбарлаж болно.
Гэвч яг адилхан улс төрийн үйл явцыг бид ч өөрсдийн түүхээс жишээ татан суралцаж болох мэт. Нэг орон нь “Зура”, нөгөө нь “Inside Men” бүтээж буй бидний ялгаа чухам юунд байна вэ? Солонгос уран бүтээлчид амьдралд үнэн, сэтгэлд ойр өгүүлэмжийн төлөө илүү их эрэл хайгуул хийгээд байна уу?
Цөөн үгээр:
Хурц тод дүрүүд, анхаарал татам адармаатай үйл явдалтай үзүүштэй Солонгос триллер кино. “Зура”-ийн санаа сонирхолтой санагдавч, зохиол гүйцэтгэл нь хангалтгүй санагдаж, “өлсгөлөн” үлдээсэн бол энэ киног үзээд яг сайхан “цадна”.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Огтхон ч үгүй. Миний хувьд энэхүү киноны гурван цагийн урттай “Найруулагчийн хувилбар” (Director’s cut)-ийг үзэж байсан бөгөөд урт киноноос зүрхшээдэг үзэгчдэд аз болоход театрын богиносгосон хувилбар бий.
Найруулагч Woo Min-ho-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
+ The Drug King (2018) ★★★★☆
1970-аад оны Өмнөд Солонгосын нийгмийн хүнд үед бага гарын залилан эрхлэгч (жүжигчин Song Kang-ho) Тайвань-Солонгос-Японыг дамнасан хар тамхины эзэнт гүрэн байгуулж буй талаар “Inside Men”-эй адил “зэвүүн” кино. Al Pacino-ой Scarface (1983), Nicolas Cage-эй Lord of War (2005)-ийн Солонгос ахуйд буулгасан хувилбар гэж хэлж болно.
Inside Men (2015) ★★★★☆ (4/5):
+ Онц сонирхолтой дүрүүд (characters)
+ Хэдэн давхар уналт босолт, эргэлт хувиралтай уйдамгүй үйл явдал (story)
+ Гоё зураг авалт
+ Сонирхолтой, сайн гүйцэтгэлтэй ганц зодооны хэсэг- Бага зэрэг удаан
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|