• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    116   |  
0
#SingleLadies4 #MungunReviews #NoSpoilers 

Гурван бүсгүйн амьдралыг өгүүлэх романтик инээдмийн “Single Ladies” цуврал нь 2010-аад оны Монгол киноны хамгийн “сэтгэлд өег” франчайзын нэг гэдэгтэй олон үзэгч санал нийлэх болов уу. Мөрөөрөө л хичээж яваа бүсгүйн сэтгэлд ойр хоржоонт амьдралыг өгүүлэх Бриджет Жонсын Өдрийн Тэмдэглэл” (Bridget Jones's Diary, 2001), гэнэхэн найзуудын гэнэтийн эргэлттэй хайр шохоорхлын  паянг дэлгэх Америк Бялуу” (American Pie, 1999), гэр бүл, дотно харилцааны “дүрэм” өөрчлөгдсөн орчин цагийн нийгэмд эмэгтэйчүүдэд тулгарч буй шинэ сорилтыг хөндсөн Их Хотын Секс” (Sex and the City, 1998-2004) зэрэг бидний хэзээний танил амжилттай франчайзын утга агуулга, үзэл санааг Монголын “Single Ladies” франчайз тун эвтэйхнээр “өөрийн хөрсөнд” буулгаж, олон кино сонирхогчийг байлдан дагуулсан билээ.

Их Хотын Секс” (Sex and the City, 1998-2004)

Миний хувьд “Single Ladies”-ийн хамгийн дуртай анги нь 2013 онд гарсан анхны кино юм. Хэдий уг кино романтик инээдмийн “хөөрхөн” өгүүлэмжээ гэмт хэргийн триллер жанртай цочиж гайхтал шарвуулан мөргөлдүүлдэг боловч таньдаг хүн шиг санагдах “амьдралтай” дүрүүд, жинхэнэ харилцааны бодит асуудлууд, уйтгар гуниг, итгэл найдварыг хослуулан тээсэн өөдрөг өгүүлэмж нь “Single Ladies”-ийг үзүүштэй Монгол инээдмийн киноны нэг болгосон мэт санагддаг билээ.

Гэвч аливаа зүйлийн анхдагч нь чамгүй анхаарал татаж, багагүй амжилт олоход түүний удаах “дүү” нар нь олны дэмжлэг хайрыг үргэлжлүүлэн татахын тулд илүү өндөр босгыг давах шаардлагатай болдог нь кино франчайзд ч үйлчилдэг хатуу жам болов уу.

Харамсалтай нь дотно найзуудын анхны хөгтэй уулзалтаар сэдэвлэсэн боловч өмнөх ангийнхаа цочир триллер болдог “шизофрин”-ийг өвлөсөн “Single Ladies 2”, гурван бүсгүйн орчныг нүд хужирлам байгалийн өнгөөр сэлгэсэн ч үйл явдал нь жалга тойрон мөлхсөөр “Жүжигчин О.Дөлгөөний дүр хөдөөний залуутай суудаг” гэдгээс өөр үлдэж хоцорсон өгүүлэмжгүй “Single Ladies 3” кино нь анхны ангийнхаа дүр үйл явдлын алдаа дутагдлыг багасгах, чанаржуулан сайжруулах тал дээртун хангалтгүй байсан нь “Single Ladies” франчайз дахь итгэл хүлээлтийгминий хувьд аажмаар доройтуулсан юм. 

"Single Ladies 3" (2017)

Тэгвэл орчин цагийн хөгжилтэй бүсгүйчүүдийн романтик инээдмийн өгүүлэмжээ одоо үеээс таслан холдуулж, урьдны Монголчуудын “Хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэж байв” догшин эринд дүрүүдээ хүргэсэн нэн содон шийдэлтэй “Single Ladies” цувралын энэ анги өвөрмөц цаг хугацаагаа бүтээлчээр ашиглаж, нэгэн хэвийн болсон франчайздаа шинэ тэсрэлт болж чадсан болов уу?

Single Ladies 4: Төгсгөл ба Эхлэл” нь “Single Ladies” цувралын гол дүрийн нэг Ари (жүжигчин Г.Ундармаа) ид шидийн хүчээр Их Монгол улсын байлдан дагууллын үеийн Ойрхи Дорнодод санамсаргүй очиж, төрөлх цаг хугацаандаа эргэн ирэхээр хичээж буй талаар адал явдалт инээдмийн кино юм.

Монгол кино продакшны хүчин чадал 10  жилийн өмнөхөөс эрс сайжирчээ. Ирээдүйн түүхэн кинонууд ямар болох бол гэхээс арааны шүлс асгарам!

Юуны түрүүнд “Single Ladies 4”-ийн хамгийн их таалагдсан зүйл нь орчин цагийн Монгол киноны хийц чанарын “өндөрлөг”-өөс Чингис хааны үед эргэн зочилсон явдал байлаа. Аян дайны отог бууц, хатуужиж туршлагажсан Чингисийн цэргүүд, мориноос давах хурдан унаагүй технологийн түвшин, нүдэнд үл торох уужим хээр тал бүхий дундад зууныг дотоодын киноноос үзэлгүй уджээ. Хамгийн сүүлд энэ үед өрнөх Монгол хэл дээрх ямар томоохон кино үзсэнээ санахыг хичээхэд Нууц Товчооны “нөгөө л” явдлаас төдийлөн холдоогүй “Үхэж Үл Болно – Чингис Хаан” (2008, найруулагч Л.Эрдэнэбулган), яагаад ч юм үзэж гүйцээх боломж тохиодоггүй “Аравт” (2012, найруулагч Д.Золбаяр) зэрэг 10 орчим жилийн өмнөх бүтээл л бодолд орох аж.

Тэгвэл “Single Ladies 4” нь 2020-оод оны Монгол кино продакшны чадал чансаа ямар хэмжээнд хүрээд буйг Монгол үзэгчдэдээ бахархалтай гайхуулахуйц уран чамин зураглал, хөдөлгөөнтэй, чөлөөтэй зураг авалт, үнэмшилтэй жинхэнэ хувцас хэрэглэл, өөрийн ертөнцдөө уусгах өнгө будагтай харагдах нь тааламжтай байсан бөгөөд нэг нартай сайхан өдөр Монгол найзууддаа ч, Америк, Англи, Япон, Солонгос найздаа ч Монгол киног тайлбар шалтаг тоочилгүй итгэл төгс батлан дааж санал болгох мөрөөдөл маань энэ насанд багтан биелэж магадгүй хэмээх горьдлогод итгэл нэмсэн юм.

Киноны зарим хэсгийг харахад BBC-ийн дэлхийн хэмжээний баримтат кино үзэж буй мэт гайхмаар чанартай аж

Товчхондоо “Single Ladies 4” нь дэлгэцийн бүтээлийн хувьд үзүүштэй харагдах “үүрэг”-ээ урамтай хэмжээнд гүйцэлдүүлжээ. Харин ийн бүтээсэн олон зуун жилийн өмнөх сонирхолтой цаг хугацаа, хуучны Монгол хүмүүсийн сонин содон дүрийн энэ боломжоо (potential) кино “тултал нь”-аа байг гэхэд, үзэгчийг уйдаж гиюүрэхээргүй өрнөлтэй байдлаар ашиглаж чадаагүй нь туйлын хачирхалтай бөгөөд нэн харамсалтай ажээ.

Гол дүр болох Ари (жүжигчин Г.Ундармаа) өнгөрсөн цагт хаягдан төөрч, дайтаж явсан Монгол цэргүүдтэй таарах бөгөөд тэдний дундах нэгэн түшмэл (жүжигчин П.Эрдэнэзаан) түүнд тусалж, аян дайны замд цэргүүдтэй нүүдэллэн явахдаа хааны санд тушаах олз дунд алдагдсан ирээдүйд буцаагч шидэт хэрэгслийг олох болсноор киноны үйл явдал өрнөдөг.

Жүжигчин Г.Ундармаа, П.Эрдэнэзаан нарын гүйцэтгэл энэ киног "нуруун дээрээ" авч явдаг

Хэдий франчайзын гол дүрүүдээс зөвхөн Ари (жүжигчин Г.Ундармаа) 800 жилийн өмнөхрүү явж буй боловч үйл явдлыг сонирхолтой чиглэлд хөтөлж болохуйц цөөнгүй дүр үзэгчийг тэнд угтах ажээ. 

Хайрт залуудаа сэтгэлээ илчлэх аргаа олохгүй яваа залуухан охин, араб ордны татвар эмсийн хүрээлэнд олон жил аж төрсөн хашир бүсгүй зэрэг Аритай амь зангидах эмэгтэй туслах дүрүүдээс гадна Монгол цэргийн дарга, түшмэл, дайчин эрс зэрэг нь Алтан ургийн биш ердийн бидэн шиг хүмүүс тэр үед чухам хэрхэняаж аж төрж байсныг илтгэх олон сонирхолтой өгүүлэмж, басхүү цөөнгүй инээд наргиа (comedic situation) үүсэх нь хэмээн киноны эхэнд догдолж байв.

Өөрөөр хэлбэл “Single Ladies 4” нь дундад зууны Монголын нийгэмд орчин үеийн Монгол эмэгтэй байхад үүсэх зөрчлийг, бидэнд мартагдсан давуу тал болоод бидний зассан дутагдал алдааг, мөн тэр үеийн “single ladies”-ийн асуудал сорилтыг хөгжөөнтэй байдлаар үзүүлэх нь миний хувьд энэхүү киног үзүүштэй бүтээл болгох байв.

Гэтэл кино тэдгээр сонирхолтой нөхцөл байдлыг дэвшүүлдэггүй бөгөөд өгүүлэмж санаандаа үлдэцгүй, үйл явдлаа урагшлуулан хөдөлгөдөггүй ФМ радиогийн сурталчилгаа адил инээдтэйгээсээ ядмаг (cringe) нь илүү хоорондоо холбоо сүлбээгүй бичил хошигнолд найдах нь “Single Ladies 1”-т Аригийн дүр эхнэртэй залууг мэдэлгүй гэрт дагаж очоод тагтан дээр гацдагийн адил харамсалтай шигээ инээдтэй, хөгжилтэй шигээ эмгэнэлтэй, нэгийг бодогдуулам үзэгдлүүдийг санагалзахад хүргэх ажээ. 

Туслах дүрүүд хэдий сонирхолтой байж болохуйц өгөгдөлтэй боловч тэдний хийж буй зүйлд сонирхол татах шинж ховор байв

Хэдий кино “инээдмийн” хэсгээ жүжигчин Ундармаагийн төрөлх сэтгэл татам хөгжилтэй байдалд (charm) бүрэн даатгаж, ачааны хүндийг ганцааранд нь үүрүүлж байгаадаа гэмшин ухаарах мэт зарим үед адал явдал, драм оруулахыг хичээсэн нь сайшаалтай боловч тэдгээр нь өмнө дурдсаны адил сонирхолтой дүрүүдийн сонин биш асуудал, ядмаг учир шалтгаантай догдлох зүйлгүй адал явдлууд, тэдний үлдэц даацгүй үр дагавар нь киноны үзэгдлүүдийг үзэгчийн бодол төсөөллөөс давах чадамжгүй уйтгартай сулхан өрнөлтэй санагдуулж байв.

Киноны үзэгдлүүд хоорондоо залгамж дараалал багатай, нийтлэг ерөнхий утгагүй байсан нь тэдний ач холбогдлыг "унагааж" байлаа

Single Ladies 4”-ийн хугацаанд Аригийн хамт яваа цэргийн цуваа замдаа хэд ч хонож хичнээн ч өртөө газар туулдгийг хэлж мэдэхгүй юм. Хэдий тэдгээр хүмүүс нэг үзэгдлээс нөгөөд шилжихдээ бие махбодийн хувьд өөр байршилд очиж байх тэдний хүсэл зорилго, бодол хандлага, айдас нууц нь өсөлт уналт, өөрчлөлт ялгааг туулдаггүй тул өдөр хоног солигдох, газар орон өөрчлөгдөх нь киноны өрнөлийн үнэ цэнийг нэг талаас ядмаг нөгөө талаас хөвөрч үргэлжилсэн бус нэг цэгээс нөгөөд механикаар очих “модон” үйл явдалтай болгожээ.

Хэрэв бидний танил Ари адал явдлаасаа амьдралд хэрэгтэй ухаарал тайлал олж, туслах дүрүүд түлхүүр мөчид ялгаран гялалзаж, асуудал сорилтод орчин үеийн хүний хандлага болоод хуучны хүний ертөнцийг үзэх үзлийн ялгаагхаруулахын зэрэгцээ дундад зууныг ашиглан “Single Ladies” франчайзын орчин үед хөнддөг асуудлын талаар, бидний нийгмийн талаар ёжлон хэлэхээр хичээсэн бол “Single Ladies 4” миний хувьд цувралынхаа хамгийн шилдэг кино болох байв.

Дундад зууны хүмүүс биднээс юугаараа өөр, бидэнтэй юугаараа адил байсан бол? Энэ кинон тэр үед өрнөвч, энэхүү асуултад санал болгон дэвшүүлэх ямар ч хариулт байсангүй

Нүүгээд л байгаа мөртлөө очих газаргүй, үргэлжлээд л байгаа мөртлөө үнэмшүүлж хэлэх санаагүй энэ адал явдал нь дүрүүдээ ид шидийн хүчээр дундад зуунд биш ирээдүйн сансрын хөлгөөр Сар, Ангарагт хүргэсэн ч миний хувьд цувралын анхны амжилтыг бий болгосон эмэгтэйчүүдийн өөрийгөө хайрлах нандин захиас, сайхан нөхөрлөл, амьдралын төлөөх тэмцлийн хөгжилтэй өгүүлэмж нь “Single Ladies”-ийн орхиж болшгүй үнэт зүйл хэмээн нэхэмжлэн сураглах байсан биз ээ.

Цөөн үгээр:

Single Ladies” франчайз дотроо хамгийн сайхан харагддаг (cinematic) бүтээл. Жүжигчин Г.Ундармаа-ийн гүйцэтгэл франчайзын уламжлалын дагуу хөгжилтэй, сэтгэл татам хэвээр. Гэвч кино өөрөө дэлгэж буй өвөрмөц орчин, танилцуулж буй содон дүрүүдээ үр дүнтэй ашиглаж, сонирхолтой өрнөл, бодууштай санаа, хөгжилтэй адал явдал бий болгож чадсангүй.

Мөнгөө буцааж авмаар байна уу?

Нээлтийн урилгаар үзсэн. Миний хувьд бүтээлийг сонирхолтой сайн кино гэж тодорхойлохгүй. Франчайзын “фэн”-ий хувьд дүрүүд болон үйл явдалд сэтгэл хангалуун бус гарч ирсэн.

“Од ба Гэгээ” (They Sing Up on the Hill, 2019)

Найруулагч Л.Бат-Амгалан-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

Од ба Гэгээ” (They Sing Up on the Hill, 2019. Хөгжим, драм) ★★☆☆☆ (2/5)

Өөрийгөө хайж яваа хөгжимчин залуу, хөгжим тоглохыг хүсдэг охин хоёрын хайр сэтгэлийн талаар кино. Энэ бүтээлийн Улаанбаатар хотын зураг авалтууд онцгой магтууштай. Зуны дулаахан орой нар жаргахын алдад хотын нам гүмхэн гудмаар юм яарах ажилгүй тайван алхах мэт мэдрэмжийг өгөх зураглалууд нь одоо ч сэтгэлд нандин санагдана. 

Гэвч гол дүрүүдийн тийм ч үнэмшилтэй санагддаггүй хайр сэтгэл (lack of chemistry), ойлгомжгүй бүрхэг зөрчил (character arc), дурсах зүйлгүй харилцан яриа нь миний хувьд энэ киног хүлээж авахад багагүй бэрхшээлтэй болгож байв. 

Эдгээр асуудлыг эс тооцвол хүмүүсийн үзэж дэмжих хэрэгтэй Монгол киноны нэг шиг санагддаг.

"Од ба Гэгээ" Review унших

 

Snowdrop Flower” (2020, богино хэмжээний) ★★☆☆☆ (2/5)

COVID-19 цар тахалтай холбоотой “Plus81 Film” олон улсын кино төслийн уран бүтээл. Хөдөөний малчин айл. Ээжийнх нь бие муудаж хэвтэрт ороход “Яргуй идсэн ямааны шөл сайн” гэж сонссон хоёр жаал арга сэднэ. 

Хийц чанар нь таалагдсан ч яг ямар санаа илэрхийлэх гэснийг нь миний хувьд сайн ухаж ойлгоогүй. Youtube болон plus81film.com албан ёсны сайт дээрээ үнэгүй байгаа тул та бүгд сонирхож өөрийн дүгнэлтийг хийх боломжтой.

Single Ladies 4: Төгсгөл ба Эхлэл” (2020) ★★☆☆☆ (2/5):

+ Нэгдүгээр анги дээрээ л учраа олох ёстой байсан хайр сэтгэлийн адал явдлын төгсгөл
+ Эмэгтэй гол дүр, эрэгтэй туслах дүрийн жүжиглэлт
+ Зарим өнгө зураглал (cinematography)
+ Танихгүй шинэ жүжигчид
+ Хувцас хэрэглэл

- Тодорхой зорилго чиглэлгүй, “Хаашаа ч явдаггүй” үйл явдал (story)
- Өвөрмөц цаг хугацаа, орчин нөхцөлөө сонирхолтой байдлаар ашиглаагүй (setting)
- Маш удаан, өрнөлгүй, сунжруу өгүүлэмж (pacing)
- Онохоосоо онохгүй нь олон хошигнол (comedy)
- Замбараагүй гэнэтийн шийд гаргадаг тууштай логикгүй дүрүүд (character consistency)
- Сонирхолтой эсвэл сэтгэл ханамжтай тайлалд хүрдэггүй асуудал шийдлүүд (set up & payoff)
- Киноны үйл явдалтай холбоо хамаарал сул төгсгөл
- Утгагүй sex scene
- Туслах дүрүүдийн жүжиглэлт
- Үсрэлт ихтэй монтаж (editing)

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ