• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    162   |  
0
#MemoriesOfMurder #MungunReviews #NoSpoilers 

Тэтгэвэртээ гарсан замын цагдаа ах маань “юмыг нүдэнд харагдтал ярьдаг” (great storyteller) хамт байхад уйддаггүй сонирхолтой хүмүүсийн нэг юм. Өдөр шөнийг үл харгалзан дуудагдаж, авто ослын нүд хальтрам дүр зургийн дунд олон жил шинжээчийн үүрэг гүйцэтгэсэн энэ хашир цагдаа биднийг үхэл хагацал, гэмтэл зовлонгийн сүүдрээс халхлахдаа хэцүү дурсамжаа “цензур”-лэх боловч албаны нөхдийн хөгжөөнт явдал, хачирхалтай мөрдлөгийн сонирхолтой тайлал, таарч тулгарсан содон өвөрмөц хүмүүсийн талаар түүхийг тэрээр “өнгөтөөр” ярих нь үргэлж зугаатай басхүү сургамжтай санагдана.

“Хурга Майлахаа Болино” (The Silence of the Lambs, 1991)

Хүний арьсаар хувцас хийдэг эрийг барихаар хүний махаар хоол хийдэг эрээс тусламж авдаг “Хурга Майлахаа Болино” (The Silence of the Lambs, 1991), хүн төрөлхтний алс ирээдүйд боловч хүний төрөлх чанараас үүдсэн хэргийг мөрдөх “Blade Runner” (1982), хэрэгтэй тэмцэхээр цагдаа болсон ч хэний дор шавь орсондоо эргэлзэх шинэ элсэгчийн талаар “Training Day” (2001) зэрэг мөрдлөг, нууцлаг адармаат төрлийн бүтээлийг дурсахад эдгээр үзүүштэй шилдэг бүтээл болоод хөгшин цагдаа ахын хөгжөөнт хууч яриа нь санаанд багтамгүй онцгой хэргийг дэвшүүлэх гэхээсээ илүүтэй хүний амьдрал, аж байдлыг өгүүлсэн нийтлэг мөн чанар нь тэднийг сэтгэлд тод үлдээхэд гол нөлөө болсон мэт санагдана.

Memories of Murder” нь 1980-аад оны Солонгосын нэгэн жижиг хотод залуу бүсгүйчүүдийг хүчирхийлэн хөнөөдөг цуврал алуурчинг хайж буй мөрдөгчдийн талаар гэмт хэргийн драм кино юм.

Сумын цагдаа "халуун ам бүлээрээ" хооллож байгаа нь ("Сумын Цагдаа", МАСК продакшн)

Манай хошин шогийн МАСК продакшны хөгжилтэй бүтээлийн нэг “Сумын Цагдаа”-г санаж байна уу? 

Жүжигчин П.Эрдэнэзааны хөдөөгийн хэсгийн төлөөлөгчийн дүр тарчиг хангамж, ядруухан нөхцөлтэй ч хэр хэмжээндээ л хэргээ мөрдөж, саатуулах байр ч үгүй тул хэрэгтэн, сэжигтнүүдтэйгээ халуун хоол, орон гэрээ хуваалцан аж төрдөг инээдтэй үзэгдлүүд нь “Memories of Murder” киноны орон нутгийн цагдаа Park Doo-man (жүжигчин Song Kang-ho)-ийг үзэхэд бодолд орж ирсэн юм. 

Солонгос хөдөөгийн цагдаагийн хувьд тэр эрдэм мэдлэг мөхөс, хандлага ухамсар дорой, туршлага чадвар гологдом нэгэн боловч тэрээр жижиг хотдоо танил дасал болсон нэгэн мөрдөгч ажээ.

Солонгос "сумын цагдаа"-ийн мэдээллийн дата сан

Гэтэл зөвхөн тодорхой шинж тэмдэгтэй бүсгүйчүүдийг шилж сонгон ангуучилдаг, үйлдсэн хэрэг нь цочиж жигшим ч мөшгиж мөрдөх өчүүхэн ч ул мөр үлдээдэггүй яг л Америк кинон дээр гардаг шиг “мэргэжлийн” нэгэн цуврал алуурчин бий болсноор жижиг хотын цагдаа нарын чадвар чансаа “хэмжигдэж”, тэд арга мухардах болжээ. Компьютер интернет, онлайн мэдээллийн сан биш цаасан дэвтэр, үзэг балаар “зэвсэглэж”, адаглаад л шинжилгээ ажиглалт хийх зуур хэргийн газрыг тусгаарлачих “ОРЖ БОЛОХГҮЙ” цагдаагийн хашилт байхгүй тул сониуч хүмүүстэй бачимдан маргалдах цагдаа нарыг харах нь хэдий хөгжилтэй боловч үүний цаана залуу бүсгүйчүүдийн цогцосны тоо нэмэгдсээр байх нь хот хөдөөгийн хөгжлийн ялгаа, хуучирч хоцрогдсон тогтолцоо, сэтгэхүйн далдхан боловч хурц шүүмжлэл болж тусч байлаа.

Хоёр мөрдөгчийн зөрчлөөс түншлэл бий болох үйл явц нь энэ киноны хамгийн чимэг зүйлсийн нэг юм

Удалгүй манай “сумын цагдаа” болон түүний нөхөд хэргийн учрыг тайлж чадахгүй нь тодорхой болох үед нийслэл Сөүлээс нэмэлт хүч болж залуухан мөрдөгч Seo Tae-yoon (жүжигчин Kim Sang-kyung) уг хотод ирэх бөгөөд хот хөдөөгийн хоёр мөрдөгч хамтран ажиллах ёстой болох энэ үеэс киноны үйл явдал бүр ч илүү сонирхолтойгоор өргөжин тэлдэг.

Хэрэг мөрдөх үйл явцыг нухацтай, ул суурьтай, уялдаа холбоотой тусгажээ

Нас залуу ч, Сөүлийн гэмт хэргийн ертөнцөд “чанагдсан” хашир шинэ мөрдөгч эд мөрийн баримттай танилцах, хүмүүстэй ярилцах, сэжүүр цуглуулах нь бидний киноны эхэн үед үзсэн “Солонгос Сумын цагдаа”-ийн арга барилаас хол илүү, мэргэжлийн нямбай түвшинд боловч хэргийн мөрдлөгөд мөн л тодорхой ахиц гарахгүй үед хоёр мөрдөгч ээлжлэн санаачлагыг гартаа авч, киноны үйл явдлыг үргэлж урагш татах байнгын өрнөлтэй хэмнэлийг бий болгожээ.

Цуврал алуурчинг хайх үндсэн даалгавраас гадна мөрдөгч нар тус тусын бэрхшээлтэй тулгарч, унаж босож, өсч уруудах нь тэднийг үзүүштэй, баялаг, бас “амьдралтай” (relatable) дүр болгосон байна. Тухайлбал “сумын цагдаа” маань залуу мөрдөгчийн дэргэд чадвар туршлага дутмаг гэдгээ ухаарах,үнэнтэй эс эвлэрэх, өөрийгөө батлахаар ямагт хичээх бол залуу мөрдөгч хичнээн няхуур байгаад ч алуурчнаас ямагт нэг алхам хоцрох, мэдлэг туршлага нь бодит байдалтай зөрчилдөх,мөн бусдын тусламжид итгэх хэрэгтэй болох нь дараагийн аллага, удаах хэргийн газар, ээлжит сэжигтний зэргэлдээх бас нэгэн сонирхолтой өгүүлэмжийг бий болгох ажээ.

Киноны зураг авалтын зохиомж, зураглал, гүйцэтгэл нь тун нарийн чамин

Гол дүрүүдийн тэмцэл сорилтоос гадна туслах дүрүүдийн үг үйлдэл ч киноны үйл явдалд нөлөөлөх нь “Memories of Murder”-ийн томоохон ололтын нэг юм. Оффисын цай зөөгч ажилтай цагдаа бүсгүй, “сумын цагдаа”-ийн өрөөсөн дугуй болсон зодоонч цагдаа, алуурчин хэмээн андуурагдах сэжигтнүүд бүгд хэргийг тайлахад тус болох нэгэн түлхүүрийг дэлгэж буйг кинон доторх мөрдөгчид ч, киног үзэж буй үзэгчид ч нэгэн зэрэг ойлгож ухаарах нь энэхүү гэмт хэргийн киноны“оньсого”-ыг таах үйл явцыг үл уйдам, байнгын анхаарал татам сонирхолтой өгүүлэмжтэй болгосон байна.

Дүгнэж хэлэхэд, “Memories of Murder” нь хэрэг илрүүлэх боломжгүй мэт бүтэц, хуучирч хоцрогдсон тогтолцоо, нийгмийн бухимдал, үл итгэлцлийг даван туулж нэгэн аюултай цуврал алуурчинг хайн шамдаж буй хоорондоо эрс тэс ялгаатай мөрдөгч, цагдаа нарын зөрчил тэмцлийн талаар онц сонирхолтой, гайхалтай хийцтэй үзүүштэй бүтээлийн нэг юм.

Цөөн үгээр:

Миний үзэж байсан гэмт хэрэг, мөрдлөгийн жанрынхамгийн “амьдралтай” кино. Үнэмшилтэй дүрүүд, гэмт хэргийн мөрөөр хөөх сонирхолтой өгүүлэмж, чамин зураг авалт нь энэ киног дахин давтаж үзэхүйц сайн бүтээл болгодог.

Мөнгөө буцааж авмаар байна уу?

Огтхон ч үгүй. Гэмт хэргийн мөрдлөг, драм жанрын фэнүүд төдийгүй сайн кино үзэж алжаалаа тайлахыг хүсч буй буй хэн бүхэнд таалагдана.

The Host (2006, зөгнөлт, драм, адал явдал) 

Найруулагч Bong Joon Ho-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?

The Host (2006, зөгнөлт, драм, адал явдал) ★★★★★ (5/5)

Хайхрамжгүй цэргүүд хорт бодис асгаснаас болж Сөүлийн төвөөр урсдаг Хан мөрөн нэгэн аврага мутант загасны үүр болно. Голын эрэг дээр ТҮЦ ажиллуулж өдрийн бор хоногийг өнгөрөөдөг маанагдуу эрийн нар гэрэлтүүлж, сар гийгүүлдэг ганц охин мангаст булаагдахад тэр хөгшин эцэг, ажилгүй дээд боловсролтон дүү, амжилтгүй спортын тамирчин дүү нараа цуглуулж хүүхдээ олохоор мутант загас, Солонгосын засгийн газар, Америкийн армитай тэмцэх хэрэгтэй болно.

Компьютер графикаар бүтээсэн мангас нь өдгөө хоцрогдсон боловч гэр бүлийн үнэ цэнэ, бидний нийгмийн эрээн бараан, засгийн газрын арчаагүй дорой байдлын талаар инээдтэй, эмгэнэлтэй, сэтгэл догдлом, онц сонирхолтой энэ кино нь миний хувьд найруулагч Bong Joon Ho-ийн төдийгүй бүх цаг үеийн хамгийндуртай бүтээлийн нэг юм.

Parasite (2019, драм, триллер)★★★★★ (5/5)

Ядуурлын ирмэгт амьдарч буй нэгэн гэр бүл баян чинээлэг айлд арга заль ашиглан үйлчлэгч, асрагч, жолоочоор ажилд орох боловч тэдний шунал бахдал нэгэн аймшигт нууцыг дэлгэнэ.

Найруулагч, уран бүтээлчдээ нэг төдийгүй нэлээд хэдэн Оскарын шагналын эзэн болгосон энэ бүтээл Солонгос киног төдийгүй Ази кино дэлхийн түвшинд хүрснийг Барууны ертөнцөд тунхагласан билээ.Дүрүүд, үйл явдал, эргэлт өөрчлөлт, хийц чанар, зураг авалт гээд үлгэр жишээ авах, гайхан шагших зүйл энэ кинонд олон.

“Parasite” (2019) review унших:

Snowpiercer (2013, зөгнөлт, action, адал явдал)★★☆☆☆ (2/5)

Дэлхий цас мөсөнд дарагдаж, амьд үлдсэн сүүлчийн хүмүүс зогсолтгүй давхих галт тэрэгт амь хорогдох болжээ. Галт тэрэгний тэргүүн бүхээгт баян чинээлэг хүмүүс, харин хамгийн сүүлийн бүхээгт ядуус амьдарна.

Франц зурагт номоос сэдэвлэсэн, “Captain America” гол дүрд нь тоглосон энэхүү зөгнөлт кино нийгмийн давхарга ялгааны тусгал гэдгээрээ найруулагчийн бусад кинотой нийтлэг.Гэвч үүрэггүй дүрүүд, утга санаа нь ойлгомжгүй зураглалууд, зөгнөл, бодит байдал хоёр нь хэт зөрчилддөг тууштай бус уур амьсгал нь миний хувьд энэ киног үзэхэд хүндрэлтэй болгож байв.

Memories of Murder” (2020) ★★★★★ (5/5):

+ Гайхалтай зураг авалт (cinematography)
+ “Амьдралтай” дүрүүд
+ Логик дараалалтай, уялдаа холбоотой үйл явдал (story)
+ Өсөлт уналт, асуулт тайлал ээлжлэх сонирхолтой өгүүлэмж (pacing)

- Бага зэрэг урт үргэлжлэх хугацаа (2+ цаг)

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ