• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    154   |  
0
Эдийн засагч Ч.Отгочулуу

“Хэтэвч” булангийнхаа шинэ дугаараар “Z  үеийнхэн, сайныг өвлөж, саарыг өөрчлөх нь” номын зохиолч, эдийн засгийн бодлого өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал асан, эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, үүнд шинэ үеийнхний үүрэг, оролцоо юу болох талаар энэ ярилцлагаас уншаарай.

-Ойрд ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Зэсийн судалгаан дээр ажиллаж байна. Хятадын зэсийн зах зээлийн хэв шинжийг нь тодорхойлж, ямар тоглогчид байна вэ, үүн дээр Эрдэнэт, Оюутолгойн зах зээлийн эзлэх хувь, өрсөлдөх чадвар хэр байгааг судалж байна.

-“Z үеийнхэн сайныг өвлөж, саарыг өөрчлөх нь" номыг бичсэн шалтгаан юу вэ?

-Энэ номыг хоёр зорилгоор бичсэн. Нэгт, Би Германд эдийн засгийн мэргэжлээр бакалавр болон магистраа хамгаалж байхад эхний хоёр жил дэлхийн түүх, философи, нийтийн эрх зүй, ёс зүй гээд Монголд заадгаас илүү өргөн хүрээнд зааж байсан тул эхэндээ ойлгохгүй байв. Тийм учир Герман, Европ руу эдийн засгийн чиглэлээр сурахаар зорьж буй залууст эхний хоёр жил юу хүлээж байгааг ойлгуулахыг хүссэн. 

Хоёрт, 2020 онд анх удаа сонгуульд оролцож саналаа өгөх залуустаа хандаж, ирээдүйгээ нухацтай бодоосой гэж хүссэндээ энэ бэсрэг номыг бичлээ. Тэд ямар нийгмийг хүлээж авч байгаагаа ойлгоосой гэсэндээ  эдийн засаг, улс төрийн суурь мэдлэг, ойлголт өгөхийг хүссэн. Энгийн нэг жишээ авъя. Манай их хурал алдагдалтай төсөв батлаад, түүнийгээ гадаад өр зээлээр нөхдөг. Одоо манай Засгийн газрын өр 7.1 тэрбум  ам.доллар болчихсон байна. Ирэх жилд 8 тэрбум ам.доллар болохыг үгүйсгэхгүй. 

Z үеийнхэн үр хүүхэдтэй болж, ид хөдөлмөрлөх насанд ирэхэд энэ их өр өсөөд маш өндөр болсон байх эрсдэлтэй. Тэд өөрсдийн сайн сайхны төлөө зориулах мөнгөөрөө өр төлөх болно. Гэтэл тэр өрийг ердөө дахин сонгогдохыг хүссэн популист улс төрчид бий болгож байна. Тэдгээр популистууд Z үеийнхний ирээдүйг золиослон байж “улс төр хийдэг” гэдгийг ойлгоосой.

-Z үеийнхний тухай барууны тодорхойлолт Монголын шинэ үеийнхний хэв шинжээс зөрөх байх. Та Монголын Z үеийнхний хэв шинжийг хэрхэн тодорхойлох вэ?

-Z үеийнхэн бидний үеийг бодвол эдийн засаг харьцангуй дээрдсэн, технологи өндөр хөгжсөн нийгэмд амьдарч буй дэлгэцний үеийнхэн гэж болно. 

Миний ажигласнаар Монголын Z үеийнхэн улс төр, нийгмийн идэвхгүй, Монгол болохгүй байна, ер нь гадагшаа л гарч сурч, хөдөлмөрлөнө гэсэн хүсэлтэй байдаг шиг санагдсан. Гадагшаа явлаа гэхэд хожим Монголдоо ирнэ. Тэр үед өнөөгийн Засгийн газруудын төсвийн алдагдал, алдаатай шийдвэрийн төлөөсийг өндөр татвараар төлнө. 

Тиймээс Монголын ирээдүйг тодорхойлох залуус түүхээсээ суралцан, өнөөдрөө бодитоор ойлгож, ирээдүйг илүү сайнаар бүтээх хэрэгтэй.

Сонгуульд идэвхтэй оролцож, бодлогоо захиалах хэрэгтэй.

Эдийн засагч Ч.Отгочулуу

-Монголын хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг залуус ардчилсан тогтолцооны тухай зөв ойлголттой, идэвхтэй иргэн болохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Ардчилал бол хэрэгсэл. Компьютероор жишье. Зарим хүн үүнийг ашиглаад асар их мөнгө олж байхад нөгөө хэсэг нь буруу ашиглан цаг хугацаа, амьдралаа үрж байна. Тиймээс үүнийг зөвөөр ашиглахын тулд мэдлэг боловсролтой болох хэрэгтэй гэж хэлмээр байна. 

Z үеийнхэн утсаа алдах юм бол сар шаналах байх. Гэтэл ирээдүйд ажиллаж амьдрах таатай боломжийг өнөөдөр “популистууд” хулгайлж байхад ерөөсөө ойшоодоггүй. Одоо л анхаарахгүй бол хэтэрхий оройтно. Гар утсанд санаа зовдог шигээ 40 нас хүрээд ямар ажил хийх вэ, хүүхдээ хэрхэн сайн боловсрол олгож, ямар нийгмийг бүтээх вэ гэдгийг одооноос бодох ёстой. Ингэж бодож чадахгүй бол ардчилал хэрэггүй шүү дээ.

-Та бодох гэлээ. Гэтэл залуу хүн бүү хэл, улс орон маань төлөвлөгөөгүй, гэнэтийн шийдвэр, асуудлууд дунд амьдарч байна. Ийм цагт бид юуг, хэрхэн бодох вэ? 

-Бид өнгөрснөөс өнөөдөр рүү  гурван төрлийн шилжилтийг нэгэн зэрэг хийж байна. Үүнийг Z үеийнхэн ойлгох хэрэгтэй. Нэгт, нүүдлийн мал аж ахуйгаас уул уурхайд суурилсан эдийн засаг руу, хоёрт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү, гуравт бүхнийг шийддэг нэг намаас олон намын тогтолцоо руу шилжсээр байна. 

Дуусаагүй байгаа энэ шилжилтүүдийг Z үеийнхэн хүлээж авч буй учраас бусад орны залуусыг бодвол толгойгоо 10 дахин илүү ажиллуулах ёстой. Учир нь бусад улсын залуучууд яг л тогтсон системээрээ замнаж буй. Түүндээ зохицох, тэр нийгэм дотроо хөгжих тухай ганц асуудал байгаа юм. Харин Монголын Z үеийнхэнд энэ гурван шилжилт дээр нэмэх нь дөрөв дэх шилжилт буюу дижитал шилжилтэд бэлэн үү гэдэг асуудал бас гарч ирж байна.

-Номныхоо агуулгаас товч хуваалцвал?

-Энэ бэсрэг номд эдийн засгийн философичид ба улс эх орноо өөрчилж чадсан гарамгай төрийн зүтгэлтнүүдийн түүхийг багтаахыг хичээсэн. Эдийн засгийн зарим онол, улс төр-эдийн засгийн суурь ойлголтуудыг түүхэн жишээнүүд дээр тайлбарласан.

-Биднийг ямар нийгэм хүлээж байна вэ?

-Бусад үндэстэнтэй өрсөлдөж амьдрах нийгэм хүлээж байгаа. Манай улсын өрсөлдөх чадвар их тааруу. Тиймээс бид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Дэлхийн улсууд өөр хоорондоо төсөв нь хэр эрүүл байна, залуусын өрсөлдөх чадвар ямар түвшинд байна, бизнес хэдий хугацаанд тэлж байна вэ, зах зээлийн чөлөөт байдал гэх зэрэг үзүүлэлтээр өрсөлдөг болсон. Нэг жишээ хэлэхэд, Хятадыг коммунист нам удирддаг атлаа эдийн засаг нь манайхаас илүү эрх чөлөөтэй. Ингээд харахаар эдийн засгийн эрх чөлөө, зах зээлийн өсөлт гэдэг нь аливаа улс орны хамгийн чухал үзүүлэлт болж байна. 

Улс орнуудын эдийн засагт төсвийн эзлэх хувь нь дунджаар 15 хувь орчим байхад манайх 40 хувь. Тэгэхээр манай эдийн засагт эргэлдэж буй 100 төгрөгийн 40 нь төсвийн зардал гэж ойлгож болно. Үүнээс үзвэл манайх социалист эдийн засагтай гэж ойлгогдохоор.  

Бид хэдий оюун санаа, улс төрийн эрх чөлөөт нийгэмд амьдарч буй ч эдийн засаг маань эрх чөлөөгүй, үр ашиггүй учраас улам ядуурч, өрөнд орж байна. Тиймээс Z үеийнхэн эдийн засгаа өсгөх, илүү сайн нийгмийг бүтээх арга зам нь мэдлэгийн хувьсгал юм.

Манай залуус хэт хүлцэнгүй, дасан зохицоод амьдраад байдаг. Идэвхтэй байж, өөрчлөх хэрэгтэй. Энэ өөрчлөх боломж та бүхний гарт байгаа. Сонгуулийн үеэр залуус бодлогоо захиалдаг байх ёстой. Ирээдүйгээ ламд уу, намд уу, номд даатгах уу гэдэг сонголт та бүхний гарт байна. Бидний үед ийм сонголт байгаагүй.

-Эдийн засгийн энэ гажуудлыг ойлгодог, ер нь проактив байхын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

-Төсөв уг нь иргэдийн эрх мэдэлд байх ёстой атал, үнэндээ дахин сонгогдох гэсэн Их хурлын гишүүдийн өмч болоод байна. Залуус сонирхохгүй, үл тоож байгаа учраас энэ боломжийг популистуудад өгч байна. 

Тухайлбал, баруунд төсвийн хяналтыг хөндлөнгийн байгууллага хийдэг байхад манайд бол Сангийн яам, Их хурал өөрсдөө төсвөө батална, өөрсдөө хэрэгжүүлж, улмаар өөрсдөө хянаад дүгнэчихдэг. Z үеийнхийг өрөнд оруулж, сайхан амьдрах боломжийг хулгайлсаар байна.

Гэтэл Шведийн 16 настай охин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаж тэмцэж байгаа билээ. НҮБ хүртэл тэмцэж ирээдүйдээ анхаарч байна. Монголын Z үеийнхэн хэт хүлцэнгүй, хэт үл ойшоосон байна. Манай улсад өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, бас сонгуулийн системийн өөрчлөлт яригдаж байна. Өөрөөр хэлбэл Z үеийнхний амьдралыг шийдвэрлэх өөрчлөлт яригдаж байхад тоож буй хүн алга. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орвол ирэх 20, 30 жил бараг өөрчлөгдөхгүй. Өөрийнхөө амьдралд эзэн нь байх боломжийг өөр хэн нэгний гарт өгчхөөд байна шүү дээ. 

Өөрөөр хэлбэл Z үеийнхэн маань: “10, 20 жилийн дараа та нарын оронд бид ирнэ. Биднийг ирээдүйн боломжийг бүү хаа” хэмээн шаардлага тавих хэрэгтэй баймаар.

-Эдийн засгийн мэдлэгтэй хүн гэж таныхаар хэн бэ?

-Эдийн засгийн онолын түүх, философийг гадарладаг, түүхийг өөрчилсөн хүмүүсийг мэддэг байх ёстой. Энэ номд орсон түүхэн хүмүүсийг мэддэг байвал бүүр сайн. 

Хоёрдугаарт, дотоодын нийт бүтээгдэхүүн, улсын төсөв, өр төлбөрийн тэнцэл, инфляц зэрэг макро эдийн засгийн хэдэн гол үзүүлэлтүүдийг мэддэг, статистикийг ойлгодог байх хэрэгтэй гэж боддог.

Санхүүгийн мэдлэг, сахилга бат, хариуцлагыг хүмүүс олон өнцгөөс тайлбарладаг. Хуримтлал үүсгэж буй чадвараар нь бас дүгнэж болно. 

Орлогынхоо 10-30 хувийг тогтмол хуримтлуулж чадаж байвал тэр хүн санхүүгийн соёлтой хүн гэсэн үг. 

Яг өрхийн амьжиргааны судалгаан дээр жишээ авч яривал Монголд нэг парадокс бий. Манай улсын өрхийн дундаж хэрэглээ нь орлогоосоо давчихдаг. Энэ нь өр зээл ихтэй, хуримтлалгүйг илтгэнэ.

-Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Z үеийнхний ¾ нь ахлах сургуульдаа эдийн засгийн мэдлэгийг авах сонирхолтой байна гэж дүгнэсэн юм билээ. Тэгвэл энэ үеийнхнийг эдийн засгийг ойлголттой болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Зарим орны боловсролын системд эдийн засгийн философийг тайлбарласан, заавал унших ёстой 10 номтой сурагчид танилцдаг. Үүнийг уншсанаар бусад үндэстний сурагч нараас илүү давуу талыг олдог. 

Ахлах ангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт өр гэж юу болох, онцын шаардлагагүй бол хэрэглээгээ тэлж зээл авахгүй байх, хуримтлалын ач холбогдлыг наанадаж тусгаж өгөх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт нь капиталын хуримтлалаас  үүдэлтэй. Гэтэл иргэдэд бүү хэл, улсад ч капиталын хуримтлалгүй. 

Монголын Z үеийнхэн маань 20 жилийн дараа “би хаана ажиллах вэ, гадаадад шал угаах уу, Монголдоо том бизнес эрхлэх үү” гэдэгт одооноос санаа зовинох хэрэгтэй. Сонгуульд саналаа өгөхгүй байснаар популистуудад улс орны эрхийг өгч, ирээдүйд харьд очиж хар ажил хийх боломжоо нэмэгдүүлж байна гэж ойлгож болно.

Бусад улс орны эдийн засгийн өсөлтийн эх нь бүтээмж, хуримтлал. Харин манай улсад бүтээмж хасахтай гардаг боллоо. Энэ бол аюулын дохио. 

Тэгэхээр Z үеийнхэн маань өөрсдийг нь ямар нийгэм хүлээж байгаад өнөөдөр санаа тавьж эхлэхгүй бол оройтно. Эдийн засаг гэдгийг нүсэр зүйл гэж ойлгохгүйгээр, ердөө л ирээдүйд бид ямар цалинтай ажил хийх вэ, ямар бизнес хийх вэ, Монголдоо ажиллах уу, гадаадад шал угаах уу гэдгийг чинь шийддэг орчин гэж харах нь зүйтэй байх. 

Ирээдүйд бүх зүйл автоматчилагдаад биеийн хүчний ажлыг үнэлэмж улам буурна. Тиймээс залуус өөрсдийнхөө хувь заяанд эзэн болж, ахмад үеийнхнээсээ илүү ухаалаг бас бусад улс үндэстнүүдийн үе тэнгийнхнээсээ илүү өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй байна.

-Газрын баялаг 100 жилийн дараа шавхагдаад дууслаа гэж бодоход үйлдвэр, технологи инновацийн бааз байхгүй бид эдийн засгаа яаж солонгоруулах вэ?

-Манайхан уул уурхай бүхий л асуудлыг шийдэх ёстой “алтан загас” мэт ойлгодог. Түүнээс олсон мөнгөө хэрхэн зарцуулахыг шийдэх нь тусдаа асуудал юм. Уул уурхайгаас олсноо улс төрчид тарааж цацчихдаг. Бүр олоогүй байгаа орлогыг урьдчилж барьцаалаад гаднаас зээл авсаар ирсэн. Ингээд уул уурхайд түшиглэсэн нийгмийн халамжийн бодлого нь нийгмийн ядуу хэсэг болоод нэр дэвшигчдэд ашигтай боловч бизнес эрхлэгчдэд хохиролтой байдаг. Ингэж эдийн засгийн бүтээмж буурдаг. Бүтээмжгүй өсөлт нь Z үеийнхний сайхан амьдрах боломжийг үгүй хийх болно. 

Ер нь уул уурхайг оролцуулахгүйгээр бид юугаар мөнгө олох вэ гэвэл эхнийх нь аялал жуулчлалын салбар байх боломжтой. Дараагийн хувилбар бол шинэ онгоцны буудлыг түшиглэн оффшор банк санхүүгийн газар байгуулчихвал их хэмжээний валют орж ирэх боломжтой. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн стандарттай нийцүүлж экспортлохын тулд маш их хэмжээний мөнгө зориулах шаардлага тулгарна. IT инженерүүд бэлдэж, мэдээллийн технологийн бааз байгуулах гэсэн хувилбар байдаг. Гэхдээ ойрын 30 жилд хамгийн найдвартай орлого олох эх үүсвэр бол уул уурхай л юм даа.

-Бид уул уурхайг яаж үр ашигтай ашиглаж чадах вэ?

-Манай эдийн засаг жилийн  ердөө 11 тэрбум ам.долларт эргэлддэг. Үүний 7 тэрбум ам.долларыг уул уурхайн экспортоос олдог боловч зөв зарцуулж чадалгүй, үрэн таран хийдэг. Уул уурхайгаас олсон орлогоороо эдийн засгаа солонгоруулж чадахгүй юмаа гэхэд хуримтлуулж өрөө дарах хэрэгтэй. 

Мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой байтал эсрэгээр нь манайхан бодлого явуулдаг учраас инфляц, өндөр хүүтэй зээл, ажилгүйдэлтэй нүүр тулдаг. Мөчлөг сөрсөн бодлого нь экспортын үнэ өндөр, татварын орлого сайн үед хуримтлуулна. Харин экспортын үнэ буурсан үед хуримтлуулсан мөнгөөс зах зээлд гаргаж эрэлтийг дэмждэг.

Үүнийг зуны гурван сард цалин нь өсдөг айлтай жишье. Байнга цалин өсөлттэй байх юм шиг зардал өндөртэй амьдарвал цалин багатай сард амьдрахад хэцүү болно. Гэтэл энэ үед улс төрчид иргэдийн ирээдүйд төлөх татварт найдаад гаднаас зээл авах замаар төсвийн алдагдлыг хаадаг. Чили, Норвеги зэрэг улсууд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэн уул уурхайн сан байгуулаад түүнээс олсон орлогоо  төвлөрүүлж уул уурхайн ханган нийлүүлэгч бизнесүүдэд хөрөнгө оруулдаг.  Хэрхэн гэдгийг миний бэсрэг номоос уншаарай.

-Нүүрс, зэс биднийг хэр удаан тэжээх вэ?

-Бидэнд нүүрсний хувьд зөвхөн Таван толгой гэхэд 7 тэрбум тонн нөөцтэй, үүнээс сайн чанарын коксжин нүүрснийх 800 сая тонн гэж үздэг. Бид жилд 20-30 сая тонныг экспортолдог. Тэгэхээр 40 жилийн нөөц байна. 

Зэсийн хувьд манайд эдийн засгийн үр өгөөж нь тогтоогдсон, 40 сая тонны зэс байна. Өөрөөр хэлбэл 100 жилд хангалттай тэжээх нөөц байна.  Манай улсын газар нутгийн 40 хувьд геологийн хайгуул алдаг оног хийсэн. Хэрэв 100 хувь болвол энэ нөөц бүр их өснө. Тиймээс 100 жилд хангалттай тэжээх боломжтой тул уул уурхайн хөрөнгө оруулалт болон орлогыг ашиглан бусад салбараа хөгжүүлэх бүрэн боломжтой.

Монголд нэг сая хүн хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Тэдгээрийн 400 мянга нь малчид. Үлдсэн 600 мянган ажилчны 200 мянга орчим нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид юм. Тэгэхээр цаана нь 400 мянган хүн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эдийн засгаа авч явж байна. Тэр 400 мянган хүний 100 мянгыг уул уурхайн салбар ба түүнээс хамааралтай ажиллагсад бүрдүүлнэ. 

-Мэргэжилтний хувьд улсыг удирдаж чадах мэдлэг боловсролтой, чадварлаг, ёс суртахуунтай дараагийн үеийг бэлтгэхийн тулд бид юу хийх хэрэгтэй гэж харж байна?

-Залуус ном сайн уншаасай, гадаад хэл сураасай,  мэдээлэл авах, боловсруулах өөрийн гэсэн загвартай болоосой гэж боддог.

Ардчиллын сүүдэр болсон популизмын төлөөсийг та ирээдүйд төлөх учраас идэвхтэй, мэдлэг мэдээлэлтэй байж ирээдүйдээ эзэн болох хэрэгтэй. 

Мэдлэг, зөв аргачлал олж авах тэр боломж нь интернэт хувьсгалын ачаар өнөөдөр далай шиг хязгааргүй болсон. Та нарын өмнөх үеийнхэн алдаатай ч гэсэн энэ улсыг ардчилал, тусгаар тогтнолтой болгосон. Энэ нийгмээ өөд нь татах уу, эсвэл харьд очиж шал угаах уу энэ бол залуусын сонголт. Ганц удаа амьдарна, яаж амьдрах нь та бүхний сонголт тул боломжоо тултал ашиглаарай.

TAGS
#Business