• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    115   |  
0

Бидний сайн мэдэх металлын нэг бол алт. Алт нь хүн төрөлхтний хамгийн их үнэлдэг гол металлын нэг бөгөөд Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. 

Энэ металл нь байгаль дээр цэврээр (дангаараа) оршихоос гадна калаварит сивьванит, нагиагит зэргийн нэгдэлд 6-39 хувиар агуулагддаг. Алт нь ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргын судал, бусад металл болон чулуулагтай холилдон хадан тогтцын хэлбэртэйгээр оршдог. 

Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй. Алтны хамгийн онцгой чанар нь ус болоод агаарын нөлөөнд автдаггүй явдал юм. Монголчууд эрт дээр vеэс алтаар гангарч ирсэн ард тvмэн бөгөөд бүр Хvннүгийн үеэс алтаар маш нарийн донж хийцтэй эдлэл хийж хэрэглэж байсныг эрдэмтэд тогтоосон байна. Цэвэр алт нь ихэнх тохиолдолд 30-50 хувийн мөнгөний хольцтой байдаг.

Өнөөдөр алт нь гоёл чимэглэлээс гадна Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлдэг маш чухал баялгийн нэг болоод байна. Гадаад валютын нөөц нь аливаа улсын эдийн засгийн дархлаа болдог. Тухайн улс хэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж чадна, төдий хэмжээгээр гадны болон дотоод сөрөг савлагаанаас эдийн засгаа тогтвортой барих дархлааг бүрдүүлдэг. 

Манай улс шиг түүхий эдийн гадаад зах зээлийн мөчлөг дагасан эдийн засагтай, экспортолж байгаа түүхий эд нь цөөхөн нэр төрөлтэй оронд гадаад валютын нөөцийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор Монголбанкны гадаад валютын улсын нөөц 4 орчим тэрбум ам.доллар байна.

Манай улс алтны хувьд 68 хувь нь өсөн нэмэгдэх роялти болон 2.5 гэсэн гурван түвшний татвартай байж ирсэн. Энэ гурван түвшний татварын орчинд алт тушаалт яаж өөрчлөгдөж байсан гэхээр татвар таван хувиас дээш гараад ирэхээр Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ буурч байв. Гэвч энэ байдал одоо дахин давтагдахад хүрээд байна. 

Учир нь УИХ сандал, ширээний хэрүүл хийж байх зуур 2019 оны нэгдүгээр сараас алт олборлогчид 2.5 биш, 10 хүртэл хувийн татвар төлж, алтаа тушаах нөхцөлд хүрэв. Тодруулбал, нэг унци алт 1,200-1,300 ам.доллар байвал 4 хувь, тэрнээс дээш бол 5 хувь байдаг. Тэгэхээр алт олборлогчид дээд тал нь 10 хувийн татвар төлөх нөхцөл үүсээд байгаа гэсэн үг. Алтны татвар өндөр байхад алт тушаалт илэрхий буурах бөгөөд далд эдийн засгийг дэмжих, хууль бусаар хил давуулах байдал гарах ба 1 их наяд төгрөгийн алт далд эдийн засагт шилжиж хууль бусаар хил давах магадлалтай. Төв банк валютын нөөц өсөх нэг сувгаа алдана гэсэн үг.

Энэ ч байдлыг бий болгохгүйн үүднээс Монголбанк 2018 оны тавдугаар сараас “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” аянг өрнүүлж байсан юм. Алтаа Монголбанкинд худалдсанаар улс орныхоо эдийн засагт ямар их хувь нэмэр оруулж байгааг алт олборлогчид ойлгож, төв банкиндаа тушааж байх нь чухал байна.  

Өмнө нь өндөр татвар төлж байх үед Төв банк дээр жилд дунджаар 2-3 тонн алт худалдан авч байлаа. Харин 2018 онд гэхэд 22 тонн алт худалдан авч, бүх цаг үеийн хамгийн өндөр түвшиндээ хүрж байсан бол хуулийн өөрчлөлт орсноос хойш 2019 онд 15.2 тонн болж буурсан. Алт худалдан авалт нэмэгдэх нь валютын нөөц нэмэх, ханшийг тогтворжуулах эерэг нөлөөтэйг дээр дурдсан.

Зураг 1. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ ба алтны дундаж үнэ

Монголбанк алт олборлогчдоос алтыг зах зээлийн үнээр худалдаж авдаг. Ингэхдээ Лондонгийн металлын биржийн тухайн өдрийн үнээс цэвэршүүлэлтийн зардлаа хасаж тооцон авдаг. Алт олборлогч нарт дэлхийн хаана ч өрсөлдөхүйц өндөр үнийг санал болгодог гэсэн үг. Манай алт олборлогчдын хувьд олборлосон алтаа гадаадад цэвэршүүлэх, гадаадад экспортлох шаардлагагүй юм. Мөн Монголбанк алт олборлогч нарт алтаа худалдахад нь янз бүрийн хүндрэл чирэгдэл гаргахгүйгээр худалдах боломжийг бүрдүүлж байна.

Тиймээс валютын нөөцийг бүрдүүлэх гол сувгийн нэг болох эх орныхоо алтыг Төв банкиндаа тушааж, Улс эх орныхоо сайн сайхны төлөө хамтдаа хичээж, валютын нөөцөө өсгөн, ам долларын ханшийг барьж, дэлхийд өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлцгээе.

TAGS
#Business