• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    126   |  
0

Улс даяар онцгой байдал зарласантай холбоотойгоор иргэд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байгаа тул УИХ-ын гишүүн О.Баасанхүү иргэдийн цалин болон бизнесийн зээлийн хүүг түр царцаах саналыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ талаар болон нийгэм, эдийн засгийн цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа. 

-Манай улсын төсвийн орлого 202,7 тэрбум төгрөгөөр тасалдаж, экспортоос олох орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24,4 хувиар буурлаа. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл эдийн засаг, иргэдийн амьдралд хэр нөлөөлөх вэ?

-Төсвийн орлого буурах нь иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлнө. Монгол улсын аюулгүй байдал нь эрүүл мэндийн, эдийн засгийн, хүнсний аюулгүй байдалтай шууд хамааралтай.

Засаг эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахаар хичээн ажиллаж байна. Харин эдийн засгийн аюулгүй байдлын зөвлөл ажлаа хийхгүй байна. Зах худалдааны төвөөр явахад иргэдийн 70-аад хувь нь даавуун масктай байна. Зориулалтын амны хаалт хомсдолтой байгаа нь иргэдийн буруу биш.

Төр вирусээс хамгаалж чадахгүй даавуун маск иргэддээ зүүлгэж их хэмжээгээр үйлдвэрлээд эхэллээ. Энэ нь шээсээр өвчин намдаахтай агаар нэг шинжлэх ухаанч бус үзэгдэл. Энэ мэт асуудлыг шийдэх тийм ч хэцүү биш. Бид 300 сая биш гуравхан сая иргэнтэй. Мөн дэлхийн бүх улстай найрамдалтай харилцаатай учраас олон улсын стандартын шаардлага хангасан маскийг импортолж, иргэддээ үнэгүй тарааж болно шүү дээ.

  Коронавирусийн дэгдэлтийн нөлөөллөөр манай эдийн засгийн чадамжийг тодорхойлж болно

Энэ бол хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй хэрэгцээнд хэрхэн зарцуулах вэ гэдгийг шийдэх цаг үе. Үүний тулд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мах, хүнсний ногоо, гурилын нөөц хүрэлцээтэй эсэхийг тодорхойлох, төр болон хувийн хэвшлийнхний цалингийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудалд цогц бодлого гаргах хэрэгтэй байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд эдийн засгийн аюулгүй байдлын зөвлөл ажлаа хийж эхэлмээр байна.

УИХ, улсын аюулгүй байдлын байнгын хорооны гишүүний хувьд эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар цогц хөтөлбөр гаргах, ард иргэдийн ачааг хөнгөлөх зэрэгт санал удаа дараа хүргүүлсэн.

-Болзошгүй нөхцөл байдал үүсвэл бид бэлэн үү. Эрсдэлийг даван туулах санхүүгийн нөөц манай засгийн газарт байгаа юу?

-Он гараад тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой 700 тэрбумын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Мөн  2,2 сая иргэнд тавдугаар сард 96 мянган төгрөг олгохоор боллоо. Энэ тоог бүхэл болгон 100 мянга гэж тооцвол 200 гаруй тэрбумын асуудал яригдаж байна. Нийлбэр дүнгээр нэг их наяд төгрөгийг зүгээр тараачхаж байгаа хэрэг.

"Зайлшгүй", "тэвчиж болох", "ирээдүйд хийх" гэсэн төсөв гэсэн гурван төрлийн төсөв бий. "Зайлшгүй" гэдэгт цалин тэтгэвэр, "тэвчиж болох"-зарим яаралтай бус бүтээн байгуулалтаа царцааж болно. Үүн дээр ирээдүйд хийгдэх хурал цуглаан, янз бүрийн арга хэмжээнд зориулах зардлыг танаж чадвал төсвийг 3-4 их наядаар танах боломжтой.

Юун түрүүнд их хурлын гишүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Яам, агентлагуудаа цөөлж, их хурлын гишүүд нь сайдаа давхар хийх байдлаар үргүй зардлуудыг танаж, хэмнэлт хийвэл ирэх жилийн арванхоёрдугаар сар хүртэл айдасгүй байх боломжтой.

-Их хурал алдагдалтай баталсан төсвөө эргэн харж, тодотгол хийх, эдийн засгаа дэмжих тал дээр яагаад ямар нэгэн алхам хийхгүй байна вэ?

-Сангийн яам яагаад төсөвтэй холбоотой асуудлаар тодотгол хийх санал гаргахгүй байна вэ гэдгийг та надаас биш их хурлын дарга Г.Занданшатар болон  ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуух хэрэгтэй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл салхитын мөнгөний ордны асуудлаар хуралдаж болдог бол салхиар тархдаг вирустэй холбоотой эдийн засгийн бодлогын асуудлаар яагаад хуралдаж болдоггүй юм бэ?

Уул уурхайн сайд мөнгө тараахаар боллоо. Томоохон гүрнүүдийн эдийн засгийн өсөлт зогслоо. Энэ үед машин үйлдвэрлэгдэх үү? Үүнээс улбаалан зэс ямар үнэтэй болох вэ? Энэ мэт асуудал дээр гадны эдийн засгаас бүрэн хамааралтай манай улс ямар бодлого хэрэгжүүлж ажиллах талаар төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байна. Харин энэ хүмүүсийн хувьд Тавантолгойн ашгийг тавдугаар сард тараагаад, зургаадугаар сард сонгогдох нь чухал бололтой.

        Улс мөнгөгүйдээ бус мөнгөө замбараагүй үрэн таран хийж байгаад эдийн засгийн асуудал оршиж байна

ЖДҮ-ийн зээлийг манай их хурлын гишүүд доод тал нь 90 сая, дээд тал нь 3 тэрбумыг авсан.

Гэтэл манай ЖДҮ эрхлэгчид маш сайн  үйлдвэрлэл явуулдаг болсон байна лээ. Иргэддээ яагаад тэр гурван хувийн хүүтэй зээлээ 20 саяар  хуваарилаад олгочихдоггүй юм бэ.

Манайхан төрд байх хугацаандаа хэрхэн баяжих арга замыг хайхаас биш тариаланч, малчин иргэдээ бодлогоор дэмжиж чадахгүй байна.

Төрийн үүрэг нь олсон мөнгөө бэлнээр тараах, өөртөө үйлчилдэг хүчний байгууллагыг санхүүжүүлэх биш шүү дээ.

-Банкны холбооныхон иргэдийн зээлийн судалгаан дээр ажиллаж байгаа юу, хэзээ мэдээлэл хийх вэ. Хэчнээн иргэн зээлтэй вэ?

-Монголын 1,2 сая иргэн зээлтэй гэсэн судалгаа бий. Түүнээс саяхан 600 мянга орчим ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж, зээл аваагүйд нь нэг сая төгрөгийн ваучер өглөө.

Би саяхан банкны холбооныхонтой уулзсан. Монгол банкныханд зах зээлийн судалгаа, дампуурах эрсдэлтэй аж ахуйн нэгжийн талаар тоо баримтыг гишүүдэд танилцуулаач гэсэн санал тавьсан.

Би хэвлэлийн хурал хийхдээ гурван зүйлийн шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хатгалгааны вакцинд бүх иргэнээ хамруулъя. Хоёрдугаарт, ДЭМБ-ын тогтоосон стандартын маскийг оруулж ирж иргэддээ үнэгүй өгье. Гуравдугаарт, эдийн засгийн  аюулгүй байдлын талаар эдийн засгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, цогц хөтөлбөр гаргаж бодлого хэрэгжүүлье гэсэн.

Шийдвэр гаргагчид эдийн засагч, шинжээчдээ сонсохгүй байна. Би ганцаараа хүн шүү дээ, дээрээс нь эдийн засагч биш хуульч хүн

Ипотекийн найман хувийн зээлийг ирэх 10 жилд шийдэж чадахгүй юмаа гэхэд хөл хорио тогтоосон энэ үед 3-4 хувь болгож багасгаад, түрээслэгч нарын цахилгаан, дулааныг тэглэх байдлаар түрээсийн төлбөрийг багасгавал иргэдийн нуруундаа үүрэх ачаалал бага ч болов хөнгөрнө. Тиймээс би эдийн засгийн зөв хөшүүрэг, зохицуулалт, хяналт тавих санал гаргаад байна. Эдгээр нь эдийн засгийн механизмыг өөрчлөхүйц боломжгүй асуудал биш.

Онцгой үед авах татварын бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, онцгой нөхцөл байдлын үед амны хаалт, ариутгагч, оношлуур, оруулж ирж байгаа газруудыг татвараас чөлөөлөх, үнийн хөөрөгдөл, санаатайгаар хомсдол үүсгэж байгаа хүмүүст хариуцлага тооцох гэхчлэн арга хэмжээ авахгүй байна.

Энэ мэтчилэн нэн шаардлагатай арга хэмжээ авахын оронд зарим гишүүн хөдөө орон нутаг руу явж шагнал гардууллаа. Бид сайн малчин, тариачнаа хэзээ ч шагнаж болно. Гэхдээ өвчний үед хийх ёстой ажил энэ биш болов уу.

Өдөрт орж ирэх 140-өөд тэрбум төгрөгөө алдахгүйн тулд жолооч нараа гарыг нь угаалгаад Гашуунсухайт руу явуулъя гэж байна. Хүн хэрэгтэй юу, мөнгө үү? Бид хилээ хаалаа гээд нүүрсний хэрэгцээ Хятадад дуусахгүй шүү дээ.

-Хятад улс манай нүүрсээр дутахгүй ч бид өдөрт нүүрснээс орж ирэх 10 сая ам.доллараар алдаж байгаа нь иргэд ирэх дарамтыг нэмэгдүүлэх юм биш үү?

-Амьд байх нь чухал уу, алтан аяганы төлөө явж байгаад үхэх нь чухал уу? Эрсдэл ийм өндөр байгаа үед бид иргэдээ хамгаалах хэрэгтэй. Түр зуур битүүмжилсэн хамгаалалтад иргэдээ байлгаж, олон улсын нөхцөл байдлыг ажиглаж байгаад жигдэрч болно.

Эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хороо хуралдаад хүүхэд, ахмад, төрийн албан хаагч, хувийн хэвшлээ онц байдал зарласан энэ үед дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох бодлого дутагдаж байна. Энэ жижигхэн зах зээлд зохицуулалт хийх эрх мэдэлтэй  байгууллагууд ажиллаж, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Миний эрх мэдэл жижигхэн шүү дээ, хөөрхий...

-Иргэд зээлийн хүүг зогсоох асуудлыг хэлэлцэх эсэхт дээр хүлээлт өндөр байгаа шүү дээ?        

-Хүлээлттэй байхаас яах вэ. ЭМЯ коронавирусийн талаар өдөр бүр мэдээлэл хийж байгаатай адил Сангийн яам, Татварын ерөнхий газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зах зээлийн хэлбэлзлийн талаар судалгаа хийж, танилцуулж,  бизнес болон амьжиргаанд нь нөлөөлөөд байгаа хүмүүстэй уулзаж,  зохицуулалтаа хийх ёстой. Өнөөдөр гурил, мах, ногооны нөөц хэдэн тонн байгааг иргэд бид мэдэхгүй байна.

Тухайлбал та дараа сард цалин авахгүй гэдгээ мэдвэл цалингийнхаа 50 хувийг хадгалж, үргүй зардлаа танах байдлаар ирэх сарын амьдрах нөөцөө бэлдэнэ биз дээ.

Одоогийн нөхцөлд төр үүнтэй адил шийдвэрийг гаргахгүй, ирээдүйд ямар нөхцөл байдал хүлээж байгаа талаар судалгаа хийхгүй, өнөөдрийн орлогоороо аргацаагаад амьдарч байна.

Түрээсийн зээлийг түр царцаах санал гаргахад намайг хошин шог ярьж буй мэтээр хэлэлцэхгүй байна. А зэрэглэлийн мэдээлэлтэй, төрийнхний дунд ажиллаж байгаа  иргэний хувьд түрүүлж дуугарахаас өөр аргагүй. Гэхдээ миний эрх мэдэл хөөрхий жижигхэн шүү дээ.

Иргэд та бүхний өмнөөс, УИХ-ын дарга, ерөнхийлөгчтэй ярьж, шийдвэр гаргалтын талаар ажиллах миний үүрэг. Гэтэл надтай уулзахгүй, утсаа авдаггүй.

Зээлийг хүүг түр зогсооё гэдэг санал бол ямар нэгэн популизм биш. Зах зээл өөрийн жамаараа явна, гэхдээ онцгой нөхцөлд төр оролцож зохицуулалт хийх шаардлага  тулгарч байна. Үүн дээр засгийн газрын бүрэлдэхүүн гаргаж мэргэжилтнүүдийн саналыг сонсож, шийдвэр гаргах тал дээр шуурхайлан ажиллах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

TAGS
#Business