• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0

Эдийн засагч, хөрөнгө оруулалтын зөвлөх М.Чингүнтэй ярилцлаа. 

-Коронавиурсийн халдвар цар тахлын хэмжээнд хүрчихлээ. Дэлхийн улс орнууд тодорхой хэмжээнд эдийн засгийн хохирол амсаж байгаа тухай мэдээлэл гарч байна. Энэ цар тахал манай улсын эдийн засагт ямар сөрөг үр дагавартай вэ?

-Коронавирустэй холбоотой бизнесийн салбар зогсонги байдалд орсон. Худалдаа үйлчилгээний газруудад хөл хорио тогтоож, олон улсын тээвэр, хил, гаальд хорио цээр тавьсан нь эдийн засгийг зогсонги байдалд аваачиж байгаа. Сүүлийн хоёр жил ОУВС-гийн хөтөлбөр, ам.долларын ханшаас хамаараад мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, зээл олголт багассан байсан. Энэ нөхцөл байдалд коронавирусийн халдвар хурдацтай тархаж, хүчтэй нөлөөлж байна. 

Бараа үйлчилгээний зах зээлд сард 70-90 тэрбум төгрөгийн хэмжээтэй байдаг. Үүнд худалдан авч байгаа хүнс болон хүнсний бус бүх бараа орно. Гэтэл саяхнаас энэ нь зогсонги байдал нь иргэд, аж ахуйн нэгжид огцом нөлөөллөө. Нэн ялангуяа үйлчилгээний салбарт энэ нөлөө хүндээр тусаж байна. Яагаад гэхээр, үйлчилгээний салбар нийт ажиллах хүчний 40 гаруй хувь байдаг. Үүнтэй холбоотойгоор Монголбанк зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргасан.

-Зээлийн төлбөрийг хойшлуулах нь эдийн засагт ямар үр нөлөөтэй юм бол?

-Иргэдийн сар бүр төлөх зээл хойшилж байгаа нь өрх гэрийн санхүүд ирэх дарамт багасгаж байгаагаараа эдийн засгийн салбарын хүндрэлийг зөөлрүүлэх нэг арга хэмжээ. Нэг ёсондоо, хэн нэгэнд санхүүгийн дарамт учруулахгүйгээр шийдэж болох оновчтой арга. Өрх, аж ахуйн нэгжүүд сар бүрийн орлогоосоо зээл төлөхөөсөө илүүтэй өдөр тутмын бизнес, амьжиргаагаа авч явах бололцоог энэ цаг үед сайжруулах нь чухал байна. 

Энэ арга хэмжээг цар тахал хэдий хэмжээнд үргэлжлэхээс хамаарч сунгах эсэхийг шийдэх хэрэгтэй. Цар тахал удаан үргэлжилбэл, энэ хугацааг сунгаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн нь дээр. Өмнө нь зээлийн хугацааг хойшлуулах шийдвэр банк, санхүүгийн зах зээлд гарч байгаагүй. Хойшлууллаа ч тухайн зээл чанаргүй гэсэн ангилалд ордог байсан. Одоо бол нөхцөл байдал өөр. Кронавирусээс үүдээд эдийн засагт үүсэж байгаа асуудлыг бид одоо ярих ёстой. Өөрөөр хэлбэл, цаашид ямар бодлого барихаа ярилцах нь зөв.

-Дэлхийн улс орнууд ямар бодлого баримталж байна вэ?

-Дэлхий дахинд цар тахлаас үүдэж, эдийн засагт сөргөөр нөлөөлөх нөлөөллийн эсрэг хийх ажлын төлөвлөгөө байгаагүй. 1990-иэд оны сканидановын орнуудын, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед тухай бүрт нь холбогдох арга хэмжээ аваад гарч байсан. Одоогийн тулж ирсэн энэ нөхцөл байдалд дэлхийн улс орнууд хамтын шийдвэр гаргаж байж хохирол багатай даван туулна. Улс бүр эдийн засгаа зөөлрүүлэхэд чиглэсэн бодлого гаргаж байгаа ч төдийлөн үр дүнтэй биш байна. Тухай бүрдээ тодорхой хэмжээгээр үр дүн өгөх ч давж гарах оновчтой арга биш болов уу. 

Коронавирусийн үед зарим орон иргэддээ хүүгүй зээл олгох гэх мэтээр санхүүгийн тусламж үзүүлж байна. Үүгээр дамжуулан эдийн засагтаа итгэх итгэлийг иргэд, аж ахуйн нэгжүүддээ өгч байна гэсэн үг. Улс орнууд эдийн засгийн чадавхиасаа хамаараад өөр өөрийн орон зай харилцан адилгүй. АНУ, Хятад, Европын орны эдийн засгийн чадавхи сайн учраас иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн сайн шийдвэрүүд гаргаж байна. Тухайлбал, сая миний дурдсан хүүгүй зээл. Үүнийг манайд хэрэгжүүлэхэд хэцүү. 

Манайд мөнгөний бодлого өндөр инфляцитай, валютын ханшийн савлагаатай үед энэ тал дээр Монголбанкны авч хэрэгжүүлэх арга хэмжээ хомс. Энэ нөхцөлд дээр, дооргүй хэмнэлтийн горимд шилжих ёстой.

-Тэвчиж болох зардлуудыг танах ёстой юм уу. Тэгэхээр Монгол Улс төсвөө тодотгох шаардлага үүссэн гэсэн үг үү?

-Иргэн, аж ахуйн нэгж, улсын төсөв ч ялгаагүй. Бүгд хэмнэлтийн горимд шилжиж байж, хүндрэлээс гарах ёстой. Энэ утгаараа төсвийг тодотгох нь байх ёстой зүйл. 

Ийм цаг үед, хүнээр жишээ аваад үзэхэд, шинээр байшин барилга худалдаж авах, ямар нэг зүйлд хөрөнгө оруулах бололцоогүй шүү дээ. Бололцоотой байсан ч эдийн засгийн энэ нөхцөлд хөрөнгө оруулалт хийхгүй. Тийм учраас манайх хөрөнгө оруулалтын шинж чанартай төсвүүдээ нэн яаралтай өөрчилж, тодотгосон нь дээр. УИХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор улс төрийн зорилгоор төсвөө тодотгохгүй гээд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг эдийн засгийн өнцгөөс харвал, төсвөө тодотгож, бүсээ чангалсан нь дээр.  

-Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт аж ахуйн нэгжүүдээс зургаан сар нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг авахгүй гэдгээ мэдэгдсэн. Төсвийн нэлээд хэсгийг татварын орлого бүрдүүлдэг. Татварыг царцаачихаар орлого тасрах нь ээ?

-Мэдээж шүү дээ. Татварын орлогын дийлэнх хэсэг Нэмэгдсэн өртгийн албан болон гаалийн татвар байдаг. Эндээс орох орлого эрс багасна. Ерөнхий сайдын мэдэгдэл иргэд, аж ахуйн нэгжид ирэх дарамтыг зөөллөж байгаа нь сайн хэрэг.

 Гэхдээ төсөвт төвлөрүүдэх орлогын хэмжээ буурна гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.

-Төсвөө тодотгохгүй ч Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан нь эдийн засагт тодорхой хэмжээнд үр нөлөөгөө өгнө гэх тайлбар өгч байгаа. Мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулсан нь эдийн засагт нөлөөлж чадах уу?

-Ийм цаг үед бодлогын хүү буурах, заавал байлгах нөөцийн хэмжээг багасгахад арилжааны банкууд эдийн засагт шууд нөлөө үзүүлж чадахгүй. Тэгэхээр Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудтайгаа хамтарч ажиллахаа илүү нээлттэй болгож, харилцаа уялдаагаа сайжруулах ёстой. 

Би энэ асуудалд бөөрөнхий хариулт хэлмээргүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд итгэж зээл өгөх хэцүү шүү дээ. Төр баталгаа гаргаж, дэмжээд “Ирээдүйд учирч болох аливаа хүндрэлийг хамтдаа үүрэлцье” гэвэл арилжааны банкууд зориг орж магадгүй. Яг үнэндээ, арилжааны банк хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Тэд өөрийнхөө бус хадгаламж эзэмшичгдийн мөнгийг зээл болгож гаргадаг. Ойролцоогоор 20 их наяд төгрөгийн хадгаламж банкуудад байдгаас 12 их наядыг нь зээл хэлбэрээр гаргаж байгаа. 

Тэгэхээр төр, арилжааны банкуудын дунд нэгдсэн харилцан ойлголцол бий болж байж, ажил урагшилна гэж бодож байна. Бөөндөө суугаад асуудлаа ярих хэрэгтэй. Түүнээс бодлогын хүү бууруулж, заавал байлгах мөнгөний хэмжээг бууруулснаар асуудал дангаараа шийдэгдэхгүй.  

-УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагатай уулзаж, иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх үүрэг өгсөн. Энэ үеэр банкууд тодорхой хэмжээний мөнгийг татаас хэлбэрээр авах саналтай байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл бий. Энэ ямар учиртай юм бол?

-Надад энэ талаар албан ёсны мэдээлэл алга. Татаас гэдэг буцааж төлөхгүй нөхцөлтэй зардал. Эдийн засагт аж ахуйн нэгж, иргэд, өрх гэр, Засгийн газар, санхүүгийн зах зээл гэсэн дөрвөн оролцоо байдаг. Банкны салбар өрх гэр, иргэд, аж ахуйн нэгжид зуучлалын үйлчилгээ үзүүлдэг газар. Өрх гэрийг, санхүүгийн болон хөдөлмөрийн зах зээлийг хэрхэн дэмжих вэ гэсэн хөтөлбөр УИХ-аас баталж, албажуулсан нь дээр юм болов уу. 

Төрөөс ийм дэмжлэг авна, эх үүсвэр нь хаанаас байх вэ, энэ мөнгийг эдийн засагт ингэж хүртээнэ гээд бүх зүйл тодорхой хөтөлбөр байх ёстой гээд байгаа юм. Эдийн засгийн хямралаас гарсны дараа төрөөс авсан мөнгөө ингэж төлнө, ингэхдээ эдийн засагт учирч болох байсан хохирлын дүн ийм хэмжээнд байх байсныг төдөн төгрөгөөр буурууллаа гэсэн тооцоо судалгаатай хөтөлбөр баталж, хэрэгжүүлбэл оновчтой байх.   

С.Батзаяа

image
TAGS
#Business