• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    140   |  
0

Интернет технологийн хөгжилтэй уялдан онлайн худалдаа бидний өдөр тутмын амьдралд гүн нэвтэрчээ. 

Энэ салбарын анхдагчид болох “Amazon”, “Ebay” гэх мэт компаниуд өдгөө дэлхийн хамгийн том компаниудын эгнээнд элссэн байна. Технологи улам даяарчлагдахын хэрээр Азийн компаниуд ч энэ салбарт хүч түрэн орж ирж байна. 

Онлайн худалдаанаас Хятадын хоёр дахь баян хүн Жак Ma, Японы 14 дэх баян Юсакү Маэзава нарын бизнес эрхлэгчид төрсөн. Монголчууд америк сайтуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авах нь элбэгшиж байгаа учир энэхүү нийтлэлээр Азийн тэргүүлэх онлайн худалдааны сайтуудын тухай танилцуулахыг зорив. 

Ази онлайн худалдааны сайтууд өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал,

  • Барууны болон Америкийн орнуудаас харьцангуй ойрхон учир тээврийн зардал хямд.
  • Тэмдэглэдэг баяр ёслолууд ижил төстэй учир хямдралын үе Монголынхтой давхцах нь бий.
  • Зөвхөн баяр гэлтгүй энгийн үед ч бараа бүтээгдэхүүнүүд “цөм” хямдарсан байх нь олонтаа.
  • Зөвхөн дотоодын болон Азийн зах зээлд зориулсан онцгой эсвэл харьцангуй хямд бүтээгдэхүүнүүдтэй.

ХЯТАДЫН ИНТЕРНЕТ ХУДАЛДААНЫ САЙТУУД

ДАВУУ ТАЛУУД: 
  -Байхгүй юм бараг үгүй, харьцангуй хямд.

Alibaba/AliExpress - Эдгээр нэрсийг сонсоогүй хүн бараг үгүй. Ялгааг нь энгийнээр тайлбарлавал “Alibaba” нь бөөний худалдааных, “AliExpress” нь жижиглэн худалдааны сайт юм. Үйлдвэрлэл, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийг эндээс олж хайвал оновчтой.

Taobao.com - “Alibaba” группын нэг хэсэг бөгөөд хүний хэрэгцээ цөм бүрэн “C2C” буюу “хэрэглэгчээс хэрэглэгч” гэсэн бизнес загвартай сайт юм. Товчхондоо “Ebay” шиг гэж ойлгож болно.

Tmall.com - Мөн “Alibaba” группийн нэг хэсэг бөгөөд “B2C” буюу “бизнесээс хэрэглэгч” гэсэн бизнес загвартай. Энгийнээр хэлбэл “Tmall”-ийг орчин үеийн их дэлгүүртэй, “Taobao”-г уламжлалт хар захтай дүйцүүлэн ойлгож болно. Тиймээс ч “Tmall” дахь бараа бүтээгдэхүүнүүд “Taobao”-нхоос үл ялиг үнэтэй.

JD.com - Дээрх гуравтай адилгүй бие даасан худалдааны сайт бөгөөд электрон барааны өргөн сонголттой.

ХЭРХЭН ТӨЛБӨР ТӨЛӨХ ВЭ?

Хятад сайтууд ханз бичигтэй байдаг учир тайлж уншихад төвөгтэй. “Google Translate” ашиглан ерөнхийд нь хөрвүүлж болно. Харин бүртгүүлэх, цаашлаад төлбөр төлөхөд заавал Хятадад оршин суух хаяг шаардаж, хятад гар утасны дугаараар бүртгэл баталгааждаг учир бие даан Монголоос худалдан авалт хийх боломжгүй шахуу. Тиймээс энэ асуудал дээр дөрөөлөн Монголд хятад сайтуудаас бараа бүтээгдэхүүн захиалж өгдөг үйлчилгээ олширсон билээ. Жишээ нь: hibox.mn, agent.mn, ‘facebook’ дээрх “Хос Жинчид” хуудсууд гэх мэт олон үйлчилгээнүүд бий.

ХЭРХЭН ХҮРГҮҮЛЭХ ВЭ?

Ихэнх бараа захиалж өгдөг үйлчилгээнүүд захиалгыг тань Улаанбаатар хүртэл тээвэрлэн авчирна. Зарим нь бүр гэрийн хаягаар тань үнэгүй хүргэж өгдөг. Хятадын дотоодын тээвэр хямд, Хятадаас Монгол тээврийг хувиараа хийдэг гэх мэт хүчин зүйлсийн улмаас “DHL”, “EMS” гэх мэт олон улсын  тээврийн компаниудынхтай харьцуулшгүй хямд. 

 

ЯПОНЫ ИНТЕРНЕТ ХУДАЛДААНЫ САЙТУУД  

 

ДАВУУ ТАЛУУД:
    -Байнгын хямдрал, чанартай бараа, Японы зах зээлд тусгайлан зориулсан ховор бүтээгдэхүүнүүд.

ZOZO.jp - Японы хамгийн том, онлайн худалдааны нүүр царай болсон хувцас загварын сайт. Хямд өдөр тутмын брэндээс эхлээд олон саяын үнэтэй тансаг брэндийн хувцаснуудыг нэг доороос эндээс олж авах боломжтой. Мөн бараа бүтээгдэхүүнүүд цаг үеэс үл хамааран байнгын хямдралтай байдаг нь гайхалтай. Нэмж хэлэхэд "ZOZOUSED" гэх хуучин хувцас худалдаалдаг хэсэгтэй. Тухайн хувцаснууд нь хэр зэрэг хуучирсанг илтгэх индикаторуудтай нь сонголт хийхээд дөхөм болгодог.

abc-mart.net - Энэ нь Японы хаа сайгүй байх гутлын төрөлжсөн дэлгүүр юм. Тэдний онлайн худалдаа ч гайхалтай сайн хөгжсөн. “Nike”, “Adidas”, “Converse”, “Dr.Martens”, “Timberland” гэх мэт алдартай брэндүүдийн гутлыг эндээс олох боломжтой. Мөн “Zozo” шиг улирал, цаг үеэс үл хамааран байнга хямдралтай байдаг.

Janpara.co.jp - Энэхүү сайтаас хуучин электрон бараануудыг олж авах боломжтой. Бараг л цоо шинэ гэмээр бараануудыг хямд үнээр эндээс олж болно.

ХЭРХЭН ТӨЛБӨР ТӨЛӨХ  ВЭ?

Өдийг хүртэл Японоос бараа бүтээгдэхүүн авахад тэнд оршин сууж байгаа хэн нэгнээр дамжуулж авдаг байв. Харин сүүлийн үед япон сайтууд олон улс руу чиглэсэн өөрчлөлт, шинэ үйлчилгээнүүдийг гаргаж ирсээр байна. 

Buyee.jp гэх сайт руу та ороод үзээрэй. Энэхүү сайт нь японы онлайн худалдааны сайтууд дээрх бүтээгдэхүүнийг дэлхийн хаанаас ч захиалан авах боломж олгодог. Дээр дурдсан гурван сайтын бараа бүтээгдэхүүнийг “Buyee”-р дамжуулж авах боломжтой. Төлбөр төлөхөд түгээмэл ашиглагддаг “Visa”, “mastercard” эсвэл бүр “PayPall” ашиглаж болно.

ХЭРХЭН ХҮРГҮҮЛЭХ ВЭ?

Уламжлалт аргаар бол авсан бараагаа Японоос Монголруу ирж буй хүнд дайдаг байв. Харин “Buyee”-г ашигласнаар захиалсан бүтээгдэхүүнээ та “EMS” болон “Japan Post”-р хүргүүлэн авах боломжтой (1кг - 2000 орчим иен). Хятадаас хувийн каргонуудаар бараа захиалдгаас илүү найдвартайн дээр хаана явааг нь хянаж болно.

TAGS
#Business