A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 131 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 131 | |
|
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид COVID-19 цар тахлын хөл хорионы үеэр үе тэнгийнхээ сурагчдад цахимаар англи хэлний сургалт, сэтгэл судлалын цуврал сургалтуудыг зохион байгуулж явуулсан бол энэ удаа 10-12 дугаар ангийнхан “Elite hive academy” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү төслийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд суралцах чин хүсэлтэй, хувийн болон улсын ерөнхий боловсролын сургуулийн 50 сурагчийг сонгон шалгаруулж, нэг сарын хугацаанд таван зорилго бүхий цогц сургалтыг ахлах ангийн сурагчид мэргэжлийн багш нарынхаа дэмжлэгтэйгээр заах юм байна. Үүнд англи хэлний шалгалт болох IELTS, TOEFL, мэргэжлийн хичээлийн SAT шалгалтуудад бэлтгэх, сайн эссэ бичих, CV-гээ бэлтгэхээс гадна сайн дурын ажил буюу нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх зэрэг гадаадад их дээд сургуульд суралцахад шаардагддаг ур чадварыг хөгжүүлэх, шалгалтуудад бэлтгэхийг зорьжээ.
Сургалтын төвүүдэд 2-5 сая төгрөгийн үнэтэй байдаг энэ сургалтуудыг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид үнэ төлбөргүй явуулахаар санаачлан, сурах хүсэл эрмэлзэлтэй ч боломжгүй үе тэнгийнхээ найз нөхдөд боломж олгож, боловсролын тэгш хүртээмжийг хүүхдүүд өөрсдөө бий болгож байгаа нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймээс төсөл санаачилсан сурагчидтай уулзаж ярилцлаа.
З.Зориглон: Би “Улаанбаатар Элит” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, энэ жил төгсөж байгаа. Анх ангийнхаа нэг найзтайгаа ярилцаж байгаад энэ санаачилгыг эхлүүлэхээр болсон. Төгсөхөөсөө өмнө мэддэг, чаддаг зүйлсээ сурах хүсэлтэй ч боломжгүй байгаа бусдадаа зааж өгөхийг зорьж, мөн COVID-19 цар тахлаас шалтгаалан хүссэн улсдаа, хүссэн сургуульдаа сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд бэлтгэлээ сайн хийж сургуулиа сайжруулах боломж олгохыг хүсэж энэ төслийг санаачилсан. COVID-19 цар тахлын хөл хориог үр дүнтэй ашиглах маш сайхан боломж гэж бид анх ярилцсан.
Манай сургуулийн багш нар, захирал маань сурагчидтайгаа маш ойрхон ажилладаг. Бидний үргэлж сонсож, дэмждэг, ийм зүйл хиймээр байна гээд төслөө санал болгоход ажил хэрэг болгох гэж дэмждэг, тусалдаг сургууль ховор шүү. Тиймээс бидэнд энэ боломжийг олгодог багш нартаа, сургуульдаа маш их баярлаж байна.
Т.Чинзориг: Би сургуулийнхаа 11 дүгээр ангид суралцдаг. Анх 9 дүгээр ангид байхдаа улсын сургуулиас шилжиж ирсэн. Ангидаа 50 гаруй хүүхэдтэй байсан тэр үед “Улаанбаатар Элит” сургуульд ороод сурах орчин нөхцөл нь өөр, маш гоё байсан. Найзууд маань ч гэсэн ийм нөхцөлд, ийм хичээлүүд заалгасан бол ямар сайхан гэж бэ гэж боддог байсан. Харин одоо энэ боломжоос бага ч гэсэн үе тэнгийнхэндээ олгож, мэдлэгээ хуваалцах гэж байгаадаа их баяртай байна. Боломжгүйгээсээ болоод гадаад улсад сайн сургуульд сурч чадахгүй байгаа тийм хүүхдүүдэд тусалж чадна гэж итгэж байна.
Б.Одбаяр: Би 11 дүгээр ангид суралцдаг. “Elite hive academy” төсөлд оролцож, үеийнхэндээ мэддэг чаддаг зүйлсээ зааж өгөх болсондоо их баяртай байна. Энэ төслийн явцад бид өөрсдөө хичээл заах учраас түүндээ бэлдээд өөрсдөө ч их зүйл сурах боломжтой. Хамгийн сайн сурах арга бол бусдад хичээл заах юм шүү. Мөн бидний дунд жишээ нь IELTS шалгалтаа өгөөгүй хүүхдүүд бий. Тиймээс өөрсдийнхөө мэдэхгүй зарим зүйлс дээр мэргэжлийн багш нартайгаа хамтраад заагаад явна.
Т.Нямсайхан:Би мөн 11 дүгээр ангид сурдаг. Өмнө нь хөл хорионы үеэр улсын сургуулийн хүүхдүүдэд онлайнаар англи хэл заах “Spark online” төсөлд оролцож, хичээл заасан. Бусдадаа мэддэг зүйлээ заагаад урам авахаар улам хичээх юмсан гэж боддог юм билээ. Хүүхэд хүүхдээсээ илүү сайн сурч чаддаг. Тиймээс бидний төсөл үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа.
М.Гарьд: Би 10 дугаар ангийн сурагч. “Spark online” төсөл дээр мөн бизнесийн хичээл заасан. Онлайн хичээл танхимын хичээлээс их өөр санагдсан. 5-6 цаг суугаад хичээлээ бэлдээд заахад 20 хүүхдээс зарим нь идэвхтэй оролцохгүй байсан ч бусад нь анхааралтай сонсоод “Ямар гоё заадаг юм бэ. Маш сайн ойлгож авлаа” гээд хэлэхээр маш их урам авдаг юм билээ. Мэддэг зүйлээ бусдадаа зааж өгнө гэдэг маш гоё. Цаашид бизнесийн удирдлагаар сурна гэдэгтээ итгэлтэй болсон. Манай “Elite hive academy”-ийн сургалт үнэ төлбөргүй учраас олон хүүхдэд боломж олгож чадна гэж бодож байна.
Б.Удвал: Би 12 дугаар ангиа төгсөж байна. Австралийн Күйнслэндийн их сургуульд суралцахаар болсон ч коронавирусээс шалтгаалаад намар сургуульдаа явах боломжгүй байгаа. Гэхдээ энэ үеэ ашиглаад бусдадаа гадаадын их, дээд сургуульд суралцахад нь тусалж байгаа энэ төсөл маш чухал гэж бодож байна.
Би мөн сургуулиа төгсөж байна. Цар тахал бидний боломжийг нэг талаар хааж байгаа мэт боловч бусад олон боломжийг өгч байна. Үүний нэг хэсэг болоод бидэн шиг гадаадын их, дээд сургуульд сурах хүсэлтэй ч сонгосон мэргэжлийн хичээлээс гадна бусад шаардлагатай зүйлсээ мэдэхгүй байгаа хүүхдүүдэд туслах боломжтой байгаад сэтгэл хангалуун байгаа. Бидний сургалтад хамрагдсан хүүхдүүдээс дэлхийд данстай томоохон их, дээд сургуульд элсэж чадвал бид тэр хүүхдийн амьдралд маш чухал өөрчлөлт хийх боломж бий болгож байна гэсэн үг. Энэ нь бидний төслийн үр дүн байх болно.
Э.Цэлмэг: Би ”Улаанбаатар Элит” сургуулийн 12 дугаар ангийн сурагч. “Elite hive academy” төсөл зөвхөн энэ нэг сар хэрэгжээд зогсохгүй цаашид мөн үргэлжлэх боломжтой төсөл. Тиймээс энэ жил хөл хорионоос болоод гадаад улс руу явахгүй байгаа ангийнхан маань, мөн доод ангийн дүү нар маань цаашид улам өргөжүүлнэ гэдэгт нь итгэлтэй байгаа.
М.Гарьд: Төслийн талаар танилцуулахад, гаднын их, дээд сургуулиудад элсэн ороход зөвхөн шалгалтын оноо хангалттай бус байдаг. Сайн, чадварлаг, онц сурдаг олон мянган хүүхэд байгаа. Тиймээс тухайн хүүхдийг таньж авахын тулд дүнгээс гадна олон чадварыг харгалзан судалдаг. Тэр талаар цогц мэдээллийг өгөх зоригоор энэ төслөө хэрэгжүүлж байгаа. Тиймээс төслийн хүрээнд гаднын их, дээд сургуулиудад элсэхэд үндсэн шаардлага болдог.
IELTS, TOEFL шалгалтууд, SAT шалгалт, CV бичих, Эссэ бичих, Олон нийтийн ажил хийх гэсэн шалгуурт тэнцэх бэлтгэлийг нь хангахад нь бусад сурагчдад туслах зорилготой. Олон нийтийн ажлын хүрээнд “Elite hive academy”-д суралцах хүүхдүүд маань манай багшлах хүүхдүүдтэй хэдэн багт хуваагдаад өөрсдөө төслөө санаачилна. Санаачилсан төслүүдээ бүгд хамт хэрэгжүүлэх юм.
Б.Одбаяр: Бидний явуулах сургалт дотроо бизнес, физик, хими, биологи, урлаг буюу арт гэсэн таван хичээлийн хүрээнд таван ангид хуваагдан явагдана. Хичээлүүдээ англи хэлээр мөн заагаад явна. Оролцож буй хүүхдүүддээ аль болох англи хэлний дадлага хийх боломжийг гаргаж өгөхийг зорьж байгаа. Энэ төсөлд манай 10, 11, 12-р ангийн 21 сурагч сайн дураар оролцож байгаа.
Т.Нямсайхан: Онлайнаар сонгон шалгаруулалтаа хийнэ. Одоогоор 40 гаруй хүүхэд бүртгүүлчихсэн байна. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдээ онлайнаар шалгаруулахдаа асуултуудад хариулт авна. Тэндээс тухайн хүүхэд үнэхээр тууштай сурах хүсэл эрмэлзэл байна уу, гадаадад сурахыг хүссэн ч ямар бэрхшээл байна зэргийг нь харгалзаж, 100 хүүхдийг нь сонгоно. Тэр хүүхдүүдтэйгээ уулзаж, ярилцлага хийснээр 50 хүүхдийг нь эцэстээ сонгон сургалтанд хамруулна.
Б.Одбаяр: Таван ангид хувааж сургалтаа явуулна гэж сая хэлснийг тайлбарлахад бидний сургалт онлайнаар биш танхимаар явагдана, Эдузон сургалтын төв болон манай сургууль дээр. Ингэхдээ Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу нэг ангид 10-аас хэтрэхгүй хүүхэд суух бөгөөд ширээ хоорондын зай хоёр метр байх дүрмийг дагана. Сургалт зургаадугаар сарын 15-наас долдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өдөрт өглөө 09.00 цагаас 13.00 цаг хүртэл хичээллэнэ. Дундаа нэг удаагийн их завсарлагатай байхаар хуваариа төлөвлөсөн.
М.Гарьд: ”Spark Online” сургалтаар хүүхдүүдийг мөн сонгон шалгаруулан авч байсан.Бид бүх хүүхдэд харамсалтай нь хүрч чадахгүй. Хүсэлтээ явуулсан 200 гаруй хүүхдийн материалтай танилцаад 20-ийг нь шалгаруулж авч байсан. Энэ удаагийн сонгон шалгаруулалт нь ижил төстэй аргаар явагдана.
Т.Нямсайхан: Бид өөрсдөө боловсруулан бэлдэж байгаа. Бид мөн дараа жил өөрсдөө их дээд сургуулиудад элсэх тул бид мөн шалгалтандаа бэлдэх маш сайхан боломж олж авч байгаа.
Олон нийтийн ажил буюу хүүхдүүд төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь сонирхолтой санагдлаа. Энэ хүрээнд юу зааж, сургаж, яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
Д.Молор: Гадагшаа сургуульд тэнцээд, элсээд сурахад зөвхөн шалгалтын оноо, дүн хангалттай байдаггүй. Тиймээс олон нийтийн ажилд оролцох нь чухал. Бид шалгарсан хүүхдүүддээ зөвлөөд, хамт төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Би БНХАУ-ын Tsinghua Их сургуульд сурахаар болсон, энэ сургууль 2020 онд чансаагаараа дэлхийд 23-р байранд эрэмбэлэгддэг сургууль. Энэ сургуульд элсэн ороход бидний өмнө нь хэрэгжүүлсэн төслүүд их хэрэг болсон гэж боддог.
З.Зориглон: Сургалтанд хамрагдах хүүхдүүдтэй хамт бид багт хуваагдаад төслүүдээ хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэхэд мөн санхүүжилт хэрэгтэй. Бид тухайн төсөлдөө санхүүжилтээ босгохоор байгууллагуудаар уулзаж явна. Хүмүүстэй уулзаж хийж буй ажлаа танилцуулна, өөрийгөө, багаа, төслөө зөв илэрхийлнэ гэдэг бас сурах ёстой амаргүй ур чадвар.
Т.Нямсайхан: Төслийг хэрэгжүүлэхэд 7 сая гаруй төгрөгийн төсөв хэрэгтэй болсон. Үүнд мэргэжлийн багш нарын цалин, сурагчдад өгөх сургалтын хэрэгсэл, өдрийн завсарлагаанаар хэрэглэх цай кофе гэх зэрэг зүйлс багтсан. Сургууль маань дэмжиж болно гэсэн, гэхдээ энэ зардлыг бид заавал сургуулиас гаргахгүйгээр өөрсдөө босгохоор шийдсэн байгаа.
Т.Чинзориг: Энэ зорилгоор бид одоогоор 18 компанитай очиж төслөө танилцуулж, уулзалт хийсэн. Одоогоор хариу хүлээж байгаа. Бидний өмнөх SPARK төслийг дэмжинэ гэдгээ Говь ХК, Голомт банк, Лэнд.мн бидэнд хэлж байсан. Энэ удаад мөн нийгмийн ийм ажилд туслах байгууллага байгаа гэдэгт итгэлтэй байна.
Б.Одбаяр: Бид нийлээд ээж ааваасаа туслалцаа авч болох байсан. Гэхдээ ингэж амархан олохыг хүсээгүй. Өөрсдөө мөнгөө босгоод төслөө хэрэгжүүлэх нь бидэнд илүү чухал гэж үзсэн. Үнэтэй туршлага ч болно гэдэгт итгэж байна.
Д.Молор: Бид сургуулийнхаа НҮБ-ын загвар хурал буюу EIMUN-ийг өнгөрсөн жил өвөрмөц шинэлэг хувилбараар маш сайн зохион байгуулсан. Англи хэлээс гадна Монгол хэл, Орос, Хятад хэл дээр нэгэн зэрэг явагдсан. Энэ хувилбараараа Монголд анхны удаа байсан болов уу. Мөн ОХУ-аас оролцогчид ирж оролцсон нь сонирхолтой болгосон. Мэдээж зөндөө бэрхшээл, алдаа оноо байсан, гэхдээ багаараа даван туулж чадсандаа их баяртай байдаг. Энэ туршлагаасаа, мөн сурсан мэдсэнээ хүүхдүүдэд хуваалцаж, бусдадаа өгөх нь сэтгэл хангалуун, аз жаргалтай байх тэр чухал мэдрэмжийг өгдөг.
Т.Нямсайхан: Бидний төлөвлөж байсан олон ажил цар тахалтай холбоотой хойшлогдсон. Нөхцөл байдал сайжрахаар бид үргэлжлүүлнэ ээ. Жишээлбэл бидний нэг чухал төсөл маань яг хэрэгждэгийн даваан дээр хөл хорионоос болоод зогссон. Энэ төсөлд бид бусад сурагчтайгаа нийлээд Улаанчулуутад байдаг “Вэлүү” сангийн үүсгэн байгуулсан цэцэрлэгийн хүүхдүүдэд зураг, дуу хөгжим, тооны хичээлийг англи хэлээр зааж, бяцхан хүүхдүүдэд ном уншиж, хамтдаа тоглож англи хэлийг заах байсан.
Т.Чинзориг: Тус цэцэрлэгт хэд хэдэн удаа очиж хүүхдүүдтэйгээ уулзсан. Тэр жаахан хүүхдүүд маань хүлээж байгаа тул намраас хичээл орохоор бид төслөө хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.
Э.Цэлмэг: Мөн Улаан-Үдэд очиж хүүхдүүдэд англи хэл заах гэж байсан. Манай сургуулийн НҮБ-ийн загвар хуралд оролцсон сурагчдад SPARK төслөө танилцуулсан. Энэ зун тэнд очиж хамтарч хэрэгжүүлэх байсан төслийг магадгүй дараа жил хөл хорио дуусахаар 10, 11-р ангийн хүүхдүүд маань үргэлжлүүлэх байх гэж найдаж байна. Бид SPARK төслөө анх Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байсан. Миний оролцож байсан энэ мэт төслүүд маань надад их сургуульд элсэн ороход тус болсон гэж боддог. Би Их Британи улсад Манчестерийн их сургуульд сурахаар болсон.
З.Зориглон: Одоо бидний хэрэгжүүлэх “Elite hive academy” сургалтад бусад сургуулийн 10, 11 дүгээр ангийн хүүхдүүд идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Яагаад гэвэл би өөрөө 12-р ангид ороод бэлдье, шалгалтуудаа өгье гэж хойшлуулсаар яваад цагийг нь тулгасан байсан тул бусад хүүхдийг ингэж битгий цаг алдаасай гэж хүсэж байна. Өөрсдийнхөө алдаан дээр биш миний алдаан дээр суралцаасай. 10 дугаар ангиасаа хойш сайн бэлдээд, шалгалтуудаа өгөөд 12 дугаар ангидаа сургуулиуддаа хүсэлтээ явуулаад хариугаа хүлээж байх ёстой үе юм шүү гэдгийг хэлмээр байна.
Ярилцсан та бүхэнд баярлалаа. Төсөлд нь амжилт хүсье.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|