• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    111   |  
0
 

Хурдацтай хөгжин дэвшиж буй өнөөгийн ертөнцөд бидний амьдрал өдөр ирэх тусам үүлэн технологид ойртож, олон талаар хөнгөвчилж өгч байдаг. Харин бид Амазон веб сервисийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Fibo Cloud-ийн үүсгэн байгуулагч Н.Ганжигүүртэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Сонирхуулахад, тэдний Hacknight special event энэ долоо хоногийн пүрэв гарагт болох гэж байгаа шүү! 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-2014 онд МУИС-г компьютерийн шинжлэх ухааны мэргэжлээр төгссөн бөгөөд технологийн салбарт зургаа дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн гурван жил “Cloud Computing” технологид илүү сонирхон ажиллаж мөн уг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компани байгуулан ажиллаж байна.

-Яагаад Cloud Computing технологид сонирхож орох болов?

-Орчин үеийн бизнесийн модель болон технологийн шийдлүүд дижитал шилжилт, аж үйлдвэрийн хувьсгалыг даган үндсээрээ өөрчлөгдөж байна. Мөн COVID-19-с улбаалан цахим шилжилт бий болж байгаа нь технологийн нөөц, боломжийг хүмүүст маш тодоор харуулж байна. Uber, AirBnb, Dropbox гэх зэрэг компаниуд үүлэн технологийн тусламжтайгаар олныг хамарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр нэвтрүүлж эхэллээ. Энэ бүх платформууд зөвхөн "үүлэн технологийн" (Cloud Computing) тусламжтай л хэрэгжих боломжтой. Сонирхолтой статистик дуулгахад, хөл хорио тогтоосноос хойш дэлхийд хамгийн татагдсан апп-ууд гэвэл Zoom, TikTok, Google Hangout гэх зэргийг нэрлэж болох бөгөөд үүний цаана өнөөх л үүлэн технологи явж байгаа.

-Fibo Cloud компаниа хэзээ, хэрхэн үүсгэн байгуулагдсан бэ?

-Монголоос гадагшаа гарч буй технологийн зардал болон хүний нөөцийн урсгалыг дотооддоо үлдээх, дэлхийд өрсөлдөхүйц технологи хөгжүүлэх зорилготойгоор анх 2018 онд хоёр найзтайгаа нэгдэн Amazon Web Service-н зөвлөх компани байгуулсан. Одоогоор манай баг 15 хүний бүрэлдэхүүнтэй дотоод, гадаадын компаниудад технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна өөрсдийн нэрийн Cloud system хөгжүүлж байна. Миний хувьд Fibo Cloud-д ажиллахаас өмнө Солонгосын нислэгийн тийзийн компанид ажилладаг байсан. Тухайн үед богино хугацаанд, бага нөөцөөр Солонгосын зах зээлд бизнесээ нэвтрүүлэх сорилт тулгарсан. Өөрөөр хэлбэл, ачаалал даах хэмжээний платформыг богино хугацаанд бий болгох шаардлага үүссэн бөгөөд үүлэн технологид суурилсан үйлчилгээнүүд буюу "Amazon Web Services"-д тулгуурласан шийдлийг хэрэгжүүлсэн нь үр дүн авчирсан. Ингэж анх үүлэн технологийн хүч чадал, давуу талыг мэдэрч, Монголдоо нэвтрүүлье гэж шийдсэн юм. Тийм ч учраас Amazon Web Services, Google Cloud Platform, Cisco-ийн албан ёсны шалгалт өгч мэргэжлийн сертификаттай болсон. Инженерүүд маань бүгд сертификатын шалгалтад бэлдээд энэхүү компаниа байгуулж байсан.

-Уншигчдад Amazon Web Service (AWS) - ийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Amazon компанийг бүгд мэднэ шүү дээ. Уг сайт Black Friday, шинэ жилийн үеэр ачаалал ихтэй байдаг мөртлөө бусад үед серверийн үр ашиггүй зарцуулалт байгааг анзаарч тэрхүү ашиглагдахгүй серверийн нөөц болон технологийн шийдлээ олон нийтэд үйлчилгээ болгож зарах санаа гарч ирснээр Amazon Web Services компанийн түүх буюу орчин үеийн үүлэн технологийн түүх эхэлж байгаа юм. Үр дүнд нь гарааны бизнесүүд өөрсдийн санаагаа бодит болгох технологийн платформоо бий болгохын тулд хаа нэгтэйгээс өндөр үнэтэй сервер худалдан авч, мөн угсарч цаг алдалгүйгээр AWS-с нэг минутын дотор виртуал сервер үүсгэн хэрэглэх боломжтой болсон. Dropbox, AirBnb, Netflix, Facebook, Linkedin гэх мэт компаниуд яагаад ийм хурдан өсөлт хийсэн гэдгийн шалтгаан нь ердөө л энэ. Тэд технологийн буюу сервер дэд бүтцийн асуудлуудаа AWS-т бүрэн даатгаад, бизнестээ түлхүү цаг зарцуулсан юм.

 
 

-Монголд үүлэн технологи нэвтрээд хэр удаж байна вэ?

-Бизнесийн компаниуд тэр чигтээ үүлэн технологид шилжсэн тохиолдол одоогоор цөөн байна. Нөгөөтэйгүүр аль хэдийн бизнесийн платформ нь тогтвортой болчихсон байгууллагад үүлэн шилжилт хийх нь нэг өдрийн ажил биш багадаа зургаан сараас нэг жил зарцуулна. Ингэхийн тулд уг салбарт мэргэшсэн туршлагатай инженерүүд буюу үүлэн технологийн талаарх гүнзгий мэдлэг бүхий хүний нөөц шаардлагатай гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр үүлэн шилжилтийг зоригтой хийснээр дараагийн тав, арван жил гарах технологийн зардал болон үйл ажиллагааг ихээр хөнгөвчлөхийг энд дурдмаар байна. Харин шинээр стартап эхлүүлэхээр зэхэж буй залуучууд үүлэн технологийн давуу талыг ашиглан маш богино хугацаанд үр дүндээ хүрч, зах зээлээ түрүүлж эзэлж байгаа жишээ бас бий. Үүний тод жишээ нь 2017 онд байгуулагдсан "shoppy.mn" юм.

-Үүлэн технологи дээр суурилсан бизнесийн давуу тал юу вэ?  

-Дурдвал маш олон. Дэлхийн хамгийн том 1000 компанийн 96% нь ямар нэг хэмжээгээр үүлэн технологийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Мөн Ковид-19-ийн дараах бизнесийн чиг хандлага тэр чигтээ өөрчлөгдөх бөгөөд технологийг хэн хамгийн үр дүнтэй ашиглаж чадсан нь ялагч болно. Ямар ч гэсэн үүлэн технологи дээр суурилсан платформын хамгийн чухал давуу талууд гэвэл: Технологи болон хүний нөөцөд зарцуулах төсвөө их хэмжээгээр хэмнэх боломжтой. Түүнчлэн платформын найдвартай ажиллагаа хамгийн өндөр түвшинд очиж, хөгжүүлэлтийн хурд ихэснэ.

-Удалгүй зохион байгуулагдах "Hacknight" event-ийн талаар тайлбарлавал?

-Гаднын инженерүүд мэдлэг туршлагаа солилцож, код бичиж уулзалт (meet-up) хийдэг. Энэ соёл манайд харьцангуй хожуу орж ирсэн. Мэдээллийн технологи (IT) Монголд ид хөгжиж байгаа энэ үед ийм эвент зохиох нь ихээхэн ач холбогдолтой. Анх 2019 оны нэгдүгээр сараас хоёр долоо хоног бүр барууны хэв маягаар тогтмол зохион байгуулж ирсэн. Улмаар дөрөвдүгээр сард АНУ-ын Сиэтл дахь Амазоны оффисоос бидэнтэй холбогдож манай бүлгэмд албан ёсны эрх олгосон. Ингэснээр бид албан ёсоор баталгаажсан Азийн 17 дахь "user group" болсон. Мөн болж буй event болгоны тойм AWS-д мэдээ болгон очдог бөгөөд Amazon компаниас Монгол инженерүүдэд зориулсан хөнгөлөлт, мерчендайз бэлэг илгээх гэх мэт давуу талууд үүсч байгаа.

Уг бүлгэмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг awsmongolia.com сайтаас хүлээн аваарай.

 
 

-Энэхүү эвентийн үйл ажиллагааны цар хүрээ хэр тэлсэн бэ? 

-Монголд тогтмол үйл ажиллагаа явуулдаг хамгийн том эвент гэдгээрээ онцлог. Манай бүлгэмд 2,000 гаруй гишүүн байдаг. Мөн эвент зохиох бүртээ группийн гишүүдээсээ санал хурааж сэдвээ тодорхойлдог. Сүүлийн үед хөл хорионы дэглэмтэй холбогдуулан уулзалтаа тасалдуулахгүйн тулд цахимаар зохиож байна. Харин пүрэв гарагт буюу зургадугаар сарын 18-нд 19:00 цагаас зохиогдох эвент Machine Learning, AI сэдвийн хүрээнд AWS-д ажилладаг техникийн мэргэжилтнүүд дэмжин оролцох болсноороо илүү онцлогтой. Цаашид бид туршлагатай инженерүүдийн яриа болон туршлагыг олон нийтэд хуваалцах зорилгоор уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Мөн бүсийн хэмжээний AWS-н чуулганыг Монголдоо зохион байгуулах мөрөөдөлтэй. Ингэснээр дэлхий нийт Монголыг технологийн хувьд хоцрогдоогүй улс гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

-Эвент сэдэв болох Machine learning-ын талаар бидэнд хуваалцвал?

-Бүх зүйл дижитал хэлбэрт шилжиж байгаа энэ үед аливаа зүйлсийн өмнөх түүх буюу хадгалагдсан өгөгдлүүдийг шинжилж ирээдүйд юу болохыг таамаглах эсвэл компьютерийг илүү боловсронгуй ажиллахад зориулагдсан програм гэж энгийнээр тайлбарлаж болно. Эсвэл компьютерийг хүний тархи шиг ажиллуулж буй технологийн шийдэл ч гэж хэлж болох юм. Үүний үр дүнд хиймэл оюун ухаан, царай таних систем, өөрийгөө жолооддог автомашин, Siri шиг дуу таних ухаалаг төхөөрөмж гэх мэт зүйлс биеллээ олж байгааг бид харж байна.

-IT-ийн инженерүүд нэгдэхийн ямар үр дүнд хүрэх ач холбогдолтой вэ?

-Инженерүүд өөрт тулгарсан асуудлыг хоорондоо ярилцаж шийдвэрлэх, нэгнээсээ урам зориг авахад хөшүүрэг болдог. Тухайлбал, дээр дурдсан AWS, Google зэрэг томоохон компаниудын мэргэжлийн шалгалтыг амжилттай давсан хүмүүс сүүлийн нэг жилд асар олширсон. Монголд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүд бэлтгэгдэж байна гэсэн үг.  

Тиймээс компаниуд чадвартай чадварлаг мэргэжилтэн олох хийгээд өөрсдийгөө эерэгээр сурталчлах бас нэг талбар болж байгаа. Тэгэхээр энэ салбарт хийж байгаа маш том оюуны хөрөнгө оруулалт гэж харж байна. Гадаадад байгаа инженерүүд ч Монгол залуустайгаа холбоотой байх бас нэгэн суваг болж байгаа.

Эвентийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ