• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    100   |  
0
 

Туул голоос салаалсан Дунд гол, Туул руу цутгадаг Сэлбэ гол хогонд дарагдаж, ай сав нь барилга байгууламжаар дүүрээд удаж байна. Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар болон мэлтэлзэн урсах байсан энэ гурван гол эргийн дагуу баригдсан барилга, байгууламж, голын эхээр байрлах алтны уурхайн олборлолт, элс, хайрганы карьер зэрэг иргэдийн ухамсаргүй үйл ажиллагаа болж ус нь “татрах” аюул нүүрлэж эхэлсэн.

Томоохон хотуудын хөгжлийн гол үзүүлэлтүүдийн нэг нь ногоон байгууламж. “Нийгмийн эрүүл мэнд, орчны судалгаа” олон улсын сэтгүүлд нэг саяас дээш хүн амтай хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 24 м2байх ёстой гэжээ. Гэтэл манай улс хотын ногоон байгууламжид жилд 5-6 тэрбум төгрөг зарцуулдаг атал нэг хүнд ердөө 2.6 м2 ногдож буй нь дэлхийн жишгээс 9 дахин бага үзүүлэлт юм. Иймд манайд ногоон байгууламжийн оновчтой бодлого, тэр дундаа хот дундуур урсах Туул, Сэлбэ, Дунд голын экосистем, орчны тохижилт нэн тэргүүний асуудал болж байна.

 
 

Тухайлбал, Туулын голын нэгэн цутгал болох Сэлбэ голын урсац татарч “шалбааг” болоод байсан 2011 онд Их тойруугийн гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэлх 350хан м2 сав газрыг тохижуулж, урсцыг нэмэгдүүлсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд 1.7 тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч төсөв хүрээгүй гэх шалтгаанаар бусад хэсгийг тохижуулалгүй орхисон.

 
 

Ус нь ширгэсэн нутгийн соёл иргэншил мөхөж, хүмүүс нь хот суурингаа орхин нүүдэллэн явдаг түүх энэ зуунд ч үргэлжилсээр. Иймд Туул голын сав газрын доорх нөөцөөс унд усны хэрэгцээгээ хангадаг нийслэлчүүдийн хувьд хөрсөөр дамжин усны бохирдол, хомсдлын аюул нүүрлэж байна. Энэ гурван голыг хамгаалалтанд авахгүй, эрэг орчимд байшин барилга барьж, арьс шир, барилгын хаягдлаа цутгасаар байвал ус татарч, орчны экосистем устах аюул энүүхэнд.

СОЛОНГОСЧУУДААС АВАХ СУРГАМЖ: СӨҮЛИЙН ЦЭНХЭР ЗҮРХ ЧХОНГЕЧХОН ГОЛЫГ НӨХӨН СЭРГЭЭСЭН НЬ

 
 

1950-1953 он буюу Солонгосын дайны дараагаар үйлдвэржилт эрчимтэй явагдан  Хан мөрний урсгал багасаж, үйлдвэрлэлийн хог хаягдлаар дүүрчээ. Үүнтэй уялдан агаар, ундны усны бохирдол, орчны тоосжилт нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. 

Харин хотын захиргаа Хан мөрний хоёр талын эрэг дагуу явган болон дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, гүүр зэрэг тохижилтын асуудлыг цогцоор нь шийджээ. Хан мөрнөөс олон гол горхи эх аван урсдагаас, нэгэн цагт ус нь ширгэж үгүй болсон ч өдгөө эргээ халин  урсаж буй Чонгечёон голыг жишээ татъя.

1970 онд Сөүл хотын төвийг хөндлөн урсах уг гол дээгүүр шон босгож 4 урсгалт автозам барьснаас үүдэн хотын хөл хөдөлгөөн, түгжрэл ихсэж, олон зуун дамнан урссан Чхонгечхон гол ширгэжээ. Хотын захиргаа энэ асуудалд маш эмзэг хандан 2003-2005 оны хооронд гол дээгүүр барьсан замыг нураан, голыг нөхөн сэргээн, урсцыг хиймлээр нэмэгдүүлж, орчныг тохижуулах ажлыг гүйцэтгэжээ. 

Хан мөрнөөс өдөр бүр 120 мянган тонн усыг хагалбараар дамжуулан энэ гол руу цутган усны нөөцийг нь хангахаас гадна борооны усаар баяждаг байна.

 
 

ЭНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙСНЭЭР ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ?

БАЙГАЛЬД ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ: Голыг нөхөн сэргээсэн нь уур амьсгалын дулаарлыг 3.6 хэмээр бууруулжээ. Голын орчны уур амьсгал 4-7 барилгын блокийн цаана байрлах орчноос 3.3-5.9 хэмээр сэрүүссэн байна. Орчны болон дуу чимээний бохирдол нь амьд байгалийг устахад нөлөөлсөн бол өдгөө амьтан, ургамал зэрэг биологийн төрөл зүйл 62-308 бүлэг болж нэмэгджээ. Ийнхүү тэд хүний гараар бүтсэн амьд байгалийг цогцлоож чаджээ. Түүнчлэн нэг куб метр дэх агаарын бохирдлыг 74-48 микрограм болгож 35 хувиар бууруулсан.

НИЙГЭМД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭВ: Хотын захиргааны мэдэгдсэнээр энэ бүтээн байгуулалт хийсэн 2005 оноос эхлэн жил бүр багадаа 30 өөр орноос жуулчид ирэх болжээ. Хотын төвийн автомашины түгжрэлийг 2.3 хувиар сааруулж нийтийн тээврээр зорчигчдын тоог /автобусаар зорчигчдын тоог 15.1 хувиар, метрогоор зорчигчдын тоог 3.3 хувиар/ нэмэгдүүлжээ.

 
 

Голын ай савыг цэцэрлэгжүүлж, ойр орчимд түүх соёлыг үнэт зүйлийг таниулах ажлууд хийн, урлагийн бүтээл байршуулсанаар Чхонгечхон гол нь орчин үеийн, “хүн төвт” хот төлөвлөлтийн жишээ болж чадсан. Мөн жил болгон голынхоо эрэгт гэрлийн фестиваль, гэрэлт зул өргөх зэрэг олон сонирхотой үйл ажиллагаа зохионо.

Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ бүтээн байгуулалтыг хийхээс өмнө Чхонгечхон голын орчим ажиллаж, амьдардаг иргэд бусад дүүргийн оршин суугчтай харьцуулахад амьсгалын замын өвчин тусах нь хоёр дахин их байжээ. Голыг нөхөн сэргээсэн нь цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл амьдрах боломжоор хангасан нь томоохон бүтээн байгуулалт юм.

Үүнийг ашиглан иргэд мөнгө олох боломж ч бүрдсэн байна. Өдөрт дунджаар 64.000 хүн энэ голыг зоридогоос 1.4 мянга нь гадны жуулчин бөгөөд тус улсын эдийн засагт өдөрт 2.1 сая воны ашиг авчирдаг. Ийнхүү Солонгос улс ганц голоо нөхөн сэргээж, олон асуудлын шийдэж чадсан нь дэлхийн бусад улсад үлгэр дууриалал болсон юм.

ХОТ ДУНДУУР УРСАХ ГОЛЫГ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АВЧ ТОХИЖУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ:

  • Үерийн усыг багасгах
  • Ундны усны дахин сэргэлтэд сайнаар нөлөөлдөг
  • Хотын агаарын чанарыг сайжруулж, хорт бодисыг шүүдэг
  • Иргэдийн орлого олох боломж болон аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ
  • Хотын өнгө үзэмжийг сайжруулна.
  • Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх, байгальд ойр байх боломжоор хангана

ҮНЭ ӨРТӨГ:

Уг бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд тухайн үеийн ханшаар 386 сая вон буюу 281 мянган ам. доллар зарцуулжээ.

TAGS