• Lead the way ...
         
14
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    365   |  
1

Юун түрүүнд хамгийн үнэнч  гэрийн тэжээвэр амьтан болох нохой тэжээж гэр бүлийн гишүүнээ нэгээр нэмж буй танд баяр хүргэе.

Нохой тэжээх нь таны төдийгүй хүүхдийн чинь сэтгэл зүй, эрүүл мэнд, хүмүүжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна үүнийгээ дагаад илүү их хариуцлага, цаг хугацаа, анхаарал халамж танаас шаардана. Нас бие гүйцсэн нохой шинэ орчинд, эзэндээ дасах гэж багагүй чармайлт сэтгэл зүйн асуудлыг даван туулдаг бол гөлөг байхад нь тэжээвэл амархан дасчихдаг. Олныг нуршилгүй нохой тэжээхээр сэтгэл шулуудсан таны мэдэх ёстой зүйлсийг сийрүүлэн хүргэж байна.

ХЭРЭГЦЭЭТЭЙ ЭД ЗҮЙЛСЭЭР НЬ ХАНГААРАЙ

Түүнд зориулж гэрийнхээ аль нэг хэсэгт тусдаа булан, саравч, хэвтэр, гаргаж, зориулалтын шим тэжээл, хазаж тоглох тоглоом, уяа, хөтөлгөө, цэвэрлэгээний бодис, хоолны аяга бэлдээрэй. Та эдгээр хэрэгцээг хангаж чадсанаар нохойндоо болон өөртөө сэтгэл ханамжтай амьдрал бэлэглэж чадна. Нохой орчиндоо дасал болоогүй, өлсөж, даарах буюу ямарваа зовиуртай бол гасалж гийнадаг. Ийм тохиолдолд хооллох, хэвтрийг нь засах хэрэгтэй. 

БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ЭМНЭЛЭГ, ЭМЧТЭЙ БОЛОХ

Таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол нохойгоо эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэх юм.  Та хоёр эмчтэй нөхөрлөснөөр түүний эрүүл байдлыг хангаад зогсохгүй хэрхэн асрах, хооллох, талаар зөвлөгөө авах боломжтой. Гөлөгийг гурван сартайгаас нь галзуу, цусан суулга, гудранги, коно вирусээс хамгаалсан дөрвөн төрлийн вакцин хийлгэнэ. Мөн шимэгч хорхойг устгах зорилгоор улирал тутамд туулга уулгах шаардлагатай. Тогтмол үзүүлдэг эмчтэй болж, өвдөөгүй байсан ч үзлэгт тогтмол оруулж заншаарай. 

ЗӨВ ХООЛЛО

Хайртай нохойгоо эрүүл байлгахад хооллолт  чухал ач холбогдолтой тул ямар төрлийн хоол өгч болох эсэх талаар мэдлэгтэй болоорой. Нохой тань хоолондоо хэр сайн, муу байгаагаас эрүүл мэндийн байдлыг мэдэх боломжтой. Нас, үүлдэрээс хамаараад нохойны хооллох хугацаа, хэмжээ, хоолны төрлүүд өөр өөр байдаг. Нохойгоо эмчид үзүүлэхдээ жинлүүлж, зохистой жинг нь мэдэж байж хэр хэмжээгээр хооллохыг тодорхойлно. Нас бие гүйцсэн нохойг 8-12 цагийн зайтай буюу өдөрт хоёр удаа, харин гөлөгийг өдөрт гурваас дөрвөн удаа хооллох шаардлагатай.

Бүтэн, түүхий ногоо өгвөл гэдэс нь түгжрэх тул ногоо өгөхөөр бол болгож жижиглээрэй.

Их хэмжээний цагаан будаа болон овьёос, үр тариа өгвөл гэдэс нь хийгээр дүүрэх аюултай.

Нохойн гол хоол нь ястай мах / тахиа, хонь, ямаа, адуу, үхрийн мах/ юм. Малын гаралтай дайвар бүтээгдэхүүн /элэг, уушги, зүрх, гэдэс ходоод гэх мэт/ -ийг заавал болгож өгөх шаардлагатай.

Түүнчлэн удаан чанаж болгосон жижиг яс өгөх хэрэггүй. Учир нь ясны үйрмэг ходоодыг гэмтээж мэднэ.

Сонгино, сармис, халуун ногоотой хоол, шоколад, үзэм, элсэн чихэр, хөгцөрсөн хоол, гаа идүүлэхээс зайлсхийгээрэй. Мөн сүү, кафейн болон спиртний төрлийн шингэн уулгаж болохгүй.

НОХОЙН АРЧИЛГАА

Нохой нь бөөсөндөө хэт баригдвал түүнийгээ даалгүй үхэх магадлал өндөр. Мөн ойр ойрхон усанд оруулбал арьс нь хуурайшдаг. Тиймээс 14 хоног тутам нэг удаа усанд оруулах хэрэгтэй бөгөөд усыг ариутгасан байх шаардлагатай. Учир нь нохойноос хүнд халдварладаг зургаан төрлийн өвчин байдаг. Эдгээрт харшил, хамуу, халдварт шар өвчин, галзуу болон бусад бохирын нянгууд ордог.  Мөн нохойгоо бөөстүүлэхгүйн тулд үсийг нь нэг их урт ургуулах хэрэггүй. 

СУРГУУЛИЛТ ХАМГИЙН ЧУХАЛ

Таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол нохойгоо гөлөг байхаас нь гадаа гаргаж шээлгэж сургах. Нохойгоо сургуультай болгон зан төлөвийг нь хянаж сурах нь, “хүмүүжилтэй” байлгахад хамгийн тустай. Нохойндоо цаг гаргаж, хамтдаа сургуулилт хийх нь та хоёрын аз жаргалтай, нандин харилцааны үндэс болно.

ТАНЫГ ЭЗГҮЙД ТҮҮНИЙГ ХӨГЖӨӨХ ЗҮЙЛС БОДОЖ ОЛООРОЙ

Тэр таныгэзгүйд санаж, гансарч уйддаг. Тиймээсэзгүй үеийг тань орлох “DOGTV суваг тавьж өгч хөгжөөх эсвэл нохойтойгоо өдөр бүр видео коллоор ярьж байхаа мартуузай.

БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ

Нохой тань хивсэн дээр шээвэл, шээсэн хэсэгт хүнсний сода асгаад хэсэг хугацааны дараа цэвэрлээрэй.

Хэрэв өхөөрдмөөр хөөрхөн нохой тань хоолоо ховдоглон хурдан идээд байвал аяганд нь хаздаг бөмбөгийг нь хийгээрэй. Ингэснээр тоглоомтой ноцолдож хоолоо аажуухан идэх болно.

Нохойны тань үс хаа сайгүй унаад цэвэрлэхэд төвөгтэй байна уу? Тэгвэл цэвэрлэгээний резинэн бээлийгээр үсийг нь түүх нь илүү үр дүнтэй байдаг.

 

Энэхүү зөвлөмжийг хэвлэж аваад өрөөнийхөө нүдэнд хамгийн их өртдөг хэсэгт наагаарай.

ХАРИН ОДОО ХАЙРТАЙ НОХОЙТОЙГОО ОЙЛГОЛЦОЖ СУРААРАЙ

TAGS