• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    230   |  
0

Манай улс явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцоход өндөр эрсдэлтэй орнуудын нэг. Хэдийгээр цаг үе өөрчлөгдөж, иргэд илүү соёлжиж буй хэдий ч замын хөдөлгөөнд оролцох соёл олон нийтийн дунд бүрэн хэвшээгүй хэвээр байна. 

Үүнээс шалтгаалж хүүхэд гэлтгүй том хүн зам тээврийн осолд өртсөөр байгаа юм. Тухайлбал, Тээврийн цагдаагийн албанаас гаргасан 2019 оны судалгаанаас үзвэл явган зорчигийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол, хүүхдийн зам тээврийн хөдөлгөөний золиос болох үзэгдэл буурахгүй байна.  

Түгжрэлийг бууруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим ачаалал ихтэй замуудад гүүрэн болон нүхэн гарцуудыг хийсэн. Гэвч иргэд гүүрэн болон нүхэн гарцаар гарахаас залхуурах, гэрлэн дохио асахыг хүлээхгүйгээр гарцгүй газраар зам хөндлөн гарч, амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулаад зогсохгүй замын хөдөлгөөнд хүндрэл учруулж байна. 

Мөн хүүхдүүдэд цэцэрлэг, сургуульд замын хөдөлгөөний талаарх мэдлэг мэдээлэл хангалттай олгодоггүйгээс гадна гэр бүлийн орчин, эцэг, эхчүүд өөрсдөө замын хөдөлгөөнд оролцохдоо буруу үлгэр дуурайлал үзүүлж буйтай холбоотой болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсээр байна. 

Таны санаатай, санамсаргүй хийж буй нэг үйлдлийг харсан өөр нэг хүн эсвэл хүүхэд дуурайн хийх өндөр магадлалтай байдаг.

Манай улсын зам тээврийн дүрэмд зааснаар явган зорчигч зохицуулдаг буюу гэрлэн дохиотой гарц, зохицуулдаггүй буюу цагаан шугаман гарцаар зам хөндлөн гарах боломжтой. 

Харин Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд явган зорчигчтой холбоотой дараах хоёр заалтыг чухалчлан үздэг:

1. 13.2.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

2. 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; 

Харин хуульд тодорхой заагаагүй ч бидний анхаарч, баримталбал зохих хэд хэдэн зарчим бий. Үүнд:

  • Зам хөндлөн гарахдаа бага насны хүүхдийн гараас заавал барих
  • Явган зорчигчид зориулсан гарц, гэрлэн дохиотой хэсгээр зам гарах
  • Зам гарахдаа машины хоёр урсгалыг анхааралтай харах
  • Хүүхэд гэрлэн дохио анивчих төдийд сандран замын гол зогсох магадлалтай тул замын хөдөлгөөний боловсрол олгох.

Харин өндөр хөгжилтэй улс орнууд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож, ямар дүрэм журам баримталдаг вэ?

АНУ: Явган зорчигчид замын хөдөлгөөнд хэрхэн оролцдог вэ?

Дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг болох АНУ-ын хувьд явган зорчигч замын хөдөлгөөнд ямар зохицуулалтаар зорчдог талаар сонирхуулья.

АНУ засаг захиргааны 50 мужтай бөгөөд муж бүр нь өөр өөрийн гэсэн онцлог ялгааг агуулсан замын хөдөлгөөний дүрэмтэй. Тус улсын замын хөдөлгөөний дүрмийн гол чанар нь аливаа ёс төдий хэм хэмжээ, хэлбэр төдий зүйлийг баталгаажуулахад зориулагддаггүй. Бодитоор дагаж мөрдөхөд чиглэгдсэн байдгаараа онцлогтой хэмээн судлаачид үздэг.

   1. АНУ-ын иргэдэд гэрлэн дохио хүлээн зогсох нь хэцүү асуудал биш. Дор харагдаж буй гэрлэн дохиогоор явган зорчигчийн зам хөндлөн гарах хөдөлгөөнийг зохицуулна. Улаан өнгийн анивчсан гарны дүрс бүхий дохио нь зам хөндлөн гарахыг хориглоно. Харин явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн дохио нь цагаан өнгийн дүрстэй байна.

   2. Явган хүний гарцын гэрлэн дохионууд гар удирдлага бүхий товчлууртай байна. Уг товчлуурын тусламжтайгаар явган зорчигч гэрлэн дохио асааж, зам хөндлөн гарна. Үүнийг явган зорчигчийн хөдөлгөөн сийрэг, явган зорчигч багатай замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг алдагдуулахгүй байхаар хэрэглэдэг.

   3. АНУ явган зорчигч замын хөдөлгөөнд зөв, боловсон оролцоход анхаарах хэд хэдэн зарчмуудыг тусгасан байдаг. Мөн сурагчид сургуулийн автобусаар зорчдогтой холбоотойгоор замын хөдөлгөөний боловсролыг СӨБ, ЕБС-аас эхлэн бага наснаас нь заан сургадгаараа давуу талтай.

  • Бусдаас урьтаж давуу эрх эдлэх гэж бүү зүтгэ,
  • Замын хөдөлгөөнд өөрт оногдсон давуу эрхээ бүү хөсөрдүүл,
  • Зориулалтын гарц, гэрлэн дохиогоор нэвтэрч байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэйг үргэлж санах,
  • Зам хөндлөн гарах үедээ эргэлзэх гэх мэтээр замын голд зогсох нь аюул дагуулдаг учир шийдвэрээ бүү өөрчил.

АНУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмд явган зорчигч, унадаг дугуйтай зорчигчид ихэвчлэн давуу эрхтэй байна. Зохицуулдаггүй уулзварт явган хүний гарцгүй байсан ч жолооч явган зорчигчид зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.

Ийнхүү өдөр тутмын үйлдэлдээ ч хууль, дүрмээ сахих нь их хотын иргэн таныг хэр соёлтой хүн бэ гэдгийг илтгэнэ. Та өөрийн хүүхдэд замын хөдөлгөөний боловсрол эзэмшүүлж, их хотын соёлд зөвөөр үлгэрлэхийг уриалж байна.

Эх сурвалж: www.traffic-institute.mn  

 
image
TAGS