• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    889   |  
0

Хотын соёл бидний харилцааны соёлоос эхэлнэ. Бид Нийслэл хотын соёлтой холбоотой нийтлэлүүдийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа бидний өдөр тутмын харилцааны соёл, хандлага сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буй талаар Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзултай ярилцлаа. 

-Мэргэжлийн хүний өнцгөөс харилцааны соёлыг тодорхойлохгүй юу?
-Харилцаа нь бидэнд таатай эсвэл таагүй сэтгэл хөдлөл, мэдрэмжийг төрүүлж, бидний сэтгэл санаа, оюун бодолд нөлөөлдөг. Харилцааны соёлтой хүн гэдэг нь эелдэг, урин зөөлөн дуу хоолойгоор ярьдаг, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг, хүмүүсийг өөрийнхөөрөө байлгах гэж хичээдэггүй, сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлдэг хүнийг хэлэх болов уу. 

Сонсоно гэдэг нь өөрөө маш том чадвар бөгөөд энэ ч утгаараа бусдыг сонсож чаддаг хүнийг харилцааны соёлтой хүн гэнэ. 

-Харилцааны соёл хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Халуун, дулаан харилцаа нь бидний тархинд окситоцин, дофамин, серотонин гэх мэт аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг дааврыг ялгаруулдаг. Улмаар бид тайван, аз жаргалтай, сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй болоход нөлөөлдөг. 

Сөрөг харилцаа нь эсрэгээрээ “кортизол” буюу стрессийн дааврыг ялгаруулдаг тул айдас, түгшүүр сэтгэл гутралд автуулна. Үүнээс үүдэн бие махбод өвдөх шалтгаан болдог.

-Ажлын орчинд дасан зохицоход хамт олны уур амьсгал хэрхэн нөлөөлдөг вэ?
-Нийгмийн харилцаа нь бидэнд аз жаргалтай эсвэл тааламжгүй, сэтгэл түгшээсэн харилцааг бий болгож байдаг. Нэг хүний харилцааны нийгэмд үзүүлэх нөлөө маш их. Хамгийн том нөлөө бол үл итгэх байдал. Хэн нэгэнд үл итгэх нь тухайн хүнтэй дотно харилцаа үүсгэж чадахгүй, үргэлж хардсан, тухайн хүнээс дөлөх шалтгаан болдог. 

Ийм байдалд орсон хүн нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Хэн ч намайг ойлгодоггүй, би өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй гэж өөртөө итгүүлнэ. Хамт олныхоо дунд халуун, дулаан харилцааг үүсгэж чаддаггүй учраас багаар ажиллахаас илүү ганцаараа бие даан ажиллах хандлагатай болдог.

Хүмүүсээс халгадаг, зайлсхийдэг харилцаатай хүн болж төлөвшинө гэсэн үг. Ийм хүмүүс сэтгэл гутралд маш их өртдөг учраас хэн ч намайг хайрладаггүй, амьдрал ямар ч утгагүй гэх үзэлтэй болдог. 

-Монголчууд стресстэй нийгэмд амьдарч байна хэмээн ярьдаг. Энэ нь гэр бүлийн төлөвшилтэй хэр холбогдох вэ?
-Хүн сэтгэл санааны байдлаа нүүр, царайны хувирлаараа илэрхийлдэг. Аз жаргалтай, сэтгэл хангалуун, тайван байхад нүүрэнд инээмсэглэл тодорно.  Харин чанга дуу хоолойгоор ярих, бусдыг доромжлох зэрэг нь аз жаргалгүйн дохио. Таны хүүхэд хэн шиг болж, төлөвших нь гэр бүлийн харилцаатай шууд холбоотой. Тэгэхээр багадаа төлөвшсөн суурь харилцаа нь тухайн хүний амьдралын бүхий л харилцааг шийддэг гэсэн үг. 

Хүүхэд багадаа ямар харилцаатай гэр бүлд өсөх нь ирээдүйд ямар хүн болж төлөвшихийн гол үндэс болдог. 

-Хүмүүсийн хандлага, харилцааны соёлоор тухайн нийгмийг дүгнэдэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Ази хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөлөө үйлдлээр илэрхийлэх нь бага. Энэ нь ахуйн соёлтой холбоотой. Монголчууд “хайр нь дотроо, хал нь гаднаа” гэж ярьдаг нь ч үүнтэй холбоотой.

Тэгэхээр сэтгэл хөдлөл, өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байх нь дорнын соёлтой холбогдоно. Гэхдээ бид энэ байдлаа цааш удаан хадгалж болохгүй гэсэн үг. 

Бусдыг хайрлаж байгаагаа үйлдлээрээ, биеийн хэлэмжээрээ илэрхийлж байх хэрэгтэй. Магтаал, урмын үгийг харамгүй хэлж, үргэлж хөмсөг зангидсан байдалтай байх бус аливаад хүлээцтэй хандаж сураарай. 

Машин барьж байгаа хүмүүсийг анзаарахад маш хүлээцгүй, бие биенийгээ шахах, бүдүүлэг үг хэрэглэх гэх зэргээр бусадтай сөрөг харилцаа үүсгэдэг. Тэгэхээр сэтгэл зүйн байдал ч тухайн үйл явдлаас шалтгаалан өөрчлөгдөнө. 

Барууны улсуудын хувьд харилцаандаа хил хязгаартай хандаж хэвшсэн байдаг. 

Харин манайд харилцааны тал дээр ээж, аав нь үр хүүхдийнхээ амьдралыг зааж, бүх асуудалд нь оролцдог. 

Харин Барууны орнуудад энэ нь эсрэгээрээ анзаарагддаг. Гэр бүлийн гишүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж, сэтгэл хөдлөлөө ямар үед илэрхийлэх ёстойг мэддэг. Бусдыг доромжлох хандлага харьцангуй бага байдаг.

-Сэтгэл зүйгээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
-Сэтгэл зүй нь тархины эрүүл мэндтэй холбоотой. Тархийг сэргээх арга бол дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж, амрах, шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх, өөрийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг эерэгээр гадагшлуулах, бусадтай нээлттэй харилцах гэх мэт зүйлс багтдаг. 

Амьдралд хамгийн их урам өгдөг зүйл бол хүн, хүнтэйгээ харилцах харилцаа. Өөр юу ч биш. Амжилттай мундаг хүн болсноор өөртөө итгэлтэй болдоггүй. 

Харин өөрийг тань хэн нэгэн байгаагаар нь хайрлаж, ойлгодог гэдгийг мэдрэх үед өөрийгөө үнэ цэнэтэйг мэдэрч, илүү өөртөө итгэлтэй болдог. Үүнийг дагаад бүтээмж ч илүү сайжирдаг. 

-Эцэг эхчүүд ажлын ачааллаас үүдсэн стрессээ хүүхдэдээ уурлаж гаргах байдлаар сөрөг харилцааг бий болгох нь олонтаа. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдэдээ өөрийг нь хайхрахгүй байна гэсэн мэдрэмжийг төрүүлдэг тул хүүхэд дотроо шаналж, айдаст автаж, уур уцаартай болдог. Улмаар аав, ээжийгээ эсэргүүцэх, хичээл номондоо дургүй болох, хоол идэхгүй байх, видео тоглоом тоглох, бусдыг гэмтээх гэх мэт зан араншин гаргаж эхэлдэг. 

-Сүүлийн үед дэлгэцийн хамааралтай хүүхдүүд олширлоо. Эцэг эх, хүүхдийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
-Дэлгэцийн хамаарал хүүхдийн сэтгэл санаа, танин мэдэхүй болон зан үйлд сөрөг нөлөөтэй. Сэтгэл санааны хувьд уур уцаартай, түгшүүртэй болдог бол танин мэдэхүйн хувьд анхаарал төвлөрөх нь багасч мартамхай болох, аливааг шүүн тунгаах чадвар алдагддаг аж. Харин зан араншингийн хувьд өөрийгөө бусдаас тусгаарладаг бөгөөд харилцааны хувьд доголдол үүсч, худлаа ярих, бусдыг гэмтээх хандлагатай болдог.

-Хүүхдийг өөртөө итгэлгүй болгоход ямар хүчин зүйлс нөлөөлөх вэ, хэрхэн өөртөө итгэлтэй болгох вэ?
- Хүүхдийнхээ хажууд хэрэлдэхэд тэд аав, ээжийгээ буруутгахаас илүүтэй өөрийгөө буруутгаж хүлээн авдаг. Хэн нэгэн хүн өөрийг нь ойлгодог гэдгийг мэдрэх үед хүүхдийн үнэ цэнэ нэмэгдэж, өөртөө илүү итгэлтэй болдог. 

Хүүхдийг өөртөө итгэлтэй болоход нөлөөлдөг хамгийн чухал зүйлсэд сурлага, гавьяа шагнал, олонд шагшигдсан байдал ордоггүй. Харин эцэг, эхийн хүүхдээ хэрхэн ойлгож, халуун, дулаан харилцаатай орчныг бий болгох нь өөртөө итгэлтэй болгодог гол хүчин зүйл юм. 

Мөн бие даах боломжийг багаас олгож, хүүхдийнхээ сэтгэлийг эмзэглүүлэх үг үйлдэл хийхгүй байх, аав ээжийн халуун дулаан харилцааны тусламжтайгаар хүүхдээ сэтгэл зүйн хувьд дэмжих боломжтой. 

-Ярилцсанд баярлалаа.

TAGS