• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    149   |  
0
 

Өндөр хөгжилтэй орны иргэд уусан ус, ундааны саваа гудамж, талбай, худалдаа, үйлчилгээний төвүүдэд суурилуулсан автомат төхөөрөмжинд тушааж мөнгөн дүндээ тааруулсан урамшуулал эдэлдэг.

Харин бид гудамж талбайгаар хөглөрсөн хуванцар савтайгаа үлдэх үү?

Бидний өдөр тутам хэрэглэдэг ундаа усны сав нь зөөлөн буюу PET хуванцраас бүтсэн байдаг. “Монголын хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын мэдээлснээр манай улсд жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал гаргадаг. Үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг. 

Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүй. Харин хог түүдэг хүмүүс хуванцрыг цуглуулж, хоёрдогч түүхий эд авах цэгт тушаадаг. Нийслэлийн хэмжээнд нийт 204 цэг байдаг бөгөөд тэнд ангилан ялгалт хийж хуванцар дахин боловсруулах үйлдвэр рүү илгээдэг байна. “Ахуй мандал”, “Сан Оргиу” зэрэг дотоодын дөрөв, Хятад иргэдийн эзэмшлийн зургаан үйлдвэр хотод үйл ажиллагаа явуулдаг.

Энэ мэт хогоо ангилдаггүйгээс хуванцар дахин боловсруулах үйл явц удаашралтай явагдаж гудамж талбайгаар хөглөрдөг. ХХААХҮЯ-ны мэдээлж буйгаар манай улс жилд 150-200 сая ширхэг ус, ундаа үйлдвэрлэн үнийн дүнгийн 10-20 хувийг савлагааний өртөгт шингээдэг байна.

Иймд бид 0.5 мл-ийн ундаа уулаа гэхэд 100-400 төгрөгөөр орчноо бохирдуулдаг гэсэн үг.

ДЭЛХИЙД

Технологийн дэвшлийг ашиглан хуванцрыг “мөнгө” болгох үйлчилгээ нь цоо шинэ зүйл биш юм.

 
 

 

Баруун европын орнууд, Австрали, АНУ-ын 21 муж, Хятад, Энэтхэг зэргийн 40 гаруй орон ийм машин ашигладаг.

Үүнийгээ дэлгүүр, үзвэр үйлчилгээний газар, орон сууцны хороолол, нийтийн тээврийн зогсоол болгонд АТМ шиг суурилуулсан байдаг.

Иргэд ус ундааны сав, шил, лаазаа тушаагаад мөнгөө бэлнээр авах эсвэл нийтийн тээврээр зорчих картаа цэнэглүүлэх, аливаа компанийн үйлчилгээний хөнгөлөлтийн эрхийн бичиг авдаг байна.

Норвеги улс уг технологийг нэвтрүүлснээс хойш ундаа, усны савны дахин боловсруулалтыг 97 хувь хүртэл нэмэгдүүлжээ.

Ингэснээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд татвараас чөлөөлөгдөх хүртэл урамшуулал эдэлдэг байна.

Дээрх жишгийг амжилттай хэрэгжүүлж буй Шанхай хотыг авч үзье. Ундаа, усны сав тушаадаг 1500 гаруй машиныг цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээний төвүүд, сургууль, метроны буудал зэрэг олон нийтийн газар суурилуулжээ. Иргэд нэг хуванцар савны өртөг болох 0.05-0.15 юаныг “Wechat” данс эсвэл метроны карт руугаа шилжүүлэн авдаг байна.

Камер суурилуулсан энэ төхөөрөмж хэмжээнээсээ хамаарч нэгээс гурав хүртэл ангилах бөгөөд буталсан хуванцрыг түүхий эд боловсруулах үйлдэрт зардаг. Хятад, Англи хэл дээр заавартай тул хэн бүхэн ашиглах бүрэн боломжтой. Энэ үйлчилгээ 2012 онд анх Бээжинд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 1956 ширхэг хуванцар тушаах машин ажилладаг байна. Уг төхөөрөмжийг бага болон дунд сургуулийн сурагчдад зориулж, тохиргоог нь үл ялиг өөрчлөн угсарчээ.

Анги болгонд зориулсан товчлуур нэмж суурилуулсан тул сурагч ундааны саваа тушаагаад товчлуурыг товших төдийд төлбөр нь ангийн фонд руу шилждэг байна.

Хүсвэл хуванцар тушаасан мөнгөө сайн үйлст хандивлах боломжтой аж.

Технологийн энэ шийдлийг нэвтрүүлсэн орнуудыг бусад улстай харьцуулахад иргэддээ хуванцар сав ялгахын ач холбогдлыг ойлгуулаад зогсохгүй хотын өнгө үзэмжээ сайжруулж, хуванцрын дахин боловсруулалтыг нэмэгдүүлж чаджээ.

ТҮҮХИЙ ЭД ТУШААХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ:

  • “Яагаад” хогийг ангилах ёстой, “Хэрхэн” ялгаж хаях зэрэг иргэдийн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой.
  • Төхөөрөмжийн дэлгэцэнд иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх контент үзүүлэх боломжтой.
  • Ашигласан хуванцрыг олон шат дамжлагагүйгээр дахин боловсруулах үйлдвэр рүү зөөвөрлөснөөр хоёрдогч түүхий эдийн дахин боловсруулалт нэмэгдэнэ.
  • Нэг удаад 2000 хүртэл хуванцар сав цуглуулах боломжтой тул уламжлалт хогийн савнаас илүү багтаамжтай тул ТҮК-ийн ажилтнуудын хөдөлмөрийг хөнгөвчилнө.
  • Иргэд тушаасан хуванцар савнаасаа авах орлогыг хот тохижилт, хүмүүнлэгийн үйлст хандивлах боломжтой.
  • Ус ундааны хуванцар, шил, лааз зэрэг нь байгальд хаягдаж хөрс, гол горхи бохирдуулахгүй гээд олон талын ач тустай.

ҮНЭ ӨРТӨГ:

  • Зах зээлд үзүүлэлт, багтаамж, агууламжаас шалтгаалан энэ төхөөрөмж 900-10 мянган ам.долларын үнэ ханштай байдаг аж.
TAGS