• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    104   |  
0
 

Манайд борооны ус зайлуулагч хангалттай байдаггүйгээс бид зунаас зун дамнан зам дагуу үерлэсэн борооны ус туулан, эсвэл гутлаа норгохгүй гэсэндээ харайлтын тамирчин адил үсчсээр ирсэн. Энэ нь нийслэлчүүдийн хувьд энгийн үзэгдэл ч уг зовлонг мэдэхгүй гадныханд хачирхалтай бас хөөрхийлөлтэй дүр зураг байх. Бид л эвлэрсэн болохоос борооны ус зайлуулах шугам бол хотын дэд бүтцийн хамгийн чухал асуудлын нэг билээ.

Жилийн жилд зам засварын ажил хийж, авто замуудыг өргөтгөн, шинээр зам тавьж байгаа ч хажууд нь ус зайлуулагч суурилуулах нь тун цөөн. Ус зайлуулах шугамын стандарт гэж байдаггүйгээс үүдэн шинээр барьсан зам борооны усанд амархан эвдэрч ганц хоёрхон жил болоод л  дахин засварлах хэрэгтэй болдог.

 
 

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэдээлснээр нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 50 байршилд 140 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, хурын болон хөрсний ус зайлуулах 173,3 км шугам бий аж.

Гэвч борооны дараа зам дээр их хэмжээний ус тогтож, иргэдийг авто зам болон явган хүний замаар зорчиход саад учруулдаг.

 
 

Хурын ус зайлуулах шугам сүлжээний хүрэлцээ муу, хоолойн шүүлтүүр дэх хог хаягдлыг тогтмол цэвэрлэдэггүйгээс хүчтэй бороо ороход л бөглөрч, ачааллаа дийлдэггүй байна. Үүнээс үүдэн автомашины эд ангид тогтоол ус  орж зэврүүлэх, мотор луу нь ус орж асахгүй байх нь цөөнгүй.

Авто замд борооны ус үерлэх нь зам тээврийн ослыг гааруулах, замын хөдөлгөөнийг удаашруулах  нэг хүчин зүйл. Мөн тогтоол ус нь авто замын насжилтыг богиносгож, энхэл донхол үүсгэдэг. Ус зайлуулах хоолойн хэрэгцээ  зөвхөн зуны улирлаар хязгаарлагдахгүй, бүх улиралд нэн шаардлагатай. Учир нь автозам дээр хайлсан цас даруй шүүгдэхгүй байснаар хөлдөж замын халтирааг нэмдэг. Иймд бид үерийн ус зайлуулах хоолойн үйл ажиллагааг сайжруулж, км тутамд ус зайлуулах хоолойтой болох шаардлага тулгарч байна.

 
 

ХОТ ДООГУУРХ ХОТ БУЮУ ЯПОНЧУУДЫН ШИЙДЭЛ

Япончууд борооны ус зайлуулах хоолойн дараагийн шийдлийг дэлхийд танилцууллаа. Токиод жилд унах хур тунадасны хэмжээ дунджаар 1524 мм байдаг нь Хөвсгөл аймгийнхтай дүйнэ. Япончууд хоёр аргаар борооны устай тэмцдэг.

 

Эхнийх нь дэвшилтэт технологиор бүтсэн цардмал зам. Энэ нь нарны халаалтаар агшиж сунадаг материал бөгөөд усыг өөртөө шингээдэг иржгэр гадаргуутай. Тээврийн хэрэгслийн дугуйнд ээлтэй, хучих явцад нүүрс хүчлийн давхар исэл бага ялгаруулах тул байгальд учруулах хор нөлөө бага. Хоёр үндсэн давхаргаас бүтэх ба өргөн нь дунджаар 10-12 см байдаг тул борооны усанд амархан элэгдэж, эвдэрдэггүй.

 
 

Хоёр дахь шийдэл нь ус зайлуулах хоолой

 
 
 

Энэ бол Токио хотын захын муж болох Сайтамад байрших үер, борооны ус цэвэршүүлэх дэлхийн хамгийн том байгууламж. Хотыг бороо болон үерийн усанд автахаас сэргийлсэн энэ туннелийг 1992-2006 оны хооронд буюу 15 жилийн турш барьжээ. “G-Cans” нэртэй газар энэ туннель 5 том ус нөөцлүүрээс бүрдэнэ. 

 
 

Тус бүрийнх нь өндөр 70 метр, эзлэхүүн нь 30 метрийн диаметртэй. Токиогийн авто зам, гудамж бүрт байршуулсан ус зайлуулах хоолойгоор дамжиж ирсэн хурын  усыг энэ таван нөөцлүүрт цутгаж дараагийн шатанд шүүдэг.

 
 

Эдгээр таван нөөцлүүр нь 6.3 км үргэлжлэх хоолойгоор холбогдсон. Үерийн усыг цуглуулсны дараа 177 метрийн урт, 78 метр өргөнтэй, 22 метрийн газар гүнд байрлах ус цэвэрлэх төхөөрөмжид цэвэрлэж, Эдо гол руу цутган, үлдсэн хэсгийг эргээд зам талбайг услахад ашигладаг.

 
 

Секунд тутамд 200 куб метр ус шүүх хүчин чадалтай энэ усан  хөдөлгүүр нь Боинг 737 онгоцны хөдөлгүүрт зарцуулагдах хэмжээний эрчим хүчээр ажилладаг.

Үнэ өртөг: З тэрбум ам.доллараар бүтсэн байна.

 
 
 
TAGS