• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0
 

Стандартын шаардлага хангасан бие засах газартай байх нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг. Албан бус тоогоор манай улсын хүн амын тал хувь буюу 1,5 сая иргэн Улаанбаатар хотод амьдардаг. Тэгвэл нийтийн ариун цэврийн газар хангалтгүйгээс хаа таарсан газраа “морь хардаг” өнгөрсөн зууны аж байдлаасаа бид салаагүй байна.

Үүнээс үүдэн дулааны улиралд олон нийтийн газраас хамар сэтлэм үнэр ханхийх нь энгийн үзэгдэл. 2012 онд нийслэлийн төвийн дүүргүүдэд 16, захын дүүрэгт дөрвөн бие засах газар барьсан. 

Эдгээрийн нэг бүр нь 63 сая төгрөгөөр бүтсэн. 

Гэтэл энэ бие засах газрын дөрвийг ашиглалтын зардал, ажилчдын цалин хөлсийн төлж дийлэхгүй гэх шалтгаанаар хаяжээ.

 
 

Үлдсэн 16 нь хүүхдийн живх солих газар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суултуургүйгээс гадна зарим нь амралтын өдөр ажилладаггүй. Иймд инженерийн шугам сүлжээнд холбогдсон, агааржуулагчтай, хөгжлийн бэршээлтэй болон өндөр настай иргэдэд хүртээмжтэй нийтийн бие засах газрын нэмж барих шаардлагатай байна.

Азийн орнуудын жишигт 550 эмэгтэйн дунд нэг, мянган эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн тутамд нэг, мөн тооны нярай  хүүхдийн дунд нэг живх солих өрөө тус тус ногдоно гэсэн заалт бий. 

Үүнээс үзвэл 1.5 сая хүн амтай нийслэл хотод 150-270 нийтийн ариун цэврийн газар шаардлагатай байна. Гэтэл манайд энэ тоо 20 хүрэхгүй байгаа нь дэлхийн жишгээс даруй 10 дахин бага үзүүлэлт. 

Статистикийн үндэсний хорооны мэдээлж буйгаар нийслэлд нийт 35.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Харин тэдэнд тусгайлан зориулсан нийтийн ариун цэврийн өрөө одоогоор алга байна.

Тухайлбал, Их Британид 1-2 мянган метр кв тутамд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн зэрэг ашиглах боломжтой нийтийн бие засах газар байрлана. Харин Шинэ Зеландад нийтийн бие засах газар нь 24 цаг нээлттэй байдаг гэнэ.

ӨНДӨР ТЕХНОЛОГИ БҮХИЙ ЯПОНЫ НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР

 
 

ЯПОН: Дэлхийн хамгийн цэвэрхэн бие засах газартай улс. Ихэнх нь иргэдэд үнэ төлбөргүй. Хотын төв болон захаас үл хамааран гишгүүрэн болон суултууран бие засах газар иргэдэд хүрэлцээтэй байдаг. Токио хотын нийтийн бие засах газрын 40 хувь буюу дөрвөн мянгыг гишгүүрэн, үлдсэнийг нь суултууран бие засах газар бүрдүүлнэ. Иймд нийтийн тээврийн зогсоол, гудамж талбай болон олон нийтийн гаар бие засах газар хайн тэвдэхгүй.

Тэд технологийн дэвшлийг ариун цэврийн үйлчилгээндээ ч нэвтрүүлэхээ мартсангүй.

Тухайлбал, суултуурын тагийг онгойлгох, урсгах усны хэмжээг тохируулах зэрэгт та гараа оролцуулах шаардлагагүй. Учир нь эдгээр үйлдлийг ухаалаг суултуур гүйцэтгэх тул эрүүл ахуйд санаа зовохгүй байж болно.

 
 

Мөн суултуур хүний биеийн дулаантай дүйцэхүйц 30-400 хэмтэй байна. Нийтийн бие засах газар болгон агааржуулагч, үнэр дарагч автомат бие засах төхөөрөмжтэй. Япончууд ой модоо хамгаалах зорилгоор гар арчих цаас тавьдаггүй, үүний оронд гар хатаах сэнстэй. Зарим газар аль нь ч байхгүй. Учир нь тэд үргэлж гар ариутгагч авч явдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэд болон өндөр настнуудад зориулсан суултуураараа Япон улс алдартай. 

Насжилт өндөртэй улс тул нийтийн ариун цэврийн газар бүрт түргэн тусламж дуудах товчлуур суурилуулж өгсөн. Түүгээр ч үл барам суултуур нь янз бүрийн ая тоглуулах тохиргоотой. Иймд та бие засах үедээ элдэв чимээ гаргахаас санаа зовох шаардлагагүй, энэ товчийг дарахад л хангалттай.

Японы ухаалаг суултуур нь уламжлалт суултууртай харьцуулахад бага ус хэрэглэхээс гадна, автоматаар цэнэглэгддэг. Мөн хогийн савгүй ариун цэврийн өрөө таныг угтвал гайхаад  хэрэггүй. Тэд усанд урсамтгай цаас хэрэглэж  хаягдлыг багасгадаг. Эмэгтэй ариун цэврийн газар болон хүүхдийн живх солих өрөө л жижигхэн хогийн савтай байна.

Суултуурын үнэ өртгийн хувьд хэнд зориулагдахаас шалтгаалан 200-500 ам.доллараас эхэлнэ. Нийтийн ариун цэврийн газар нь нарны эрчим хүч хуримтлуулан цахилгаан хэмнэн ажилладаг. Та ариун цэврийн газар хайж байвал “Check a toilet” аппликэйшин ашиглан өөрт ойрыг олох боломжтой. Англи хэл дээр хөгжүүлсэн энэ аппликэйшнийг 2010 онд бүтээжээ.

ХОТЫН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

  • Хөрсний бохирдлыг багасгана.
  • Иргэдийн ухамсрыг нэмэгдүүлнэ.
  • Хотын өнгө үзэмжийг сайжруулна.
  • Жуулчдын тоог нэмэгдүүлнэ.
  • Иргэдийн ая тухтай амьдрах боломжийг хангана.
  • Нийгмийн соёл цэвэр, цэмцгэр байдлыг бий болгоно.
  • Халдварт өвчний тархалтыг багасгана.
TAGS