• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    134   |  
0

Монгол улсын нийт хүн амын 38,5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан долоодугаар сарын статистик мэдээллээс үзэхэд ажилгүйчүүдийн 29.9 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байгаа аж. 

Манай улс 2000 оноос эхлэн бүх нийтээр дээд  боловсрол эзэмшихэд үлэмж анхаарах болсноор дээд боловсролын институцууд борооны дараах мөөг шиг олширсон. Үүнийг дагаад дээд боловсрол эзэмших боломж хэн бүхэнд нээлттэй болсон нь нэг талаар амжилт ч гэлээ нөгөө талаар чанаргүй сургалт, төлбөр багатай дийлэнх их сургуулиуд дээд боловсролыг үнэгүйдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс давсан боловсон хүчин бэлдэх болсоор удлаа.

Нийт суралцагчдын 88 хувь нь их сургуульд, 11.6 хувь нь дээд сургуульд, 0.3 хувь нь  мэргэжил олгох коллежид, 0.1 хувь нь гадаадын салбар сургуульд суралцдаг гэсэн тоо бий. 

Чанарт биш тооны араас...

Гурван сая хүн амтай манайх шиг улсад 91 их, дээд сургууль байгаа нь дэлхийн аль ч улсад байхгүй тоо. Гадаад улс орнуудын 100.000 хүнд оногдох их дээд сургуулийн тоотой манай улсыг харьцуулбал Туркээс 15 дахин их, Германаас зургаа дахин их, Японоос 5.48, ОХУ-аас тав дахин их байна. 

Өөрөөр хэлбэл, дээд боловсролын сургалтын байгууллагын тоо нь эдгээр орнуудаас харьцангуй өндөр хэдий ч сургалтын чанар, эрэмбээрээ гавихгүй байгаа нь манай тогтолцоонд гажуудал буйг илтгэнэ.

Сургалтын чанар, судалгаа иновацийн орчин, материаллаг баазыг сайжруулахын оронд оюутнуудыг олноор нь элсүүлж, дөрвөн жилийн хугацаанд алдаг оног хичээлдээ сууж, зохих мэдлэг, чадвар эзэмшээгүй залууст диплом олгож буй нь өөрөө дээд боловсролын үнэлэмжийг үгүй хийсээр... 

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй их дээд сургуулийн 18 нь төрийн өмчийн, үлдсэн 75 нь хувийн хэвшлийн сургуулийн зургаа нь коллежийн ангилалд  багтдаг байна. Мөн магадлан итгэмжлэгдээгүй 14 дээд сургууль одоо болтол үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Хөдөлмөрийн зах зээл эрэлтийг хайхардаггүй

“Дээд боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн статистик”-аас үзвэл оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр нь ангилбал:

  • Бизнес, удирдлага, эрх зүй -26%
  • Инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт -16.5%
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологи -2.3%
  • Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал -13.3%
  • Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэл зүй -2.2 хувийг тус тус эзэлж байна.

Харин манайд ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ хөдөө аж ахуй, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад өндөр буюу 70 гаруй мянган ажлын байрны эрэлт үүсэж байгаа аж. Үүнийг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл эрэлтийн 24 хувийг л дээд боловсролын тогтолцоогоор бэлтгэдэг мэргэжил эзэлж буй.

Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, багшийн  ур чадварыг сайжруулж, мэргэжлийн чиглэлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх зүй ёсны шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.

Хямд төлбөр

Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг асуудал нь их, дээд сургуулийн төлбөр хямдхан байгаа нь сургалтын чанар, материаллаг бааз муу байх нэг шалтгаан болно. Залуучууд төлбөрөө төлж л байвал мэрийлт гаргахгүйгээр дээд сургуульд элсэж,  бас төгсөж болдог нь үнэ цэнэгүй дээд боловсролын  тогтолцоог бий болгож буй гэхэд хилсдэхгүй.

Сургалтын төлбөр бага байх нь тухайн сургуулийн сургалтын чанар, хүчин чадал сул, сурах орчин төдий чинээ тааруу байгааг илтгэнэ. Дэлхийн дийлэнх оронд дээд боловсролыг өндөр үнээр олгодог. Тэр хэрээр судалгаа, инноваци, сургалтын орчны материаллаг баазад мөнгө зарцуулж, чанартай хөтөлбөр боловсруулж, шилдэг багш нараар чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. 

Манай улсын их сургуулиудын профессорын нэг цагийн ажлын дундаж цалин жишиг харьцуулалтаар 3,95 ам.доллар, сарын цалин нь олон улсын жишиг дунджаас найм дахин бага буюу 660 ам.доллар байна.

Тиймдээ ч сургуульд чадварлаг багш, эрдэмтдийг ажиллуулж, хөдөлмөрийг нь зохих ёсоор үнэлэхгүй бол чанаргүй сургалт, чадамжгүй мэргэжилтнүүд төрөн гарсаар байх болно.

Монгол улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бие даасан байдлыг хангах, мэргэжлийн болон дээд боловсролын хуваарилалтын  бүтцийг оновчтой болгох, их дээд сургуульд элсэгчдийн чанарын шалгуурыг өндөрсгөх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Чанар, өрсөлдөөн-Герман боловсрол

Quacquarelli Symonds (QS)- судалгааны байгууллага зургаан үзүүлэлт бүхий шалгуураар дэлхийн шилдэг их сургуулиудын чансааг үнэлж, жил бүр шилдэг их сургуулиудыг жагсаадаг. 

Үүнд:

  • Нэг багш, судлаачид оногдох судалгааны орлого 
  •  Гадаадын болон дотоодын багш, судлаач, оюутны тооны харьцаа 
  • Сургалтын нэр хүнд (Thomson Reuters –ийн Академик нэр хүндийн талаар хийгддэг судалгааны үр дүнг ашигладаг.)
  • Тухайн жилд олгосон PhD зэрэг, бакалаврын түвшинд элссэн элсэгчид 
  • Тухайн жилийн орлого • PhD зэрэг/бакалаврын зэрэг, судалгааны ажлын гарц зэргийг үнэлэхэд
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, судалгааны ажил бүтээл зэргийг авч үздэг.

Тус байгууллагаас өнгөрөгч 2018 онд гаргасан судалгаагаар дэлхийн топ 100 их сургуульд Герман улсын гурван их сургууль, топ 200-д 13 их сургууль, топ 5000-д 134 их сургууль тус тус жагсжээ. Дээд боловсролын чансаагаараа дэлхийд эхний дөрөвт жагсдаг энэ орны оюутнуудын дийлэнх нь улсын сургуульд суралцдаг байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улсын иргэдийн мэргэжил эзэмших явдал даруй гурав дахин нэмэгджээ. Герман улс 1997 оноос эхлэн дээд боловсролын тогтолцоондоо Болонийн реформ гэх хувьслыг  өрнүүлж бүтцийн шинэчлэлт хийсэн. Энэхүү хувьсгалын гол зорилго нь Европ даяар дээд боловсролын шилдэг бааз болох зорилт тавьж шилдэг боловсон хүчин бэлдэхэд анхаарч эхэлсэн явдал юм.  

Залуучуудын их сургуульд элсэх харьцаа нь Европын бусад орнуудтай харьцуулахад доогуур ч гэлээ хөдөлмөрийн насны ажил эрхлэлтийг тоогоор бүс нутагтаа тэргүүлж байна. Энэ нь залуучууд  мэргэжил олгох коллежид хамрагдах нь түгээмэл байдагтай холбоотой. 

83 гаруй сая хүн амтай Герман улс нь төрийн өмчит болон хувийн хэвшлийн 426 гаруй их дээд сургууль, коллеж бий. Тэдгээрийн ердөө тавны нэг нь хувийн хэвшлийн сургууль юм.

Үүнээс 106 нь улсын сургууль/ үнэ төлбөргүй/, 58 гаруй нь урлагийн сургууль, 200 гаруй нь мэргэжил олгох коллеж юм. Үлдсэнийг нь  их, дээд сургуулиуд эзэлдэг аж. 

Германы 16 муж улс тус бүр өөр өөрсдийн онцлогийг шингээсэн боловсролын бодлого, хууль журамтай. Ихэнх хичээл нь герман болон англи хэлээр орно. Түүнчлэн франц, испани, итали хэл дээр хичээл заадаг сургуулиуд ч бий. 2016-2017 оны хичээлийн жилд 2.8 сая оюутан тус улсын  426 их, дээд сургуульд элссэний 357.835 нь гадаад оюутан аж.

Германы их дээд сургуульд тус улсын иргэн бол заавал 13 дугаар ангиа төгссөн, элсэлтийн шалгалтын зохих оноог хангасан байх шаардлагатай. Харин гадаад оюутнуудын хувьд герман хэлний түвшин, амьжиргааны зардлыг баталгаа шаардана. 

Тус улсын их дээд сургуулиуд багш, оюутныг аливаа судалгаа, эрдэм шинжилгээний ажил  хийхэд  нь олон талаар дэмждэг. Дээрээс нь сургуулийн хотхон нь хичээлдээ төвлөрөх бүхий л боломж, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байдаг аж.

Оюутны хоолны газруудад оюутан багш нар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ. Бүр тухайн өдөр ямар хоол гарахыг оюутнуудад зориулан хөгжүүлсэн утасны апп-аар харах боломжтой гэнэ.

Улсын болон хувийн аль ч их дээд сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй. Хичээлийн лекцийн үеэр тэнхим бүрт дохионы хэлмэрч ажилладаг.

Бүх сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй налуу шаттай. Номын сан нь шөнийн 12.00 цаг хүртэл ажилладаг сургуулиуд олон бий.  

2019 оны тайлангаар тус улсын хөдөлмөрийн насны нийт иргэдийн 76.30 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь 1992 онд 69.19 байснаас 7.11 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн багш нарын цалин олголтоор Европтоо хоёрт жагсдаг. Тус улсын их дээд сургуулийн багш нарын сарын дундаж цалин эрдмийн зэрэг, сургуулийн чансаа  зэргээс шалтгаалаад 59-109 мянган еврогийн хооронд байна. 

Их дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлаар Европын бүс нутагт хоёрт жагсдаг. “Eurostat” буюу Европын улс орнуудын статистик мэдээллийн судалгааны байгууллагын 2017 оны судалгаанаас үзэхэд Герман улсын их дээд сургууль төгсөгчдийн 91 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байна. Европын улсуудын дундаж хөдөлмөр эрхлэлт нь 80 хувьтай байдаг. Хөдөлмөр эрхлэлтээрээ Мальт улс хамгийн өндөр буюу 95 хувьтай байхад, Нидерланд болон Чех улс 90 хувьтайгаар Герман улсын дараа орж буй. 

Тооны хувьд цөөн боловч чанартай их дээд сургууль, өндөр төлбөр, шударга өрсөлдөөн, сургалт, судалгааны цогц бааз, чадварлаг багшлах хүчин зэрэг нь Герман улсын чанартай дээд боловсролын суурь юм. 

TAGS