• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    101   |  
0

Нэг л өглөө босоод харахад байрны ойр орчимд шинээр барилга барихаар газар ухчихсан, орой нь ажлаа тараад ирэхэд хотхоны мод, бут сөөгийг тайрсан байх нь манайд энгийн үзэгдэл. Бөөр бөөрөөрөө нийлсэн, нар үздэггүй хэдэн орон сууц, стандартад үл нийцэх, авто замтай ойрхон хүүхдийн тоглоомын талбай барьчихаад үүнийгээ орон сууцны хороолол гэнэ. “Шинээр баригдаж байгаа орон сууцны нийт талбайн 30-аас доошгүй хувь нь автомашины зогсоол болон ногоон байгууламжтай байх ёстой” гэж хуульчилсан ч энэ шаардлагыг цөөн тооны тансаг зэрэглэлийн орон сууцууд хангана. Гэвч энэ бол дэлхийн жишигтэй харьцуулахад маш бага тоо юм.

Дэлхийн томоохон хотуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 11-20 метр кв байдаг. Харин манайд энэ стандарт ердөө л тавхан метр кв байна. Барилгын норм, дүрэмд орон сууцны барилгын 500 метрээс нэг километрийн радиуст, хамгийн багадаа нэг га талбайд ногоон байгууламж байх ёстой хэмээн заажээ. Гэтэл бодит байдал дээр ногоон байгууламжийг төлөвлөх нь битгий хэл, хүрэлцээтэй авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, саравч, бичил цэцэрлэггүй хороолол, хотхонууд цөөнгүй бий. Барилгын компаниуд ногоон байгууламж, бичил цэцэрлэг, иргэдийн тухлах орчинг хангаагүй байсан ч хариуцлага тооцдог эрх зүйн тогтолцоо манайд хараахан алга.

Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэмд зааснаар ИРГЭН ТА дараах эрхтэй. Үүнд:

-Орон сууцны хорооллын ногоон бүс амралтын болон явган замын талбай, стандарт хангасан хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмжтэй байна.

-2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 метрээс багагүй, 4 давхар бол 20 метрээс багагүй байх.

-Нэг хүнд ногдох явган хүний замын зурвас бүрийн өргөний доод хязгаар 0.75 метр.

Харин “Авто зогсоол” MNS 5342:2007 стандартад 

-5-10 байрны дунд 50-100 машины зогсоол байгуулна гэж заадаг.

Олон улсад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг тогтоосон есөн стандарт бий. Манай улсын хувьд эдгээр стандартаас дөрвийг л мөрддөг.

 Тухайлбал:

  • Хурц ирмэггүй, 
  • Авто зам, машины зогсоолоос хол, 
  • Резинэн хавтантай, 
  • Машины зогсоол дээр байрлуулаагүй байх.

Гэвч цементэн суурьтай хүүхдийн тоглоомын талбай авто зам, гаражтай зэрэгцэн орших нь элбэг. Тиймээс хүүхдүүд цементэн хавтан дээр унаж бэртэх, бөмбөгний хойноос гүйж яваад  авто осолд орох зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.  

 
 

ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАХ ОРЧИНГ ДЭЭД ЗЭРГЭЭР ХАНГАСАН ШВЕД УЛСЫН ЖИШЭЭ

Швед улс орон сууцны хомсдлыг арилгах, барилгын стандартыг сайжруулах зорилготойгоор 1960-1970 оны хооронд “Million homes project” буюу Шведийн нэг сая өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 

Тогтвортой хотжилтыг бий болгох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд Швед улс тогтвортой барилгажилт, эрүүл оршин суугч гэх ойлголтыг энэ үеэс л барилгын салбарт нэвтрүүлж төлөвлөлт, бүтээн байгуулалт, хяналт гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 
 

Ингэснээр 1990 оноос хойш орон сууцны хороолол орчмын агаарыг халааж буй түлшний хэмжээг 80-13 хувь болтол бууруулж чаджээ. Эрчим хүчээ хэмнэж, байшин бүрийн дээвэрт нарны эрчим хүч хураах төхөөрөмж суурилуулан, салхин сэнс ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигладаг байна. 

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нийтийн орон сууцанд нэвтрүүлсэн дэлхийн жишиг бүхий цогц шийдэл их ховор байдаг.

 
 

Эрчим хүчний зарцуулалт өндөр, дулааны алдагдал ихтэй хуучин орон сууцуудыг сэргээн засварлах пассив хаусын аргыг нийтийн орон сууцанд нэвтрүүлжээ. 

Ингэснээр барилгын хийц болон байршил, материал зэргийн бүтцээр дамжуулж дулааныг хүлээн авах, хадгалах, агаар солилцох чадамжийг нэмэгдүүлж, эрчим хүчний ашиглалтыг үлэмж хэмжээгээр бууруулжээ.

Тус улсын нийслэл Стокгольм хотын орон сууцны хороолол бүр тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу шат, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний замтай. 

Мөн дийлэнх орон сууц нь таваас найман давхартай, хоорондын зай нь нэг нь нөгөөгөө сүүдэрлэхээргүй байхаар баригддаг. Орон сууцны хорооллын ногоон бүсийн нэг хүнд оногдох талбай 6м2 орчим. Харин нэг хүнд оногдох цэцэрлэгжүүлсэн талбай 3м2-аас дээш байна.

 
 

Барилгын ойр орчмыг бичил цэцэрлэг болгож тохижуулсан нь  агаарын чанарыг сайжруулах үүрэгтэй.

Ханыг титаны хольцтой будгаар будсан байдаг нь агаар дахь хортой бодисыг саармагжуулж өгдөг. 

 
 

Шведийн орон сууцны хорооллууд хүүхдийн тоглох, иргэдийг тухлах, чийрэгжүүлэх талбайд хангалттай зай талбай оноож хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд тоглох орчинг бүрдүүлж өгдөг байна. 

Хүүхэд бэртсэн тохиолдолд тухайн барилгыг барьсан компани хүүхдийн эмчилгээ, эмнэлгийн зогсоолын төлбөрөөс эхлээд эцэг, эхийн хүүхдээ асрах хугацаанд алдсан цалинг хүртэл  нөхөн олгодог аж.

Тоглоомын талбайн тоглоом эвдэрч, ашиглалтын хугацаа дууссан бол даруй шинэчилнэ.

 
 

Машины зогсоолыг ихэвчлэн газар доор байхаар шийдсэн. Зай талбай багатай зарим хорооллууд хоёроос гурван давхар автомашины зогсоолтой байдаг бөгөөд дээвэр дээр нь ногоон ургамал тарьсан байдаг. 

Машин түрээс, цахилгаан машин цэнэглэх, дугуй засвар зэрэг үйлчилгээний газрууд орон сууцны хороолол бүрт бий. Ингэснээр иргэд автомашины зогсоол болон шатахууны төлбөрөө хэмнэхээс гадна агаарт ялгарах нүүрс хүчлийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой.

 
 

Тухайлбал, Стокгольмоос баруун зүг 200 орчим км-т орших Эребру хотын орон сууцны хороолол болгон усан оргилууртай. Усан оргилуур зундаа агаарын хэмийг бууруулж, агаарыг цэвэршүүлдэг бол өвөлдөө гэр бүлээрээ чаргаар гулгах мөсөн гулгуурын талбай болж хувирдаг байна. 

 
 

Өрх бүр хог хаягдлаа заавал ангилах бөгөөд хүнсний  хаягдлыг байгалийн хий болгон хувиргаад нийтийн тээврийн түлшинд ашигладаг.

2016 онд хийсэн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаагаар Стокгольмчуудын 88 хувь нь хотдоо сэтгэл хангалуун, тав тухтай, амьдрах нөхцлийг хангасан гэсэн дүгнэлт өгчээ. Чанартай барилгын материал, сайн чанарын модны үйлдвэрлэл, өндөр өрсөлдөөнт барилгын салбар, чанд мөрдөх нормоор  тэд евро стандартыг бүрэн хангадаг.

 
 

Дашрамд дурдахад хотын захын хорооллын иргэд машинаа орон сууцнаас 200 метрийн зайд байршуулах дүрэмтэй. Үүгээрээ Швед орон авто замын аюулгүй байдлаараа дэлхийн тэргүүлэгч таван орны нэгт зүй ёсоор багтдаг. 

Хотхоны оршин суугчдад зориулсан дундын хувцас угаалгын газар, энтертайнмэнт өрөө, саун, дугуй зогсоол, шорлог хийх нийтийн талбай гээд тухтай амьдрах нөхцөлийг хангасан.

Энэ мэт хүрээлэн буй орчинд ээлтэй хийгээд иргэдийнхээ аж төрөх эрүүл, аюулгүй орчинг нь бүрдүүлж чадсан нь ирээдүйрүү чиглэсэн бүтээн байгуулалтын томоохон жишээ мөн.

TAGS