A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 120 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 120 | |
|
Намрын налгар төрх машины цонхны цаанаас хөвөрнө. Юнител Группийн санаачилсан "Ногоон Зүрх-Аав ээжээ хайрлая" аяны хүрээнд залуу насаа эх орны бүтээн байгуулалт, хөгжилд зориулсан ахмадуудын эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн асуудлыг сурвалжлахаар Батсүмбэрийн асрамжийн газрыг зорьж яваа нь энэ.
Сумын төвөөс салаад 7 км сэгсчүүлсээр “Ахмад настны үндэсний төв”-д ирлээ. Гадаа нарлан хөзөр тоглож, банзан гитараа дарж, хууч хөөрсөн ахмадууд хэнийг ч юм хүлээсэн харцаар биднийг угтав.
Нэгэн жарны түүх өгүүлэх энэ барилгад 18-80 гаруй насны 160-аад асруулагч амьдардаг. Барилгыг 2016 онд өргөтгөж, орчин нөхцөлийг нь сайжруулсан болоод ч тэр үү санасныг бодоход цэмцгэр, саруулхан...
“Аятайхан замтай болчихвол хотынхон шаваад байгалийг минь сүйтгэж орхих биз ээ, “сайхан” замаар сайн явж ирэв үү” хэмээн хижээл насны эр хошигнон угтсан нь тус газрын дарга Л.Эрдэнэхүү аж. Ийнхүү энэ төвийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан, ахмадуудтай уулзан нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ төвд яаралтай шийдвэрлэх шаардлагатай багагүй асуудал байдаг талаар тус төвийн дарга, эмч, нийгмийн ажилтнууд, асруулагчтай уулзахдаа олж мэдсэн юм.
Ахмад настны үндэсний төв нь Хөдөлмөр хүн ам нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг. Эрүүл мэндийн яамд хамааралгүй тул эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хэдий ч эмч нар нь 160 гаруй асруулагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эрүүл мэнд, сувилгааны үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн хэрнээ мэргэжлийн хяналтаас шалгалт ирэхэд манайхыг асрамжийн бус эмнэлгийн стандартаар шалгачихдаг гэцгээж байлаа.
Энэ газар бие махбод эсвэл сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн ирдэггүй. Ихэвчлэн хоёроос гурван өвчин хавсарсан, хэвтрийн цооролттой, хавдартай, тураалтай, харвалт өгсөн, сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай гээд биеэ авч явах чадваргүй, асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүс ирдэг байна.
Тус төвийн их эмч У.Эрдэнэчимэг “160-аад хүний эмэнд сард 3,2 сая төгрөг төсөвлөдөг. Гэтэл энэ төсөв ахмадуудын эмийн эмчилгээнээс гадна памперс, гуурс зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээний хэрэгслүүдийг авахад огт хүрэлцдэггүй. Асруулагчдын зөвхөн даралтны эм гэхэд сарын 2.3 сая төгрөг болчихдог. Тусгай зөвшөөрөлгүй ч бид эмчлүүлэгчийн түүх нээж өөрсдийн нөөцөд тулгуурлан эмчилгээ хийдэг” гэв.
Настай хүмүүсийн асаргаанд сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмж, түргэний тэрэг нэн түрүүнд байх ёстой атал эдгээрээс аль нь ч байдаггүй.
Асруулагчдыг эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үед өнөө “сайхан” замаар starex машинаар аймгийн төв рүү эсвэл Улаанбаатарт хүргэдэг. Өвчтөнг эмнэлэгт үзүүлэхийн тулд олон төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай. Гэвч түргэний машингүй тул хотын түгжрэл ихээхэн хүндрэл учруулдаг. Хотод түр байрлах газар үгүй тул өдөртөө буцаад маргааш нь дахин төв бараадах зэргээр тоочвол асуудал дундрахгүй.
Тус төвд 20 гаруй жил ажиллаж буй бага эмч Ю.Чимгээ: “Сард 10 орчим хүн Улаанбаатарыг зорьж эмнэлгийн үйлчилгээ авдаг. Өвчтөнг заавал асрагч дагалдах шаардлагатай. Тиймээс бидэнд хүний нөөцийн асуудал үргэлж тулгардаг. Сайхан сэтгэлт хүмүүс олон юм. Саяхан “Юнител групп”-ээс бидэнд бүрэн тоноглолтой түргэний тэрэг, 32 ширхэг таван үйлдэлт ор, хоёр ширхэг дефибриллятор буюу зүрхний индүү, хоёр ширхэг хүчил төрөгчийн аппарат хандивласан. Одоо эмчилгээний тусгай зөвшөөрөл олгоод жижиг эмнэлэг байгуулаад өгчихвөл бид асаргаа, сувилгаа, эмчилгээг нэгэн зэрэг үзүүлэх боломжтой. Тэр хэрээр улсын эмнэлгийн ачаалал ч, тэр бидэнд учрах чирэгдэл ч буурна” гэсэн юм.
Бидний төсөөлөөгүй амьдрал энд өрнөдөг
Олон улсын жишигт ахмад настан, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар тусдаа байдаг бол манайд энэ бүгдийг нэгтгэчихсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 18 нас хүрэнгүүт энэ Ахмад настны үндэсний төврүү илгээнэ, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, ахмад настан, архины хамааралтай хүмүүс ч энд асруулна. Тус төвийн асруулагчийн 70 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн 50 хувийг хэвтрийн буюу байнгын асаргаа шаардлагатай хүмүүс бүрдүүлдэг.
Энэ газар сэтгэцийн эмнэлэг шиг л ачаалалтай ажилладаг талаар ажилчид болон биеэ авч явах чадвартай асруулагчид ярьж байв.
Архины хамааралтай хүмүүс агсам согтуу тавьж, хавь орчноо бусниулж, ахмадуудын ая тухыг алдагдуулна. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэхэд асрагч, сувилагчдыг цохиж, зодох зэргээр айлгадаг гэнэ. Хэдэн жилийн өмнө эмчилгээ хийж байхад бага эмч Ю.Чимгээгийн хоёр хавиргыг сэтгэцийн өөрчлөлттэй асруулагч хуга өшиглөж байжээ. Энэ мэт ажилчид болон бусад асруулагчдыг бие мах бод сэтгэл санаагаар хохироох үзэгдэл цөөнгүй аж.
Удаах цоорхой: Боловсон хүчний хүрэлцээ
Дэлхийн жишигт 15 хүнд нэг нийгмийн ажилтан оногддог бол манайд 160 гаруй хүнд гурван нийгмийн ажилтан, нэг захиргаа нийгмийн оролцооны ажилтан, эмчилгээ, асаргааны 15 хүн ажилладаг. Оройн зургаан цагаас хойш эндхийн асруулагчдийг нэг сувилагч, нэг жижүүр, хоёр асрагч хянаж үлддэг нь тун хангалтгүй байдаг гэнэ.
Асрамжийн газрын ажилчдын амьдрах орон байр, хүүхдийн цэцэрлэг, сургууль гээд нийгмийн асуудал шийдэгдээгүй учраас хүн тогтож ажиллах бэрх, асрагчийн орон тоо үргэлж хүрэлцээгүй аж.
Сардаа 400 мянган төгрөгний төлөө сэтгэцийн эмгэгтэй, хэвтрийн хүмүүсийг асарч, ачаалаа дийлэхгүй байгаа хүмүүсийг харахад “нүд хальтарч” байлаа. Асрагч, сувилагчдын ажлын орчин нь хортой нөхцөл дотроо сэтгэл зүй, физиологийн хүчин зүйлсийн ангилалд оруулах шаардлагатай байна.
Тэгвэл Шведийн ахмадын асрамжийн газар ямар байдагтай танилцъя
Олон улсын судалгааны байгууллагаас ахмад настны эрүүл мэнд, санхүүгийн хараат байдал, чадамж /ажил эрхэлж буй байдал/, нийгмийн оролцоо гэсэн дөрвөн үзүүлэлтээр өндөр настанд хамгийн ээлтэй орнуудыг шалгаруулахад Швед улс сүүлийн жилүүдэд тэргүүлж байна. Шведийн вант улсын хүн амын /10.04 сая/ 20 хувийг 65 болон түүнээс дээш насныхан бүрдүүлнэ.
Тус улсын 65-аас дээш насны 93 мянган ахмад настан асрамжийн газар амьдардаг гэсэн 2012 оны статистик бий.
Шведийн ахмадын асрамжийн үйлчилгээг гэрээр нь асрах үйлчилгээ, ахмадын өдөр өнжүүлэх, senior housing буюу 55-75 насны ахмадын нийтийн байр, 80-аас дээш настны асрамжийн газар, тусгай хэрэгцээт хүмүүсийн /сэтгэцийн өөрчлөлттэй, алзхеймрийн өвчтэй, хорт хавдартай зэрэг хүнд өвчтэй/ асрамж зэргээр ялгаж болно.
Бид хүүхдээ өндөр өнжүүлэхэд явуулдаг бол Шведэд өндөр настнуудын өдөр өнжүүлэх үйлчилгээ гэж бий.
Ахмадын асрамжийн стандартыг сайжруулах зорилгоор 2014 онд засгийн газраас 1 тэрбум крон буюу 102.35 сая ам.долларыг ахмад настныг асрах ажилтнуудыг чадваржуулах, сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулжээ.
55-75 настнуудын асрамжийн газар /senior housing/ 55-75 насны ахмадуудад зориулсан хувийн болон улсын хэвшлийн асрамжийн газар олон бий. Эмч долоо хоног болгон ирж үзлэг хийнэ, мөн 24/7 цагийн асрагч, сувилагчид үйлчилнэ. Асрамжийн газрын байр нь хурлын тэнхим, саун, фитнес, тоглоомын өрөө, номын сан, усан бассейн болон гадаах цэцэрлэгтэй. Асрамжийн газарт сэтгэл зүйч, арга зүйч, мэдрэлийн эмч, нийгмийн ажилтан, асрагч, сувилагч авч ажиллуулна. Энэ барилгын өрөө бүрт яаралтай тусламжийн болон хоол хүргэлтийн үйлчилгээний хонхтой.
Шведийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны судалгаагаар 2011 онд ахмадын 2710 асрамжийн газар бий аж. Үүний 80 хувь нь буюу 2324 нь улсын харьяалалтай.
Стокгольм хотын Axelsberg дүүргийн “Axelsberg” асрамжийн газрыг жишээ болгон авч үзэцгээе:
Ажилчид ахмадын тооны харьцааны хувьд 6-8 ахмадад нэг асрагч оногддог. Тус асрамжийн газар 54 өрөөнөөс /apartment гэнэ/ бүрдэх ба ганцаараа эсвэл ахмад эсвэл хосоороо амьдарна. Эдгээр хүмүүст 70 ажилтан үйлчлэхээс 58-ыг асрагч, сувилагч бүрдүүлнэ. Үлдсэнийг физик эмчилгээний эмч, нийгмийн ажилтан болон менежер, хоолзүйч, сэтгэл зүйч, үйлчилгээний ажилтан эзэлдэг.
Өрөө болгон ариун цэврийн өрөөтэй бөгөөд эдгээр нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан байна. Мөн түргэний тэрэг болон хотоор зугаалахад зориулсан нийтийн тээврийн үйлчилгээтэй.
Асруулагчдын сэтгэл зүй болон бие бялдрын эрүүл байдлыг хангах үүднээс өдөр бүр төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа зохионо. Долоо хоног бүр нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийдэг байна.
Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийг гадны жишигтэй харьцуулахад ийм байлаа. 2024 онд энэ газар зуун жилийн ойгоо тэмдэглэнэ. Улсын нэгдсэн асрамжийн газар ийм л байдалтайгаар ирээдүйтэйгээ золгох уу?
Магадгүй бид ч ирээдүйд энэ асрамжийн газрыг зорихыг хэн байг гэхэв. Тэр болтол манай асрамжийн газар олон улсын жишигт хүрээсэй...
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|