• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    110   |  
0
 

Туул голын найрлагад 15 хорт элемент агуулагдаж, гол даган амьдарч буй хүн малд онц ноцтой аюул учраад байгааг саяхан нэгэн сайтаас уншлаа. Тэр ч байтугай Их Хурлын дарга Г.Занданшатар энэ явдлын гол хохирогчид болох Сонгино, Алтанбулаг орчмын иргэдтэй уулзаж, яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн гэв.

Энэ бол шив шинэхэн асуудал биш. Аль 2006 оноос эхлэн сөхөгдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улиг болтлоо “нүхэлсэн” сэдэв. Түүнээс хойш 13 жил өнгөрчихөөд байхад сая л гэнэт мэдсэн юм шиг голын бохирдол дахь хүнд элементүүдийн талаар судалснаа дэлгэж, түүнд нь төрийнхөн санаа зовниж эхэллээ.  

Асуудал маш тодорхой.

Нэгдүгээрт: Арьс шир, ноос ноолуурын болон бусад үйлдвэр стандартын хэмжээнээс хэд дахин бохир ус нийлүүлэх болсон,

Хоёрдугаарт: 50 гаруй жилийн настай цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон...

Ийм л гол шалтгаантай.

Цэвэрлэх байгууламж анх байгуулагдахдаа нэг сая иргэний болоод үйлдвэрүүдийн хүнд элементүүд агуулсан ус цэвэрлэнэ гэж тооцоолоогүй. Түүгээр ч барахгүй 1964 оноос хойш 50 гаруй жил эцэлт цуцалтгүй ажилласан тул хэдийнэ элэгдэлд орсон. Иймд 100 хувь хүртэл бохир усыг цэвэршүүлнэ гэдэг үлгэр!

Уг нь энэ асуудлыг цэгцэлж үйлдвэрүүдийн усны замбараагүй хэрэглээг бууруулах, нөгөө талаас байгаль орчинд ээлтэй Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан. Хуулийн гол агуулга нь үйлдвэрүүд бохирдуулсан ундны усны хэмжээгээрээ мөнгө төлөх, мөн байгууллага бүр ус цэвэршүүлэх бага оврын байгууламжтай байхыг тусгаж өгсөн.

Гэсэн ч хууль 7 жилийн турш хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл өдрөөс өдөрт багассаар байгаа гүний цэнгэг усыг арьс шир, ноос ноолуур, мах, сүүн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ ашиглан, бохирдуулчихаад тэд “угаадас” болгосон төлбөрөө төлөөгүй гэсэн үг.

ХУУЛЬ ХЭРЭГЖЭЭГҮЙ ЮМ БОЛ УС БОХИРДУУЛАГЧИД ӨНӨӨДӨР ХЭЧНЭЭН ТӨГРӨГИЙГ УЛСАД ТӨЛСӨӨР ИРСЭН БЭ?

 
 

Ус сувгийн удирдах газартай гэрээтэй нийт 251 аж ахуй нэгж байдаг. Тэд цэвэр ус ашигласан, бохир усаа нэгдсэн шугамд нийлүүлэхэд шаардлагатай мөнгөн дүнгээ л энэ хугацаанд төлсөн.

Түүнээс бус байгалийн шавхагдах баялаг болсон цэнгэг усыг бохирдуулж, эргээд байгальд хаягдаж буй химийн хүнд элементүүд бүхий хог, хаягдалд хариуцлага хүлээгээгүй.

Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авдаг. Бохир усны 20 гаруй хувийг үйлдвэр, аж ахуй нэгжийн нийлүүлсэн ус эзэлдэг ч бохирдлын хувьд стандартын хэмжээнээс хэд дахин илүү байдгаас цэвэрлэх байгууламжид үргэлжийн ачаалал үүсгэдэг. Үүний улмаас 100 хувийн цэвэрлэгээ хийж чадалгүй байгальд химийн хүнд металиуд агуулсан усыг голд цутгадаг. Үр дүнд нь Сонгино, Төв аймгийн гол дагасан сумдын голын найрлага нь дээрх аюултай байдалд хүрсэн.

Гэтэл хууль царцаасан энэ хугацаанд зөвхөн бохир усаа УСУГ-т нийлүүлсэн хөлсөнд,

  • ААН, албан газар 850
  • ААН, албан газар - цооногтой 610
  • Спирт, архи, пиво ундаа, усны үйлдвэр 1200
  • Ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, машин угаалга 1700 төгрөгийг төлсөөр иржээ.

Харин өнгөрөгч гуравдугаар сараас энэхүү төлөх журамд өөрчлөлт орсон байна.

 
 

ХУУЛЬ ХЭЗЭЭНЭЭС ХЭРЭГЖИХ ВЭ?

2012 онд батлагдсан хууль хэрэгжээгүй шалтгааныг салбарын яамны зүгээс хууль батлагдсан ч гол чиглүүлэгч нь болох Засгийн газар хэрэгжилтийг тодорхой болгох тогтоол гаргаагүйтэй холбоотой гэх тайлбарыг өгсөн. Харин 2016 оноос төрөөс энэ асуудалд анхаарч Ус бохирдуулсны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон.

Шинэчилсэн найруулгын төсөл хэдэн жил сунжирсны эцэст энэ оны тавдугаар сарын 2-нд батлагдсан. Хууль энэ зургаадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.

Хууль мөрдөгдсөнөөр аж ахуй нэгжүүд нийлүүлж буй усны бохирдлын хувиас шалтгаалан төлбөр төлөх бөгөөд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

Харин уг орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зориулна гэж хуулийн төсөлд тусгажээ.

Дараагийн цувралаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд голлох ямар заалт шинэчлэн оруулж, хэрхэн мөрдөх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

 
 
TAGS