• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    190   |  
0

Нийгмийн соёл хувь хүний соёлоос эхэлнэ

Төрийн болон худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх, цахилгаан шат, АТМ, явган хүний зам, ариун цэврийн өрөөнд дугаарлан зогсоход хүзүү рүү үлээх шахам амьсгална, түлхэнэ, атм болон утасны дэлгэц, хэтэвч, бичиг цаас руу өнгийнө, замын түгжрээнд чих “дүлийртэл” сигналдана, аргаа барвал хэрэлдэнэ, зодолдоно.

Суурин соёл иргэншилд хувь хүний орон зай нь халдашгүй үнэт зүйл атал нүүдэлчин ахуйгаас суурин иргэншилд шилжээд хэдийн нэгэн жарныг ардаа орхисон атал бидэнд бусдын орон зайг хүндлэх, соёлтой дугаарлах, бусдын эрх ашиг, бие биенээ хүндлэх зэрэг соёлыг төлөвшүүлж амжилгүй өдийг хүрчээ.

Хүний орон зайд халдахын сөрөг үр дагавартай холбоотой нэгэн жишээ бол коронавирусийн дэгдэлт.

Нэг дор олноор цугларахгүй байх нь коронавирусийн халдвар тархах эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал арга зам болохыг бид Хятадын цагаар сар, Солонгосын Тэгү хотын сүмийн цуглаан, Италийн багт наадмын жишээнээс бид сайн мэддэг болсон билээ.  

Коронавирусийн халдвар  хүнд агаар дуслын замаар 8 хүртэл метрт халдварлаж болох ба агаарт гурван цаг хүртэл тогтох боломжтой гэсэн судалгааг Стэнфордын эрдэмтэд гаргажээ.

Тиймээс ДЭМБ таваас дээш хүн нэг дор цугларах, нэн шаардлагатай биш болон олон нийтийн газраар зорчих, бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцах нь халдвар тархах өндөр эрсдэлтэйг сануулсаар буй.  

Хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатарт хотын соёлыг төлөвшүүлэхийн тулд нэгнийгээ сошиал орчинд “орк”-оор дуудаж, дооглохын оронд бие биедээ шаардлага тавьж, бусдад үлгэрлэх хэрэгтэй.

Япончуудын соёлоос суралцахуй

Дугаарлалтын тэмцээн гэж байдаг бол Япончууд түрүүлэх нь гарцаагүй. Хэрэв та Япон улсыг зорьсон бол, эсвэл япон киноноос метро хүлээхдээ бие биендээ нэг метрээс ойрхон зогсохгүй, урсдаг шатаар нэг талын эгнээнд зогсон зорчих соёлтой биеэ авч явдгийг анзаарсан биз ээ.

Нэгэн жишээ дурдахад Япон улсад жилд хоёр удаа зохиогддог Comiket буюу комик номын олон улсын чуулганд 550 гаруй мянган хүн цугладаг. Уртаас урт үргэлжилсэн  дарааллыг тэд тэвчээртэйгээр хүлээнэ. Ингэхдээ ямар ч хэрүүл зодоонгүй, хэн нэгнийг бухимдуулж, бухимдахгүй, бусдад төвөг удахгүй метрийн зайтай зогсож харагдана.

  • Биеэ авч явах соёлыг багаас нь төлөвшүүлдэг

Соёлтой дугаарлаж сурах соёлыг Япончууд хувийн сахилга бат, хүндлэл, биеэ авч явах соёл гэж үздэг бөгөөд хүүхдэдээ цэцэрлэгийн наснаас нь эхлэн зааж, гэр бүлийн орчинд үлгэрлэдэг. Ийнхүү хүн амын нягтаршил өндөртэй улсад тэд хэрхэн бусдад төвөг удахгүй биеэ соёлтой авч явах, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд бага наснаасаа эхлэн суралцдаг байна.

Танихгүй ч гэсэн бие биенээ хүндэтгэн, аливаад соёлтой дугаарлах сахилга батад олон жилийн турш суралцсан нь бүхий л нөхцөл байдал буюу аюул гамшгийн үед ч хэрэгжих нийгмийн бичигдээгүй хууль болон хөгжжээ.

Дугаарлалт хэчнээн урт байсан ч гомдоллох, маргаан үүсгэх, урдуур дайрах, бусдын тайван байдлыг алдагдуулах хүн Японд нэг ч үгүй.

2014 онд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Японы баг хожигдсон ч япончууд талбайг цэвэрлээд явсныг та санах биз ээ.  

Мөн Fukushima Daiichi-д болсон газар хөдлөлтийн дараа анхан шатны тусламжийн хэрэгсэл, хоол хүнсний хүрэлцээ хангалтгүй байсан ч маш хүлээцтэй, сахилга баттай дугаарлаж байсан билээ. Энэ мэт бусадтай нийцэн амьдрах, бусдыг хүндэтгэх соёлоороо дэлхийг байлдан дагуулах болсон Япончуудаас  суралцах зүйл бидэнд чамгүй их.

  • Үнэт цагаа тайван өнгөрүүлэх

Зэн байдалд орсон мэт л тайван байх хэрэгтэй гэсэн дэгийг тэд баримталдаг.

Хаа нэгтээ өөрийн үнэт цагаа зориулж дугаарлаж байгаа учраас энэ цаг хугацааг бухимдаж өнгөрөөхийн оронд үүнээс сэтгэл ханамж авч тайван байх ёстой гэсэн хандлага тэдэнд бий. Учир нь асуудал түгжрэлд, дугаарлалд  байгаа бус бидний сэтгэлгээнд байгаа гэдгийг маш сайн ухамсарладаг.

  • Бусдыг бүү март

Тэдний хувьд олон нийтийн газар дугаарлаж байхдаа хэн нэгэнтэй утсаар чанга ярьж, хувийн амьдралаа дэлгэх нь нийгмийн хэм хэмжээнээс гажсан үйлдэлд тооцогддог. Япончууд хаа нэгтээ дугаарлахдаа бусдын тав тухыг алдагдуулахгүй, бухимдуулахгүй байх бичигдээгүй хуулийг дагаж мөрддөг.

Мөн тэд хүний биед хүрэх нь бүү хэл хүнээс 1-2 метрийн зайтай дугаарлан зогсдог

  • Булхайцахгүй байх

Та Токио хотод очвол гадаа эсвэл дотор дугаарлахдаа хэн нэгэнд дугаар захих, өөрийнхөө оронд хүн зогсоох, урдуур дайрах үзэгдэлтэй таарахгүй. Бусдыг хүндэтгэх хэм хэмжээ хэрэгжиж буйн нэгэн жишээ энэ юм.

Япончууд худалдан авалтын тооцоогоо хийхдээ хэтэвч, картаа эрэх, тооцооны хуудсаа харан дараагийн үйлчлүүлэгчийн замыг бөглөн зогсдоггүй. Тооцоо хийхээс өмнө урамшууллын карт, хэтэвч зэргээ үргэлж бэлдэнэ, ямар нэгэн байгууллагын хаалга, урсдаг шатан дээр зам бөглөн цүнхнээсээ юмаа эрж эвсэл утсаа оролдож зогсох байдлаар бусдад төвөг учруулдаггүй.

Коронавирусийн дэгдэлтийн үед ЭМЯ-ны халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гаргасан уриалгыг KFC, Хаан банк зэрэг байгууллага  мөрдөж үйлчлүүлэгчдийг 2 метрээс багагүй зайд зогсох тэмдэглээг байрлуулсныг олон байгууллага хэрэгжүүлж, иргэд өдөр тутамдаа дугаарлах соёлыг мөрдлөг болгох хэрэгтэй байна.

 
 
TAGS