• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    96   |  
0

Хятадын эдийн засаг АНУ-тай шууд өрсөлдөж, Японы соёл уламжлал дэлхий дахиныг гайхуулж, Солонгосын нийгэм эдийн засаг Ази тивийг тодорхойлж байна. Бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд хүч нөлөөтэй эдгээр орнууд ирээдүйн иргэдээ хэрхэн бэлтгэдэг вэ?

ХЯТАД: Хичээлийн өмнөх давтлага, хангалттай дасгал хөдөлгөөн

Сурагчид өдөрт хоёр удаа дасгал хөдөлгөөнийг заавал хийдэг

Хятад сурагчдын сургуулийн нэг өдөр өглөөний долоон цагийн анги цэвэрлэгээгээр эхэлдэг. Долоон цаг гучин минутад жижүүр сурагчаас бусад нь ангидаа цуглаж, хичээл эхлэхийн өмнөх 20 минутыг англи болон хятад хэл дээр уншлага хийх, шинэ үг давтахад зориулдаг байна. Өдрийн цайны завсарлагааны дараа хичээл үргэлжилнэ. Танхимын сургалт ихэвчлэн дөрвөн цаг хүртэл үргэлжилдэг аж.

Хятад хэл, гадаад хэл, математик болон бусад нэмэлт хичээлүүдээс бүрдэх улсын элсэлтийн шалгалт есөн цаг үргэлжилдэг

Хятадын сургалтын хөтөлбөрийн нэг онцлог нь их хэмжээний мэдээллийг цээжлэхэд оршино. Олон тооны ханз үсгийг тогтоох, шинжлэх ухааны сэдвүүдийг цээжлэх нь сурагчдын бие даан сэтгэх, бүтээлчээр асуудалд хандах хандлагыг эрс хязгаарладаг болохыг тус улсад ажилладаг олон улсын зарим багш нар онцолжээ. Сурагчид өдөрт хоёр удаа дасгал хөдөлгөөнийг заавал хийдэг боловч хичээлийн хөтөлбөрт хэлэлцүүлэг, багаар ажиллах зэрэг нь байдаггүй.

Төгсөх ангийн сурагчдын бүх хүч чармайлтаа шавхан бэлтгэж буй зүйл нь “Gaokao” буюу дээд боловсролын улсын элсэлтийн шалгалт юм. Хятад хэл, гадаад хэл, математик болон бусад нэмэлт хичээлүүдээс бүрдэх уг шалгалт есөн цаг үргэлжилдэг. Тус улсын нийт сурагчдын 40 хувь нь их, дээд сургуульд элсэх болзлыг хангадаг байна.

Харамсалтай нь их сургууль төгсөгчдийн ирээдүйн баталгаатай ажлын байр олох магадлал улам бүр буурч байгаа аж. 2019 онд л гэхэд 8,3 сая оюутан дээд боловсролын гэрчилгээ авсан боловч Хятадын эдийн засгийн удаашрал томоохон асуудал болоод байгаа юм.

Ажилгүйдлийг шийдвэрлэхээр тус улсын Засгийн газраас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжиж, арван жилийн сургалтанд туршилтын хөтөлбөр болоод арга барилуудыг нэвтрүүлж байна.

ЯПОН: Сургуулийн гадна ч хамаарах сахилга батын журмууд

Боловсролын байгууллагын удирдлагуудын зүгээс бохь зажлах, гудамжинд юм идэх, алхаж байхдаа ном унших, нийтийн тээвэрт суудал тавьж өгөхгүй байх зэрэг нь сурагчдын, цаашлаад сургуулийн нэр хүндэт халтай хэмээн үздэг

Япон хүүхдүүдийг дунд ангийн төгсөлтийн шалгалтын оноогоор ахлах сургуульд хуваарилдаг байна. Оршин суух хаягаар бус дүнгийн үзүүлэлтээр ийнхүү сургуулийг тодорхойлдгоос үүдэн зарим сурагчид өдөрт 3-4 цагийг нийтийн тээвэрт өнгөрөөдөг. Замд зарцуулах хугацаа их байдгаас үүдэн сурагчид энэ үеэр биеэ хэрхэн авч явахыг сургуулийн журамд тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, боловсролын байгууллагын удирдлагуудын зүгээс бохь зажлах, гудамжинд юм идэх, алхаж байхдаа ном унших, нийтийн тээвэрт суудал тавьж өгөхгүй байх зэрэг нь сурагчдын, цаашлаад сургуулийн нэр хүндэд халтай хэмээн үздэг байна.

Хичээл найман цаг гучин минутаас эхлэх бөгөөд анги дүүргэлтийн хувьд голдуу 40-45 хүүхэд байдаг. Өдрийн төгсгөлд бүх сурагч анги цэвэрлэгээнд оролцож, анги болон коридорын шалыг угаах, ариун цэврийн өрөөг цэвэрлэх, ойр орчмын хогийг цуглуулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Клубууд спортын болон соёлын гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагдана

Дийлэнх сурагчид өдөр бүр давтлагаас гадна хоёр цагийг сургуулийн клубд зарцуулдаг байна. Нэг сурагч нэг л клубд бүртгэлтэй байх бөгөөд тэдгээр нь спортын (хөлбөмбөг, жудо, сэлэлт, гүйлт г.м) болон соёлын (гадаад хэл, шинжлэх ухаан, уран бичлэг г.м) гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагдана. Хачирхалтай нь сурагчид анх орсон клубээ барагтай сольдоггүй байна. Сургуульд ирэх очих болон сургуулийн клубууд нь сурагчдын нийгмийн амьдралын томоохон хэсгийг бүрдүүлдэг ажээ.

Сургуулийн үйл ажиллагааны дараа сурагчдын 60 хувь нь оройн цагаар хувийн давтлага сургуулиудад хамрагддаг байна. Эдгээр нь ерөнхий боловсролын төгсөлтийн шалгалтад зориулагдсан давтлагаас гадна сурагчдын авьяас чадварт зориулсан төрөл бүрийн хөтөлбөрүүдийг санал болгодог аж. Их сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй сурагчид нэгээс хоёр жилийг уг нэмэлт сургуулиудад өнгөрөөх тохиолдол цөөнгүй.

СОЛОНГОС: Өдөрт таваас олон цаг унтдаг сурагч их сургуулийн талаар бодоод ч хэрэггүй

Солонгос хүүхдүүд шөнийн 10-12 цаг хүртэл хичээлээ давтдаг

Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 12-т ордог Солонгос улс асар их хүч хөдөлмөрийн үр дүнд Ази тивийн тэргүүлэгч орнуудын нэг хэмээх байр сууриа хадгалдаг байна. Энэ улсын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид өдөрт 14-15 цагийг хичээл хийхэд зарцуулдаг.

Төгсөгчдийн ердөө нэг хувь нь Солонгосын хамгийн нэр хүндтэй гурван сургуульд тэнцдэг

Хичээл өглөөний найман цагт эхэлнэ. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 50 минут бөгөөд сурагчид үд дунд мөн 50 минутын цайны завсарлагатай. Өдрийн дөрвөн цагт хичээл албан ёсоор дуусах боловч сурагчдын хичээл хийх үйл ажиллагаа дөнгөж талдаа орж байгаа нь энэ юм. Анги цэвэрлэгээний дараа оройн хоолоо зарим сурагчид гэртээ, зарим нь сургууль дээрээ иддэг. Энэхүү оройн завсарлагааны дараа хүүхдүүдийн зарим нь сургууль дээрээ, зарим нь хувийн үйлчилгээ ашиглан шөнийн 10-12 цаг хүртэл хичээлээ давтдаг ажээ.

Тэд жилд 600 мянган хүүхэд өрсөлддөг их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэж байгаа бөгөөд тус улсын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ердөө нэг хувь нь “SKY” (Сөүлийн үндэсний их сургууль, Солонгосын их сургууль, Ёнсей их сургууль) буюу хамгийн нэр хүндтэй гурван сургуульд тэнцдэг байна.

“Гурван цаг унтдаг сурагч “SKY”-д тэнцэнэ, дөрвөн цаг унтдаг бол ямар ч байсан их сургуульд тэнцэнэ харин таваас дээш цаг унтдаг хүн их сургуулийн талаар бодоод ч хэрэггүй” 

хэмээх Солонгос сурагчдын дундах яриа тус улсын хүүхдүүдэд оногдох хичээлийн өндөр ачаалал, нийгмийн шахалтын бүрэн илэрхийлэл юм.

TAGS