• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    110   |  
0

Италийн Ром хот                                        

Түм түжгэнэж, бус бужигнасан Ром хотын өргөн чөлөөнд хоёр мянган жилийн түүх өгүүлэн дүнсийх сонгодог хэв загвартай Пантеон сүм сүндэрлэнэ. Энэ бол Ромын эзэнт гүрний түүхэн барилгуудаас хамгийн бүрэн бүтнээрээ үлдсэн, архитектурын гайхамшиг болсон сүм юм. 

Жил бүр Ром хотыг зорьдог хэдэн зуун сая жуулчны нүд хужирлах дурсгалт барилгын тоонд Пантеон сүм зүй ёсоор орно. Тус сүмийг бүх бурхан Ромын эзэнт гүрний талд байдгийг харуулах зорилгоор барьсан гэдэг.

“Луцийн хүү Агриппа Маркус гурав дахийг бариулав” буюу “M·AGRIPPA·L·F·COS·TERTIVM·FECIT” гэсэн бичиг сүмийн үүдэнд бичээстэй байдаг.

Учир нь шинжлэх ухаан, урлаг, шашины цогц бүтээл болсон тус сүмийг түүхэнд гурван удаа сэргээн босгожээ. Август хааны хүчирхэг туслагч Агриппа нь анхны Пантеоныг МЭӨ 27 онд бариулсан байна. Гэвч тус сүм МЭ-ний 80 онд их түймэрт өртөж, Пантеонийн буурин дээр эзэн хаан Домициан дахин сүм босгожээ. Шинэ сүм МЭ-ий 110 онд аянгад ниргэгдсэн байна.

Одоогийн Пантеон сүмийг Андрениан хаан МЭ-ий 110-125 оны хооронд тэнгэрийн бурхдад зориулж Грекийн алдарт уран барилагч Аполлодор Дамасскаар бариулсан аж.

“Пантеон” сүм нь бөөрөнхий оройтой сонгодог уран барилгын эхлэлийг тавьсан гэж түүхчид үздэг. МЭ-ий 608 он хүртэл Пантеон нь өөр шашны сүм байж байгаад Христийн сүм /Гэгээн Мариа эхийн сүм/ болсон  анхны барилгад тооцогддог.

Уг сүм газар хөдлөлт, барбарын аян дайн, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг тэсвэрлэн 2000 гаруй жил нуралгүй бат зогссоор өнөө үетэй золгосон юм. Чухам юугаар барьсан болоод ийм бөх байгааг судлаачид он удаан судалсны эцэст үүний нууцыг шохойн чулууг шатааж бэлдсэн зуурмаг дээр галт уулын үнсийг хольсон бетоноор зуурсан байх өндөр магадлалтай гэдэгт санал нэгджээ. 

Пантеоны бөмбөгөр орой нь дэлхий дээрх цорын ганц засвар ороогүй цементэн орой юм. Орой дээрх 9 метрийн диаметртэй онгорхой нь нарны гэрэл шууд тусах ганц эх үүсвэр. Дөрөвдүгээр зуунаас нааш сүмийн эх хувилбарын уран зураг, чимэглэл, хүрэл элементүүд зэрэг олон шинэчлэл сайжруулалт хийгджээ. Сүмийн галерейн зүүн талын нурах гэж шахсан гурван тоосгон баганыг XVII зуунд сэргээн засварласан байна. Мөн Галерей руу уруудах шат, хаалга болон орчин тойрны талбайг өндөрсгөж засаж байжээ. Бөмбөгөр оройн дотор талын улаан порфироор хийсэн баганыг боржин чулуугаар сайжруулж босгосон аж. Тэд цаг хугацааны эрхээр хуучирч, бүдгэрсэн  түүх соёлын өв болсон барилгаа бидний адил нураалгүй, хуучны өнгө аясыг хадгалан ийн сэргээн засварладаг. Ингэхдээ гагцхүү харагдах байдлыг нь бус, хэрхвэл он удаан оршин тогтнох боломжтойг судалж засварладаг аж. 

Пантеонийг неоклассик загвараар жижгэрүүлж буюу тус сүмийн архитектурыг дуурайн АНУ-ын ерөнхийлөгч Томасс Жефферсон Виржини их сургуулийн Ротунда номын санг бариулсан бариулсан гэдэг. 

Пантеонийг жуулчид 20 евро төлж үзнэ. “Euromonitor International” олон улсын судалгааны байгууллагын мэдээлснээр Ром хот өнгөрсөн жилд 9,7 сая жуулчин хүлээн авсан байна. Энэ нь Лондон, Парис, Истанбулын дараа орох хамгийн их жуулчин хүлээн авсан европын хотуудын тоонд оржээ. Жуулчид Ром хотоор нэг өдөр зугаалахдаа  дунджаар 155 ам.доллараар зарцуулдаг аж.

Эх сурвалж:

smartgistory.org

pantheonroma.com

 
TAGS