• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0

Монгол улс саарал жагсаалтад орсон талаарх мэдээ өнгөрөгч долоо хоногт цацагдав. Энэ жагсаалтад орсноор улсын банк санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж, бизнес эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид эрсдэл үүсэж, Монгол Улсын гадаад, дотоод мөнгөн урсгал хязгаарлагдах эрсдэлтэй талаар  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багагүй шуугив. Тэгвэл үнэхээр дээрх аюул нүүрлэх үү. Хэрхэх талаар энэхүү нийтлэл танд дараах хариултыг өгч байна.

УЛС ОРНУУДЫГ ХАР, СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХЫГ ШИЙДДЭГ ФАТФ ГЭЖ ЯМАР БАЙГУУЛЛАГА ВЭ?

ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт олон улсын санхүүгийн системд хор хөнөөл учруулж болзошгүй аюулаас сэргийлэх хууль тогтоомж, дүрэм журмыг дэмжих, мөн стандартыг тогтоох зорилгоор 1989 онд байгуулагджээ. Нөгөө талаас улс орнуудыг дээрх чиглэлийн дагуу хууль эрх зүй, тогтолцооны шинэчлэл хийхийг шаарддаг засгийн газар хоорондын байгууллага юм.

Өөрөөр хэлбэл ФАТФ нь улс орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, цөмийн зэвсэг бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн эсрэг хууль тогтоомжтой эсэхийг хянан шалгаж, энэ төрлийн гэмт хэргүүд тухайн улс оронд дэлгэрэхгүй байх тал дээр хяналт тавьж, хууль эрх зүйг нь чангатгаж, өөрчлөлт оруулах тал дээр улс төрийн хэмжээнд хамтарч ажилладаг. 2003 онд буюу АНУ-д болсон есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын дараа хууль бус гүйлгээг хураан авах, санхүүгийн тагнуулын хэсэг байгуулах, сэжигтэй гүйлгээний тайланг шалгах шинэ удирдамж гаргажээ.

ФАТФ ЯАГААД УЛС ОРНУУДЫГ СААРАЛ, ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛДАГ ВЭ

ФАТФ нь мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхэд таатай буюу тэдгээрийн эсрэг хууль эрх зүй дутмаг орнуудыг саарал, хар гэсэн хоёр жагсаалтад оруулдаг. Саарал нь хар жагсаалтад орохын өмнөх сануулга юм. Хөл бөмбөгийн шар хуудастай ижилхэн гэсэн үг. Энэ жагсаалтад орсон орнууд ФАТФ-ийн заасан хугацаанд гаргасан зөвлөмжийнх нь дагуу дутагдлаа засчихвал жагсаалтаас гарах боломжтой.

Тэгэхээр саарал жагсаалтад байгаа улс ФАТФ-ийн шаардлагыг биелүүлж, алдаагаа залруулаагүй бол хар жагсаалтад орно. Ингэснээр дэлхий нийтийн өмнө мөнгө угаалт болон терроризмын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэггүй гэсэн нэр зүүнэ. Улмаар тухайн улс ОУВС, Дэлхийн Банк, АХБ, Европын Холбоо зэрэг олон улсын томоохон зээлдэгч нараас зээл авахад хүндрэлтэй болдог. Мөн Мүүди, S&P and Fitch гэх зэрэг эрсдэлийн үнэлгээ гаргадаг байгууллагуудаас муу үнэлгээ авна. Одоогийн байдлаар Иран, Хойд Солонгос хоёр тус жагсаалтад бий.

МОНГОЛ УЛС ЯАГААД СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН БЭ

ФАТФ нь өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаараа Монгол, Исланд, Зимбабве улсыг мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орноор зарласан. Товчхондоо бид дээр дурдсан чиглэлийн эсрэг хангалттай хууль эрх зүйн орчингүй байна гэсэн үг. Ялангуяа мөнгө угаалтын эсрэг.

2017 оноос хойш манай улс мөнгө угаалт, террорризмийг санхүүжүүлэхийн эсрэг буюу ФАТФ-ийн жагсаалтад багтахгүйн тулд олон ажлууд хийсэн боловч хангалтгүй гэж үнэлэгджээ.

ХЭРХЭН СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ ВЭ

ФАТФ-ийн зөвлөснөөр бид 2021 оны тав дугаар сар гэхэд доорх арга хэмжээг авч, дутагдлаа зассанаар саарал жагсаалтаас хасагдах боломжтой.

  1. Хөндлөнгийн буюу эрх бүхий бус хянагчдын мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг сайжруулах. Мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэх эсрэг дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд тохирсон, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах, эрсдэлд суурилсан хяналтын арга хэмжээ бий болгох.
  2. Мөнгө угаалттай холбоотой үйл ажиллагааны мөрдөн байцаалт, шүүхийн мөрдлөгийг чангатгах, нэмэгдүүлэх.
  3. Мэдүүлээгүй мөн хуурамчаар мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, үр дүнтэй тохирсон хориг арга хэмжээ авах.
  4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилсан сэргийлэхийн тулд эрх баригчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах.

Монгол Улс энэ орны аравдугаар сард ФАТФ-тай нягт хамтран ажиллана гэдгээ зарласан. Мөн тус байгууллагатай хамтран тулгамдаж буй ноцтой дутагдлаа арилгах төлөвлөгөөгөө боловсруулчихсан.

СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСНООР ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ

Жишээ нь тухайн улсын аж ахуй нэгжүүдтэй гүйлгээ хийдэг дэлхийн томоохон банкууд болон бусад санхүүгийн зуучлагч байгууллагууд бүх баримтыг аюулгүй гэдгийг баталгаажуулахын тулд өндөр төвшний шалгалт явуулдаг.

Мөн гадаад худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд экспорт, импортын аккредитив ашиглахад хүндрэлтэй болж бизнесийг нь саатуулж болзошгүй. Эдгээр нь яваандаа тухайн улсын валютын ханшийн дэглэмд хязгаарлалт үүсгэх эрсдэлтэй. Нөгөө талаар энэ нь тухайн улсын санхүүгийн ил тод байдлыг бий болгох бөгөөд жагсаалтаас гарахад нь тусалдаг.

Пакистан улс 2012-оос 2015 оны хооронд саарал жагсаалтад бичигдэж байсан бөгөөд энэ хугацаанд тус улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, олон улсын бондоос 5 тэрбум ам.долларыг босгож байжээ. Мөн дээрх хугацаанд экспорт, импорт нь тогтвортой байсан аж. Энэ жишээнээс харахад саарал жагсаалтад орсноор тухайн улсын эдийн засаг болон худалдаанд ноцтой хүндрэл гардаг гэх ойлгох нь өрөөсгөл юм. Харин бид хугацаандаа амжиж дутагдлаа засахгүй явсаар хар жагсаалтад орвол жинхэнэ “асуудал” үүснэ гэсэн үг.

TAGS