• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    115   |  
0

Гадны улс орнууд түүх соёлын үнэт зүйлдээ хэрхэн ач холбогдол өгч, сэргээн засварлаж, аялал жуулчлалаа хөгжүүлэхэд яаж ашигладаг талаар бид цувралаар хүргэж буй билээ.

Энэ удаад БНТУ-ын Измир хотод орших МЭӨ I зууны дунд үед баригдаж, олон эзэнт гүрний халааг үзэж, эвдэрч сүйрсэн ч өдгөө хамгийн цогцоороо буй эртний нэгэн хотын тухай өгүүлье.

Эртний Грек, Ром, Визант, Селжук болон Османы эзэнт гүрний түүхийг өгүүлэх Селжук тосгонд Грекийн хөгжил цэцэглэлтийн оргил үе, соёлын үнэт зүйлийг харуулан сүндэрлэх, өдгөө хамгийн цогцоороо үлдсэн эртний хотын туурь бол Эфес юм.

Уг туурь МЭӨ 129 онд газар дундын тэнгисийн хойгт анх далайн боомт хот болон баригдсан түүхтэй. Улмаар худалдаа, соёл урлагтай хослон тухайн цаг үеийн хамгийн тансаг хотын тоонд зүй ёсоор орж, МЭ-ий III зууныг хүртэл оршин тогтносон юм.  Эфест 250 гаруй мянга хүн аж төрж байв. 

Өрнө дорныг холбосон Грекийн худалдааны энэ хотын тууринд өдгөө 16 км газар үргэлжлэх эртний барилга, дурсгалууд хадгалагдан үлджээ. Мөн Эфэс хотын тууринаас уртааш 8-9 км үргэлжлэх талбайд түүх дурсгалын олон бүтээл бий. 

Гантиг чулуугаар бүтээсэн анхны хот гэдгээрээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн юм. Гайхамшигт сүм хийдүүд, тухайн цаг үеийн хамгийн том номын сан болон философийн сургуулийг энд барьжээ.

Гэвч МЭ-ий 262 онд Готууд /Ромын эзэнт гүрнийг мөхөөсөн гол угсаатан/ Артемисийн сүмийг оролцуулан Эфес хотыг сүйрүүлсэн юм. 1954 оноос эхлэн Цельсагийн номын сангаас эхлэн олдворуудыг сэргээн засварлах ажлыг хийж, жижиг эд өлгийн зүйлийг багтааасан музей барьж, хадгалах ажлыг эхлүүлжээ.

Эфес нь археологийн үнэт олдвор бүхий аялал жуулчлалын халуун цэг бөгөөд жилдээ 1.5 сая гаруй жуулчин энэ хотыг зорин ирдэг байна. Уг туурийг үзэхийн тулд 72 TL /12 евро/-ээр тасалбар авна. 

Сонирхуулахад БНТУ –ын аялал жуулчлалын яамны мэдээлснээр 2018 онд тус улс 40 сая гадаадын жуулчин, 6.6 сая гадаадад амьдардаг Турк жуулчныг хүлээн авсан байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 21.84 хувиар өссөн үзүүлэлт юм.

Артемесийн сүм

Грекийн домгийн эх Артемис дагинад зориулж 120 жилийн турш барьжээ. 

 

Адрианы сүм

Ромын захирагч Адрианы нэр алдрыг мөнхлөх зорилгоор барьжээ. Хаалганд нь Эфес хотын түүхийг дүрсэлсэн ханын товгор зураг, баримлууд хэн хүний харааг булаана.

Нийтийн бие засах газар

2000 жилийн өмнө 50 хүн зэрэг бие засах боломжтой нийтийн ариун цэврийн газрыг энд байгуулж байжээ.

Задгай театр 

25 мянган хүний багтаамжтай энэ задгай театрт урлагийн үзүүлбэрээс гадна мэсчин боолууд хийгээд амьтдын тулааны талбар байжээ. Түүгээр ч үл барам  шашны зорилгоор ашиглаж, аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд дарсны бурхан Дионисийг хүндэтгэн шашны зан үйлийг гүйцэтгэдэг байжээ.

Одеон

Тухайн цаг үед хотын хурал, театр урлагийн тоглолт болдог газрыг одеон гэж нэрлэдэг байв.

Эфэс хотын тууринд хоёр задгай театр байдгийн 14 мянган хүний багтаамжтай жижиг одеонд  философи, улс төрийн мэтгэлцээн, хурал, урлагийн үзүүлбэр болдог байжээ.

Хотын захиргааны барилга

Улсыг удирдах бодлогын мэтгэлцээн энд явагдаж, төрийн хэмжээний хурал хийж, хууль баталдаг газар байв. Эфес хотын дурсгалуудаас хамгийн үнэ цэнэтэйд тооцогдох олдворууд яг энэ хаалганы хэсгийн малтлагаас олджээ. Тус хаалганы дэргэдэх Гестия бурхны тахилын ширээн дээр ариун гэгдэх гал асдаг байв. Энэ гал нь энэ хотын голомт мөнхөд  тасрахгүй мандан бадрахыг бэлгэдэг тул үргэлж асаалттай байлгадаг байжээ.

Домициан хааны сүм

Эфес хотынхон хааныхаа нэр алдрыг мөнхжүүлэхээр Домициан сүмийг бариулжээ.

Куретүүдийн гудамж

Гераклетийн хаалганаас цельсагийн номын сан хүртэл үргэлжлэх урт гудмыг Куретүүдийнх хэмээн нэрлэнэ. Гантиг чулуугаар барьсан энэ гудмын  доор усжуулалтын систем тавьсан нь тухайн цаг үеийн соёл иргэншлийг түвшин хэр өндөр түвшинд байсныг харуулна. Tранусийн усан оргилуур, Адрианы сүм, халуун усны газар, худалдааны төвүүдийн туурь, хөшөө дурсгал зэрэг нь энэ гудмын хоёр талаар эгнэн буй. 

Нэрээр нь ном хүртэл бичигдсэн энэ хотын шинэ эзэд нь  муужгайхнууд.

 Сколастика-нийтийн халуун усны газар

Дэлхийн анхны нийтийн халуун усны газар дараах хоёр онцлогтой. Эхнийх нь үгээгүйчүүдээс төлбөр авдаггүй байв. Энэ нь ариун цэврээ сахих нь хүний анхан шатны хэрэгцээ тул хэн байхаас үл хамааран үйлчлүүлэх ёстой гэсэн ардчилсан үзлийн илэрхийлэл юм. Дараагийнх нь дэвшилтэт хэрэглээ гэж хэлж болмоор. Халуун усны газар гагцхүү иргэд хир буртгаа угаах газар бус нийгэмших, зугаацах, хөгжих газар нь байжээ. Одоогийн дэлхийд дэлгэрсэн саун нь энэ  технологиор ажилладаг.

Гэгээн Мариагийн сүм

Дэлхийн хамгийн эртний Христийн долоон сүмийн нэг. Манай тооллын 431 онд энэ сүмд гэгээн Мариаг Есүс Христ /бурхны/-ийн эх хэмээн өргөмжилсөн тул Христүүдийн хувьд ариун газар гэгдэнэ. Эфес хотоос холгүй Бүлбүлдаг гэх ууланд Гэгээн Мариа амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрүүлсэн гэр нь хүртэл бий.

Цельсагийн номын сан

Ромын сенатын гишүүн Цельсаг өөд болсны дараа түүний дурсгалд зориулан 14 мянган хуйлмал бичээс бүхий ном агуулсан уг эртний номын санг босгосон. Тус барилгын баруун талын хананы газар доор Цельсагийн шарил бий. МЭӨ үеийн хамгийн том номын сангуудын тоонд зүй ёсоор багтаж байв. Эртний Грекийн философич Гераклит, зүүдний хэлмэрч Артемидор, яруу найрагч Каллин, эмч Соран гэх зэрэг дэлхийн энтэй хүмүүсийг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэсэн  гэж хэлж болно.

Монголд археологийг ойлгож, үнэлдэг хүмүүс цөөн, төрөөс, соёлын салбарт  хөрөнгө оруулах нь бага учраас судалгаа дагнасан лаборатори, олдворыг хадгалах зориулалтын газар байдаггүй. Эд өлгийн сэргээн засварлах, гарал үүслийг тодорхойлохын тулд гадагшаа шинжилгээнд явуулах шаардлагатай болдог. Жил бүр археологи, палеонтологийн маш олон экспедиц хийгдэж, шинжлэх ухааны олон олдворыг малтдаг ч хадгалах, хамгаалах зориулалтын газар үгүй тул олдворууд судалгааны эргэлтэд орж амжилгүй устах аюул учирдаг аж.

Харин Туркийн хувьд Грек, Ром, Перс, Османы гээд маш том суурин соёлын өлгий нутаг болохоор гадаад, дотоодын судлаачид маш сайн судалжээ. Мөн олон улсад нэр хүндтэй мэргэжилтнүүдийг бэлдэж, залуу судлаачдаа ихэд дэмждэг аж.

Бидний хувьд үр хойчдоо үлдээх соёлын биет өвийг хадгалах зориулалтын газар, судалгааны лаборатори барьж, мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрыг бий болгох шаардлагатай байна.

Эх сурвалж: 

CNN Turk

France24

aktuelarkeoloji

TAGS