• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0

Амралтын өдөр нь ажилчдад гэр бүлийнхэн, дотнын хүмүүстэйгээ хамт байх боломж олгодог. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий. Гэвч амралт гэдэг үг Монголын нийгэмд назгайрах, амрах, цаашлаад шоудах нэг сэдэл нь болжээ. 

Энэ долоо хоногт Д.Оюунхорол нарын 10 гишүүн Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах хуулийн төсөл өргөн барьсан нь байнгын хороогоор дэмжигдсэн. Одоо УИХ-ын нэгдсэн чуулган эцсийн шийдвэрийг гаргана. Ард иргэдийн дунд багагүй шуугиан тарьж, шүүмжлэл дагуулж буй уг хуулийн төслийг баталчихвал бид жилд 15 хоног цалинтай амардаг болно гэсэн үг. Үүн дээр ээлжийн амралтын хамгийн бага хугацааг нэмбэл монгол ажилчин жилд дунджаар 30 хоног амардаг болох нь ээ.

МУ-ын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх" хуульд зааснаар нийтээр амардаг найман баяр бий. Харин түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр амрахгүйгээр тэмдэглэдэг 14 өдөртэй гэжээ. Мөн хуульд дурдагдаагүй Валентин, Инээдмийн баяр, Аавуудын өдөр гэх мэт монголчуудын баярлах шалтгуудыг нэмвэл жилд 65 баяр болно. Дээр нь төрсөн өдөр, хурим, үсний найр, байрны найр, хонхны баяр, байгууллагын ой зэргийг тооцвол бүр замбараагаа алдана. Гол асуудал нь бид эдгээр олон амралтын өдрүүдийг утга учиртай, зөв зохистой өнгөрүүлж чаддаг уу гэдэгт бий.

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯР ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ

Баярын өдрүүдэд оффис, барилгын компаниуд, үйлдвэрүүд ажиллахгүй гэдэг нь ДНБ болон хөдөлмөрийн бүтээмжид ямар ч хувь нэмэр оруулахгүй гэсэн үг. Хэдий аялал жуулчлалын салбар, зочид буудал, бар, ресторан, жижиглэн болон бөөний худалдааны орлого баярын өдрүүдээр нэмэгддэг ч эдгээр салбарын эдийн засагт нөлөөлөх хувь хэмжээ бага байдаг.

Английн эдийн засагт нийтээр тэмдэглэх баярууд жилд 19 тэрбум паундтай тэнцэх хэмжээний алдагдал учруулдаг гэсэн тооцоо гарчээ. Энэ нь улмаар тухайн улсын өрсөлдөх чадварт нөлөөлдөг байна. Жишээ нь жилд 30 хоногоос бага амардаг улсын ажилчид биднээс илүү ажилладаг тэр хэмжээгээрээ бүтээмж нь илүү байж таараа.

Үүнээс гадна гэнэт зарлагдсан бүх нийтийн амралтын өдөр эдийн засагт хохирол учруулдаг гэж үздэг аж. Учир нь төр, хувийн хэвшлийн байгууллагууд жилийн төлөвлөгөөндөө нийтээр амрах өдрүүдийн сул зогсолтыг тооцож, бүтээмжийг нь бусад өдрүүддээ шингээсэн байдаг бол Путины айлчлал, Халх голын дайны 80 жилийн ой шиг гэнэт зарлагдсан амралтын өдрийн алдагдлыг нөхөхөд хүндрэлтэй болдог.

АСУУДЛЫН ГОЛ НЬ ЮУ ВЭ

Тус хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: “Олон улсад энэ өдрийг энх тайван, ёс суртахуун, эрдэм ухаан, энэрэл, түүх соёлоо дээдлэх шашин, соёлын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр буян, нүглээ дэнсэлдэг, өөрийгөө сэтгэлзүйн толинд хардаг, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй тэвчдэг сэтгэл зүй, хүмүүжлийн ач холбогдолтой. Юу ч гэж хэлэгдсэн би энэ өдрийг тэмдэглэх нь зөв гэж бодож байна” гэжээ.

Үнэхээр л гишүүний хэлсэн утгаар тэмдэглэдэг бол бидэнд маш хэрэгтэй баяр болох нь. Гэвч архи уухгүй, бясалгаад, гандан орж хүрд эргүүлэхээс өөрөөр буян үйлдэх хүмүүс нь хэд байх бол. Бид одоо байгаа баяруудаа ч утга төгөлдөр тэмдэглэж чаддаггүй шүү дээ. Жишээ нь Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр гэж нэрлээд найм дахь жилдээ тэмдэглэх  гэж байна. Жил бүрийн энэ өдөр туг цэнгүүлэх ёслол, хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, бөхийн барилдаан л болдог. Үүний оронд тус зардлаар Чингис хааны тухай түүхийн үнэн баримтууд, түүний философийг түгээн дэлгэрүүлсэн сонирхолтой ном, контентууд гаргаад хүүхэд залуучууддаа хүргэвэл өгөөж нь илүү байх болов уу. Ядаж л Чингис хааны тухай кино хийгээд телевизээр цацах, шинэ жүжиг тавьж болно. Үнэндээ бахархлынхаа тухай юу ч мэдэхгүй мөртлөө найрлаж цэнгэдэг хүмүүс олон бий.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: “Энэ хууль нь Үндсэн хууль болоод бусад хуулиудтай утга агуулгын хувьд зөрчилдөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс буддын 134, христын 196, исламын 24, бусад 10 гэсэн судалгаа байна. 2018 оны долоо дугаар сарын байдлаар Монгол Улсын хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг, гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христ, 38.6 хувь нь шашин шүтдэггүй” гэжээ.

Гишүүний дурдсан шашин шүтлэгийн төлөв байдлын судалгаанд 2,400 орчим иргэнийг л оролцуулсан. Тэгэхээр Монголын 3.2 сая хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн үг биш. Нийтийг хамраагүй энэ мэт судалгаа тооцон дээр үндэслэн хууль тогтоомж гаргах нь өрөөсгөл. Мөн тус судалгаанаас доорх сонирхолтой дүгнэлтүүдийг хийж болно.

  • монголчуудын нас нэмэгдэх тусам сүсэг бишрэл нь ихэсдэг
  • нэг гэр бүлийн гишүүд өөр өөр шашин шүтдэг
  • монголчууд шашны ямар урсгал чиглэлд хамрагдаж байгаагаа тодорхой хэлж мэддэггүй.

Үүний оронд монгол улсад ажил эрхэлж буй хүмүүс, ажил олгогч нарын дунд асуулга явуулж, шашны төлөв байдлын шинэ судалгаа хийж, нийгэмд Буддын шашин шүтэгчид зонхилж буй эсэхийг тодорхойлсны дараа хуулийн төслөө өргөн барьсан бол яая гэх вэ.

Төр, сүм хийдийн харилцааны хуульд,

  • Шашны үзэл номлолыг хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэх замаар дэлгэрүүлэхийг хориглоно.
  • Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй гэсэн заалтууд бий.

Монгол Улс ард иргэддээ хуулиар шашны эрх чөлөө олгосон ч Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр амрах баяр болгон тэмдэглэснээр буддын шашин шүтдэггүй болон огт шүтлэггүй хүмүүст хуулийн тэгш биш хэрэгжилт гэж тооцогдоно. Эдгээр хүнд номлолыг нь хүчээр тулгаснаас ялгаа бий юу. Төр аливаа шашныг гадуурхахгүй байх зарчим болон тухайн оронд зонхилох байр суурь бүхий шашны зан үйлд шингэсэн соёл, ёс заншил, уламжлалын үнэт зүйлсийг хамгаалах зорилго хоёрыг ялгаж, тэнцвэртэй авч үзэх хэрэгтэй.

БУСАД ОРНЫ ЖИШЭЭ

Дэлхий дээрх 195 орны нийтээр амрах баярын тоо дунджаар 11 байдаг. Колумб, Энэтхэг улсууд хамгийн их буюу 18 баярын өдөртэйгээр жагсаалтыг тэргүүлжээ. Өмнөд Солонгос, Тайланд улсууд 16 баяртайгаар Азийн орнуудыг манлайлж байна. АНУ 10, Хятад 7-н бүх нийтээр амарч тэмдэглэдэг баяртай гэжээ. Европын орнуудын дунджаар ажилтнуудын жилд амардаг хугацаа 33 өдөр байдаг. Үүнд ээлжийн амралт, нийтээр амрах баярууд орсон.

Үүнээс дүгнэхэд Монголд нийтээр амрах баярын тоо болон ажилчдынх нь жилд амардаг хоног дэлхийн дунджаас хэтрээгүй ч бид дахин нэг баяраар дутсан гэсэн үг биш. Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгох хууль санаачилж байхаар шашны гаж урсгалыг зохицуулах хууль өргөн барьсан бол дээр байхсан даа.

 
TAGS