• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн “ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандарт”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

Өөрөөр хэлбэл эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дэлхийн стандартад бүрэн нийцсэн гэсэн үг юм. 

Улсын эмнэлэг болоод бусад байгууллагыг бид хүнд сурталтай, үйлчилгээ удаан, зохион байгуулалт муу гэх мэтээр шүүмжилсээр ирсэн. 

Тэгвэл энэхүү стандарт хэрэгжсэнээр эмнэлгийн доторх зохион байгуулалт сайжран, ажилтан бүрийн чиг үүрэг нарийн тодорхойлогдож, бүхнийг стандартын дагуу гүйцэтгэснээр дээрх таагүй байдал бүрэн арилах юм. 

ISO стандартыг нэвтрүүлэх ажлыг “Эконэйшнл” компани  нийгмийн хариуцлагын хүрээнд анх санаачилж, үнэ төлбөргүйгээр нэвтрүүлсэн байна. 

Тус компани ЭХЭМҮТ-ийн хамгийн ачаалалтай, амьдрал буцалж байдаг “Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг”, “Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг”-т өндөр өртөг бүхий олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд 10 сарын хөдөлмөрөө зарцуулжээ.

Харин дэлхийд зөвшөөрөгдөж, уг стандартыг хэрэгжүүлснийг нотлох батламжаа ХБНГУ-ын баталгаажуулалтын байгууллага болох DQS-ээс гардан авлаа. 

                                                          ISO СТАНДАРТ НЭВТРҮҮЛСНИЙГ БАТЛАХ ГОЁ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Манай сурвалжлах хэсэг энэхүү мэдээллийн дагуу ЭХЭМҮТ-ийг зорьсон бөгөөд ISO стандарт нэвтрүүлсний баталгаа болсон дараах үр дүнг олж харсан юм.  

БАТАЛГАА 1: УРСДАГ САМБАР. “Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг”-аар ороход үүдний самбарт чанарын удирдлагын стандарт хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл “урсаж” буй нь нүднээ илхэн тусав.

БАТАЛГАА 2: БАЙРШЛЫН ЗУРАГЛАЛ. Тасгийн хүлээлгийн хэсэгт эмнэлгийн танилцуулга байхаас гадна иргэд, үйлчлүүлэгчид тухайн төвийн аль хэсэгт оршиж байгаагаа мэдэх боломжтой байршлын зураглал болон санал хүсэлтээ илэрхийлэх шаардлага гарвал хаашаа, ямар замаар хүрэх мэдээллийн самбарууд байрлуулжээ. 

БАТАЛГАА 3: ЭРЭМБИЙН СУВИЛАГЧ/ ЭРЭМБИЙН ЭХ БАРИГЧ. Тасгийн үүдэнд нэг сувилагч зогсох бөгөөд түүнийг “Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг”-т бол “Эрэмбийн сувилагч”, “Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг”-т “Эрэмбийн эх баригч” гэнэ. Тэрээр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүүхдүүд, эхчүүдийн биеийн байдлыг цаг алдалгүй буюу 20 секундэд шинжин улаан, шар, ногоон, цагаан картыг олгоно. Өмнө нь эрэмбийн сувилагч үйлчлүүлэгчийг хүлээн авмагцаа бүртгэлийг хавсран хийдэг байсан бол ISO нэвтрүүлснээс хойш энэ хоёр үүргийг салгажээ. Өөрөөр хэлбэл сувилагч цаг алдалгүй оношилж, дараагийн шат руу өвчтөнийг шилжүүлэх болсон байна. Ингэснээр хүлээлт чирэгдэл багасаж, хүүхэд, эхчүүд шуурхай үйлчилгээг авах болжээ.

БАТАЛГАА 4: УЛААН, ШАР, НОГООН, ЦАГААН КАРТ. Эрэмбийн сувилагчийн ширээнд улаан, шар, ногоон, цагаан карт бэлэн байна. Амь нас нь онц аюултай, дээсэн дөрөөн дээр байгаа өвчтөнд улаан карт олгоно. Энэ үед өвчтөнд ямар ч дугаарлалтгүйгээр шуурхай арга хэмжээ авна. Харин биеийн байдал нь эгзэгтэй, сайтар нягтлах шаардлагатай үйлчлүүлэгчид шар картыг олгоно. Ногоон картыг биеийн байдал харьцангуй сайн, яаралтай тусламж авах шаардлагагүй хүмүүст өгнө. Түүнээс гадна эх барих эмэгтэйчүүдийн тасагт нэмэлтээр цагаан картыг олгодог. Уг карт нь аюулгүй бөгөөд санаа амар гэртээ харьж болохыг илэрхийлдэг байна.  

БАТАЛГАА 5: УЛААН, ШАР, НОГООН ЗУРААС. Тасгийн хананд улаан, ногоон, шар зураасан тэмдэглэгээ байх аж. Иргэд сувилагчаас авсан картын өнгийн дагуу зурааснуудад хөтлөгдөн биеэ үзүүлэх эмч, кабинетдаа хүрэх ёстой. Өөрөөр хэлбэл ямар ч хүн уг тэмдэглэгээг ойлгон дараагийн үйлчилгээгээ авах боломж бүрджээ. Мөн ямар тохиолдолд ямар карт авахыг заасан мэдээллийн самбаруудыг энд тэндгүй хадсан байна.

БАТАЛГАА 6: АЖЛЫН БАЙРНЫ ЗУРАГЛАЛ. Стандарт хэрэгжихээс өмнө хүн бүрт ажил үүргийн хуваарь бий ч шинээр ирсэн, бүрэн туршлагажаагүй ажилтнуудад зориулсан зураглал тодорхойгүй байсан аж. Харин өнөөдөр шинэ эмч, сувилагчид ямар нөхцөлд, юу хийх шаардлагатайг маш нарийн тодорхойлсон зураглалыг төрөлжүүлэн гаргажээ. Тиймээс ямар ч ажилтан онцгой өвчний үед, шийдвэрлэх тохиолдлуудад эмчээсээ асууж цаг алдахааргүй болсон байна. 

БАТАЛГАА 7: БЭЛЭН БАЙДАЛ. Эм тариа, тоног төхөөрөмж, ямар ч үед байр байрандаа эмх цэгцтэй байрлах аж. “Яаралтай” гэх утгаа бүрэн хангасан нь илт.

БАТАЛГАА 8: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХУУДАС. Яаралтай тусламжийн хуудас үүсгэлээ… Хавтастай нь хаа нэгтээ төвлөрүүлээд орхидог байж. Дараа нь эргээд хайхад ихээхэн цаг алддаг байжээ. Харин ISO хэрэгжсэнээр уг хуудсуудыг кодлон эмхэтгэх болсон байна. Өөрөөр хэлбэл эрж, хайхад цаг үрэхээ больжээ. 

ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ХЭРЭГЖСЭНЭЭР ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛОВ?

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ш.ЭНХТӨР: ГАЛД ӨРТСӨН 100 ОРЧИМ ХҮҮХДЭД НЭГЭН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙГААР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ISO ХЭРЭГЖҮҮЛСНИЙ ТОМ ИЛРЭЛ

-Танай төвд Олон улсын чанарын удирдлагын стандарт хэрэгжиж эхэлжээ. Ямар өөрчлөлт, үр дүн гарав? 
-Манай Яаралтай тусламжийн тасгууд асар их ачаалалтай ажилладаг ч стандарт хэрэгжсэнээс хойш олон эерэг үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар сард "Өнөр бүл" хүүхдийн асрамжийн газарт гал гарч 130-аад хүүхэд өртсөн. Үүнээс 100 орчим хүүхэд манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Тэр олон үйлчлүүлэгч нэг дор, нэг агшинд ирнэ гэдэг бол өөр эрүүл мэндийн байгууллагад тохиолдож байгаагүй үзэгдэл л дээ. Энэ үед манай Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийнхан маш өндөр зохион байгуулалттайгаар тэрхүү хүндрэлийг даван туулж, богино хугацаанд эрэмбэлэн ангилж, анхан шатны яаралтай тусламжийг амжилттай үзүүлсэн. Эндээс олон улсын стандарт хэрэгжүүлэх нь тусламж үйлчилгээний зохион байгуулалтад ямар чухал нөлөө үзүүлдгийг харж болно. 

-“Эконэйшнл” компани нийгмийн хариуцлагын хүрээнд уг стандартыг хэрэгжүүлсэн гэсэн. Энэ компанийн талаарх өөрийн сэтгэгдлээ хэлэхгүй юу?
-Монгол улсын эрүүл мэндийн салбарт төр засгаас сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулж байгаа ч төсөв хязгаарлагдмал. Ялангуяа өндөр түвшний менежментийн шинэ арга барилыг нэвтрүүлэхэд төсөв байдаггүй. Олон улсын стандартыг нэвтрүүлэхэд асар их хөрөнгө хүч, техникийн туслалцаа шаарддаг. Олон удаагийн цуврал сургалт авахаас гадна ихээхэн бичиг баримтыг эмхлэх цэгцлэх, ажилчдынхаа сэтгэлгээг өөрчлөх, байгууллагын үйлчлэгчээс авахуулаад удирдлагын түвшин хүртэл нэг ойлголттой болгох зэрэг амаргүй давааг туулна. Асар их хөрөнгө шаардсан энэ ажилд мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж, олон  улсын чанарын стандарт хэрэгжүүлэх ажиллагааг зохион байгуулсан “Эконэйшнл” компанийн хамт олонд манай төвийн зүгээс ихээхэн талархаж байгаагаа илэрхийлье. 

БАТАЛГАА 9: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ НЭМЭГДЖЭЭ

“Эконэйшнл” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн уг ажлын хүрээнд асар их үр дүн гарсан талаар тус төвийнхөн бидэнд ярьсан юм. Тухайлбал, 

Бүх бичиг хэрэг эмх цэгцэндээ орж, ачаалал багасахаас гадна үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өсжээ. Өөрөөр хэлбэл, санал гомдлын тохиолдлууд багассан байна. 

Ямар үр дүн гарсныг дараах статистикаар слайдаар үзүүлэв... 

 
 
 
 
 
 
 
 
 

ҮЙЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ...

Т.ИНДРА: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙГ БИД ХӨНДЛӨНГИЙН НҮДЭЭР ХАРСАН

Менежментийн зөвлөх үйлчилгээний компани “Эконэйшнл” ХХК-ийн захирал Т.Индратай уулзаж ярилцлаа.

-Байгууллага амжилттай ажиллахад “Удирдлагын тогтолцооны стандарт” яагаад чухал юм бэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Удирдлагын тогтолцооны стандартын гол санаа нь их энгийн. Ерөөсөө л байгууллага ажлаа хэрхэн төлөвлөж, төлөвлөснөө хэрхэн хэрэгжүүлж, хэрэгжүүлснээ хэрхэн хянаж, түүнийгээ яаж сайжруулах, эдгээр үйл явцыг хийхдээ юуг, яаж анхаарах вэ гэдгийг стандарт болгож өгсөн байдаг.  

Хамгийн гол нь хийгдэж буй үйл ажиллагаандаа тогтмол стандартаа барина гэсэн үг. Дарга, цэрэг өөрчлөгдөх, ачаалал хэр байхаас үл хамааран хийх ёстой ажлаа, чанартай сайн гүйцэтгэх юм. Эмнэлгийн хувьд гэнэтийн осол гарах, гоц халдварт өвчний тохиолдол илрэх зэрэг ямар ч хүнд нөхцөл үүссэн эмнэлгийн үйл ажиллагаа жигд, тасралтгүй, хэвийн үргэлжлэх суурь нь болж өгөх юм.  

ISO стандартыг төрийн болон хувийн хэвшлийн, том жижиг гээд бүх байгууллагад хэрэгжүүлэх боломжтой. Уг стандартын давуу тал нь хатуу заалт гэж байхгүй. Тухайн аж ахуйн нэгж яг юу хийвэл тохиромжтой вэ гэдгийг өөрсдөө сонгож болдог. Түүнээс биш "Та яг 10 зорилго тавь, 100 ажилтантай бай, тэр нь заавал дээд боловсролтой байх ёстой, орчин үеийн техник тоног төхөөрөмж ашигла" гэсэн хатуу шаардлага тавьдаггүй. Тийм учраас энэхүү стандартыг байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгсэл болгон ашигладаг.

-Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг танай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  ЭХЭМҮТ-д яагаад нэвтрүүлэх болсон талаар ярихгүй юу?
-Бидний хувьд Нийгмийн хариуцлага гэдгийг тухайн байгууллага болон хувь хүн улс орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн чадах зүйлсээрээ хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа гэж ойлгодог. Аливаа улс орон урт удаан оршин тогтнохын тулд үр удам эрүүл саруул байх ёстой. Иймд эрүүл мэндийн салбарыг сайжруулах шаардлагатайг бид хөндлөнгийн нүдээр харсан. ЭХЭМҮТ нь манай улсын эх хүүхдийн гуравдугаар шатлалын цорын ганц эмнэлэг. Иргэд тус эмнэлэгт Монгол улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Тус эмнэлгийн хувьд хамгийн өндөр ачаалалтай, байнгын хөлд дарагддаг, хамгийн их гомдол ирдэг тасгууд нь хүүхдийн эмнэлгийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгууд юм. Энэ тасгуудын үйл ажиллагааг сайжруулснаар иргэд эмнэлгийн чанартай үйлчилгээгээ авчихдаг, нөгөө талдаа эмч нар тав тухтай орчинд стресс багатай ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадах юм байна гэж харсан. Тийм ч утгаараа Яаралтай тусламжийн хоёр тасагт нийгмийн хариуцлагын хүрээнд “Чанарын удирдлагын тогтолцооны стандарт”-ыг үнэ төлбөргүй нэвтрүүлье гэсэн шийдэлд хүрсэн. Бидэнд 20 гаруй, тэр дундаа эмнэлгийн байгууллагад ISO стандарт нэвтрүүлсэн туршлага байсан. Нийт 10 сарын хугацаанд ЭХЭМҮТ-ийн баг хамт олонтой хамтарч ажилласан. Тус төвийн эмч, ажилчид мэдлэг сайтай, ур чадвартайгаас гадна их идэвх зүтгэлтэй, сэтгэлтэй. Тэдний хүчин чармайлтын дүнд бид харьцангуй бага хугацаанд энэ том ажлын ард гарсан. Удирдлагын зүгээс ч энэ ажлыг ихэд дэмжиж ажилласан. Ер нь ЭХЭМҮТ-өөс ISO стандарт нэвтрүүлэхээр төлөвлөсөн ч мэдлэг туршлага дутагдалтай байсны улмаас хойшлогдсоор ирсэн юм билээ.  

ЭХЭМҮТ-д ISO9001 стандартын баталгаажуулалтын аудитыг олон улсад нэр хүндтэй ХБНГУ-ын "DQS" компаниас ирж шалгасан. Уг баталгаажуулалтын байгууллага нь 30 гаруй жилийн түүхтэй, дэлхийн 130 орчим оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын итгэмжлэгдсэн байгууллага юм. Баталгаажуулалтын аудитын үр дүнд ЧУТ-ны стандартыг 100 хувийн шаардлага хангасан гэж үзээд сертификат өгсөн.

-Олон улсын стандарт хэрхэн хэрэгждэг вэ. Ямар байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлж болох вэ?
-ISO  стандартыг жижиг, том, хувийн өмчийн, төрийн гээд ямар ч салбарт үйл ажиллагаа явуулахаас үл хамаарч бүх төрлийн байгууллага хэрэглэх боломжтой. Бид  эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, уул уурхай, дэд бүтэц зэрэг олон салбарын байгууллагад удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд зөвлөгөө өгч ажилласан. Бүгд стандартыг амжилттай нэвтрүүлж, зарим нь олон улсын байгууллагаас баталгаажуулалт авсан. Мөн ойрын хугацаанд баталгаажуулалтад орохоор төлөвлөж байгаа тодорхой тооны байгууллага бий.  

ISO байгууллагаас удирдлагын тогтолцооны 100-гаад стандарт гаргасан байдаг. Эдгээрээс анхдагч нь ISO9001 буюу чанарын удирдлагын тогтолцооны стандарт юм. ISO9001 стандартыг үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар сайн байх ёстой, бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийн гомдол багасах ёстой гэсэн зарчмаар үйлдвэрт ашиглах зориулалтаар гарч иржээ. Яваандаа үйлдвэр төдийгүй үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ч хэрэглэх боломжтой болсон. 

Техник технологи маш хурдтай хөгжиж, өрсөлдөөн ширүүн болсон өнөө үед амжилттай байя, байр сууриа бэхжүүлье, өсье гэвэл байнга өөрчлөгдөн, сайжирч байх хэрэгтэй. Мөн хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгахаа хэзээ ч мартаж болохгүй. Нийгмийн сүлжээ маш хүчтэй болсон өнөө үед нэг хэрэглэгч тухайн байгууллагын тухай нэг таагүй сэтгэгдэл үлдээхэд маш хурдан газар авдаг. Бас нэг анхаарах зүйл бол хэрэглэгчдийн хүсэл, шаардлага улам өндөр болж байгаа. Тиймээс бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа байнга сайжруулах шаардлагатай. ISO стандартыг нэвтрүүлснээр чанарт анхаарал хандуулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өсгөхийн төлөө ажиллаж хэвших юм. Энэ нь аливаа байгууллагын амжилтын үндэс болно гэсэн үг.  

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ГАР БИЕ ОРОЛЦСОН ХАМТ ОЛОН

“Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг”
“Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг”

 

TAGS