• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    239   |  
0

Арлын Японыг зорих аваас хамгийн түрүүнд таныг цэвэр цэмцгэр байдал гайхшруулна. Харин дараа нь хотын гудамжинд хогийн сав, эсвэл цэвэрлэгээний ажилтан байхгүй байх нь хачирхалтай санагдана. Энэ эгшинд танд тэгвэл яаж ийм цэвэрхэн байж болох юм бэ гэсэн бодол эргэлдэнэ.

Үүний хамгийн дөт хариулт бол иргэдийн цэвэрч дадалд оршино.  

Ерөнхий боловсролын сургуулийн 50 минут үргэлжлэх 7 цагийн хичээлийн дараа  уламжлал ёсоор багш нь нэг, хоёрдугаар салаа ангиа цэвэрлэнэ, харин гурав болон дөрөвдүгээр салаа коридор болон шатаа, тавдугаар салаа ариун цэврийн өрөөг цэвэрлэхийг даалгана. 

Харин энэ үед сурагчид дуулгавартай гэгч нь босоод ангийн арын шүүгээнээс шалны алчуур, мод, хувин, суултуур цэвэрлэгч авч цэвэрлэгээгээ хийнэ. Яг л ийм үзэгдэл энэ улс даяар давтагдана.  

Ерөнхий боловсрол эзэмших 12 жилийн турш цэвэрлэгээний цаг бол сурагчдын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг хэмээн Хирошима мужийн захиргааны Токио хот дахь оффисийн захирлын туслах Maiko Awane хэлж байлаа.  

Түүний хэлснээр гэр бүлийн амьдралд  ч мөн адил оршин буй орон зайгаа цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах дэг жаягт эцэг эхчүүд багаас нь хүүхдээ сургадаг гэсэн юм.

Өөрсдөө арчилж, цэвэрлэдэг тул хэн анги, сургуулиа бохирдуулж, эвдэлж хэмхлэх сэдэл төрөх билээ?

Нийгмийн хэм хэмжээ болон тогтсон сургуулийн цэвэрлэгээний энэ хуваарийн ачаар  анги сургуулиа цэвэрлэж дадсан хүүхэд ирээдүйд хүрээлэн буй орчин, хот, улсаа өөрийн гэр, анги мэт өөриймсөг ханддаг, эх оронч, байгальд ээлтэй, зарчимч иргэд болж төлөвшдөг байна.  

 

Хичээл эхлэхийн өмнө сурагчид ангийн гадаа байх хувцасны шүүгээндээ гадуур өмсдөг гутлаа тайлж, шаахай, пүүзээ өмсөнө. Япон айлд зочилсон ямар ч хүн гутлаа үүдний гадаа тайлж үлдээнэ.

Цэвэрч байдлын нэгэн жишээ нь Шинкансен хурдны галт тэргийн 7 минутын цэвэрлэгээ зэрэг жуулчдын анхаарлыг татдаг жишээг дурдаж болно.

Дэлгэрүүлбэл, Японы хөл бөмбөгийн фанатуудыг дурдаж болно. 2014, 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр япон улсын дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгийн хог хаягдлыг түүж дэлхийг гайхшруулсан билээ. Тоглогчид нь ч мөн адил байрласан газар, хувцас солих өрөөгөө цэмцгэр үлдээсэн байна.  

Maiko Awane энэ тухайд “Япончууд бид өөрсдийн нэр хүндээ бүтэн байлгахад ихэд анхаарч, хамгаалдаг ард түмэн. Бид бусад үндэстнээр боловсролгүй, залхуу, бүдүүлэг, бохир, заваан хүмүүс гэж муу хэлүүлэх туйлын дургүй.” гэсэн юм.

Үүний нэгэн жишээг бид Fuji Rock festival буюу Японы хамгийн том хөгжмийн фестивалиас харж болно. Энэ фестивалийн үеэр үзэгчид хогийн сав олтлоо хогоо огт хаядаггүй бол, тамхи татдаг хүмүүс нь зөөврийн үсний сав авчирдаг байна.  

 

Тэдний өдөр тутмын амьдралыг тольдох аваас өглөө 08:00 гэхэд оффисийн ажилчид, худалдагчид гудамж талбай болон орчин тойрноо ёс мэт л цэвэрлэж харагдана.

Хүүхдүүд сар бүр сургууль, орчин тойрноо цэвэрлэх их цэвэрлэгээний ажилд сайн дураар оролцдог. Хөршүүд ч мөн адил гудамж, талбайгаа хамжаад тогтмол цэвэрлэнэ.

Гадуур, олон нийтийн газар хогийн сав байхгүй тул тэд хогоо их бага гэлтгүй биедээ авч явж, гэртээ авчирч ялгаж хаядаг. Цэвэр цэмцгэр байдлын тухайд дараагийн чухалчлан анхаардаг асуудал бол нүдэнд үзэгддэггүй бохирдол болох нян, бактери юм. Тиймээс нь өвдсөн л бол бусдад вирус халдварлуулахгүй нь тулд амны хаалт зүүх, ариутгал тогтмол хийх зэргээр ариун цэврийг чандлан сахидаг.

Түүнчлэн бэлэн мөнгө бактери дамжуулах хамгийн том эх үүсвэр гэдэг тул хэзээ ч хэн нэгний гарт бэлэн мөнгө дамжуулж өгдөггүй. Иймд такси, зочид буудал, дэлгүүрийн кассад мөнгө хийх жижигхэн тосгуур байхыг та олж харах болно.

Япон шиг чийглэг, халуун уур амьсгалтай оронд хоол хүнс амархан муудах, нян бактери үржих таатай нөхцөл болдог тул орчноо цэвэр цэмцгэр байлгаж, хоол хүнс, ус нь бохирлогдоогүй байх нь эрүүл байх үндэс гэж бат итгэдэг.

Цэвэр байдлын тухай ойлголт саяхан гарсан амьдралын хэмнэл биш юм. Учир нь цэвэр ариун байх нь VI-VIII зуунд Хятад болон Солонгосоос орж ирсэн буддизмийн гол сургаалд тооцогддог. 

Тодруулбал, Зэн буддизмийн философид хоол унд бэлтгэх, цэвэрлэгээ хийх нь бясалгал хийхийн адил ухамсрын биеэ тэтгэж буй дасгал гэж үздэг.

“Зэн философид, өдөр тутмын үйлдэл болох хооллох, орчин тойрноо цэвэрлэх нь бие мах бодын болон оюун сэтгэлийн хир буртгаа арилгах нь өдөр тутмын жаяг юм” хэмээн Фукуяама хотын Шинжоши сүмийн мэргэжилтэн Eriko Kuwagaki хэлсэн байдаг.

Цайны ёслол үйлдэхэд ч мөн өрөөний аль нэг  буланд тоос тортог байх ёсгүй гэж үздэг тул цэмцийтэл цэвэрлэнэ.  

Тэгвэл буддын шашинтай бусад улсууд яагаад Япончууд шиг цэвэр ч биш вэ гэж үү?

Учир нь уугуул Япончуудын Шинтогийн шашны амин сүнс нь цэвэрч байдал юм. Kegare буюу бохир байдал нь өвчин, зовлон, үхэл зэрэг бүхий л таагүй зүйлийн үндэс болдог аж. Тиймээс ойр ойрхон цэвэрлэгээ хийх нь kegare -г таягдан хаях үндэс гэж үзнэ.  

Хэрэв хэн нэгэн  kegare-д өртвөл нийгмийг бүхэлд нь аюул авчрах хор хөнөөлтэй гэж үздэг. Тиймээс ч цэвэр цэмцгэр байдлыг даган мөрдөх нийгмийн хэм хэмжээ, зарчим. Ингэж тэд дэлхийн хамгийн цэмцгэр оронд тооцогддог байна.  

Мөн Япончуудын философид залхуу, бохир байх, өөрсдийн ялгаруулж буй хог хаягдлаараа бусдад  тайван байдлыг алдагдуулах, төвөг удах, эрүүл мэндийг хохироох зэрэг үзэгдлийг байж боломгүй гэж үздэг.  

Коронавирус дэгдсэн ч бай үгүй бай мөнхөд цэвэрч байхыг эрхэмлэдэг Япончуудаас  бид олон нийтийн газар ам хамраа таглаж найтаах, нус, шүлс, цэрээ хаяхгүй байх, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ гар ариутгагч ашиглаж дадах, бусдын хөдөлмөрийн үнэлж хүрээлэн буй орчиндоо өөриймсөг хандаж, хог хаягдлаа ялгаж, дахин боловсруулах шат руу илгээж сурах зэрэг энгийн атлаа маш чухалд  соёлд суралцууштай.

Эх сурвалж: BBC Culture

TAGS
#Business