• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0

LEAD.STYLE сайтын ШИНЖЛЭХ УХААН буланг ХБНГУ-ын Мюнхений техникийн их сургуулийн Анагаахын сургуулийн хавдар судлалын ЭШХ-гийн эрдэм шинжилгээний багийн ахлагч АУ-ны доктор Nyambayar Dashtsoodol хөтлөн явуулахаар боллоо. Тэрээр иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж буй шинжлэх ухааны буруу ойлголт, мэдээллүүд дээр ШИНЖЛЭХ УХААНЫ ШҮҮМЖ бичих юм. "

Itoim.com цахим хуудсанд Ж.Хулан: Муухайгаар хэлж байгаа боловч коронавирус бол байгалийн шалгарал” нийтлэл гарсан. Уг ярилцлагад орсон МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, дэд профессор, Доктор Ж.Хулан нь АУ-ны доктор, зочин профессор, ХБНГУ-ын Мюнхений техникийн их сургуулийн Анагаахын сургуулийн хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн зочин профессор, Цѳм лабораторийн зѳвлѳх, АУ-ны доктор Д.Нямбаярт хандан албан ёсоор бүтээлд нь шүүмж бичихийг хүсжээ. Уг шүүмжийг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна. 

 

ДОКТОР Д.НЯМБАЯР: Миний шүүмж нь хувь хүнд чиглээгүй бөгөөд шинжлэх ухаан (ШУ)-ы нэр хүндийг хамгаалах, нотолгоо баримттай, үндэслэл логиктой, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой. Тиймээс хатуухан ч гэсэн үнэнийг шинжлэх ухаанчаар бичихийг хичээсэн болно. 

Ж.Хулан танд хандаж хэлэхэд, доорх асуултуудад хариулж, нийтлэлдээ залруулга хийн, ташаа мэдээллүүдээ устгахыг хичээнгүйлэн хүсэх байна. Учир юу гэвээс, та бол МУИС хэмээх эрдмийн их уурхайг, түүн дотроо МУИС-ийн Биологийн тэнхимийг төлөөлж мянга мянган оюутан залууст хичээл заадаг эрдэмтэн багш хүн олон нийтэд ташаа мэдээлэл тараах нь ёс зүйгүй үйлдэл юм. 

Эцэст нь хэлэхэд, сүүлийн үед энэ мэт хариуцлагагүй, өөрийнхөө төсөөлөл, ургуулан бодохуйгаа цахим орчноор дамжуулан ШУ мэтээр түгээх эрдэмтэд цөөнгүй болжээ. Тэд ШУ-ны салбар, үүний ард үнэнчээр зүтгэж буй эрдэмтэн судлаачдын нэр хүнд, хөдөлмөрийг үгүйсгэж, худал хуурмаг мэдээллээр иргэдийн тархийг угаасаар байгаа юм. Гэтэл уг явдалд ямар ч хариуцлага тооцохгүй өнөөг хүрлээ. 

Энэ мэт гаж буруу тогтолцоог өөрчлөх цаг нэгэнт ирсэн тул өөрийн шүүмжээ олны хүртээл болгохыг хүсэв. Өөрөөр хэлбэл уншигч таны ШУ-нд итгэх итгэлийг бага ч атугай цогцлоох болов уу. 

АСУУЛТ №1

“Ж.ХУЛАН: Биологийн үзүүлэлтээс харахад МОНГОЛ ХҮМҮҮСИЙН АРЬС ЗУЗААН байдаг”

Д.НЯМБАЯР: Ямар үндэстэнтэй, яаж харьцуулсан, хэдэн хүн хамрагдсан судалгааны үр дүнд үндэслэн ингэж хэлсэн бэ? Монгол хүний арьс зузаан байдаг нь генетикийн шалтгаантай юу, эсвэл эволюци дасан зохицлын үр дүн үү? Монгол хүний арьс бусад үндэстнийхээс зузаан гэдгийг нотолсон ШУ-ны бүтээлийн эх сурвалжийг хэлнэ үү.

АСУУЛТ №2

“Ж.ХУЛАН: Тэр шинэ төрлийн коронавирус нь ГЕНЕТИКИЙН ХУВЬД ХҮНИЙ КОРОНАГААС 20 ХУВЬ ЯЛГААТАЙ БАЙНА. ТЭГЭХЭЭР ҮЛДСЭН 80 ХУВЬ НЬ ХҮНИЙ КОРОНАТАЙ ИЖИЛ ГЭСЭН ҮГ.”

Д.НЯМБАЯР: Энэ нь ямар ч үндэслэлгүй ташаа мэдээлэл. Шинэ Тѳрлийн Коронавирус нь геном дарааллын хувьд SARS ѳвчин үүсгэгч SARS-CoV вирустэй 79.6%, Оrf1ab хэсэгт кодлогдож буй репликаза уургийг кодлогч генийн амин хүчлийн дарааллаар SARS-CoV-тэй 94.4% төстэй. Иймээс л уг вирус нь SARSr-CoV дэд бүлэгт хамаарагдан SARS-CoV2 хэмээх нэршилтэй болсон билээ [1]. Одоогийн байдлаар сарьсан багваахайн коронавирусийн геном дараалалтай 96% төстэй нь тогтоогдсон тул уг амьтнаас SARS-CoV2 вирус хүнд халдварласан байж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна [1]. Энэ яагаад ийм ноцтой асуудал вэ гэвэл, хэрэв SARS-CoV2 вирус нь Ж.Хулангийн бичсэнчлэн улирлын чанартай ханиад үүсгэдэг бусад “гэмгүй” коронавирусийн төрөлтэй геномын дараалал нь 80% төстэй байх тохиолдолд, хүн төрөлхтөнд энэхүү вирусийн эсрэг дархлаа тогтсон байх магадлалтайгаас гадна энэхүү гамшигт цар тахал үүсэхгүй байж болох юм. Ийм ташаа мэдээлэл нийгэмд тараах нь ханиад туссан хүмүүс дархлаатай, алзахгүй гэх мэт ойлголтыг төрүүлэх бөгөөд биднийг үхлийн ирмэгт ч хүргэх аюулд дагуулж болзошгүй юм. 

АСУУЛТ №3

“Ж.ХУЛАН: Тэгэхээр 80 ХУВИЙН КОДЛОДОГ УУРГИЙН ЭСРЭГ КОРОНАГИЙН ХАЛДВАР АВЧ БАЙСАН ХҮМҮҮС ДАРХЛАА ҮҮССЭН БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО. Жишээ нь: Хятад бол байнга ханиад томуу их гардаг учир энэ нь тодорхой хэмжээний дархлаа тогтчихсон гэж ойлгож болно.

Д.НЯМБАЯР: Энэ нь ямар ч үндэслэлгүй ташаа мэдээлэл. Хүн төрөлхтөн урьд өмнө нь хэзээ ч тааралдаж байгаагүй энэ вирусийн эсрэг дархлаатай байх үндэсгүй учраас “коронавирус” дэлхий нийтийн асуудал болж байна. Асуулт №2 тай хэсэгчилэн давхацсан учир дахин бичих нь илүүц. 

АСУУЛТ №4

“Ж.ХУЛАН: Хятадын эрдэмтэд КОРОНАВИРУС ДЭЭР ДАРХЛАА ДАРАНГУЙЛДАГ УУРАГ байгааг мэдээлсэн байна. Амьтны вируст ийм зүйл байх нь элбэг. ТЭГЭХЭЭР ДАРХЛАА ДАРАНГУЙЛАГДАНА гэсэн үг.

Д.НЯМБАЯР: Коронавируст (К-вирус) хүний өвөрмөц дархлааг шууд дарангуйлдаг уураг байдаг гэсэн ШУ-ны эх үүсвэрээ үзүүлнэ үү. Хэрвээ К-вирус дархлаа дарангуйлах уураг ялгаруулдаг бол яагаад энэ олон хүнд дархлаа урвалын хүчтэй шинж тэмдгүүд болох үрэвсэл үүсч, уушигны цулцанд үрэвслийн шингэн хуримтлагдаж, өндөр халуурч, цитокины шуурга буюу цитокин медиаторууд маш ихээр биед ялгараад байгаа юм бэ? Дархлаа дарангуйлагдсан тохиолдолд дээрх бүх шинж тэмдэг илрэхгүй гэдгийг танд анхааруулъя. Энэ бол маш энгийн логик гаргалгаатай хэнд ч мэдээжийн зүйл.

АСУУЛТ №5

“Ж.ХУЛАН: НАСТАЙ ХҮМҮҮСИЙН БҮХ УУРГИЙН НИЙЛЭГЖИЛТ НЬ БУУРСАН БАЙДАГ ТУЛ ДАРХЛАА НЬ УНАЧИХСАН БАЙДАГ. Нөгөө талаар бодисын солилцоо ч удааширсан байна.

Д.НЯМБАЯР: Бас л ШУ-ны үндэслэлгүй мэдээлэл. Таныхаар, настай хүний дархлаа нь унадаг юм бол өдгөө эрүүл саруул аж төрж байгаа настнууд маань ертөнцийн гайхамшиг болох нь ээ? Ерөнхийдөө, настай хүмүүст зарим төрлийн дархлааны эсийн тоо харьцангуй цөөрдөг. Энэ бол дархлаа тогтолцооны хөгжлийн зүй тогтолцооны нэг онцлог бөгөөд дархлааны эсүүдийг үүсгэдэг үүдэл эстэй ч холбоотой. Жишээ татахад, хүний Т эсүүд сэрээ булчирхай хэмээх эрхтэнд боловсордог. Энэхүү эрхтэн нь нас явах тутамд жижгэрч, үйл ажиллагаа нь буурдаг. Тэглээ гээд насанд хүрсэн хүнд Т эс нь дутагдах үзэгдэл гардаггүй. ДОХ-оор л өвдөөгүй бол эрүүл саруул хүний дархлаа хэзээ ч унахгүй. Энэ бүхэн цаанаа маш нарийн зохицуулалттай байдаг. Эдгээр ойлголт нь анагаах болон биологийн чиглэлээр сурдаг оюутнуудын анатоми, физиологи, дархлаа судлалын хичээл дээр үздэг хичээлүүд. Ж.Хулан таны энэ буруу мэдээлэл настан хүмүүст сэтгэл санааны болон эд материалын хэр их дарамт учруулахыг таах аргагүй. 

АСУУЛТ №6

“Ж.ХУЛАН: Нөгөө талаар ӨВӨРМӨЦ ДАРХЛАА ГЕНЭЭР КОДЛОДОГ. Өөрөөр хэлбэл эцэг эхээсээ тодорхой ЭСРЭГ БИЕ ҮҮСГЭХ ГЕНЕТИК КОМБИНАЦЫГ удамшиж аваагүй бол тухайн өвчиндөө өндөр эрсдэлтэй бүлэгт шууд хамрагдана. Муухай сонсогдож магадгүй боловч энэ нь биологийн хувьд байгалийн шалгарал юм.

Д.НЯМБАЯР: Одоогоор хаана ч, хэн ч, К-вирусийн халдвараар нас барсан хүмүүсийн удамшилзүй болон молекул генетикийн судалгааг хараахан хийж амжаагүй байна. Таныхаар бол үхэж байгаа хүмүүс нь генетикийн буюу удамшлын азгүй комбинацитай хүмүүс гэх гээд байна уу? Танд ингэж хэлэх ёс зүй байгаа юу? Фашист Германы үед л “цэвэр цус” “цэвэр Ари үндэстэн” гэх мэт харгис онолууд дэлгэрсэн байдаг. Таны бичсэн зүйл дээрх онолоос нэг их ялгарах зүйлгүй мэт санагдана.   

Нөгөө талаар өвөрмөц дархлаа тогтолцоо нь генээр кодлогддог, ЭСРЭГ БИЕ ҮҮСЭХ ГЕНЕТИК КОМБИНАЦЫГ УДАМШИЖ АВДАГ гэж та хаанаас яаж тогтоосноо эх сурвалжтай нь хэлнэ үү. Энэ бол бас л ШУ-нд нийцэхгүй мэдэгдэл. Дархлаа судлал, молекул генетикийн ШУ-ны нэгэн оргил болсон Японы эрдэмтэн Сусуму Тонэгава аль 1983 онд генийн рекомбинацийн үр дүнд Т болон В лимфоцит эсүүдийн өвөрмөц дархлаа тогтолцоо үүсдэг [2] болохыг нээж Нобелийн шагнал хүртсэн байдаг [3]. 

Ойлгоход дөхөм болгож өвөрмөц дархлаа тогтолцооны Т лимфоцит эс дээр жишээ татья. Т эс нь сэрээ булчирхайд боловсордог бөгөөд эсийн гадаргуу дээрх өвөрмөц Т эсийн рецепторын хэв шинжээрээ хоорондоо ялгагддаг. Сонирхолтой нь, одоогийн дэлхийд баримталж буй онолоор бол Т эсүүд нь 1015-1020 буюу манай дэлхий байтугай бүр харь гариг дээрх бүх элементийг таних чадвар бүхий дэндүү олон хувилбараар үүсгэх боломжтой [4, 5]. Т эсийн рецептор нь альфа болон бета гинжнээс тогтдог бөгөөд зөвхөн альфа гинжний хувьд гэхэд V (вариабл, дотроо 1-ээс 100 хүртэл дугаарлагдсан ген-тэй) болон J (жойнинг, дотроо 1-ээс 60 хүртэл дугаарлагдсан ген-тэй) гэсэн хоёр үндсэн генийн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг бѳгѳѳд нийтдээ 160 ген агуулдаг гэсэн үг. Хэрвээ Ж.Хулангийн хэлснээр уг Т эсийн альфа гинж нь генээр кодлогдсон буюу тогтчихсон хэлбэрийн ГЕНЕТИК КОМБИНАЦЫГ ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ УДАМШИЖ АВДАГ бол уг V(х)J(х) комбинацийн боломжит бүх хувилбар нь дэндүү цөөхөн буюу 6000 хувилбарыг л үүсгэх боломжтой. Тиймээс яагаад ч 1015 хувилбар үүсгэх боломжгүй гэсэн үг. Харин эсрэгээрээ, хүний Т эсийн альфа гинжний боломжит бүх хувилбар 108 байдаг. Яаж эдгээр 160 генээс энэ олон төрлийн хувилбар үүсэх боломжтой вэ гэвэл, Т эсийн альфа гинжний хувилбарууд нь тогтсон гений комбинациар кодлогдоогүй байдагт л оршино. Өөрөөр хэлбэл, тодорхой тогтсон комбинациар удамшиж ирдэггүй, харин өөр хоорондоо чөлөөтэй холилдох замаар буюу РЕКОМБИНАЦИЙН механизмаар тухай бүрт нь ШИНЭЭР альфа гинжийг кодлосон генийг үүсгэж байгаад оршино. Тиймээс, Ж.Хулангийн дээрх КОМБИНАЦИАР УДАМШДАГ, ГЕНЭЭР КОДЛОГДДОГ, БАЙГАЛИЙН ШАЛГАРАЛ гэсэн мэдэгдлүүд нь ШУ-ны мэдлэгээс тэс зөрсөн, санаанаасаа зохиосон зүйл байна. 

АСУУЛТ №7

“Ж.ХУЛАН: Шинэ төрлийн коронавирусийн хувьд хүний 36 градусаас гараад УДААН АМЬДАРЧ ЧАДДАГГҮЙ.

Д.НЯМБАЯР: Энэ бас л үнэнд нийцэхгүй байна. К-вирус хуванцар болон метал гадаргуу дээр 72 цаг буюу 3 өдөр хүртэл амьдрах чадвартай гэж New England Journal of Medicine хэмээх анагаах ухааны нэгэн оргил болсон сэтгүүлд хэвлэгдсэн [6].

АСУУЛТ №8

“Ж.ХУЛАН: Өвөрмөц эсрэг бие гэдэг антибоди нийлэгжүүлдэг ГЕНИЙН ХОРШИЛ байдаг. ТЭР ХОРШЛЫН НЭГ ЭЛЕМЕНТ БАЙХГҮЙ БОЛ ТЭР ВИРУСИЙН ЭСРЭГ ДАРХЛАА ҮҮСЭЖ ЧАДДАГГҮЙ.

Д.НЯМБАЯР: Таны хэлж байгаагаар бол өвөрмөц эсрэг бие нийлэгжүүлдэг ГЕНИЙН ХОРШИЛ буюу VDJ генийн аль нэг хэсэг нь алдагдаж үгүй болсон тохиолдолд, тухайн хүн нь хэдийн дархлааны хомсдлоор бурхан болчихсон байгаа. Дээрх дурдагдсан асуулт №6-г мөн үзнэ үү.

АСУУЛТ №9:

“Ж.ХУЛАН: ...МОНГОЛЧУУД ХАНИАД БОЛГОНООР ВАКЦИН ТАРИУЛСАН МЭТ ДАРХЛААГ ОЛЖ АВДАГ... 

...Хар ухаанаар бодоход миний өвөрмөц дархлаа үүсэх хугацаанд 10 сая вирус хэд болох вэ? 100 мянга хэд болох вэ? ҮҮН ДЭЭР ЭСРЭГ БИЕИЙН ТОО ОРЖ ИРНЭ. Өөрөөр хэлбэл БАГА ТУНГААР ХАЛДВАР ОРЖ ИРЭХЭД ВАКЦИН ШИГ ажиллах тохиолдол элбэг...

Д.НЯМБАЯР: Хар ухаанаар бодоод ч үүнтэй санал нийлэхгүй байна. Ханиад хүрээд вакцин тариулчихсан юм шиг дархлаа суучихдаг бол жилдээ хэд хэд ханиад хүрдэг хүмүүс дархлаа тогтолцооны гүн хямралтай болж таарах нь ээ дээ? Ханиад үүсгэгчийн мутациас болоод олон дахин ханиад хүрээд байна гэж та хэлж магадгүй л юм. Тэгвэл өвлийн хэдхэн сарын хугацаанд хэд хэдэн удаа мутацид орж тухайн нэг азгүй хүнийг дахин дахин өвчлүүлсэн тэр муу золигийн вирусийн геномынх нь дараалалыг тогтоочихсон судалгаа гэж байна уу? 

К-вирусийн нэг онцлог нь хүний дархлаа тогтолцоонд танигдахгүй уддаг, өөрөөр хэлбэл нууц үе урт байдаг нь л энэ дэлхийг нөмөрсөн цар тахлын гол шалтгаан болж байна. Таныхаар бол К-вирус цөөн тоогоор хүний биед халдварлавал тухайн хүнд дархлаа тогтоод айх аюулгүй болчих юм бол дэлхий даяар вакцин хийх гэж ингэж зовох хэрэг байгаа ч юм уу даа? Эсрэг биеийн тоо гэж хэлдэггүй. Харин эсрэг биеийн титр буюу хэмжээ гэж хэлдэг. Шинжлэх ухааны оноосон нэр томьёог хэрэглэхгүйгээр дэндүү хялбаршуулах нь эргээд бүх нийтийн боловсролд муу үр дагавар дагуулж болохыг анхаарах хэрэгтэй.

АСУУЛТ №10

“Ж.ХУЛАН: Өнөөдөр ВИРУСОЛОГИ, ХҮНИЙ ГЕНЕТИК ГЭСЭН ХОЁР ШИНЖЛЭХ УХААН ХҮНИЙ ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ СУДЛАХДАА НЭГ БОЛЧИХСОН. Шууд бас тас гэсэн хариулт өгөх хэцүү. 

Д.НЯМБАЯР: Вирусологи болон хүний генетик тэс тусдаа шинжлэх ухааны салбарууд. Таны дотор л нэг болчихсон юм байна. Энэ хоёр ШУ нэгдэж нэг болсон тухай мэдээлэл байвал үзүүлнэ үү. 

АСУУЛТ №11

“Ж.ХУЛАН: Тэр сэтгүүл дээр гарсан материалыг харахад хүүхдүүд дээр хийсэн судалгаа байна. ХАЛДВАР АВСАН ХҮҮХДҮҮД НЬ ЦӨӨХӨН ЮМ Л ДАА. Зарим хүүхэд нь ямар ч шинж тэмдэггүй, өвдөө ч үгүй мөртлөө вирус илэрсэн байна. Зарим хүүхэд нь 38-39 хэм хүртэл халуурсан байна.

Д.НЯМБАЯР: Бас л ташаа мэдээлэл. Хүүхдэд халдварлахгүйдээ биш, шинж тэмдэг нь сул болохоор хүүхдүүд хангалттай оношлогдоогүй гэсэн үг. К-вирусаар халдварласан боловч шинж тэмдэг хүчтэй илрэхгүй буюу халдварын нууц тээгч хэлбэрээр халдвар дамжих магадлал ѳндѳр учраас дэлхийн олон оронд хүүхдийн цэцэрлэг сургуулийг хааж, гэрт нь байлгаж байна. K-вирусээр халдварласан 2143 хүүхдийн судалгааны бүтээл ч нийтлэгдсэн байгаа [7].

АСУУЛТ №12

“Ж.ХУЛАН: ...зүрх судасны өвчтэй хүмүүс их нас барсан. Чихрийн шижинтэй хүмүүсийн тухай яривал. ЯМАР НЭГ ЮМЫГ ИСЭЛДҮҮЛЭХЭД САХАР ХИЙДЭГ. Сахарын шижинтэй хүмүүсийн ӨӨХ ТОСНЫ СОЛИЛЦОО алдагдсан байдаг. Үүнээс харахад исэлдэх процесс маш өндөр гэсэн үг. ДАРХЛААНЫ УУРГУУД ХЭВИЙН НИЙЛЭГЖИЖ БАЙГАА БОЛОВЧ ЭСРЭГ БИЕЭ ҮҮСГЭХ ЯВЦДАА ИСЭЛДЭЭД ЗАДАРЧИХДАГ. ЭНЭ НЬ ДАРХЛАА УНАХ ШАЛТГААН БОЛНО. Ийм хүмүүсийг дархлаа сайжруулах биш, МАШ ХҮЧТЭЙ АНТИОКСИДАНТ ХЭРЭГЛЭЖ байж уургийн исэлдэлтээс хамгаалдаг.

Д.НЯМБАЯР: Энэ талаар та ганцаархнаа бүхэл бүтэн анагаахын гурван том салбарыг төлөөлөөд хэлэхийнхээ ѳмнѳ ядаж л зүрх судас, дотоод шүүрэл, иммунологич эмч нараас асуух хэрэгтэй байж. К-вирусийн халдвараар зүрх судасны ѳвчтэй хүмүүс нас барж буй гол шалтгаан нь уушги зүрх хоёрын үйл ажиллагаа нягт байдагтай холбоотой. Уушгины цулцанд үрэвслийн шингэн ихээр хуримтлагдсанаар АRDS буюу амьсгалын хурц дутагдлын хамшинж бий болж, зүрхний үйл ажиллагаа доголдох нь өвчтөний үхлийн шалтгаан болж байна. 

-Исэлдэлт бол хоёрдогч байдлаар үүсэж байгаа. Гол өвчнийг нь эмчлэх хэрэгтэй. Жишээ нь таны дурдсан чихрийн шижинтэй хүний хувьд бол сахар задлах үүрэгтэй инсулин нь дутагдаж байгаа болохоор антиоксидант хэрэглэхээсээ түрүүлж инсулин тарихгүй бол өвчтөн нас барах хүртэл эрсдэлтэй.

-“Дархлааны уургууд хэвийн нийлэгжиж байгаа боловч эсрэг биеэ үүсгэх явцдаа исэлдээд задарчихдаг. Энэ нь дархлаа унах шалтгаан болно”—гэнээ?! Чихрийн шижингийн үед биемахбодийн дотор үүсэх ѳвѳрмѳц эсрэг бие буюу иммуноглобулинууд нь исэлдэлтээс болж задарч, дархлаа дутагдалд хүргэдэг гэсэн ШУ-ны эх сурвалжаа хэлнэ үү. Дархлаа унах биш харин эсрэгээрээ, аутоиммун гаралтай чихрийн шижин ѳвчний үед дархлаа тогтолцоо хэт идэвхэжсэнээс болж инсулин ялгаруулах үүрэг бүхий нойр булчирхайн эсүүд нь ѳѳрийн дархлаа эсүүдээр устгагдаж байгаагаас шалтгаалж инсулины дутагдалд орж байгаа гэдгийг та анхаарна уу. Антиоксидант эмийн эмчилгээгээр иммуноглобулины задралаас хамгаална гэсэн судалгааны бүтээл байна уу? Антиоксидант үйлчилгээтэй эм зардаг сүлжээнийхэн таны тархи толгойг угаачихав уу?

АСУУЛТ №13

“Ж.ХУЛАН: ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС ДОТОР ТАМХИЧИД ЦӨӨН байсан.

Д.НЯМБАЯР: Энэ бас л үнэнд нийцэхгүй, нийгэмд буруу ойлголт өгөхөөр тун хариуцлагагүй мэдэгдэл байна. Эсрэгээрээ, тамхичид К-вирусийн хамгийн эрсдэл өндөртэй хүмүүс байгаа. ДЭМБ-аас энэ тухай албан ёсны мэдэгдэл гаргасан [8]. Тамхи татдаг хүмүүс онц анхааралтай байх төдийгүй тамхинаасаа гарах хэрэгтэйг зөвлөх байна.

АСУУЛТ №14

“Ж.ХУЛАН: ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ТӨРЛӨХИЙН БА ОЛДМОЛ ДАРХЛААГ ЗОХИЦУУЛДАГ ИНТЕРФЕРОНООР ИНДУКЦЛЭГДСЭН ПРОТЕЙН К ЧУХАЛ байдаг. ВИРУСИЙН ЛИМФОТОКСИК НӨЛӨӨ АЮУЛТАЙ. Өөрөөр хэлбэл ДАРХЛАА ДАРАНГУЙЛАГДАНА.

Д.НЯМБАЯР: Протеин К гэдгийг ойлгосонгүй. Танд дархлаа судлалын мэдлэг дулимагхан байна. “Лимфотоксик” гэдэг ойлголт дээр хэлэхэд, уг үгийн утга нь К-вирус нь дархлаа тогтолцооны лимфоцит эс рүү сонгомлоор халдварлаж, улмаар лимфоцит эсийг үхүүлж устгадаг гэсэн үг юм. Таны хэлснээс тэс эсрэгээрээ, К-вирус бол дархлаа эс рүү биш харин амьсгалын замын эд эсэд халдварладаг гэдгийг эрдэмтэд нээж, дэлхий даяар АСЕ2 гэж мэддэг болчихоод байна шүү дээ (энэ тухай жич дараачийн асуулт дээр дурдах болно). Дархлаа дарангуйлна гэж юу болох талаар та ямар ойлголттой байна? Хэрвээ К-вирус дархлаа дарангуйлах юм бол яагаад өвчтөн өндөр халуурч, уушгины цулцанд үрэвслийн шингэн хуримтлагдаж, цитокины шуурга буюу үрэвслийн цитокинууд маш ихээр ялгарах үзэгдэл гарч байгаа юм бэ? Дархлаа дарангуйлагдсан тохиолдолд энэ бүх шинж тэмдэг илрэхгүй.

АСУУЛТ №15

Ж.ХУЛАН: ВИРУС АМЬСГАЛЫН ДООД ЗАМЫГ ГЭМТЭЭЖ УЛМААР БАКТЕРУУД ЭЗЭЛНЭ. Амьсгалын доод зам голдуу хамгаалалттай ариун байдаг боловч энэ хаалтыг давж халдвар явна. ҮҮНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ХҮЧТЭЙ ХАНИАЛГА.

Д.НЯМБАЯР: Анагаах ухааны мэргэжилтэй хүн харах юм бол инээд нь хүрэхээр зүйл бичжээ. К-вирус хүний эсийн гадаргуун дээрх АСЕ2 буюу ангиотензин хувиргагч энзим 2 хэмээх уургийн бүтцийг олж наалдсаны дараа л тухайн эс рүү халдварлан ордог нь тогтоогдож, ШУ-ны оргил сэтгүүлүүдийн нэг болох “Сайэнс” сэтгүүлд хэвлэгдсэн байгаа [9]. Энэ АСЕ2 уургийн бүтэцтэй эсүүд хүний амьсгалын замын эд болон бөөр гэх мэт эрхтэнд олноор оршдог. К-вирус хүний эс рүү орчихвол дотор нь чимээгүйхэн өсөж үржиж байгаад өөрийн эзэн эсээ дотроос нь устгаж гадагш гарч дараачийн эрүүл эзэн эсийг хайж эхэлдэг. Ийм янзаар хүний эд эсүүд ихээр гэмтэж үхэж байгаа нь хүчтэй үрэвслийн урвалыг үүсгэдэг. Ханиалгах шинж тэмдэг бактерийн халдвараас болж үүсэх мэт хүмүүст буруу ойлголт өгөхөөр байна. К-вирус амьсгалын эд эрхтнийг гэмтээж байгаа болохоор ханиалгах шинж тэмдэг илэрч болно. К-вирус гээч нь бактерийн халдвар үүсгээд, тэр нь олон хүнийг үхэлд хүргээд байгаа юм бол дэлхийн энэ олон эмч эрдэмтэд хэдэн антибиотик уулгачихвал энэ ѳвчнийг эдгээчих юм биш үү? 

АСУУЛТ №16

Ж.ХУЛАН: ХАЛДВАР АВСНААС ХОЙШИХ 2 ӨДӨР ХАМРЫН САЛСТАД БАЙРЛАНА. ИЙМ ХАМРЫН САЛСТЫГ ДАЛАЙН ДАВСНЫ УУСМАЛ ГЭХ МЭТЭЭР УГААХ. 2-4 ДАХЬ ӨДӨР ХООЛОЙНД БАЙРЛАХ ТУЛ ХООЛОЙГ ЗАЙЛАХ. ХООЛОЙНООС ДООШОО ВИРУС ОРЧИХСОН БОЛ ХЭЦҮҮ.

Д.НЯМБАЯР: Энэ ч бас сүрхий дэгсдүүлжээ. Хэн, хэрхэн, ямар аргаар энэ К-вирус хүний биед халдварлахдаа хамрын салстад хоёр өдөр хөдөлгөөнгүй, дараа өдөр нь доошоогоо бууж хоолойнд 2 өдөр амарч байснаа 4 хоногийн дараа за одоо доошоо уушгинд оръё доо гээд яваад өгдгийг нь тодорхойлчихсон юм бэ? Энэ талаар эх сурвалж байхгүй гэдэг нь ойлгомжтой. Эрдэмтэд нарын тодорхойлсноор бол өвчний шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө тухайн хүний амьсгалын дээд замын салстаас авсан сорьцонд К-вирусийг тодорхойлох боломжтой [10] гэсэн байгаа нь таныг ийнхүү төөрөгдүүлсэн бололтой.

Товчхон дурдвал, өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 37 хоног хүртэл хоолой амны салстанд К-вирус тодорхойлогдож болдог байна [11]. Мөн өтгөнд, цусанд, ийлдсэнд, шүлсэнд, шээсэнд К-вирусийг илрүүлж болдог байна [12, 13, 14, 15, 16]. Түүнчлэн, хүүхдийн өтгөнд халдвар авснаас нэг сарын дараа коронавирус илэрсэн тохиолдол байна [17].

Ашигласан мэдээллийн эх сурвалж, ном зүйн жагсаалт

1) Zhou P, Yang XL, et al. (2020). "A pneumonia outbreak associated with a new coronavirus of probable bat origin". Nature. 579 (7798): 270–273. doi:10.1038/s41586-020-2012-7.2
) S. Tonegawa: Somatic Generation of Antibody Diversity. Nature 1983, 302, 575-581.
3) https://www.nobelprize.org/prizes/medicine/1987/press-release/4
) Nikolich-Zugich J, Slifka MK, Messaoudi I. 2004. The many important facets of T-cell repertoire diversity. Nature Review Immunology 4, 123-132. 
5) Miles JJ, Douek DC, Price DA. 2011. Bias in the alpha beta T-cell repertoire: implications for disease pathogenesis and vaccination. Immunol. Cell Biol. 89, 375-387
6) van Doremalen N,et al.Aerosol and Surface Stability of SARS-CoV-2 as Compared with SARS-CoV-1. N Engl J Med. 2020 Mar 17. doi: 10.1056/NEJMc2004973. 
7) Dong Y, et al. Epidemiological Characteristics of 2143 Pediatric Patients With 2019 Coronavirus Disease in China. Pediatrics. 2020 Mar 16. pii: e20200702. doi: 10.1542/peds.2020-0702.
8) http://www.emro.who.int/tfi/know-the-truth/tobacco-and-waterpipe-users-are-at-increased-risk-of-covid-19-infection.html9
) Yan R, Zhang Y, et al. Structural basis for the recognition of the SARS-CoV-2 by full-length human ACE2. Science. 2020 Mar 4. pii: eabb2762. doi: 10.1126/science.abb2762.
10) Woelfel R, Corman VM, et al. Clinical presentation and virological assessment of hospitalized cases of coronavirus disease 2019 in a travel-associated transmission cluster. medRxiv. 2020:2020.03.05.20030502.
11) Fei Zhou et al. Clinical course and risk factors for mortality of adult inpatients with COVID-19 in Wuhan, China: a retrospective cohort study. The Lancet. 2020 March 9, 2020.
12) Young BE, et al. Epidemiologic Features and Clinical Course of Patients Infected With SARS-CoV-2 in Singapore. JAMA. 2020.
13) Chang L, Yan Y, Wang L. Coronavirus Disease 2019: Coronaviruses and Blood Safety. Transfusion Medicine Reviews. 2020 2020/02/21/.
14) Huang C, Wang Y, Li X, et al. Clinical features of patients infected with 2019 novel coronavirus in Wuhan, China. The Lancet. 2020 2020/02/15/;395(10223):497-506.
15) To KK-W, Tsang OT-Y, et al. Consistent Detection of 2019 Novel Coronavirus in Saliva. Clinical Infectious Diseases. 2020.
16) Peng L, Liu J, et al. 2019 Novel Coronavirus can be detected in urine, blood, anal swabs and oropharyngeal swabs samples. medRxiv. 2020:2020.02.21.20026179.
17) Cai J, Xu J, et al. A Case Series of children with 2019 novel coronavirus infection: clinical and epidemiological features. Clinical Infectious Diseases. 2020. 

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ