A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
54
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 248 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 248 | |
|
Монгол улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.3% буюу дэлхийн дунджаас 7.6%-иар бага байна.
Уг үзүүлэлтээр 2020 онд Монгол улс дэлхийн 189 улсаас 122-д бичигдэж Хойд Солонгос, Тажикстан, Саудын Араб зэрэг ардчилсан бус улсуудаас ч доогуур байр эзэлжээ. Үүнээс гадна манай улсын түүхэнд нэг ч эмэгтэй хүн аймаг, нийслэлийн засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгааг баталдаг.
Иймд, эмэгтэйчүүд яагаад улс төрд манлайлан оролцох ёстой, тэд оролцсоноороо юу өөрчлөгдөх магадлалтай, тэдний оролцоонд ямар бэрхшээл саад болж байгаа талаар энэхүү нийтлэлийг бичиж байна.
Өдгөө цөөн хэдэн улсыг эс тооцвол дэлхий дахинд эмэгтэйчүүд сонгох эрхээ хууль ёсны дагуу эдлэх бүрэн боломжтой болсон ба ихэнх улсад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн сонгуулийн ирцэд мэдэгдэхүйц ялгаа байдаггүй. Тиймээс энэхүү нийтлэлдээ эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хөндөлгүй орхиж, сонгогдох эрхийг нь илүү чухалчилсан болохыг анхаарна уу.
Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо яагаад чухал вэ?
Нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл зэргээс үл хамаарч иргэн бүр улс төрд тэгш эрхтэй оролцож, өөрийн төлөөллийг чөлөөтэй сонгох эсвэл өөрөө сонгогдох нь ардчиллын мөн чанар билээ. Тиймээс эмэгтэйчүүдийг ялгаварлаж тэдэнд олгогдсон сонгогдох эрхийг шууд болон шууд бус байдлаар хязгаарлаж байгаа нийгэмд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байна гэж үзэж болно. Хүн хүйсээ сонгож төрдөггүй учраас хүнийг хүйсээр ялгаварлах нь шударга ёсонд огт нийцэхгүй. Иймд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь хүн бүхний хүлээсэн ёс зүйн үүрэг юм.
Нөгөөтээгүүр, эмэгтэйчүүдийг сонголоо гээд тэд юу ч хийдэггүй гэсэн хэвшмэл ойлголт манайд байдаг. Гэтэл эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эерэг үр дагавар бий болгодгийг олон судалгаа баталдаг. Тэдгээрээс заримыг нь дэлгэрэнгүй тайлбарлая.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг
“Ард түмнээс бүрдсэн, ард түмнээр удирдуулсан, ард түмний төлөөх” төр засгийг ардчилсан гэдэг. Өөрөөр хэлбэл төр ард түмнийг бүрэн төлөөлөх чадвартай байх ёстой. Ялангуяа хууль тогтоох эрх бүхий төрийн төв институт болох парламент нь нийгмийн төрөл бүрийн бүлгүүдээс бүрдсэн байж гэмээн төр нийгэмд хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдөж легитим чанарыг олж авдаг. Харин нийгмийн хамгийн том бүлэг болох эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай бүрдүүлээгүй парламентыг олон нийт зүй ёсны хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай. Легитим чанараа ийнхүү алдсан төр хэврэг байдаг.
Тэгвэл Аткесон, Каррилло нарын судлаачид хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам иргэдийн, тэр тусмаа эмэгтэйчүүдийн төрд итгэх итгэл, төрийг хүлээн зөвшөөрөх байдал нэмэгддэг болохыг олж тогтоожээ. Тэд АНУ-ын мужуудын иргэдийн төлөөлөгчдийн танхимуудыг харьцуулан судалсан байна. Учир нь төлөөлөгчдийн танхим дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь муж болгонд харилцан адилгүй байдаг аж. Судлаачдын олж тогтоосноор танхим дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь өсөх тусам тухайн мужийн эмэгтэйчүүд “төр энгийн иргэдэд нээлттэй ажилладаг,” “над шиг хүмүүсийн үзэл бодлыг төр сонсдог,” “миний асуудалд анхаарал хандуулдаг” гэж хэлэх магадлалтай байсан байна. Өөрөөр хэлбэл засаг захиргаагаа эерэгээр үнэлэх магадлалтай байжээ. Харин эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурах тусам засаг захиргаагаа сөргөөр үнэлж байсан байна. Иймд, улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь төрийн легитим чанарыг сайжруулах сайн үр дагавартай.
Эмэгтэйчүүд улс төрийн соёлыг эерэгээр өөрчлөх магадлалтай
Зарим судлаачдын үзэж буйгаар эмэгтэйчүүд улс төрд олноороо оролцсоноор улс төрийн манлайллын хэв маягийг илүү кооператив буюу харилцан бие биеэ ойлгох, хамтран ажиллах шинж чанартай болгох боломжтой аж. Харин эрчүүд давамгайлсан улс төрд голдуу ширүүн өрсөлдөөн болон хатуу шатлан захирах ёс (hierarchy) дээр суурилсан манлайллын хэв маяг давамгайлдаг байна. Вейкарт болон бусад судлаачид АНУ-ын эмэгтэй, эрэгтэй хотын дарга нарыг харьцуулан судалжээ. Тэдний олж тогтоосноор эмэгтэй хотын дарга нар эрэгтэй дарга нараас илүү төсөв батлах процессыг хүртээмжтэй болгох, олон талын оролцоог нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан байна. Мөн судлаач Катлин эрэгтэй, эмэгтэй улс төрчид хэрхэн хурал даргалдаг талаар сонирхолтой судалгаа хийсэн байна. Түүний үзэж байгаагаар эмэгтэй хурлын дарга нар ихэнхдээ хурлын зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг бол эрэгтэйчүүд илүү эрх мэдлээ ашиглаж хурлын чиглэлийг хянах хандлагатай байдаг ажээ. Бусад судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааг эрхэмлэж эвсэл байгуулах арга замаар улс төрийн үйл ажиллагаа явуулах нийтлэг хандлагатай байдаг юм байна.
Эмэгтэй улс төрчид охид бүсгүйчүүдэд бэлэг тэмдэг болж чаддаг
Улс төрийн өндөр албан тушаалыг зөвхөн эрэгтэйчүүд хашдаг манайх шиг улсуудад охид бүсгүйчүүд улс төрийг зөвхөн эрэгтэй хүнээр төсөөлдөг байж магадгүй. Тэгвэл эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцсоноор бусад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал үзүүлж, бэлэг тэмдэг болж чаддаг. Судлаач Хансены олж тогтоосноор парламентын сонгуульд олон эмэгтэйчүүд нэр дэвшвэл эмэгтэй сонгогчид улс төрийг илүү сонирхож, бусадтай улс төрийн талаар ярилцах хүсэл эрмэлзэлтэй болдог байна. Мөн эмэгтэй гишүүнээр төлөөлүүлж буй эмэгтэй сонгогчид улс төрчдийн ямар хууль санаачилсан, хэрхэн санал өгсөн талаар мэдээлэл сайтай байдаг аж. Олон улсын харьцуулсан судалгаагаар нөлөө бүхий эмэгтэй улс төрч сонгуульд нэр дэвших нь өсвөр насны охидыг ирээдүйд улс төрд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй болгодог болох нь батлагдсан байдаг.
Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам авлигалын түвшин буурдаг
Дэлхийн банкны олон улсын харьцуулсан судалгаанаас харахад парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авилгын түвшин буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагддаг. Гэхдээ энэхүү үзэгдэл нь ердөө тохиолдол уу эсвэл үнэхээр эмэгтэйчүүд авилгыг бууруулдаг уу гэдэг нь одоогоор судлаачдын дунд маргаантай байна. Ямартай ч зан үйлийн олон судалгаа эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү итгэл даах чадвартай, шударга бөгөөд олон нийтийн сайн сайхны төлөө гэх хандлагатай байдаг гэж тайлбарладаг.
Эмэгтэйчүүд улс төрд оролцсоноор төрийн бодлогод чанарыг өөрчлөлт гаргадаг
Эмэгтэйчүүдэд тулгарч байгаа нийтлэг асуудлыг эмэгтэй хүний нүдээр харж шийдэхэд эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй байх ёстой гэдэг үндсэн суурь жендерийн үзэл баримтлалтай ихэнх судлаачид санал нийлдэг. Улмаар эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо нэмэгдвэл төрийн бодлого эмэгтэйчүүдэд илүү ээлтэй болох боломжтой гэж үздэг.
Олон улсад хийгдсэн хэд хэдэн судалгаагаар эмэгтэй улс төрчид гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлуудад эрэгтэй улс төрчдөөс илүү ач холбогдол өгдөг нь батлагдсан байна.
Жишээлбэл, судлаач Томас АНУ-ын мужуудын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдгээрийн баталж буй хуулиудын чиглэл хоорондын хамаарлыг судалж үзсэн байна. Олон эмэгтэй гишүүдтэй хууль тогтоогч байгууллагууд нь эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудалтай холбогдох хуулиудыг батлах өндөр магадлалтай байдгийг тогтоожээ.
Үүнтэй төстэй нэг судалгаагаар эмэгтэй улс төрчид эрэгтэйчүүдээс илүү эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн асуудалд ач холбогдол өгдөг болох нь нотлогдсон байна. Мөн Швед улсад хийгдсэн судалгаагаар эмэгтэй парламентын гишүүд эмэгтэйчүүдийн асуудалд илүү ач холбогдол өгдөг гэжээ. Энэхүү судалгааны үр дүн нь Аргентин, Коста Рика, Колумб зэрэг Латин-Америкийн улсуудад хийсэн судалгаагаар баталгаажсан байна.
Түүнчлэн, эмэгтэй парламентын гишүүд эрэгтэй гишүүдээс илүү эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг дэмжих хуулийн төслийг өргөн барьдаг бөгөөд эмэгтэйчүүдийн асуудлын хөндөж, эмэгтэй сонгогчдын өмнөөс засгийн газрын сайд нартай холбоо тогтоож, байнгын харилцаатай ажилладаг болохыг Скандинавын орнуудад хийсэн судалгаа харуулжээ.
Сонирхолтой нь эрэгтэй, эмэгтэй улс төрчид яг ижилхэн асуудал дээр хүртэл өөр төрлийн хууль санаачилдаг болохыг АНУ-ын Колорадо мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дунд хийсэн судалгаа харуулдаг. Уг судалгаагаар эмэгтэй, эрэгтэй улс төрчид гэмт хэргийн эсрэг ямар хууль санаачилж байгааг судалсан бөгөөд эмэгтэйчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах асуудалд илүү анхаарал хандуулсан хуулийн төслүүдийг санаачилж байсан бол эрэгтэйчүүд илүү гэмт хэргийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд анхаарал хандуулж ялыг чангалах, хорих хугацааг уртасгах хуулийн төслүүдийг танилцуулж байжээ.
Олон улсын дээрх жишээнүүдээс гадна манай УИХ-ын эмэгтэй гишүүдийн сайн жишээг дурдаж болох юм. 2016 оноос өмнөх сонгуулиудад эмэгтэй гишүүд 10 хүрэхгүй тоогоор сонгогдож байсан бол 2016 онд 174 эмэгтэй нэр дэвшигчдээс 11, 2020 онд 129 эмэгтэй нэр дэвшигчдээс 13 эмэгтэй гишүүд тус тус УИХ-д сонгогдсон нь чамарлахааргүй амжилт билээ.
Эмэгтэйчүүд өмнөхөөсөө олноороо сонгогдсоноор олон жил хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл гэх мэт нийгмийн шинж чанартай олон хууль батлагдсан байдаг. Эмэгтэйчүүд илүү олноороо УИХ-д сонгогдвол үүнээс ч илүү эерэг үр дүн гарах магадлалтай.
Дээр дурдсан олон шалтгаанаар эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох ёстой атал яагаад тэдний оролцоо хангалтгүй байна вэ?
Улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох хүсэлтэй, боломжтой эмэгтэйчүүд ховор байна
Улс төрийг сонирхдог, улс төрийн талаар сайн мэдлэгтэй хүмүүс улс төрд илүү идэвхтэй оролцог. Тэгвэл дэлхий дахинд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү улс төрийг сонирхдог, улс төрийн талаар илүү мэдлэгтэй байдаг нь олон судалгаагаар тогтоогджээ. Жишээлбэл, улс төрийн бодит мэдлэгийг шалгасан тест дээр АНУ-ын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр жилийн турш сургуульд сурсантай тэнцэх хэмжээний илүү оноо авсан байдаг. Мөн 2020 онд Монголд хийсэн Сонгуулийн дараах судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 24% нь улс төрийн сонирхдог эсвэл маш их сонирхдог гэж хариулсан байхад эрэгтэйчүүдийн 42% нь ижил хариулт өгсөн байна.
Улс төрийн сонирхол, мэдлэгээс гадна эмэгтэйчүүд улс төрд оролцох, сонгуульд нэр дэвших хүсэл эрмэлзэл багатай байдаг байна. Учир нь эмэгтэйчүүд өөрийгөө улс төрийн албан тушаалд тэнцэхгүй гэж дутуу үнэлэх магадлалтай байдаг аж.
Тодруулбал, мэргэжил, ажлын туршлага, ур чадвараар бараг ялгаагүй хүмүүсийг харьцуулж судлахад өөрийгөө сонгуульд өрсөлдөх хэмжээний ур чадвар, улс төрийн туршлагатай гэж үзэх магадлал эрэгтэйчүүд хувьд эмэгтэйчүүдээс 60%-иар илүү байжээ.
Зарим судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэл багатай байдаг учраас сонгуульд өрсөлддөггүй гэнэ. Гэхдээ хэрэв өрсөлдөх болбол ихэнх тохиолдолд эрэгтэй өрсөлдөгчдөөсөө илүү ур чадвар, туршлагатай байдгаас гадна сонгогдохын тулд илүү шаргуу хөдөлмөрлөдөг ажээ.
Үүнээс гадна сонгуульд нэр дэвшихэд шаардлагатай цаг, зав, хөрөнгө, нөөц эмэгтэйчүүдэд дутагддаг байна. Дэлхий дахинд хүүхэд асрах, хоол хийх, гэр цэвэрлэх гэх мэт гэр ахуйн ихэнх ажлыг эмэгтэйчүүд хийсээр байгаа учраас тэдэнд улс төрд идэвхтэй оролцох боломж ховор олддог ажээ.
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн 2020 онд Монгол улсад хийсэн судалгаанд оролцогчдоос сонгуульт албан тушаалд өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн тоо яагаад цөөн байгаа талаар асуухад тэдний 75% нь “эмэгтэйчүүд ар гэрийн ажил, хүүхдээ асрах ажлуудад дарагдсан байдаг” гэж хариулсан байна.
Жендерийн уламжлалт хэв хэмжээ бол асуудлын суурь шалтгаан юм
Улс төр, нийгмийн амьдралын орон зай бол зөвхөн эрчүүдийнх гэх хандлага олон улсад, ялангуяа хөгжингүй, ядуу буурай, шинэ ардчилсан улсуудад хүчтэй оршин тогтносон хэвээр байна. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоонд саад болж буй үндсэн суурь шалтгаан нь жендерийн уламжлалт хэв хэмжээ гэдэгтэй ихэнх судлаачид санал нийлдэг.
Жендерийн уламжлалт хэв хэмжээ эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоонд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг харуулсан олон судалгаа бий. Судлаач Ийгли, Махижани нарын үзэж байгаагаар ихэнх хүмүүс улс төрийн манлайлах чадварыг голдуу шийдэмгий зан, өөртөө итгэлтэй байдал, бусдыг захиран удирдах чадвараар төсөөлдөг бөгөөд ийм шинж чанартай эрэгтэй улс төрчдийг эерэгээр үнэлдэг атал эмэгтэйчүүдийг харин сөргөөр үнэлдэг байж магадгүй гэнэ. Учир нь ийм “эршүүд” зан чанартай эмэгтэйчүүд нь эмэгтэй хүн уян зөөлөн, эелдэг, хүлцэнгүй байх ёстой хэмээх нийгмийн хүлээлттэй зөрчилддөг тул сөргөөр үнэлэгддэг байж болох юм.
Мөн Судлаач Фоксын олж тогтоосноор АНУ-ын бага насны охид, хөвгүүдийн ижил тэнцүү хувь нь ирээдүйд сонгуульт албан тушаалд өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй байдаг байна. Гэтэл ерөнхий боловсролын сургууль төгсөх насанд хүрэх үед охидын улс төрийн амбиц ижил насны хөвгүүдийнхээс бага болж өөрчлөгддөг байна. Энэ нь охид, хөвгүүдийн нийгэмших процесс нь өөр байдгийг харуулж байгаа юм. Тухайлбал хөвгүүдийг эцэг, эх, гэр бүлийн бусад гишүүд, цэцэрлэг, сургууль — нэг ёсондоо нийгэм бүхэлдээ — илүү өөртөө итгэлтэй, улс төрд сонирхолтой болгож нийгэмшүүлдэг бол охидыг тэгдэггүй байх магадлалтай юм.
Олон улсад хийгдсэн санал бодлын тандалт судалгаануудаас хархад жендерийн уламжлалт хэв хэмжээ улс бүрт харилцан адилгүй байна. Тодруулбал, “World Values Survey”-д оролцсон дэлхийн 79 улсын 127,358 иргэдээс “эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сайн улс төрийн удирдагч байж чаддаг” гэдэг өгүүлбэртэй хэр санал нийлж байгааг асуухад тэдний ойролцоогоор 35% нь санал нийлж байна эсвэл маш их нийлж байна гэж хариулжээ.
Харин Египет улсын судалгаанд оролцогчдын 83%, Пакистан улсын оролцогчдын 78%, Нигери улсын оролцогчдын 76% нь дээрх өгүүлбэртэй санал нийлж байгаа бол эсрэгээрээ Исланд, Шведийн оролцогчдын ердөө 5%, Норвегийн оролцогчдын 8% тус тус санал нийлж байна гэж хариулсан байна. Монгол улс энэхүү судалгаанд багтаагүй юм. Гэхдээ ижил төстэй “Asian Barometer Survey”-д оролцсон Монголчуудын 34% нь “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй ижил түвшинд улс төрд оролцох хэрэггүй” гэдэг өгүүлбэртэй санал нийлж байна эсвэл маш их нийлж байна гэж хариулсан байна. Энэ нь манай улсад жендерийн уламжлалт хэв хэмжээ бөх бат оршиж буйг харуулж байна.
- Тэгвэл эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн сайжруулж болох вэ?
Сонгуулийн тогтолцоо эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд шууд нөлөөлдөг. Өдгөө дэлхий дахинд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж нь мажоритар тогтолцоотой 74 улсад 17%, холимог тогтолцоотой 30 улсад 25%, пропорционал тогтолцоотой 79 улсад 27% байна. Харин манай улсад ашигладаг олон мандаттай том тойргийн плуралит (block vote) тогтолцоотой есөн улсад эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж 12% буюу хамгийн бага байна. Тиймээс манай улс пропорционал эсвэл холимог тогтолцоо ашиглаж эхэлбэл эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нэмэгдэх боломжтой.
“Улс төрийн намууд болон улс төрийн институцүудын практикт өргөн тохиолддог эмэгтэйчүүдийг ялгаварлах, улс төрийн өрсөлдөөнд оруулахгүй байх явдлын эсрэг авч буй түр арга хэмжээг” эмэгтэйчүүдийг дэмжих квот гэдэг. Анх 1970-аад оны эхэн үед Норвеги улсын Социалист нам сонгуульд нэр дэвшигчдийнхээ тодорхой хувийг заавал эмэгтэйчүүдээр бүрдүүлж байхаар шийдсэн нь эмэгтэйчүүдийг дэмжих квотын суурийг тавьсан билээ.
Түүнээс хойш 1990 онд Аргентин улс хүйсийн квотыг сонгуульдаа ашигласан анхны улс болсон бөгөөд квот ашиглаж эхэлснээр парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь 17% өссөн байна. Өдгөө дэлхийн 60 гаруй улс ямар нэгэн байдлаар хүйсийн квотыг ашиглаж байгаа.
Тэдгээрийн зарим нь парламентын тодорхой тооны суудлыг зайлшгүй эмэгтэйчүүд бүрдүүлнэ гэж хуульчилсан бол бусад улсад намын нэр дэвшигчдийн тодорхой хувийг заавал эмэгтэйчүүд бүрдүүлнэ гэж заасан байдаг. Харин манай улсын сонгуулийн тухай хуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл 20%-иас доошгүй байна гэж заасан нь эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн багадаа 20% байхыг илэрхийлж байгаа юм.
Гэтэл манай намууд үүнийг эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн ихдээ 20% байх ёстой гэж буруу ойлгож ирсэн мэт эмэгтэй нэр дэвшигчдийн тоог хуульд заасан доод хэмжээнээс илүү гаргахгүй байна. Үүнээс гадна 20%-ийн квот бол олон улсын жишгээс бага гэдгийг онцолъё. Квот ашиглаж буй ихэнх улсад нэр дэвшигчдийн хамгийн багадаа 30% нь эмэгтэйчүүд байдаг юм.
Монголчууд бид ардчилсан үндсэн хуулиа 1992 онд баталж “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” хэмээн тунхагласнаас хойш 29 жил өнгөрчээ. Өнгөрсөн жилүүдэд эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бага багаар нэмэгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч тэдний оролцоог улам илүү нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Учир нь улс оронд маань тулгарч буй олон төрлийн асуудлыг бүрэн цогцоор шийдвэрлэхэд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль алиных нь оролцоо чухал юм.
Энэхүү нийтлэлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бичив. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
54
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|