• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    128   |  
0
 

КОВИД-19 цар тахал нь манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан олон асуудлыг засан залруулах алтан боломжийг бидэнд олгож байгаа билээ. Энэ удаа КОВИД-19 хямралыг амжилттай даван туулах бүх нийтийн тэмцэлд Монгол улсын хэмжээнд цорын ганц ҮНДЭСНИЙ хэмээх тодотголтой АШУҮИС-ийн гүйцэтгэж буй үүрэг болон анагаахын шинжлэх ухааныг эх орондоо цаашид хөгжүүлэх ерөнхий чиг баримжааг цаг үеийн байдалтай холбон дэлхийн бусад улс орнуудын анагаахын их сургуулийн жишээн дээр хэлэлцүүлэг хийхийг хичээв.

ДЭЛХИЙ ДАЯАР АНАГААХЫН ИХ СУРГУУЛИУД ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнууд анагаахын шинжлэх ухааны хөгжлөөрөө ид өрсөлдөж байгааг та бид бэлэхнээ харж байгаа билээ. Тэр дундаа өмнөд хөрш болох Хятад улс салбартаа дэлхийд тэргүүлж эхэлж буйгаа ил далдаар барууны болон АНУ гэх мэт улс орнуудад мэдрүүлж байна. 

Анх уг өвчин Хятад улсад мэдэгдэж эхлэх үеэс буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойшхи хугацаанд Хятадын эрдэмтэд “Nature”, “Science”, “The Lancet”, “New England Journal of Medicine” гэх мэт дэлхийн шинжлэх ухааны оргил болсон сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг асар богино хугацаанд хэвлүүлж, дэлхий нийтэд өөрийн орны шинжлэх ухааны хөгжлийн түвшинг таниулж байна. 

Үүний зэрэгцээ КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байгаа билээ. Барууны улс орнуудын хувьд энэ вирус анх мэдэгдэж эхэлснээс хойш цар тахлын эсрэг тэмцэлд олон зуун жилийн түүхтэй анагаахын их сургуулиуд нэгдсээр байгаа юм. 

UNIVERSITY OF MELBOURNE:

Мэдээллийн хурд болон түргэн шуурхай ур чадвартай ажилласны нэг тод жишээ бол Австралийн University of Melbourne-ний эрдэмтэд юм. Тэд анх удаа КОВИД-19 үүсгэгч SARS-CoV2 вирусийг лабораторийн орчинд маш богино хугацаанд өсгөвөрлөж чадсан бөгөөд энэ амжилтыг нь Хятад улс өндрөөр үнэлж, Жак Ма сангаас 2.15 сая долларын санхүүжилтийг тус сургуульд олгосон байдаг.

UNIVERSITY OF OXFORD:

Мөн нэгдүгээр сарын дундуур вакцины судалгаагаа эхэлсэн Оксфордын их сургуулийн (University of Oxford) судлаачид маш хурдтай ажиллаж байгаа бөгөөд хүн дээр хийх туршилт судалгаагаа энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 23-ний өдөр эхлэхээр болсон тухай BBC агентлагаас мэдээлсэн.  

Тус сургууль нь Imperial College London их сургуультай хамтрах уг төсөлдөө 42.5 сая фунт стерлингийн санхүүжилтийг засгийн газраасаа нэмэлтээр авахаар болжээ.  

Оксфордын их сургуулийн профессор Sarah Gilbert “Бид хятадын эрдэмтэд вирусийн геномын дарааллыгинтернетэд ил болгосон өдрөөс буюу нэгдүгээр сарын 10-ны өдрөөс вакцин бүтээх төслөө боловсруулж шаргуу ажиллаж эхэлсэн” хэмээн мэдээлсэн байна.  

Уг баг 2014 оны баруун африкийн Эбола вирусийн дэгдэлтийн үед вакцин бүтээсэн арвин туршлагатай. Энэ нь дээрх сургуулийн хурдтай ажиллах давуу тал болжээ. 

SAINT LOUIS UNIVERSITY:

АНУ-ын Saint Louis University мөн вакцины судалгаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тэд АНУ-ын Харшил ба Халдварт өвчний төвтэй хамтран ажиллаж байгаа.

Энэ их сургууль мөн л вакцины чиглэлээр олон жилийн туршлага мэдлэгтэй боловсон хүчинтэй бөгөөд судалгааны дэд бүтэц сайн бүрэлдсэн, уг салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн түлхэц хүчин зүйл болсон байна. 

STATALE UNIVERSITY:

Цар тахалд өртөж маш хүнд нөхцөлд буй Итали улсын Statale их сургуулийн эрдэмтэд Милан хотод тархсан SARS-CoV2 вирусийн гурван омгийг тодорхойлж улмаар богино хугацаанд амжилттай өсгөвөрлөж чадсан байна.  

Энэ бол тухайн их сургуулийн эрдэмтэн судлаач нарын мэдлэг чадварыг илтгэхээс гадна мѳн тухайн сургуулийн эрдэм шинжилгээний дэд бүтэц буюу лабораторийн хүчин чадал, техник технологийн хѳгжлийн түвшинг илтгэж байгаа үзүүлэлт юм.  

Итали улсад тархсан вирусийн омгуудыг ѳсгѳвѳрлѳж чадсан нь коронавирусийн цаашдын судалгаанд хэрэг болохоос гадна эмчилгээний шинэ арга боловсруулах, коронавирусийн эсрэг вакцин бүтээж турших гэх мэт ажилд үнэлшгүй ач холбогдолтой юм. 

NORTH CAROLINA&JOHNS HOPKINS

АНУ-ын North Carolina их сургуулийн судлаачид КОВИД-19 вирусийн эсрэг эмийн судалгааг эрчимтэй хийж байна. Харин Johns Hopkins их сургуулийн судлаачид КОВИД-19 халдварыг гэрийн нѳхцѳлд илрүүлж болох түргэвчилсэн оношлуурыг бүтээжээ.  

HARVARD UNIVERSITY

Харвардын их сургуулийн анагаахын салбар ба түүний харьяа Boston Children’s их сургуулийн эмнэлгийн судлаачид КОВИД-19 ахмад настнуудад илүү хүндрэл үзүүлж байгаа нь дархлаа хариу урвалын онцлогтой холбоотой байх магадлалтай учир вакцин боловсруулахад үүний шалтгаан болон механизмыг гүнзгий судлах шаардлагатай гэсэн үндэслэлтэйгээр ахмад настнуудад зориулсан вакцин бүтээх тѳсѳл боловсруулан ажиллаж байна. 

АНАГААХЫН ИХ СУРГУУЛЬ БА ШИЙДВЭР ГАРГАГЧДЫН ХООРОНДЫН ШҮТЭЛЦЭЭ

Анагаах ухааны их сургууль болон шийдвэр гаргагчдын нягт уялдаа холбоо КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд хэрхэн үүрэг гүйцэтгэж байгааг доорх жишээнээс харцгаая.  

АНУ-ын хувьд NIH болон бусад сангуудаас КОВИД-19 судалгааны ажилд хэдэн зуун сая долларын санхүүжилтийг их сургуулиудад сонгон шалгаруулалтаар олгоод байна. Энгийн үед олон сарын туршид нарийн шүүлт шалгуураар хэлэлцүүлж олгодог эдгээр эрдэм шинжилгээний грант санхүүжилт ганцхан долоо хоногийн дотор шийдэгдэж байгаа нь үнэхээр цаг үеэ олсон шийдэл юм.  

Их Британийн засгийн газраас их сургуулиуд болон судалгааны байгууллагуудад сонгон шалгаруулалтуудыг мөн л цаг алдалгүй зарлаж хэдэн зуун сая фунт стерлингийн санхүүжилтийг КОВИД-19 судалгаанд зориулаад байна.  

Лондонгийн Их сургуулийн харьяа London School of Hygiene & Tropical Medicine захирал Петер Пиот нэгдүгээр сарын дундуур Их Британи болон Европын Холбооны орнуудад өвчлөл 3-4 саруудад оргилдоо хүрэхийг урьдчилан тооцоолж гаргасан бөгөөд уг үр дүн тун удалгүй нотлогдсон.  

Энэ их сургуулийн Centre for Mathematical Modelling of Infectious Diseases төвд КОВИД-19 тархвар судлалыг математик тооцоолол загварчлалын арга дээр үндэслэн хийж байна.  

Их Британий бас нэгэн томоохон их сургууль болох Империал коллежийн тархвар судлаач профессор Neil Ferguson  хоёрдугаар сард халдвар Их Британи улсад хэрхэн тархах, нас баралт хэрхэн нэмэгдэх талаар математик тооцооллыг хэд хэдэн хувилбараар хийсэн нь төдөлгүй КОВИД-19-тэй тэмцэх Их Британи улсын тактикийн өөрчлөлт хийх гол хѳшүүрэг нь болжээ.

Уг тооцоллыг хийсэн тархвар судлаач Neil Ferguson бол Эбола болон SARS вирусийн дэгдэлтийн үед ДЭМБ-ын зөвлөх хийж байсан бѳгѳѳд Их Британий хатан хааны шагналыг 2002 онд хүртэж байсан нэртэй эрдэмтэн юм.

Дээрхээс дүгнэхэд, анагаах ухааны их сургуулид ямар ч өвчин тахлын үед шинжлэх ухааны үндэслэл бүхий нарийн тооцоо судалгааг маш богино хугацаанд хийж, нотолгоотой үнэн зөв мэдээллээр шийдвэр гаргагчдыг цаг алдахгүй хангаж байна. Үүний үр дүнд шийдвэр гаргагчдаас шинжлэх ухааны үндэслэлтэй бодит шийдвэр гарахад хүчтэй нөлөөлж буй юм. 

Нөгөө талаар, ийнхүү шинжлэх ухаанчаар нийгэмд гүйцэтгэх үүргээ амжилттай биелүүлж анагаахын салбартаа манлайлах нь шийдвэр гаргагчид анагаахын их сургуулийн үйл ажиллагааг тал бүрээр дэмжиж, шинжилгээ судалгаанд санхүүжилтийг олон жилээр тогтвортой олгох бас нэг чухал хөшүүрэг нь болдог. 

Нотолгоон дээр үндэслэсэн шийдвэр гаргах нь цар тахлыг зогсооход хамгийн чухал үр дүнтэй арга гэдэгт хэн ч маргахгүй биз ээ.

НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН:

  • Д.Нямбаяр (АУ-ны доктор, ХБНГУ-ын Мюнхений ТИС Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн зочин профессор, цөм лабораторийн зөвлөх)
  • О.Батбаяр (Нийгмийн эрүүл мэнд судлаач, MSc London School of Hygiene and Tropical Medicine)

(Уг нийтлэлд үнэтэй санаа ѳгсѳн АУ-ны доктор, дэд профессор Н.Одонгуад талархлаа илэрхийльe)

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ