A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 128 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 128 | |
|
ШУА-аас оны шилдэг эрдэмтэддээ “Бидний бахархал” өргөмжлөл гардуулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны шилдгээр шалгарсан зургаан эрдэмтнийг бид цувралаар танилцуулж байгаа. БНХАУ-ын гадаадын эрдэмтэнд олгодог “Найрамдал” шагнал хүртсэн 100 эрдэмтний нэг Монгол Улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, академич Т.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-БНХАУ-ын "Найрамдал" шагнал хүртсэн анхны Монгол эрдэмтэн болсонд тань баяр хүргэе. Монгол эрдэмтэд дэлхийд үнэлэгдэж байгаагийн тод жишээ нь энэ болов уу. Та оны өмнө шагналаа аваад ирсэн байх аа?
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд БНХАУ шилдэг эрдэмтдээ шалгаруулах үеэр би шагналаа очиж авсан. "Найрамдал" шагналыг Хятад Улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны хөгжил дэвшил, гадаад хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид олгодог. Ер нь жилд 50 хүнд өгдөг гэсэн. Харин 2019 онд тус улс байгуулагдсаны 70 жилийн ой болж, 100 эрдэмтэнд энэ шагналыг олгосон юм билээ. Эдгээр эрдэмтний нэгээр шалгарсан нь нэр төрийн хэрэг байлаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэгээс шагналаа гардан авсан.
-Шагнал авах тухайгаа мэдээд хэрхэн хүлээж авсан бэ?
-Би шагнал авна гэдгээ мэдээгүй байсан. Хятад Улстай шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажилласны үр дүнд энэ шагналыг хүртсэн гэж ойлгож байгаа. Би ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд 1980 оноос хойш ажиллаж байна. Мөн Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны үндэсний зөвлөлд ажиллаж, БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын даргын албыг хашиж байлаа. Энэ хугацаандаа өмнөд хөрштэй шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах чиглэлээр нэлээд анхаарч ажилласан юм.
Бид эрдэм шинжилгээний онолын судалгаа хийдэг ч тэдгээрийн үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээндээ нэвтрүүлэх үйл явц нь тааруу байгаа. Тиймээс Хятад Улстай хамтран Шинжлэх ухааны парк байгуулж, дээр дурьдсан ажлуудынхаа үр дүн болох шинэ техник, технологийг үйлдвэр үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам түүний харьяа шинжлэх ухааны паркуудыг удирддаг “Галт бамбар” төвтэй хамтран ажиллахаар болсон. Бид тус улсын шинжлэх ухааны паркын менежмент хийдэг Бээжин хотын Чанчуны институттэй хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл авч Хятад Улсын томоохон Шинжлэх ухааны хэд хэдэн паркуудыг үзэж, туршлага судалсан.
Хятад Улс 100 гаруй шинжлэх ухааны том парктай бөгөөд тэдгээр нь нарийн уяалдаа холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Шинжлэх ухааны энэ том паркууд нь хэдэн зуун мянган ажилтантай, компаниудаа дэмжсэн дэд бүтэцтэй, улс доторх улс шиг нарийн зохион байгуулалттай ажилладаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны салбар нь бизнесийн салбартайгаа нэг дор байрлан банк, санхүүгийн байгууллагууд нь гарааны бизнес эрхлэгчдээ дэмжиж, хамтран ажилладаг. Ингэхдээ стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуддаа эхний ээлжинд үнэгүй хөрөнгө оруулах, хүүгүй зээл олгох, 5-10 жил ашгийн татвар авдаггүй гэх мэтчилэн дэмжлэг үзүүлнэ. Мөн экспортод бүтээгдэхүүн гаргавал 15 хүртэлх хувийн урамшуулал олгодог гэсэн.
Паркийн үйл ажиллагаатай танилцах үеэр бид Бээжин хотын Жонгуаньцүнь паркад зочилсон. Паркийн нэг хэсэгт био технологийн шинжлэх ухааны ололт амжилт, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байхад нөгөө хэсэгт нь электроникийн том компаниуд шинэ эд анги хийгээд танилцуулж байх жишээтэй. Бид ийм томоохон хэмжээний цогц бүтээн байгуулалтын ажил хийхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Чанчуны институтээс төлөөлөл манайд ирж, шинжлэх ухааны парк байгуулах заавар зөвлөгөө өгч байсан.
-Дэлхий нийтэд техник технологийн салбарт тэргүүлдэг оронтой хамтран ажиллана гэдэг манай улсын хувьд маш том боломж байх. Парк байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Эхлээд шинжлэх ухааны паркын бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС-ийн хооронд хийсэн гэрээний дагуу Молекул биологийн хэрэглээний лаборатори байгуулж, 2015 онд нээж байлаа. Одоо дараагийн ээлжийн ажил болох технологи дамжуулах төв, технологийн инкубаторын төв байгуулах хоёр төслийг хэрэгжүүлж байна.
-Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил дэлхийн жишигтэй харьцуулахад ямар хэмжээнд байна вэ?
-Манайх шинжлэх ухааны салбарт улсын төсвөөс маш бага хөрөнгө төсөвлөдөг. Өнгөрсөн жил гэхэд 36 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.12 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө төсөвлөсөн байна лээ. Хөгжингүй орнуудад бол манай жилийн төсөв ганц төсөл хэрэгжүүлэх хөрөнгө. Өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийнхээ хоёр хувийг зарцуулдаг. Хэдийн хөрөнгө мөнгө хангалттай биш хэдий ч манай эрдэмтэд үр дүнтэй ажиллаж, шинжлэх ухааны салбарт багагүй хувь нэмэр оруулж байна. Ганц жишээ дурьдахад Ц.Дамдинсүрэн гуай “Миний Монгол-Орос толь бичиг манай улсад төмөр зам байгуулсантай адил үр дүнгээ өгсөн” гэж хэлсэн байдаг гэсэн. Зөвхөн энэ толь л гэхэд маш том хөрөнгө оруулалт болсон гэж боддог.
Бид чинь ОХУ-аар дамжуулан шинжлэх ухаан, технологийн хөгжилд хүрч, эрдэмтэн мэргэжилтний “арми” бэлдсэн хүмүүс шүү дээ. Харин манай үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа сул байна. Үүнийг нөхөх гэж шинжлэх ухааны парк байгуулж байгаа юм шүү дээ. Бидний бий болгосон бүх технологи үйлчилгээнд бүрэн нэвтэрнэ гэж байхгүй. Гэхдээ болохоос нь болохгүйг хүртэл ажиллах шаардлагатай байна.
Эхний ээлжид импортыг орлох бүтээгдэхүүн гаргаж, цаашдаа экспортод гаргахаар төлөвлөж буй. Учир нь манайхан гаднаас гоо сайхны бүтээгдэхүүн, уураг нөхөх бэлдмэлээ авдаг болжээ. Бид импортыг орлуулах бүтээгдэхүүн гаргаж дотоодынхоо хэрэгцээг хангаж чадвал гадагшаа урсаж байгаа валютаа хэмнэх бололцоотой.
-Манай боловсон хүчний нөөц, мэдлэг чадвар хэрхэн үнэлэгддэг юм бол?
-Манай эрдэмтэд дэлхийн өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад олноороо ажилладаг. Ялангуяа залуу судлаачид дэлхийн хэмжээнд үнэлэгдэх судалгааны ажил хийх чадвартай болжээ. Гадаадын өндөр хөгжилтэй оронд лаборатори удирдан ажилладаг залуус ч бий. Харамсалтай нь өөрийн улсдаа ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаж чадахгүй байгаа. Бидэнд нөөц боломж бий ч дэмжлэг байхгүй байна. Манай шинжлэх ухааны салбарт 3000 гаруй судлаачид, багш ажилладаг.
-Та Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа хүн. Энэ салбар руу ороход тань юу нөлөөлөв?
-Би багаасаа хүсэж мөрөөдөөд энэ салбар руу орчихсон юм байхгүй. Бидний үед улаан шугам гэж сурлагаар нь жагсаагаад, гаднын улс руу сургуульд явуулдаг байлаа. Энэ үед нь багш нартайгаа зөвлөлдөөд химийн ангийг сонгож байсан юм. Гадагшаа сургуульд явуулахдаа бидэнд ажиллах байгууллага, сурах мэргэжилийг нь заагаад явуулдаг байв. Би ч мөн энэ мэргэжилийг сонгож аваад явсан хүний нэг.
Тухайн үед намайг Чех Улсын Прага хотын Хими технологийн дээд сургуульд ШУА-ийн нэр дээр явуулж байсан юм. Сургуулиа төгсөж ирээд шууд академийнхаа Хими, хими технологийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. Надтай хамт тухайн үед 7-8 хүн тус улс руу сургуульд явж байсан юм. Одоо салбар бүрдээ мэргэжлээрээ ажиллаж байна.
-Та одоо ямар судалгаан дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Бид Монгол орны уураг, уурагт түүхий эдийг боловсруулах судалгааны ажил хийдэг улс. Дээхэн үед хөдөө орон нутагт ээдэмцэр буюу казейн гэж бэлтгэдэг байсан. Томоохон үйлдвэрт нэвтрүүлж байсан ажил гэвэл сүүний ээдэмцэрийг ашиглан казеинат натри хийж, хүнсний бүтээгдэхүүнд уураг оруулагч болгон ашиглах ажлыг хийсэн. Энэ бүтээгдэхүүнээ бид урьд сүүний үйлдвэрт үйлдвэрлэж, экспортод гаргадаг байлаа. Үүнийгээ дахин ферментээр задалж, микро биологийн тэжээлт орчин болгож, оношилгооны лабораторид ашиглах болсон. Мөн түүнчлэн ээдэмцрээ гүн задалж, ампет гэх бэлдмэл гарган авсан.
Энэ нь хагалгааны өмнө болон дараа цус багадалттай хүмүүст уургийг нь нөхөн төлжүүлэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ хоёрдогч уурагт түүхий эдийг дахин боловсруулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна. Тодруулбал, арьс, ширний хаягдлыг боловсруулж гоо, сайхны бүтээгдэхүүн гарган авах юм. Арьс, шир бол колагентэй түүхий эд буюу ширхэглэг уураг. Хуучин нийгмийн үед үүнээс желатин гаргаж, үйлдвэрт нэвтрүүлж байсан. Одоо бид үүнийг ферментээр задалж, гоо сайхны бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Мөн пивоны хаягдал дрож ашиглан Монкрем компанитай хамтран гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн тэмээ судлалаар өмнөд хөрштэй хамтран ажиллах гэж байгаа.
Тэмээний сүү болон бусад ашиг шимийг нь ашиглах боломж бидэнд бий. БНХАУ-ын ӨМӨЗО-нд тэмээний сүүг өндөр үнээр авч хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэдэг. Иймд тус улстай хамтран судалгаа хийх ажлыг эхлүүлсэн. БНХАУ-аас гадна Казахстан, Иран Улстай хамтарна. Энэ ажил коронавирусийн халдвартай холбоотой түр хугацаанд хойшлоод байна.
-Тэгэхээр манай улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны салбартаа ашиглах нөөц бололцоо их байх нь ээ?
-Тийм. Бидний судалгааны ажлын гол зорилго нь энэ. Мал амьтан, ургамлаас гарч буй түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн гаргах нь бидний ажил. Бид судлаачид хүмүүсийн өдөр тутамд хийгээд байдаг энгийн зүйлсийг хийгээд байж болохгүй шүү дээ. Өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэй оюуны багтаамж өндөртэй бүтээгдэхүүн гаргах ажлыг бид хийх ёстой. Ингэхдээ эхний ээлжид импортыг орлох бүтээгдэхүүн гаргаж, цаашдаа экспортод гаргахаар төлөвлөж буй. Учир нь манайхан гаднаас гоо сайхны бүтээгдэхүүн, уураг нөхөх бэлдмэлээ авдаг болжээ. Бид импортыг орлуулах бүтээгдэхүүн гаргаж дотоодынхоо хэрэгцээг хангаж чадвал гадагшаа урсаж байгаа валютаа хэмнэх бололцоотой.
-Манай улс агаарын бохирдлыг бууруулна гэж олон жил ярьж, хөрөнгө мөнгө их зарсан ч төдийлөн амжилтад хүрээгүй. Харин энэ жил утаа буурсан.Утаа бууруулах эрдэмтний багт та орж ажилласан шүү дээ?
-Намайг БСШУС яаманд ажиллаж байхад Ерөнхий сайд бидэнд даалгавар өгөөд утааг бууруулах талаар эрдэмтэн судлаачдыг шийдэл гаргаж өгөхийг даалгасан. Энэ талаар ажлын хэсэг гаргаж ажиллаад утааг бууруулах саналаа гаргаж өгсөн.
Б.Бадралмаа
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|