• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    116   |  
0

Бидний мэдэх цорын ганц соёл иргэншил өнөөгийн түвшинд хүрэх гэж хүнээр бол хэдэн мянган үеийг туулжээ. Харин орчлонгийн хувьд бол цаг хугацааны хэлтэрхий ч хүрэхгүй хугацаа. 

Их тэсрэлтээс хойшхи 13,7 тэрбум жилийн хугацаатай харьцуулахад бид ердөө 0,0015 хувьтай тэнцэнэ. Гэсэн хэдий ч бид энэхэн хугацаанд агуйд нүцгэн амьдардаг зэрлэгээс Ангараг руу пуужин хөөргөдөг иргэншил болтлоо хөгжжээ.

Нэгэн цагт хэзээ ч бүтэхгүй гэж бодож байсан мөрөөдөл өнөөдөр биеллээ олж, ердөө сүүлийн 150 жилийн хугацаанд л гэхэд бид газраас тэнгэрт, дэлхийгээс саранд хүрч чадсан юм. Тэгвэл соёл иргэншлийн хувьд бид хаана байгаа вэ?

1964 онд Зөвлөлтийн сансар судлаач Николай Кардашев онолын хувьд аливаа соёл иргэншлийг ашиглаж буй эрчим хүчнийх нь хэмжээгээр хэр зэрэг технологийн дэвшилд хүрсэн болохыг тодорхойлох хэмжүүрийг гаргажээ.

Өнөөдөр үүнийг Кардашевийн хэмжүүр гэж нэрлэдэг. Тэрээр анх соёл иргэншлийг гурван хэмжүүрээр авч үзэж байв. Эхнийх нь “Нэгдүгээр зэрэглэл буюу Гаригийн соёл иргэншил”. Хэрэв ийм хэмжээнд хүрсэн бол тухайн гариг өөрийн эх одноос ирж буй бүх эрчим хүчийг алдалгүй ашигладаг болсон гэсэн үг юм.

Тэрчлэн өөрийн гариг дээрх бүх эрчим хүчийг нөөцөлж, ашиглаж чаддаг болсон байх ёстой. Тэгвэл хүн төрөлхтний хувьд өнөөдөр энэ хэмжээнд хүрэхгүй, хүрэх хараахан болоогүй. Тийм ч учраас бид Кардашевийн хэмжигдэхүүний нэмэлт бүсэд хамаардаг.

Тэг зэрэглэл хэмээх нэршилийг ингэж гаргаж иржээ. Өөрсдөө бодож олсон зүйлээрээ өөрсдийгөө илэрхийлж чадахгүй бол ямар хэрэг байх билээ. Нэрт эрдэмтэн Карл Саган Кардашевийн хэмжүүрт үндэслэн соёл иргэншлийн түвшинг тодорхойлох томъёо боловсруулжээ.

Түүний томъёогоор бид Кардашевийн хэмжүүрийн 0,72 орчимд байгаа аж. Бүхэл бүтэн гариг дээрх долоон тэрбум хүн, сансарт ниссэн олон зуун этгээд, саран дээр буусан 12 нөхрийг оролцуулаад, нарныаймгаас гарсан хөлөг хүртэл бүтээсэн бид дөнгөж л энд явна.

Карл Саган энэ талаар “Хүн төрөлхтөн технологийн хөгжлийн хувьд дөнгөж л өсвөр насандаа явна. Мэдээж хэрэг нэгдүгээр зэрэглэлийн соёл иргэншилд хүрэх зам угаас ийм юм” гэжээ.

Онолын физикч Мичио Какү нэгэнтээ хүн төрөлхтөн ойрын 100-200 жилд Кардашевийн хэмжүүрээр нэгдүгээр зэрэглэлд хүрнэ гэж үзсэн бөгөөд хоёрдугаар зэрэглэлд орохын тулд дахиад хэдэн мянган жил шаардлагатай гэсэн юм.

Харин гуравдугаар зэрэглэлд хүрнэ гэдэг бидний хувьд 100 мянгаас нэг сая жил шаардах ажил аж. Асар хол сонсогдож байгаа хэдий ч зөвхөн эхний зэрэглэлд хүрнэ гэдэг бидний хувьд асар том дэвшил болно.

Бид эх гаригийнхаа бүх эрчим хүчийг ашиглаж, нарнаас ирж буй эрчим хүчийг алдалгүй барьж авдаг болсоноор магадгүй цаг агаарыг удирдаж, байгалийн тогтоцыг өөрчилж чаддаг болох юм.

Гэхдээ ийм их эрчим хүчний хэрэглээ нь дараагийн шатныхтай харьцуулахад ердөө л хумсны толион чинээ.

Кардашевийн хэмжүүрээр хоёрдугаар зэрэглэлд хүрсэн соёл иргэншлийг “Оддын” гэж тодорхойлдог. Энэ нь тухайн соёл иргэншил өөрийн эх од болон түүнийг тойрон эргэж буй бүх гаригийн үүсгэж буй эрчим хүчийг нөөцөлж, ашиглаж чаддаг болно гэсэн үг юм.

Ийм их эрчим хүчийг боловсруулж чадах онолын системийг “Дайсоны байгууламж” гэж нэрлэдэг. Бүхэл бүтэн нарны аймгийн хэмжээтэй байгууламжийг та шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдээс харж байсан байх.

Соёл иргэншлийн хувьд энэ хэмжээнд хүрсэн тохиолдолд нарны аймгийнхаа бүх гариг дээр суурьшиж, хүссэн бүхнээ хийдэг болно гэсэн үг юм. Гэхдээ бас л дараагийн шатны соёл иргэншилтэй харьцуулахад энэ нь юу ч биш болж таарна. 

Онолын хувьд гуравдугаар зэрэглэлд хүрсэн соёл иргэншил хоёрдугаар зэрэглэлийнхтэй бараг ижил зарчмаар ажиллана. Тэд өөрийн галактикийн бүх одны эрчим хүчийг ашиглаж, гаригуудын эрдэс баялагийг цуглуулна гэсэн үг.

Харин энэ тоо нь ганц, нэгээр бус хэдэн саяар хэмжигдэх юм. Энэ түвшинд хүрсэн тохиолдолд гариг гэдэг тэдний хувьд зүгээр л эвлүүлдэг тоглоомтой адил. Шинийг бүтээж, хуучныг нь устгаж, нэг ёсондоо галактик тэдний тоглоомын талбай болно.

Ийм соёл иргэншлийн хувьд үл хөдлөх хөрөнгө гэдэгт бүтэн гариг, нарны аймаг хамаарах аж. Өнөөдөр Кардашевийн хэмжүүрийг бүтэн 11 төрөлд хувааж үзэх болжээ. Хамгийн сүүлийнх буюу 10 дугаар зэрэгт хүрэхэд соёл иргэншил абсолют түвшиндээ хүрэх аж. 

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ