A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 111 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 111 | |
|
Английн Оксфордын их сургууль, “Билл, Мелинда Гейтс” сан хамтарч хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтөд технологийн хөгжлийг ашиглах талаар судалгаа хийх зорилготой “Технологийн хөгжлийн комисс”-ийг 2018 онд байгуулжээ.
Тэд нэг жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнд технологид суурилсан эдийн засгийн хөгжлийг иргэн бүрт, нийгмийн бүлэг болгонд хүртээмжтэй байлгах зөвлөмжүүдийг гаргасан байна. Энэхүү зөвлөмжийг 2019 онд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд үүнд Монгол, Өмнөд Африк, Этиоп зэрэг улс сонгогджээ.
Монголд улсад амжилттай хэрэгжсэн уг төсөл “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын чуулганаар үр дүнгээ танилцуулахаар болсон аж. “Цахим эрин дэх Монгол улс” төслийн менежер С.Тэнгистэй бид ярилцлаа.
-“Цахим эрин дэх Монгол улс” төслийн зорилгын талаар бидэнд танилцуулаач? Ямар судалгаанууд хийсэн бэ?
-Оксфордын их сургууль болон “Билл, Мелинда Гейтс” сангийн хамтран байгуулсан “Технологийн хөгжлийн комисс”-ийн дор манай төсөл хэрэгжсэн. Уг комиссын зорилго нь хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлтөд технологи ашиглаж дэмжлэг үзүүлэх, технологид суурилсан эдийн засгийн өсөлтийг нийгэмд хүртээмжтэйгээр түгээх талаар судалгаануудыг хийх юм. Тэдний судалгааны үр дүнд гаргасан зөвлөмжүүдийг гурван улсад хэрэгжүүлэхээр сонгосны нэг нь Монгол улс.
Энэ хүрээнд бид “Бэлэн байдлын үнэлгээ” буюу Монгол улс цахим шилжилтэд бэлэн байгаа эсэхэд үнэлэлт өгөх зорилготой судалгааг хийсэн. Судалгааны аргачлалыг Оксфордын их сургуулиас бидэнд өгсөн.
-“Цахим эрин дэх Монгол улс” төсөл ямар цар хүрээнд, хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?
-Төслийг хэрэгжүүлэхээр сонгосон гурван орны хувьд тус тусын урьдчилсан судалгааг хийсний дараа хэрэгжилт эхэлсэн. Монгол улсын хувьд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх юм.
Технологийн эдийн засаг дахь хүртээмж нь улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой сэдэв учир Монгол улсын засгийн газар дэмжиж Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар төслийн бүх үйл ажиллагаанд хамт оролцож, судалгааны ажилд дэмжлэг үзүүлсэн.
-Аливаа улс орныг технологийн шилжилтэд бэлэн эсэхийг хэрхэн хэмжих вэ?
-Нэгдүгээрт “Дэд бүтэц”. Үүн дотроо зөвхөн цахилгаан эрчим хүчийг жишээ болгоё. Хүн ам болон газар нутгийн хэдэн хувьд нь ямар замаар эрчим хүч хүрч байна, хүмүүсийн орлогын хэдэн хувийг цахилгаан эрчим хүчний зардал бүрдүүлж байна гэх мэт олон бүлэг бүхий судалгааг бид хийсэн. Дэд бүтэц дотор цахилгаан эрчим хүчнээс гадна интернэт болон үүрэн холбоо, “зөөлөн дэд бүтэц” буюу иргэдийн цахим мэдээллийн сан, интернэт төлбөр тооцооны систем, цахим танилтын систем зэрэг суурь программ хангамжуудын хэрэглээ багтдаг.
Хоёрдугаарт “Хүний нөөц”. Мэдээж хэрэг технологийн дэвшлийг нэвтрүүлэн ажиллуулах чадварлаг инженер, програмистууд ямар ч улсад байх хэрэгтэй. Үүн дээр нэмээд бид нийт иргэдийн технологи ашиглах ерөнхий чадамжийг судалгаандаа багтаасан. Ерөнхий ур чадварыг компьютерийн хэрэглээнээс эхлээд email ашиглах, технологийн хэллэгүүдийг ойлгодог байх, санхүүгийн үйлчилгээг онлайнаар авах зэрэг үзүүлэлтээр тодорхойлсон.
Гуравдугаарт “Санхүүгийн хүртээмж”. Компаниуд үйл ажиллагаагаа эрхлэх, гарааны бизнесүүд санхүүжилт олох эдийн засгийн таатай нөхцөл байдал үүнд хамаардаг. Ард иргэдийн орлого, амьжиргааны түвшин, санхүүгийн эх үүсвэрүүдийн боломж бололцоо, зээлийн хүү зэрэг зүйлс үүнд багтана. Үүний шалтгаан нь цахим технологийн шинэчлэл дэвшлийн ихэнх хэсгийг хувийн жижиг компаниуд эхлүүлж байгаатай холбоотой юм. “Facebook” компанийг Марк Зукерберг анх 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалттай эхэлж байсан шиг, ижил санхүүжилтийг босгох боломж Монголд байгааг судална гэсэн үг.
Дөрөвдүгээрт “Хууль эрхзүйн орчин”. Цахим хөгжилд хамаарах бүх хууль энэ ангилалд ордог. Аж ахуй нэгжийн, татварын, өрсөлдөөнийг хамгаалах, оюуны өмчийн тухай гэх мэт хуулиуд энд багтана. Тухайн улсад хэрэгжиж байгаа болон нэмэлт шаардлагатай хуулиудыг ч судалгааг үндэслэсэн зөвлөмжид тусгаад байгаа.
-Судалгаанд Монгол улс цахим шилжилтэд хэр бэлэн байсан бэ?
-Товчоор хэлэхэд Монгол улс цахим шилжилтэд бэлэн гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Үзүүлэлт шалгууруудад манай улс хангалттай хэмжээнд нийцэж байгаа. Харин боловсролын жигд хүртээмжтэй байдал нь чухалчлан анхаарах хэрэгтэй болохыг олж тогтоосон.
-Судалгааг ямар үе шаттайгаар хэрэгжүүлсэн бэ?
-Төслийн нэгдүгээр шат дөрвөөс зургадугаар сард хэрэгжиж бид дээр дурдсан дөрвөн чиглэлийн хүрээнд их сургуулийн багш нар, судлаач эрдэмтдээс баг бүрдүүлэн шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсан. Харин хоёрдугаар шатанд бид дөрвөн чиглэл тус бүрд хамаарах салбарын мэргэжилтнүүд, түлхүүр хүмүүсээс бүрдэх тус бүр 30 хүний оролцоотой хэлэлцүүлэг хийж нэмэлт мэдээлэлтэй болсон.
Эхний хэлэлцүүлэгт сүлжээний талаас Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Мобиком Юнитель зэрэг оператор компаниуд, зөөлөн дэд бүтцийн талаас Монгол банк болон цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч хувийн компаниуд томоохон үүрэгтэйгээр оролцсон.
“Хүний нөөц, тоон бичиг үсэг” сэдэвтэй хоёрдугаар хэлэлцүүлгийг МУИС болон ШУТИС-ийн компьютерийн ухааны багш нар, Боловсролын яамны дээд боловсролын газар, ажил олгогчдын төлөөллийг оролцуулан хийсэн.
“Санхүүжилт” буюу гуравдугаар хэлэлцүүлэгт банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хороо оролцсон.
Дөрөвдүгээр хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газар, контент үйлдвэрлэгчдийн төлөөлөл мөн оюуны өмчийн үнэлгээний талаар үйл ажиллагаа явуулагч байгууллагууд бидэнд үнэ цэнтэй мэдээлэл өгсөн.
-Судалгаа ямар үр дүнтэй байсан бэ?
-Бид өөрсдийн судалгааг боловсруулсан боловч сая дурдсан хэлэлцүүлгүүдийг явуулснаар тодорхой хэмжээний хэрэгцээтэй үр дүнгүүд гарсан. Үүний илрэл нь “Монгол улсын дижитал бэлэн байдлын үнэлгээ” болон “Стратегийн зөвлөмж” хэмээх бидний боловсруулсан хоёр чухал баримт юм. Аль салбарт ямар зүйлс дутуу байгааг, тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох зөвлөмжүүдийг уг баримт бичгүүдээс олж мэдэх боломжтой.
Удахгүй болох “Цахим эрин дэх нүүдэлчид” чуулганд Засгийн газар, улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдууд гээд хамтран ажилласан бүх байгууллагуудын төлөөлөлд төслийнхөө үр дүнг танилцуулах юм.
Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай стратегийн талаар хэлэлцэх, мэргэжилтнүүдийн дунд санаа сэдэл төрүүлэх нь бидний зохион байгуулж буй хурлын томоохон зорилго болоод байна.
-Монгол, Өмнөд Африк, Этиоп улсуудыг ямар шалтгаанаар судалгаанд сонгосон юм бол?
-Эдгээр улсыг хооронд нь харьцуулах биш, тус бүрд нь тулгарч буй өвөрмөц асуудлуудыг судлах нь төслийн зорилго юм.Тиймээс судалгааны зорилго нь аль нэг орон ямар түвшний хөгжилтэй байна гэдгийг тогтоохоос илүүтэй тухайн оронд ямар сорилт байгааг илрүүлж, бэрхшээлийг хэрхэн даван гарах вэ гэдгийг олох зорилготой юм.
-Монгол улсын хувьд ямар өвөрмөц онцлогтой байна вэ?
Манай улс зарим талаараа эдийн засгийн бүтэц, далайд гарцгүй байдал, пост-социалист орон гэдгээрээ төв ази,харин соёлын талаас зүүн өмнөд азийн орнуудтай илүү ойролцоо байдаг.Монгол орны хувьд хууль эрхзүйн орчин харьцангуй нээлттэй байсан.Манай улсын хувьд цахилгаан эрчим хүчний тал дээр харьцангуй сайн үзүүлэлттэй байсан тул бид интернет болон зөөлөн дэд бүтэц дээр илүүтэй анхаарсан.
-Төслийн хүрээнд ямар байгууллагууд ямар үүрэгтэйгээр оролцсон бэ?
-Төслийн судалгааны үндсэн гүйцэтгэгчээр төрийн бодлогын чиглэлээр судалгаа хийдэг “Access Solutions” компани ажилласан. Компанийн хувьд Оксфордын их сургуультай өмнө нь ажил хэргийн шугамаар холбоотой байсан.
Хамтран гүйцэтгэгчээр Монгол улсын Засгийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ийн Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Оксфордын их сургуулийн Блаватникийн нэрэмжит төрийн удирдлагын сургууль зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Харин удахгүй зохион байгуулагдах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурлыг Азийн хөгжлийн банк, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Эрдэнэс Монгол компани зэрэг албан байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
-“Цахим эрин дэх нүүдэлчид” чуулганд ямар онцлох зочид ирж байгаа вэ?
-Гадаадаас Английн засгийн газрын ахлах эдийн засагч асан, Оксфордын их сургуулийн эдийн засгийн профессор, манай төслийн академик захирал Стефан Деркон, Масачюсетсийн их сургуулийн ахлах лектор, академич Камал Батачаръя нар ирж байгаа. Харин Монгол талаас Монгол улсын Ерөнхий сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын төлөөлөгчид гэх мэт хөгжлийн стратегид шаардлагатай бүх хүмүүс ирнэ.
-Технологийн дэвшлээс үүдэлтэй “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” хэмээх ойлголт Монгол улсад ямар хамааралтай байгаа вэ?
-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хамгийн том жишээ нь хиймэл оюун ухаан юм. Хүний хөдөлмөр, аж үйлдвэрлэлийн үйл явцыг технологийн дэвшлүүд хялбарчилж, хурдасгаж байна. Дижитал шилжилт, аж үйлдвэрийн хувьсгалын талаар орчин үеийн ойлголт ямар байгаа, Монгол улсад хэрхэн нөлөөлөх талаарх илтгэл нь манай чуулганы хамгийн эхний сэдэв юм. Оксфордын их сургуулийн профессор Стефан Деркан чуулганы үеэр илүү сонирхолтой тайлбар хэлэх болов уу.
-Үндэсний технологийн шийдлүүдийн талаар та бүгд дурдсан байсан, дэлхийд байхгүй ямар технологийг Монгол компаниуд нэвтрүүлж байна вэ?
-Монгол улс тодорхой хэмжээнд дэлхийд өрсөлдөхүйц технологийн шийдлүүдийг гаргаж байгаа. Lend.mn бол үүний нэг жишээ. Тэдний үйл ажиллагаа Монголоор зогсохгүй Зүүн өмнөд Азийн орнууд, хамгийн сүүлд бүр Мексикт ч нэвтрээд байна. Лэндээс ч өмнө Эгүлэн Пос компани Сингапурын ресторануудад пос машины шийдлээ нийлүүлж эхэлсэн. Азийн өндөр хөгжилтэй оронд ч Монгол компаниуд өрсөлдөж эхэлж байгаагийн хамгийн наад захын жишээ нь энэ юм.Блокчейний технологи дээр манай улс дэлхийтэй ижил түвшинд яваад тооцогдог, ICT групп энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа.
-Нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад технологи яаж нөлөөлж чадах вэ?
-Нийгмийн тэгш бус байдал нь ядуурлаас, цаашлаад боловсролын ялгаатай байдлаас үүсдэг хэмээн үздэг. Хувийн сургуулиуд болоод улсын сургуулиудын боловсролын чанар харилцан адилгүй байна.Энэ ялгаа хөдөө орон нутагт бүр хурцаар ажиглагддаг.
Технологийн дэд бүтцийн асуудал энд хурцаар тавигдаж байна. Хотын төвийн орон сууцтай айлууд интернетэд холбогдсон байдаг бол хотын захын буюу хөдөө орон нутгийн сүлжээнд холбогдоогүй гэр бүлүүд мэдлэг мэдээллээс хоцрох магадлал эрс нэмэгддэг. Үүнд зориулсан зөвлөмж шийдлүүдийг бид боловсруулаад байгаа.
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|