• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0
 

Засгийн газар болон УОК-ийн шийдвэрийн дагуу хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх тогтоол гарч, найман сар хөл хорионд орсон оюутан сурагчид бужигнаж эхэллээ. Дэвтэр, үзэг, дүрэмт хувцас, оо, нойлын цааснаас эхлээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлтгэх зүйл цөөнгүй. 

Харин их, дээд сургуулийн оюутнууд, тэдгээрийн эцэг, эхчүүдэд сургалтын төлбөр төлөх том даваа бий.Тиймээс уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх удирдамж, чиглэл гаргасан талаар тодруулахаар БШУЯ-ыг зорилоо. Хэдийгээр их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэл, хичээл сонголт, оюутны байр, сургалтын төлбөрийн зээлийн хүсэлт бүгдийг цахимаар авч байгаа ч учрыг нь олж, хужрыг нь тунгаахаар өөрийн биеэр сургуульдаа ирсэн оюутнууд цөөнгүй бөгөөд Их сургуулийн гудамжаархөлхөх залуус нэмэгджээ.  

БШУЯ-ны Дээд боловсролын газрын Оюутны хөгжил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Д.Туяасайхантай цөөн хором уулзаж, их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн талаар тодруулсан юм. Тэрбээр “Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар тухайн сургуулийн удирдах зөвлөл холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалтын болон дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоодог. Тиймээс их, дээд сургуулиудын удирдлагын төлөөлөлтэй уулзаж, төлбөрийн талаар санал авч, ярилцлаа. 

Энэ үеэр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. 

Мөн коронавирустэй холбоотойгоор хичээл цахим болон танхимын хосолсон хэлбэрээр орох учраас сургалтын төлбөрийг эцэг, эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр улирлаар болон оюутан суралцагчтай байгуулсан гэрээндээ зохицуулалт хийн уян хатан байдлаар төлөх талаар арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Хэдийгээр төрийн бус өмчийн сургуулийн дотоод зохион байгуулалтад БШУЯ оролцохгүй ч сайдын А/195 тушаалаар бүх хувийн болон төрийн өмчийн их, дээд сургуульд үүнийг үүрэг болгосон. Оюутнууд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 5 хүртэл цахимаар лекцийн хичээлээ үзнэ. Харин аравдугаар сарын 5-наас нэг ангид 20-40 оюутан хичээллэхээр семинарын болон лабораторийн хичээл орно” гэлээ.Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулийн нэг кредитийн дундаж төлбөр 87000 төгрөг байжээ. Тэгвэл төрийн өмчийн болон хувийн сургуулиуд БШУЯ-наас өгсөн үүрэг чиглэлийг хэрхэн хангаж байгаа талаар сурвалжиллаа.

ШУТИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИАС ШАЛТГААЛАН НЭГ КРЕДИТИЙН ҮНЭЛГЭЭ 79300-90800 ТӨГРӨГ

БШУЯ-наас гарч МУБИС руу орлоо. Аав, ээж нь хүүхдүүдээ дагуулан ирж сургалт болон санхүүгийн албаар дараалал үүсгэн орж, гарч, зарим нь бүртгэл гэсэн ширээн дээр очиж, багагүй хөл хөдөлгөөнтэй байлаа. 

Сургалтын албаны гадна дараалалд зогсож буй оюутан “Багш нартайгаа уулзаж, ямар багш дээр, ямар хичээл үзэх талаар зөвлөгөө авч байна. Мөн шинээр элссэн оюутнууд хэрхэн цахимаар хичээл сонгох талаар зөвлөгөө авахаар ирсэн байна. МУБИС-ийн шинэ оюутны элсэлт наймдугаар сарын 12-22-ны хооронд үргэлжилж байгаа” гэсэн юм. МУБИС-ийн энэ жилийн төлбөрийн талаар мэдээлэл авахаар нягтлан, ерөнхий нягтлан нартай уулзсны эцэст, ерөнхий захирлын туслахтай уулзлаа. 

МУБИС-ийн төлбөр энэ жил нэмэгдэхгүй бөгөөд нэг кредитийн төлбөр 78000, 86000, 94000 төгрөг бөгөөд нэг жилд 30 кредит үзнэ гэвэл 2340000 төгрөг болох аж. Тус сургууль дээр намрын элсэлтийн нэмэлт бүртгэл болж байлаа.

Нэмэлт элсэлтээр ШУТИС-д орж, суралцахаар ирсэн хүүхдүүдийг мөн үүдний хэсэгт, дотогш оруулахгүй бүртгэж байв.Харин албаны шаардлагаар дотогш нэвтэрч буй хүн бүрийн нэр, утасны дугаар, халууныг тэмдэглэж, гарыг нь ариутгуулаад оруулж байв.

Ийнхүү дотогш нэвтэрч хоёрдугаар давхарт гарч, ШУТИС-ийн Санхүүгийн албаны дарга Д.Барсболдтой ярилцлаа. Тэрбээр “Төрийн өмчийн их, дээд сургуулиуд БШУЯ-ны Дээд боловсролын газарт харьяалагддаг учраас яамнаас гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлдэг. Манайх 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэхгүй. Бид нэг кредитийн төлбөрийг 2019 оны зургадугаар сарын 17-ны 08 тоот ШУТИС-ийн удирдах зөвлөлийн тогтоолоор хэрхэн тогтоосон, түүнийгээ мөрдөж байна. Боловсролын тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн сургуулиудын удирдах зөвлөл сургалтын төлбөр, суралцагчийн тоо зэргийг тогтоодог. ШУТИС 10 бүрэлдэхүүн сургуультай. Үүнээс Барилга, архитектурын, Геологи, уул уурхайн, Механик  тээврийн, Мэдээлэл холбоо технологийн, Үйлдвэр технологийн, Эрчим хүчний гэсэн зургаан салбар сургууль инженер технологийн мэргэжилтэн бэлтгэдэг. Эдгээр сургуульд шинээр элсэгч оюутнууд өнгөрсөн жилд элссэн оюутнуудтай адил нэг кредитийн үнэлгээ 90800 төгрөг төлнө.

Мөн нэг асуудал байгаа нь өнгөрсөн хавар оюутны хөгжлийн зээлээр суралцсан оюутнуудын сургалтын төлбөр одоог болтол орж ирээгүй байна. Энэ үйл явц ирэх намар хүртэл үргэлжилбэл сургууль алдагдалд орж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.

Тухайлбал, нэг оюутан жилд 30 кредит хичээл үздэг гэж тооцвол нийт 2724000 төгрөг болно. Нэг хичээл гурван кредит гэж үзвэл оюутан нэг семистерт таван хичээл үздэг. Ингэхээр нэг улирлын 15 кредитийн төлбөр 1362000 төгрөг болно. Энэ нь манай сургуулийн хамгийн өндөр төлбөр. Харин Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн ухааны сургууль нийгмийн ухаан, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг. Тус бүрэлдэхүүн сургуулийн нэг кредитийн үнэлгээ 88800 төгрөг. Үүнийг 30 кредитийн төлбөрт шилжүүлбэл 2664000 төгрөг болно. Мөн Гадаад хэлний, Дархан-Уул аймаг дахь технологийн болон Хэрэглээний шинжлэх ухааны сургууль энэ чиглэлийн хөтөлбөрүүдээр мэргэжилтэн төгсгөдөг. Эдгээр сургуулийн нэг кредитийн үнэлгээ 79300 төгрөг байгаа. Үүнийг 30 кредитээр тооцвол 2379000 төгрөг болно. 

Ерөнхийдөө манай сургуулийн жилийн төлбөр  2.3-2.7 сая төгрөгийн хооронд байдаг гэсэн үг.

Оюутан сургалтын төлбөрөө бүтэн жилээр нь төлбөл сайн. Гэхдээ сургуулиас бүтэн жилээр нь төлбөрөө төлөхийг шаарддаггүй. Зөвхөн тухайн улиралд үзэх хичээлийн төлбөрөө төлөх шаардлага тавьдаг. Тэгэхээр нэг улирлын төлбөр 1189000 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл намрын улиралд үзэх таван хичээлийн 15 кредитийн төлбөр 1.2 сая орчим болно. Энэ төлбөрийг заавал төлөх ёстой. Энэ нь оюутнуудад төлбөрийн дарамт үүсгэхгүй, уян хатан байдлаар шийдэх БШУЯ-ны чиглэлтэй нийцэж байгаа юм. Харин магистр оюутны нэг жилийн сургалтын төлбөр 3.6 сая төгрөг орчим болдог. Магистр оюутнууд хоёр жил суралцана. 

Доктор оюутан дөрвөн жил сурдаг. Жилийн төлбөр нь 4940000 төгрөг байгаа. 

Түүнчлэн ШУТИС-ийн харьяа ахлах сургууль гэж бий.

Тус сургуулийн сургалтын төлбөр гурван сая төгрөг. Ерөнхий боловсролын хувийн сургуулиудын төлбөр 2-3 сая төгрөг байдаг. Энэ жил тэдгээр сургуулийн төлбөр нэмэгдвэл, дагаад өснө. Их, дээд сургуулийн хувьд бол төрийн өмчийн оролцоотой учраас ард иргэддээ нийцсэн хамгийн бага төлбөрийг тооцсон. Төрийн өмчийн сургуулиудаас хамгийн өндөр төлбөртэй нь МУИС. Үүний дараагаар ХААИС болон манай сургууль орно” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн түүнээс сургалтын төлбөрийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутнууд нэгдүгээр курсдээ ерөнхий суурь хичээл үзчихээд, дараа жил нь мэргэжлийн ангидаа орохдоо өндөр төлбөр төлөх үү?

-Энэ жил шинээр элсэх оюутнууд бүрэлдэхүүн сургуулиас шалтгаалан 79300-90800 төгрөг нэг кредитийн төлбөр гэж төлнө. Түүнийгээ л дөрвөн жил төлнө. Төлбөрийг тухайн жилийн өртгийг тооцоолон тогтоодог. Түрүүн хэлсэнчлэн 2019-2020, 2020-2021 онд шинээр элссэн оюутнууд ижил төлбөр төлнө. Түүнээс өмнө 2018-2019 онд элссэн оюутнууд нэг кредитийн төлбөр 82390, 2018 оноос өмнө бол 80300 төгрөгийн төлбөр төлдөг. Өөрөөр хэлбэл, 2017, 2018 онд элссэн оюутнууд өнгөрсөн болон энэ жил элссэн оюутнуудаас бага төлбөр төлдөг гэсэн үг.

Мөн нэг асуудал байгаа нь өнгөрсөн хавар оюутны хөгжлийн зээлээр суралцсан оюутнуудын сургалтын төлбөр одоог болтол орж ирээгүй байна. Энэ үйл явц ирэх намар хүртэл үргэлжилбэл сургууль алдагдалд орж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Тиймээс эцэг, эхчүүд, оюутнууд өөрсдөө төлбөрөө төлөхөөс гадна Боловсролын зээлийн сан зээл олгох үйл явцаа уян хатан болгож, мөнгөө цаг тухай бүрт нь тавих шаардлага байна.  

-Намрын улиралд Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлтэй оюутнуудын материалыг авч эхэлсэн үү?

-Оюутны хөгжлийн зээлийн материалаа аваад эхэлчихсэн. Гэвч өмнөх хаврын зээлээ олгоогүй байхад энэ намар олгохгүй байвал сургуулиуд санхүүгийн хүндрэлд орно. Цахилгааны төлбөр, цалин мөнгөө тавьж чадахгүй болно.  

МУИС-ИЙН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ

МУИС-ийн Санхүү, дэд бүтэц хариуцсан дэд захирал Б.Энх-Амгалан “Сургуулийн төлбөрийг Удирдах зөвлөл баталдаг. Одоогийн байдлаар Удирдах зөвлөлийнхөн сургалтын төлбөр нэмэх тухай хэлэлцээгүй. Манай сургуулийн ерөнхий суурь болон мэргэжлийн хичээлийн төлбөр ялгаатай байдаг. Тухайн хичээлүүдийн төлбөр өмнөх жилийнхээсээ өөрчлөгдөөгүй. Уян хатан байдлын тухайд манай сургууль жилээр бус улирал улиралд нь төлбөрөө авдаг. Үүнийг төлбөрийн уян хатан зохицуулалт мөн гэж ойлгож байгаа. Эхний улиралд сурах оюутнууд маань зөвхөн энэ улиралд судлах хичээлийнхээ төлбөрийг төлнө гэсэн үг. Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн улирал оюутны хөгжлийн зээлээр суралцсан оюутнуудын төлбөр дутуу орж ирсэн.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хавар төгссөн оюутнуудын төлбөр л орж ирсэн. Тиймээс сургуулийн санхүүгийн байдал сайн гэж хэлэхэд төвөгтэй. Цаашид Боловсролын зээлийн сангаас дутуу төлбөр нь ороод ирвэл сургуулийн үйл ажиллагаанд доголдол үүсэхгүй. Ирэх улиралд оюутны хөгжлийн зээл авах хүсэлтэй оюутнуудын материалыг аваад эхэлчихсэн. Мөн зээлийн сангаас төгсөх курсийн оюутнуудын төлбөр гэж орж ирсэн төлбөр нь манайд гаргасан тооцоотой мөргөөгүй. Тэгэхээр төгсөх курсийнхний төлбөр дутуу орж ирсэн гэсэн үг” гэлээ.

СУИС ГАНЦААРЧИЛСАН БОЛОН БҮЛГИЙН СУРГАЛТ ЯВУУЛДАГ УЧРААС ЦӨӨН ХҮҮХЭДТЭЙ ХИЧЭЭЛЛЭХЭД ХҮНДРЭЛГҮЙ

СУИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга М.Амартүвшин “Манай сургууль 26 мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөтөлбөр бүр харилцан адилгүй төлбөртэй. Кредит нь 1000-5000 төгрөгний зөрүүтэй. Номын санчийн ангийн нэг кредитийн төлбөр 59700 бол Хөгжмийн урлагийн чиглэлийн мэргэжлийн хичээлийн төлбөр 74500 төгрөг байна. Төлбөрийн уян хатан байдлын тал дээр бол тухайн улиралд оюутан хэдэн хичээл үзнэ, түүнийхээ төлбөрийг хийдэг. Оюутан мөнгөндөө тааруулаад хичээлээ судална. Мөн Боловсролын зээлийн сан, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж бий. Үнэхээр сургалтын төлбөрөө төлөхболомжгүй болсон оюутнууд захиралдаа өргөдөл бичээд уян хатан байдлаар шийдүүлдэг.

Бусад сургуулиудын адил манай оюутнуудын авсан Боловсролын зээлийн сангийн мөнгө орж ирээгүй. Дөрөвдүгээр курсийн оюутнуудын төлбөр зээлийн сангаас орж ирээгүй учраас өөрсдөөс нь авахаар шийдвэр гарч, хүндрэл учирсан. Мөн ирэх улиралд оюутны хөгжлийн зээл авах хүсэлтэй оюутнуудын материалыг авч эхэлсэн. Цаанаасаа материалаа аваад бүртгэ гэсэн чиглэл өгсөн учраас сургууль дээр оюутан аль болох ирүүлэхгүй байхаар цахим хэлбэрээр материалыг нь хүлээж авч байна. Ингэснээр оюутан болон сургалтын албаны оролцоо, хариуцлага нэмэгдэж, хамтран ажиллаж байгаа” гэв. Мөн СУИС ганцаарчилсан болон бүлгийн сургалт явуулдаг учраас нэг ангид 20 хүүхэдтэй хичээллэхэд хүндрэл үүсэхгүй гэсэн юм.

ХУВИЙН СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХГҮЙ

Улаанбаатар Эрдэм их сургуулийн Сургалтын албаны дарга Д.Сүглэгмаа “Коронавирустэй холбоотой эдийн засгийн байдлаас шалтгаалан 2020-2021 хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй. Төлбөрөө уян хатан байдлаар буюу улирлаар нь авдаг. Урлаг, спорт, сурлагын амжилт гаргасан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг Эрдийн зөвлөлийн хурлаараа хэлэлцээд 10-100 хувь хөнгөлдөг. 

Мөн адил Боловсролын зээлийн сангаас оюутнуудын төлбөр орж ирээгүй. Төгсөх курсийн 10 гаруй оюутны төлбөрийг зээлийн сангаас олгосон” гэлээ. Тэгвэл Этүгэн их сургуулийн ерөнхий нягтлан Н.Бадамсүрэн “Одоогийн байдлаар төлбөр нэмэх тогтоол шийдвэр гараагүй. Улирал бүрт үзэх хичээлийн төлбөрөө авдаг.

Өнгөрсөн улиралд Боловсролын зээлийн сангаас зээл авсан төгсөх курсийн дөрвөн оюутны дөрвөн сая гаруй төгрөгийн төлбөр орж ирсэн. Үлдсэн төлбөр нь орж ирээгүй. Харин ирэх улиралд оюутны хөгжлийн зээл олгох эсэх нь тодорхойгүй байгаа учраас оюутнуудаас зээлийн хүсэлт авч эхлээгүй байгаа. Түүнээс биш оюутнууд энэ талаар их асууж байна. Бид Төрийн зээлийн сангийн шийдвэрийг хүлээж байгаа. Тэд төсвийн тодотгол хэлэлцэж дуустал тодорхойгүй гэсэн хариу өгсөн” гэлээ.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ