• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0
 
 

Жак Андрака гэх 15 настай хүү нойр булчирхайн болон бусад төрлийн хавдрыг богино хугацаанд хямд өртгөөр илрүүлэх аргыг олж дэлхий нийтийн анхаарлыг татсан нь одоогоос долоон жилийн өмнөх үйл явдал. 

Улмаар Жак "Intel International Science and Engineering Fair" тэмцээнд 70-аад орны 1500 сурагчтай өрсөлдөн 75 мянган ам.долларын шагналын эзэн болсон түүхтэй. Түүний ах Люк Андрака ч мөн шинжлэх ухааны хорхойтон бөгөөд 2010 онд "Intel International Science and Engineering Fair" тэмцээнд уул уурхайгаас ялгарах хүчиллэг тунадасны байгаль орчинд үзүүлэх нөлөөг судалснаараа 96 мянган ам долларын шагнал авч мөн онд "MIT THINK" тэмцээнд түрүүлж байв.

Хоёр хөвгүүн нь тэмцээн уралдаанд амжилттай оролцон, шинжлэх ухаанч сэтгэлгээгээ гайхам хөгжүүлсэнд эцэг эх нь гарцаагүй нөлөөлсөн байж таарна. Дан ялангуяа тэдний ээж Жейн Андрака хөвгүүдийнхээ хойноос их "хөөцөлдөж" санаа тавьдаг байна. Түүний өөрийн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсэн талаарх ярилцлагыг хүргэе. 

 
 

-Та Австралийн Брисбэн хотод болсон TEDxQUT-ийн үеэр хөвгүүдийнхээ боловсролыг "хулгайлсан" тухайгаа ярьсан. Тэр нь яг ямар утгатай байсан юм бэ?  

-Ихэнх эцэг эхч хүүхдээ сургууль, багш нарт даатгаад орхидог. Хожим төгсөх дөхөнгүүт гэнэт ухаан орсон юм шиг дүнг нь ахиулж, НҮБ-ын загвар хуралдаанд оролцуулснаар хүүхдээ Харвардын их сургуульд оруулж чадна гэж андуурдаг. Тэдний энэ бодол тун аюултай бөгөөд буруу юм. 

Хүүхдүүд өөрсдийн онцлог шинж чанарыг цаг хугацааны уртад бий болгодог болохоос дунд сургуулиа төгсөхийн өмнөх хоёр жилд бусдын хийдгийг дурайж хийснээр шилдэг их сургуульд элсэж амжилтад хүрнэ гэж үгүй. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдийнхээ боловсрол төлөвшилд гар бие оролцож, санаа тавих ёстой. 

-Хөвгүүдийнхээ бүтээлч сэтгэлгээнд хэрхэн анхаардаг вэ?

-Би өнөөгийн боловсролын тогтолцоонд төдийлөн итгэдэггүй. Тиймээс хөвгүүдээ илүү бүтээлч, уян хатан болгохын тулд яах вэ хэмээн өдөржин шөнөжин боддог байсан. Хөвгүүдээ зөвхөн сургуулийн шалгуураар онц, сайн гэж үнэлэгдэх биш өөрсдийн хичээл чармайлтаа бүрэн дүүрэн дайчилдаг байгаасай гэж хүссэн юм. Гэвч хэчнээн хэл ам хийгээд илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг сургуулийг огт өөрчилж чадахгүйгээ ухаарсан. Тиймээс хүүхдүүдээ хичээлийн бус цагаар нь улам хөгжүүлэхээр шийдсэн. 

-Яг яаж тэр вэ?  

-Хөвгүүд хаана юугаар хичээллэвэл илүү хөгжиж, амжилтын амтыг мэдэрч чадах вэ? Тийшээ л замчлахыг хүсдэг. "Хүүхдүүдээ зүгээр аз жаргалтай байгаасай л гэж хүсдэг” гэж ярьдаг эцэг эхчүүдийг харахаар галзуурах шахдаг. Би хөвгүүдээсээ түүнээс ч их зүйлийг хүсдэг юм. Аз жаргалтай байх гэдгийг заримдаа юу ч хийлгүй, орон дээрээ налайж хэвтэх гэж тайлбарлаж болно шүү дээ. Харин жинхэнэ аз жаргал бол хийх ёстой ажлаа, мөрөөдлийнхөө хойноос зүтгэж, түүндээ мэддэг чадвараа зориулж, эцэст нь амжилтад хүрэх юм. Би лав үүнийг илүү дээр санаа гэж боддог.

-Хүүхдүүддээ шинэ боломжийг эрэлхийлэх, хайж олоход санаачилгатай байх талаар та ярьж байсан. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Жак “Интернет байхад бүх зүйл боломжтой” гэж хэлдэг юм. Надаас сурсан юм л даа. Би интернет ухаж залуу авьяастнуудад зориулсан янз бүрийн уралдаан тэмцээн, хөтөлбөрийн талаар мэдээлэл олж авдаг байв. Та өөрөөсөө “Миний хүүхэд юунд сонирхолтой вэ?”, “Юундаа сайн бэ?”, “Энэ хөтөлбөр ямар ач холбогдолтой вэ?”, “Хүүхэд маань ямар ном уншиж байгаа вэ?” “Тэд яг юу боддог?” гэдгийг асуугаад үзээрэй. Энэ нь танд шийдвэр гаргахад тусална. Тиймээс хүүхдэдээ "Хараач, энэ ч ёстой алдаж боломгүй боломж байна. Өшөө судлаад үзье" гэж хэлж бай. Ингэснээр таны хүүхэд үе тэнгийн найзууд нь юуг сонирхож, ямар амжилт гаргаж байгааг олж мэдэх болно. Урлаг, спортоор хичээллэдэг хүүхдүүдэд мөн ялгаагүй энэ аргыг туршиж үзээрэй. Интернетээс авсан мэдээллээ өөрийн болгож бусад хүүхдүүд юу хийж, ямар амжилт гаргаж байгаа талаар байнга ярьж өгч бай. Сануулж бай.

-Хэрвээ сонирхохгүй байвал яах уу?  

-Хүүхдүүд юунд дуртайгаа тэр бүр мэддэггүй. Эцэг эхийн гол үүрэг бол хүүхдээ ямар онцлог авьяастай болохыг нээж өгөх явдал. Ингэхдээ заавал их мөнгө зарцуулах албагүй. Хүүхдүүдээ номын сан руу дагуулж яваад ямар төрлийн ном сонгож байгааг нь сайн ажигла. Эцэг эх бол “Том болохоороо дуртайгаа сонгоорой, юунд дуртайгаа хэлээрэй, за юу” гэж хэлдэг хүмүүс биш. Харин ч эсрэгээр хүүхдийнхээ үйл хөдлөл бүрийг ажиглаж, тэднийг юу татаж, юу хөглөж байгааг олж харах ёстой хүн юм шүү. Тиймээс хүүхдэдээ байнгын анхаарал хандуулж байх шаардлагатай.  

-Та сая "анхаарлаа хандуулж байх шаардлагатай" гэж хэллээ. Харамсалтай нь би хүүхдүүдтэйгээ хамт байхдаа өөр олон зүйлст сатаарах гээд байдаг юм. Цаашид тэгж болохгүй юм байна.

-Хүүхдийнхээ үйлдэл бүрийг ажигла эсвэл хүүхдийнхээ хэлсэн болгоныг "гүн ухаан" гэж хүлээн ав гэсэн үг биш юм шүү. Ямарваа зүйлд чин сэтгэлээсээ дурласан хүүхэд тоглоом нэхэж эрхлэхээс тэс өөр байх нь ойлгомжтой. Ялгаа нь илт мэдэгдэнэ.

-Та хөвгүүддээ тэмдэглэл хөтөлж сургасан гэсэн. Энэ тухайгаа тайлбарлаач?

-Миний том хүү Люк маш олон янзын санаа бодож олдог бөгөөд түүнээсээ болж сэтгэл санаа нь тавгүйрхдэг хүүхэд байлаа. Тиймээс хэрэв хүү маань бодож олсон санаагаа цаасан дээр буулгавал хэзээ нэгэн цагт бодит биеллээ олох байх, мөн санаагаа мартахгүй байх гэж бодсоны үүднээс түүнд тэмдэглэлийн дэвтэр авч өгсөн юм. Люк дэвтэртээ бүх санаагаа жагсааж бичээд “Гэхдээ би эдгээр санаагаа яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй шүү дээ” гэдэг байв. Би хариуд нь “Зүгээр ээ, миний хүү. Санаануудаа цувруулж бичээд л бай. Илүү их зүйлийг сурч мэдсэний дараа бодит болгож болно шүү дээ” гэж хариулсан. 

 
 

-Жакыг “Манай үеийн Томас Эдисон” гэж Жон Хопкинсын их сургуулийн судлаач Анирбан Майтра хэлсэн. Энэ тухайд юу гэмээр байна?

-Доктор Майтра хүүхдүүдийг дэмжиж тэдэнтэй маш сайн ойлголцдог тэвчээртэй, гайхалтай хүн. Түүний хэлсэн сайхан үгсийг ямар ч эцэг эх сонсохыг хүсэх нь лавтай. Гэхдээ Жакаас өөр олон хүүхэд шинжлэх ухаан, инженерчлэлийн уралдаануудад мундаг зүйлс санаачилж, зохион бүтээж байгаа нь харагддаг. Гагцхүү тэдний дуу хоолойг илүүтэйгээр сонсож, бусадтай хэрхэн ойлголцохыг сургачихвал болох нь тэр. Жакын бусадтай амархан ойлголцож чаддаг нь түүний давуу тал болдог байх гэж боддог.

-Хүүгийнхээ бичсэн номыг уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Сэтгэл гутралыг хэрхэн давж гарсан, ижил хүйстэн гэдгээрээ гадуурхагдаж байсан тухайгаа номондоо бичсэн байсан?

-Яг үнэндээ тун хэцүү байсан. Түүнийг сэтгэл гутралд гүн орсон тухай уншаад үнэхээр их гайхсан. Хүүхдүүд сургуульдаа явна, буцаад ирнэ. Өдрийн хоолоо 00-д ганцаараа идсэн мөн багш нь урмыг нь хугалж байсан талаар бид мэдээгүй. Хүүгээ хэчнээн их ганцаардаж байсныг төсөөлж чадахгүй нь ээ. Би хувьдаа үе тэнгийнхний нэг төрлийн "эморол" гэж харна. Үнэхээр  их гэмшиж байна.

Жак хувийн шинж чанартай зүйлсээ номондоо бичсэн байсан. Үүнээс болж таагүй дурсамжууд нь эргээд сөхөгдөх вий гэж айснаа нуух юун. Учир нь миний хүүд номоо бичихийн тулд болж өнгөрсөн таагүй зүйлсээ эргэн санах хэрэгтэй болсон гэсэн. Бугшсан зүйлсээ ил гаргаж, хүмүүс ч энгийнээр хүлээж авснаараа хүү маань өөртөө итгэх итгэлийг олж авсан.

Одоо түүнд амиа хорлох тухай бодож байсан, ижил хүйстэн гэдгээсээ ичиж сэтгэл гутралд орж байсан ч олон мянган хүүхэд залуусаас талархлын захидлууд ирдэг нь сайхан санагддаг.  

-Та ямар ээж вэ?

-Би хүүхдүүдийнхээ асуудалд оролцох үедээ оролцоод, оролцохгүй үедээ оролцдоггүй тийм л ээж. Надад эцсийн үр дүн чухал. Гэхдээ хөвгүүдээ өөрсдийнхөө мэдлэг чадвараар аливаа үр дүн, амжилтанд хүрээсэй гэж хүсдэг. Би тэднийхээ мэдлэг чадварт итгэдэг. Хүүхдүүдээ өөрсдийн чадлаараа чадах зүйлийнхээ араас хичээхийг харахаас нааш миний санаа амрахгүй.

“Миний хүү ч ухаантай шүү, толгойтой шүү” гэж бүү магт.  Зөвхөн хичээл зүтгэл, тууштай чанарыг нь магт. Бүтэлгүйтэл нь маш энгийн зүйл гэдгийг ойлгуул.

 
 
TAGS
#Business