• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0
 

Дэлхий дээрх хамгийн алдартай, нэр хүндтэй дизайны фирмүүдийн нэг яах аргагүй “Pentagram” юм. Энэхүү компани нь салбартаа тэргүүлэгч 23 дизайнеруудын нөхөрлөл (партнершип), тэдний ижил тэгш эрх үүрэг дээр суурьлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний үйлчлүүлэгчдийг дурдвал барагдахгүй. Аварга технологийн компаниуд, их сургуулиуд, медиа компаниуд, музейнууд гэх мэт байж болох бүх салбарын харилцагчтай. 

“Pentagram” гэж ярихад Alan Fletcher, Bob Gill, Paula Scher, Michael Bierut гэх мэт график дизайны ертөнц дэх амьд домгуудыг дурдаж болно. Компанийн төв оффис Нью-Йорк хотноо байх агаад түүнтэй дүйцэхүйц хэмжээний салбар Лондонд, тус бүр нэг партнеруудаар (нөхөрлөлийн гишүүд) удирдуулсан баг Берлин, Остин хотуудад бий.

Анх 1972 онд Лондон хотноо Theo Cosby, Alan Fletcher нарын дизайнерууд “Pentagram”-г байгуулж байжээ. Тэднийг өдгөө дурсахад дэлхийн хамгийн алдартай дизайнеруудын тоонд зүй ёсоор тооцогдоно.

Үүсгэн байгуулагчид

“Pentagram” болон энэ төрлийн нөхөрлөл дээр суурилсан бүтэцтэй компаний загвар монголчуудад тийм ч танил биш. Ихэнх тохиолдолд хуулийн фирмүүд ийм нөхөрлөлийн бүтэцтэй байдаг. Олон жилийн туршлагатай чадварлаг хуульчид хамтран хуулийн фирм авч явдагтай адил “Pentagram” яг тийм бүтэцтэй. Дизайны төрөл бүрийн дэд салбаруудад амжилттай ажиллаж хангалттай туршлага хуримтлуулсан дизайнерууд “Pentagram”-ийн партнеруудын нэг болдог. Тэд анх партнер болохдоо тодорхой хэмжээний мөнгөөр компанид хөрөнгө оруулдаг бөгөөд цаашид ижил хэмжээний эрх дарх эдлэн ижил цалин авна. 

Нью-Йорк дахь оффист партнерууд бүгд хамт эгнэн суудаг бөгөөд ингэснээр ямарваа нэг дизайны асуудлыг өөр өөр партнерууд өөр өөр өнцгөөр авч үзэх бөгөөд тэд өдөр тутам нэг нэгэнтэйгээ ойр ажиллан дан ганцаараа сэтгэж чадахгүй байсан сонин содон шийдлийг гаргаж болно гэж үздэг ажээ.

Олон чадварлаг партнеруудтай өрсөлдөж амьд үлдэх чадвар хийгээд мөн тэдэнтэй хамтран ажиллаж суралцах ёстойг ухамсарлах нь “Pentagram”-ийн партнеруудад тавигдах гол шаардлага юм. Хэдий цаасан дээр бүгд ижил эрх мэдэлтэй, бүгд ижил саналын эрхтэй ч фирмд ажилласан хугацаа, олон нийтэд танигдсан байдал, ажил олох сүйхээ, авсан шагнал гэх мэт олон зүйлсээрээ бүгд нэг нэгнээсээ ялгаатай өөрсдийн гэсэн үнэ цэнтэй байдаг. 

Партнер бүр өөрийн багийг бүрдүүлэн өөрсдийн олсон төслүүд дээр ажиллана. Нэг баг ямар бүрэлдэхүүнтэй байхыг тухайн багийн партнер шийддэг. 
 

Нөхөрлөлийн гишүүд

“Pentagram” болон түүнтэй ижил төстэй мэргэжлийн фирмүүдийн гүйцэтгэдэг төслүүдийн зарим нь “pro-bono” гэх ангилалд багтна. Тэдгээр нь ашгийн бус, нийгэм, олон нийтэд чиглэсэн төслүүд юм. Ийм төслүүд хүний нөөц болон бусад нөөцийг ихээр шаардах ч эргээд ямар нэг төлбөр төлөгддөггүй учир эдийн засгийн хувьд хохиролтой. Гэвч өөр өнцгөөс харвал нийгмийн сайн сайхны тулд үнэгүй төслүүд дээр ажиллах нь тухайн фирмийн олон нийтийн дундах нэр хүндэд эерэгээр нөлөөлдөг. “Pentagram”-нхан ч ийм ашгийн бус төслүүд дээр ажиллан нийгмийн хариуцлагаа ухамсарлах нь олонтаа. 

“Pentagram”-ийн өнөөдрийн амжилтын гол түлхүүр нь цус сэлбэлт гэж бараг бүх партнерууд нь дуу нэгтэйгээр зөвшөөрнө. Дизайны төслүүд гүйцэтгэгч талаас байнга шинэчлэлт шаардах бөгөөд тэр хэрээр шинэ шинэ партнерууд компаний нэг хэсэг болж улам шинэлэг бүтээлч ажлууд хийгддэг. 10 жилийн дараах дизайн өнөөдрийнхөөс өөр байх нь гарцаагүй бөгөөд өнөөдрийн дизайн ч 10 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн нь дамжиггүй. Тиймээс ч компани хатуу бүтэцтэй байх аргагүй. 

Мөн өөр нэг хүчин зүйл нь партнеруудын дундах өрсөлдөөн. Партнеруудын нэг Michael Gericke энэ тухай хэлэхдээ “Бүтээлч өрсөлдөөн биднийг үргэлж хурцалж өгдөг. Учир нь бидний хамгийн том фэнүүд, хамгийн том шүүмжлэгчид партнерууд маань юм.” гэжээ. Мөн тэрээр “Дизайны ажил эготой нягт холбоотой. Гэвч ажил, амьдрал, бизнесээ өөрийн хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг хүмүүстэйгээ хуваалцдаг байх хэрэгтэй.” гэв.

Тэдний гүйцэтгэсэн нэгэн pro-bono төсөл

Ажилд ороод удаагүй залуу дизайнеруудын толгойд “Би ажил унагаж багаа хойш татаж байна. Өргөдлөө өгөөд гарах хэрэгтэй” гэсэн бодол төрөх нь ховор тохиолдол биш ажээ. Ийм тохиолдолд партнерууд залуучуудыгаа бураатгахаас илүүтэйгээр тэдэнд дахин оролдох боломж олгож сэтгэл санааг нь өргөдөг байна. Энэхүү нийтэч итгэлцэл дүүрэн компанийн соёл уур амьсгал нь тэдний бас нэгэн содон өнгө төрх юм. 

Залуучууд “Pentagram”-д ажилласнаар тухайлсан нэг жижигхэн бараа бүтээгдэхүүний дизайнаас эхлээд сая сая хүний хараанд өртөх банкны лого хүртэлх өргөн хүрээнд ажиллах боломжтой. 

Тэдний гүйцэтгэсэн зарим ажлууд

“Pentagram”-ийн хамгийн анхны эмэгтэй партнеруудын нэг Paula Scher хэлэхдээ “Надтай ажиллаж байсан шавь нар маань одоо бүгд л том том агентлагуудад ажиллаж өөрчлөлт авчирч байна. Тэд зүгээр л ямар нэг зүйлс хийдэггүй. Тэд ямарваа нэг зүйлс бүтээхийн тулд ямар нэг зүйлсийг хийдэг. Хэрэв зүгээр л ямар нэг зүйл хийе гэсэн өнгөц сэтгэхүйтэй байсан бол тэд аль нэг компанид танилцуулга бэлдэх ажил л хийх байсан биз” хэмээжээ. 

Paula Scher багийнхныхаа хамт

Энэ хандлага нь зөвхөн Scher-ийн шавь нарынх ч биш ерөөсөө “Pentagram” болон түүнээс угшилтай дизайнеруудын ажлын үзэл хандлага билээ. Магадгүй үүнийг үеэс үед өвлүүлж байгаа нь тэдний дэлхийн хамгийн шилдэг гэгдэх болсны учир шалтгаан байж болох юм. 

TAGS
#Business