• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0
 

Энэхүү нийтлэл нь бизнесмэн Paul Graham-ийн хувийн блог дээрх эсcэний орчуулга болно. 

Бичсэнээ илүү олон хүнд уншуулах хамгийн энгийн арга бол ярианы хэлээр бичих явдал юм. 

Бичгийн хэл илүү төвөгтэй учир уншихад хичээл зүтгэл шаарддаг. Мөн илүү албаны, зайны юм шиг мэдрэгддэг. Энэ нь уншигчдад тэр хэсгийг алгасах сэдэл төрүүлдэг. Эсвэл бүр бусад хүмүүс бичсэнг тань буруугаар ойлгох аюултай.

Ямарваа нэг төвөгтэй санааг заавал төвөгтэй үг хэллэгээр илэрхийлэх албагүй. Анзаарсан бол нарийн мэргэжлийн хүмүүс хоорондоо ярилцахдаа тун энгийнээр ярилцдаг. Өөрийн ажиглалтаас дүгнэхэд сэдэв хүндрэх тусам экспэртүүд илүү энгийн хэв маягаар ярьдаг. Шалтгаан нь тэд нэгэнт л гүнзгий мэргэшсэн экспэртүүд учир гоё ганган, чамин үг хэллэг ашиглан өөрсдийгөө батлах шаардлагагүй байдаг. Өөр нэг шалтгаан нь сэдэв хүндрэх тусам хэлийг даган хүндрүүлэх боломж, чадвар тэдгээр хүмүүст байдаггүй байж болох юм. 

АЛБАН БУС ЯРИА НЬ САНАА СЭДЛИЙН “БЭЛТГЭЛИЙН ХУВЦАС” ЮМ

Үүгээрээ би ярианы хэл үргэлж зөв сонголт гэж хэлж байгаа юм биш шүү. Жишээ нь яруу найраг гэхэд хөгжмийн адил бидний харилцан яриандаа хэлэхгүй зүйлсийг гаргаж өгдөг. Хуруу дарам зохиолчид гоё ганган үг ашиглалгүйгээр зохиол бүтээл туурвиж чаддаг байхад нөгөө хэсэг нь зориуд найруулгаа хүндрүүлэх нь ч бий. Жишээ нь компанитай холбогдолтой муу мэдээг зориуд төвөгтэй бичдэг туршлагууд бий. 

Хэдий ярианы хэлээр уншихад амар байв ч бичихэд тийм ч амаргүй. Тэгэхээр эхний нооргоо гаргачхаад өгүүлбэр бүрээ уншаад “Хэрэв би найзтайгаа ярьж суусан бол ингэж ярих байсан уу?” гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ хариулт “үгүй” байвал яаж шинэчилж болохоо бодоорой. Ийм шүүн тунгаалт хийж явсаар хэсэг хугацааны дараа бичих явцдаа шүүдэг дадалд суралцчихна.

Би шинэ эсээгээ интернетэд тавихаас өмнө чанга дуугаар уншаад хаанаа нь гацаж, эвгүйтэж байна гэдгээ ажигладаг. Дуудахад ямар үг нь илүү эвтэйхэн байгааг хүртэл бодож засдаг гээч. 

Магадгүй энэ аргууд хүн бүрд нийцэхгүй байж магад. Тиймээс өөр нэгэн арга хэлж өгье. Эхний нооргоо гаргачхаад юун тухай эсээ бичсэнээ найзууддаа тайлбарлах гэж оролдоорой. Тэгээд тэр тайлбараа дахин нэг ноорог болгон буулга. 

Хэрэв ярианы хэлээр бичиж чаддаг болчихвол та бусад бичээчдийн 95 хувиас илүү чадварлаг боллоо гэж ойлгож болно. Түүнд суралцах нь тийм ч хэцүү биш. Өгүүлбэр бүр чинь найзтайгаа ярилцаж байгаа юм шиг өнгө аястай байхад л болох нь тэр.

TAGS
#Business