• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    100   |  
0

Бидний  хэрэглэж буй бүхий л зүйл өмнө нь байгалийн нэг эд эс байсан гэдгийг бид заримдаа мартаж орхидог. Гар утасныхаа цэнэглэгчийг тогонд залгаад орхих, ариун цэврийн өрөөний гэрлийг унтраалгүй орхих бүрт байгалийн нөөцөөс шавхан авсан эрчим хүч үр ашиггүй урссаар л байдаг. Үүнтэй адил хүн төрөлхтний бүхий л хэрэгцээг хангах хүнд, хөнгөн үйлдвэрлэл байгалийн нөөцөд түшиглэнэ. Хамгийн түгээмэл жишээ гэвэл ганц удаа хэрэглээд хаях хоолны сав, гялгар уут, халбага, савх, сэрээ, ус ундааны сав, бүр ам арчдаг цаас хүртэл байгалийн нөөцөөр бүтсэн гэдгийг та тунгааж байв уу?

Жил тутамд дэлхий дээр 400 сая тонн  хуванцар сав үйлдвэрлэгддэг гэсэн тоо бий. Эдгээрийн дийлэнх түүхий эд нь  газрын тос юм. Газрын тосны олборлолт, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлээс ялгарах нүүрс хүчлийн хий уур амьсгалын өөрчлөлтийг хурдацтайгаар нэмэгдүүлсэн нь өдгөө хүн төрөлхтөнд тулгамдаж буй томоохон асуудлын нэг болоод буй.

Эдийн засгийн хөгжил, бизнесийг хэрхэн байгальд ээлтэй, тогтвортой байлгах вэ гэдэг дээр өндөр хөгжилтэй улс орнууд анхаарч эхэлсэн. Тиймдээ ч ногоон бизнесийг илүү дэмжиж, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа байгальд ээлтэй болгосноор илүү ашиг олох хандлагатай болжээ. Байлгалгүйгээр эдийн засаг, хүн төрөлхтөн оршин тогтнох боломжгүйг ухаарсан үйлдвэрүүд байгалийн нөөцийг зохистой ашиглахад анхаарч байна.

Үүний тод жишээ болох Японы FPCO группийг авч үзэцгээе

Далай  дахь хог хаягдлын хэмжээ 1950 оноос эхлэн үлэмж ихэссэн. Үүний 90-ээд хувийг  хуванцар сав эзэлж буй. Хуванцрын масс үйлдвэрлэлээр Хятад улс тэргүүлдэг бол нэг хүнд оногдох хуванцрын үйлдвэрлэлээр АНУ, болон Япон улс толгой цохидог.

Япон улс гэхэд  жилд есөн сая тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулан үйлдвэрлэлийн болон ахуйн хуванцар үйлдвэрлэдэг. Хуванцрын хаягдлын 1.5 сая тонныг БНХАУ-руу нийлүүлдэг байжээ. Харин Хятад улс жилийн өмнөөс  хуванцрын хаягдлыг импортыг зогсоосноор өдгөө Япон орон хаягдал хуванцрын 84 хувийг дахин боловсруулах болжээ.

1962 оны долоодугаар сарын 24-нд Японы Хирошима мужийн Фукуяама хотод байгуулагдсан Free Plastic Corpration /FPCO/ нь улсдаа хоолны нэг удаагийн хуванцар савын үйлдвэрлэлээр тэргүүлэгч корпораци юм.

Япон улс хуванцар савны хэрэглээг хязгаарлах хууль гаргах хүртэл тус үйлдвэр зөвхөн нэг удаагийн сав, баглаа боодол үйлдвэрлэдэг байжээ. Хожим хоолны хуванцар савны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл явуулж үйл ажиллагаагаа тэлжээ. Тус компанийн зорилго нь сав, баглаа боодлыг байгальд ээлтэй байдлаар үйлдвэрлэх,  эдгээрийн хаягдлыг дахин боловсруулах замаар байгалиас ашиглах нөөцийг багасгахад оршино.

FPCO нь богино долгионы зууханд халаах нэг удаагийн хоолны сав болон, хөөсөн, полестрин,  резин, цаасан савлагааны материал, сав, баглаа боодол хүнсний скоч, савх зэргийн бүтээгдэхүүний хөнгөн үйлдвэрлэл явуулдаг. Нийтдээ 100 мянган төрлийн савлагааны материал үйлдвэрлэхээс гадна 600 нийлүүлэгчээс хоолны хаягдал савыг авч дахин боловсруулдаг байна. Тус компанийн үйлдвэрлэж буй  бүтээгдэхүүний 30 хувийг дахин боловсруулсан түүхий эдээр хийдэг аж.

Ажиллах хүчин хомс тул үйлдвэрийн зарим ажлыг роботжуулжээ. Савлах үүрэг гүйцэтгэдэг роботууд 24 цагаар ажилладаг байна. Нэг удаагийн хоолны сав, баглаа боодол хайрцгийг сайжруулснаар улс даяар хоол хүнсний хаягдлыг багасгасахад нөлөө үзүүлжээ.

Бас нэг онцлууштай зүйл нь 1986 оноос эхлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авч эхэлсэн бөгөөд өдгөө тус корпорацын хүний нөөцийн 13 хувийг тусгай хэрэгцээт иргэд бүрдүүлнэ.  

Хүмүүс хэрэглэсэн нэг удаагийн хоолны савыг угааж хатаагаад супермаркетийн гадаа болон бусад цэгт байршуулсан хайрцагт тушаана. Энэ үед тус үйлдвэрийн түгээлтийн машин шинэ бүтээгдэхүүнээ түгээхдээ хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт ачиж аваачна. Ийнхүү дахин боловсруулах үйлдвэрлэлийг явуулахад хэрэглэгчид болон бизнес түншийн туслалцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

FPCO  энэхүү эргэх холбоог /Tray to Tray (TM)/ буюу савнаас сав хэмээн нэрийднэ.

Нэг удаагийн хоолны хаягдал савыг дахин боловсруулах болсноор үндсэн түүхий эд болох газрын тосны олборлолт, бүтээгдэхүүн бүтэх өртөг, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт зэргийг үлэмж бууруулсан нь байгаль, эдийн засагт эерэг өөрчлөлтийг бий болгож чаджээ.

Минималист, эко хэрэглээтэй Япончууд байгальд сав баглаа боодол сонгохыг илүүд үзнэ.

Ийнхүү ухаалаг шийдлийг олсноор тус корпорац зах зээлд өөрийн байр сууриа бататган 44,284,212 хувьцаа арилжаалж, 3,415-хувьцаа эзэмшигчтэй болж 18 охин компаниа байгуулжээ.

Фукуяама хотод байрлах FPCO нь үйлдвэрийнхээ эсрэг талд 6,700 мк2, дөрвөн давхар судалгааны цогц хүрээлэн байгуулжээ. Үйлдвэрлэлийн инновацийн судалгаа, туршилтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тус судалгааны баазад бүтээгдэхүүний дараагийн шатны хөгжүүлэлт болон хүний нөөцөө бэлддэг байна.

Энэ бол агаар болон хөрсний бохирдол, байгалийн нөөц ашиглалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй бяцхан ч гэлээ ухаалаг шийдлийн энгийн жишээ юм.  

Эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд байгалийн нөөцөө илүү их ашиглах, бус нэгэнт байгалийн нөөцийг шавхан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, иргэд хэрэглээгээ уртасгаж, ухаалаг сонголт хийхгүй аваас хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж буй.

Эх сурвалж:

 FPCO

Bloomberg

Japantimes

TAGS
#Business