• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

Зохиолч Томас Корлэй амжилтанд хүрсэн, баялгийг өөрийн хөдөлмөрөөр бий болгосон 1200 хүнийг 5 жил судалж “Саятан хүүхэд”, “Баян дадал-Ядуу дадал”, “Дадлаа эвд-Амьдралаа өөрчил” зэрэг “New York Times”-ийн бэстсэллэр номнуудыг бичжээ. Тэрээр судалгааныхаа үр дүнд хүмүүсийн амжилт, аз жаргал, эд баялаг, харилцаа холбоо, эрүүл мэнд гээд энэ бүгд гагцүү өдөр тутамынх нь дадлаас үүдэлтэйг онцолжээ.  

1. Саятнууд тогтмол уншдаг

Баян хүмүүс зугаа цэнгэлээс илүүтэй боловсролд ач холбогдол өгдөг. Корлэйгийн судалсан 1200 амжилттай хүний 88 хувь нь “Өдөрт хамгийн багадаа 30 минут ном уншдаг байжээ”. Баян хүмүүс мэдлэг мэдээллээ зузаатгахын тулд амжилттай хүмүүсийн намтар, хувь хүний хөгжил, мэргэжлийн болон түүхийн гэсэн 3 төрлийн ном уншдаг байна.

2. Тэд тогтмол дасгал хийдэг

Түүний судалсан 1200 хүний 75 хувь нь өдөр бүр айробикийн дасгал, гүйх, йог, кардио дасгал, дугуй унах зэрэгт 30-аас дээш минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зориулдаг байна. Дасгал хөдөлгөөн нь зөвхөн бие махбодийн эрүүл байдлыг хангахаас гадна тархины эсийн нөхөн төлжилт болон тархины түлш гэгдэг глюкозын ялгарлыг нэмэгдүүлж, аз жаргалын даавар ялгаруулдаг.

3. Тэд амжилттай хүмүүстэй уулзахад цаг гаргадаг

Саятнууд өөртэйгөө ижил зорилготой, өөдрөг, эрч хүчтэй, өөрөөс нь “олон оймс элээсэн” хүмүүстэй танилцаж, харилцаа холбоог үүсгэхэд үргэлж анхаардаг. Мөн хийхээс илүүтэй шүүмжилдэг, өөрийг нь хойшоо чангаадаг, “цайны явган яриа”-тай хүмүүсээс зайгаа барьдаг гэнэ.

4. Саятнууд сайн дурын ажил хийдэг

Түүний судалсан амжилттай хүмүүсийн 72 хувь нь сард таван цагийг ТББ, иргэний нийгэм зэрэг нийгмийн  сайн сайхны төлөөх үйлсэд зориулдаг. Энэ нь  тэдний хувьд илүү амжилттай хүмүүсийн энгээнд нэгдэх, оршин буй нийгмийн асуудлыг өөрийн биеэр таньж мэдэхэд тусладаг байна.  

5. Тэд өөрсдийн мөрөөдөлд төвлөрдөг

Амжилттай хүмүүс өөрийн хүсэл зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө тэвчээртэйгээр хөдөлмөрлөдөг бол амжилтгүй хүмүүсийн олонх нь эцэг эхийнхээ эсвэл бусал хүний мөрөөдлийг даган дуурайдаг. Гагцхүү ажилдаа дуртай байсан цагт ажил тань илүү зугаатай болж, бүтэлгүйтэл, няцаалтыг даван туулах, эрч хүчтэйгээр ажиллах хөшүүрэг болдог.  

6. Тэд өдөрт 7 цаг унтаж амардаг

Амжилттай хүмүүс эртэч шувуу байдаг гэсэн ойлголт бидний дунд түгээмэл. Гэхдээ түүний судалгаагаар саятнуудын 89 хувь нь өдөрт 8 цаг болон түүнээс дээш цаг унтаж амардаг. Хангалттай унтаж амрах нь мэдрэлийн эмгэг тусах, ой тогтоолт муудах магадлалыг бууруулж, эд эс нөхөн төлжих, стресс үүсгэгч гормон кортизолыг ялгарлыг багасгадаг байна.

7. Эрт босдог

Корлейгийн судалснаар амжилттай хүмүүсийн 50 хувь нь эртэч шувуухайнууд бөгөөд ажил эхлэхээс багадаа гурван цагийн өмнө босдог байна. Энэ нь өдөр тутмын жижиг асуудлууд болох замын түгжрэл, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт  хүргэх, хурал сунжрах зэрэг тааварлашгүй асуудлын шийдэл болж өгдөг.  

8. Орлогын хэд хэдэн эх үүсвэртэй

Саятнууд хэзээ ч орлогын ганц эх үүсвэртэй байдаггүй. Тэд цөөнгүй эх үүсвэрээс орлого олох чадваруудыг өөртөө хэдийн бий  болгосон байдаг. Өөрөөр хэлбэл судалгаагаар амжилттай хүмүүсийн 65 хувь нь хамгийн багадаа орлогын гурван эх үүсвэртэй аж. Тухайлбал, үл хөдлөхийн түрээс, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч, бусад бизнесийн хамтран эзэмшигч байдаг.

9. Тэд бүгд өөрсдийн гэсэн ментортой

Түүний ажигласнаар ментортой болох нь асуудал, бэрхшээлийг хялбар, хурдан даван туулж, баялгийг бий болгоход ганцаараа “гүрийснээс” хавь сайн нөлөөтэй. Ментор тань танд зүгээр зөвлөөд зогсохгүй юуг хийх хийхгүйг зааж, амжилтын тань салшгүй нэг хэсэн байна. Та зөвхөн өөрийн ментороосоо суралцаад зогсохгүй, тэдний менторын арга барилаас суралцана гээд боддоо. Догь байгаа биз.

10. Тэд бусад хүмүүсийг амжилтанд хөтөлж чаддаг

Саятнууд бусдыг зорилго, мөрөөдөлдөө биелүүлэхэд нь тусалж, хөтлөх нь өөрсдөд нь эргээд амжилт авчирна гэдгийг мэддэг алсын хараатай хүмүүс байдаг. Хамтын хүч хөдөлмөрөөр ажил урагшилдгийг тэд сайн мэддэг тул баг бүрдүүлэх, хамт олныхоо хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тусладаг. Тэд ганц өөрийн төлөө бус бусдын төлөө ажиллаж чаддаг.  Нэг лаа, нөгөө лааг асааснаар орчноо улам тод гэрэлтүүдэгийн адил.

11. Амжилттай хүмүүс маш эерэг бодолтой

Амьдралыг гэрэл гэгээ, боломж гэж хардаг хүмүүс л урт хугацаандаа амжилттай байж чаддаг. Тэд хоосон шүүмжилж суухын оронд шийдэл олж, хэрэгжүүлэхийг хичээдэг.

12. Тэд “сүргийг” дагдаггүй

Харин түүний оронд өөрийн гэсэн “сүргийг” бий болгодог. Та сүргийг дагахыг хүсэхгүй байвал өөрийн сүргийг үүсгэж хүмүүсийг эгнээндээ нэгтгээрэй. Бидний олонхыг нийгмээс /төр/ харанхуй, мэдээлэл муутай, тулга тойрсон хэдэн асуудлаас цаадхыг хардаггүй “хар масс” байлгахыг хүсдэг. Тиймээс амжилттай хүмүүс сүргийнхнээс давж сэтгэж, тэдний асуудлыг шийдхийг эрмэлздэг. Ихэнх хүмүүсийн амжилттай байж чаддаггүй шалтгаан нь “сүргийн” дундаас гарч, тэднээс өөрөөр сэтгэж чаддаггүйд оршино.

13. Амжилттай хүмүүс маш боловсон зантай

Өөрийн зүтгэлээр амжилтанд хүрсэн хүмүүст ёс суртахууны тухай хэд хэдэн зарчим бий. Тэд хамтрагчид, ойр дотны хүмүүстээ талархлын захидал, баглаа цэцэг илгээхээ хэзээ ч мартдаггүй. Төрсөн өдөр, хурим найр гэхчлэн тэмдэглэлт өдөр, баярт уригдвал зохистой хувцаслаж, биеэ боловсон авч явж, өөрийн үнэлэмжээ улам бататгадаг.

14. Өдөрт 15-30 минутыг бодож, төлөвлөхөд зориулдаг

Корлейгийн бичсэнээр “Эргэцүүлэл бол амжилтын үндэс”. Саянтууд өглөө болгон хамгийн багадаа 15 минутыг ганцаараа бодож, төлөвлөхөд зарцуулдаг. Тэд өдөр болгон өөртэйгөө олон асуудлын талаар нухацтайгаар “brainstorm” хийж, өөрөөсөө дараах асуултуудыг асуудаг. Тухайлбал, би ямар арга барилаар ажиллавал илүү үр дүнтэй байх вэ, ажил маань намайг аз жаргалтай болгож байна уу, би дасгал хөдөлгөөн хангалттай хийж байна уу, ажил амьдралаа тэнцэртэй авч явж чадаж байна уу, хэрхвэл би нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж чадах вэ зэрэг асуултын хариултыг өөрөөсөө хайдаг.

15. Тэд үргэлж бусдын санал хүсэлтийг сонсдог

Бидний олонх нь шүүмжлүүлэх дургүй учраас бусдын санал бодолд төдийлөн таатай ханддаггүй. Гэхдээ бусдын саналыг сонсож, мэдээлэл авах нь  хийж буй ажлынхаа юу нь болж, болохгүй байгааг мэдэх, зөв зам дээрээ яваа эсэхээ анзаарахад дөхөм болно. Санал, шүүмж нь сайн, муу байхаас үл хамааран бизнесийн болоод хувь хүний амжилтанд томоохон түлхэц болно.

TAGS
#Business