• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    154   |  
0
 

...Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл, айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч дэлхийн боловсролоос гээгдэнэ. Өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөсөөр нэг насыг харанхуй манан дотор барна... Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгийн хэсгээс...

Их зохиолчийн энэ өгүүллэгийг уншаад дасал болсон орчноо сольж, дэлхий ертөнцийг таньж мэдэн, орон орны хүмүүстэй уулзан нөхөрлөж, боловсролоо дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж, өөртөө болон дотнын хүмүүстээ гэрэлт ирээдүй авчрах хүсэлд автаж эрдэм сурахаар гадаад орныг зориод нэг жилийг үджээ. Даяарчлал, ардчилсан нийгмийн буянаар бидэнд боломж олдвол хүссэн газартаа сурч, амьдрах эрх нээлттэй болсон. Хэдий технологийн хөгжлийн буянаар бид улс орнуудын мэдээлэл, чиг хандлагаас хоцрохгүй байх боломжтой хэдий ч явсан нохой яс зуухын үлгэрээр өөрийн биеэр үзэж туулахын үр шим их ажээ.  

Ингээд өөрийн бяцхан туршлага дээр үндэслэн гадаадад сурч, амьдрахын давуу талууд болон хийвэл зохих эхний алхмуудыг хуваалцъя.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

Хүн эх орондоо буюу хэл, зүс нэгтэй таньдаг хүмүүсийнхээ дунд байхдаа тулгарсан асуудлыг хялбархан даван туулдаг. Харин гадаадад амьдрах үед шийдвэр, сонголт бүрийг ганцаараа бие даан гаргах хэрэгтэй болдог. Энэ нь бие даасан байдалд суралцуулахаас гадна алсын хараатай болоход тусалдаг. Хүний амьдралын ихэнх жаргалтай мөч хэн нэгэнтэй хуваалцсан үед байдаг ч ганцаараа байх нь хүнд өөрийгөө таних, цэгцлэх, үнэт зүйлсээ ойлгох гэх мэт өөртэйгөө ажиллахад тусалдаг. Нэгэнт өөрийгөө ойлгож мэдэрсэн хүн хөгжиж эхэлдэг ба ганцаардахаа ч больдог. Мөн амьдралаас юу хүсдэгээ мэдэж, ирээдүйнхээ талаар тодорхой зорилготой, зураглалтай болно. 

НАСАН ТУРШИЙН МЭДЛЭГ

Бид олж авсан мэдлэг, туршлага, боловсролынхоо үр шимээр амьдралд тохиох боломж, сонголт, шийдвэрүүдээ баяжуулдаг. Энэ нь мэдээж одоо байгаагаас тань илүү амьдралыг бий болгоно гэсэн үг. Гадаадад сурснаар дор хаяж хэл сурах, аялах, хоол хийх зэргээр алхам тутамдаа мэдлэгээ зузаатгана. Мөн соёлын ялгаатай байдлыг мэдэрч, байгаа орныхоо амьдралын эрүүл хэв маягаас суралцана. Үр дүнд нь ертөнцийг харах өнцөг өөрчлөгдөж, аливаад олон талт үзлээр ханддаг болдог. Өөрийгөө гаднаас нь ажиглаж, бусад орны хүмүүстэй харьцуулж үзсэнээр хэр боловсорсон гэдгээ ойлгож илүү их зүйл сурч, мэдэх хүсэлд автана.

ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ

Хүн гадаадад амьдарч үзсэнээр эх оронтой, өв уламжлал, ёс заншил, түүхтэй байхын сайхныг улам гүн гүнзгий мэдэрдэг юм билээ. Тэр бүхнийг сурч, хайрлан бахархаж, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийг хүснэ. Тухайн амьдарч буй орныхоо алдаа оноон дээр тулгуурлан эх орондоо сайхан нийгэм, хөгжил дэвшил авчрахын тулд өөрийн зүгээс юу хийх ёстой талаар бага ч гэсэн ойлголттой, шинэ санаатай болдог. Үүний тод жишээ нь Монголд амжилттай яваа, үйлчилгээний соёлыг шинэ төвшинд гаргаж буй бизнесүүдийг ихэвчлэн гадаадад сурч, ажилласан хүмүүс эхлүүлсэн байдаг шүү дээ.

ШИНЭ ТАНИЛЫН ХҮРЭЭ

Хүний оршин буй нөхцөл бусдаас хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл хүн бусдын дэмжлэг, нөлөөгүйгээр амьдрах, амжилтад хүрэх боломжгүй. Уулзаж нөхөрлөсөн хүн бүрээсээ суралцдаг. Тиймээс өөртөө зөв хүрээлэл бий болгож, танилынхаа хүрээг боломжоороо тэлэх хэрэгтэй. Мөн “бусад” гэдэг “би” юм гэдгийг, харагдах байдал өөр ч нэг зорилготой явдгийг ойлгосноор илүү энэрэнгүй, хүнлэг болно. Хамгийн сайн найз, хайртай хүнээ олохыг хүртэл хэн байг гэх вэ. Танилтай хүн талын чинээ гэдэг байхаа.

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Хөгжилтэй орнуудад бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагддаг. Тиймдээ ч ард иргэдэд нь үр ашиггүй өнгөрөөдөг чөлөөт цаг, амралтын өдөр гэж байхгүй. Дор хаяж маргааш өглөөний 8 цагт ажил дээрээ бэлэн байхын тулд урд орой нь нийтийн тээврийн хуваарь шалгаж хэдэн цагт босохоо шийднэ. Нийтийн тээвэр нь ч яг л цагийн хуваарийнхаа дагуу явна. Ер нь бүх юм цаг минутаар хэмжигдэнэ. Мөн амралтаараа аль нэг улс руу явахаар шийдсэн бол онгоц, буудлаа эрт захиална. Ингэснээр мөнгө хэмнэх буюу хямд зардал гардаг. Тиймээс ихэнх хүн дор хаяж хагас жилийн өмнөөс амралтаа төлөвлөдөг. Үргэлж бүхнийг төлөвлөх хэцүү ч энэ нь хувь хүнд цагийг хэрхэн зөв ашиглах талаар сургууль болдог. 

ЭХНИЙ АЛХМУУД

Гадаадад боловсрол эзэмших нь таны зорилго болсон бол хэл сурахаас эхлэх хэрэгтэй. Монголд байх хугацаандаа явахаар зорьж буй орныхоо хэлийг эх хэл дээрээ суралцах нь таны цаг, мөнгийг асар ихээр хэмнэнэ. Хэлийг тухайн орчинд нь илүү хурдан сурдаг гэдэг үнэн боловч эх хэл дээрээ олж авсан сайн суурьтай байвал бүр ч хялбар байх болно.

Дараа нь сурах чиглэлээ тодорхойлоорой. Өөрийн авьяас, хүсэл сонирхол дээрээ үндэслэн мэргэжлээ сонгоод эргэлт буцалтгүй түүнийгээ сайн эзэмших хэрэгтэй. Амьдралын хамгийн чухал сонголтын нэг учир яаралгүй, сайн судалж, өөрийгөө сонсож, бусдаас зөвлөгөө аваад эцсийн шийдвэрээ гаргаарай.

Нэгэнт хэлний мэдлэгтэй, мэргэжлээ сонгоод зорилгоо тодорхойлчихсон хүнд гадаадад сурах ялангуяа тэтгэлэг авах харьцангуй хялбар болно. Гэхдээ эхний оролдлогоор тэнцэхгүй ч байж мэднэ. Гол нь тууштай, шантрахгүй байх хэрэгтэй. Угаас аливаа зорилгод хүрэхийн тулд золиос, зүтгэл шаарддаг шүү дээ.

Хөгжилтэй оронд ядаж л нийгэм нь соёлжсон, стресс багатай ч арьс өнгөөр ялгаварлах үзэл, ганцаардах, шантрах, мөнгөгүй болох, гэрээ санах гэх зэрэг асуудал мундахгүй. Энэ бүхэнд сэтгэлийн бэлтгэлтэй, зорилгоосоо ухралгүй урагшлах хаттай байх хэрэгтэй. Товчхондоо сэтгэл зүйгээ эртнээс бэлдэх хэрэгтэй. Шинэ орчинд дасах хүртэл амаргүй байх ч нэгэнт даваад гарсны дараа таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг байх болно.

Японы алдарт зохиолч Харуки Муракамигийн нэг номын (Kafka on the Shore) хэсгээр нийтлэлээ төгсгөе. “Амьдралд ирэх сорилтуудыг чи нэг л мэдэхэд даваад гарчихна. Тэр бүгдийг яаж туулснаа санахгүй эсвэл тухайн шуурга бүрэн дүүрэн дууссан эсэхийг ч тааж мэдэхгүй үе бий. Гэвч ганц үнэн нь сорилт бүрийн дараа чи өмнөхөөсөө өөр боловсронгуй нэгэн болдог. Энэ л амьдралд сорилт байдгийн утга учир нь энэ…“

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ